| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0063/З |
| Дугаар | 159/ШШ2025/0064 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 159/ШШ2025/0064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0063/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.О-
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан гаргасан,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 620 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч Сэлэнгэ аймгийн Байгал орчны газрын дарга З.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О- нь тус шүүхэд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 620 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч Б.О- нь 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнээр 13 жил 4 сар тасралтгүй ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хяналт бүрдүүлэлтийн албанд шинжээч, гаалийн улсын байцаагчийн ажилд шилжин томилогджээ.
1.2. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д зааснаар мөнгөн урамшуулал авах тухай асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлд хандахад тус газрын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 60 тоот албан бичгээр “...таны хувьд уг журам батлагдахаас өмнө Байгаль орчин аялал жуулчлалын газраас чөлөөлөгдөж Гаалийн байгууллагад шилжин ажилласан байна. Иймд одоогийн ажиллаж байгаа байгууллагадаа хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.” гэх хариуг ирүүлжээ.
1.3. Улмаар өөрийн ажиллаж буй Гаалийн газарт хандахад Гаалийн ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01-1/3296 тоот албан бичгээр “... Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт газар, газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсныг байцаагчаар ажилласан гэж үзэх боломжгүй ... мөнгөн тэтгэмж олгох боломжгүй.” гэжээ.
1.4 Иймд өөрийн 13 жил 4 сар тасралтгүй ажилласан байгууллага болох Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандахад тус газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 620 тоот албан бичгээр “...шилжүүлэн ажиллуулж байгаа байгууллага болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар таны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хариуцах тул байгууллагадаа ханлан тэтгэмж авах асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөж байна. Хэрэв өргөдлийг эс зөвшөөрвөл Төрийн албаны зөвлөл болон хуулийн байгууллагад хандаж болно” гэх хариуг хүргүүлсэн байна.
1.5 Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн дээрх хариуг хүлээн аваад нэхэмжлэгч нь Монгол Улсын төрийн албаны зөвлөлд хандахад тус газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03/2394 тоот албан бичгээр “...Иймд таны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт шилжин төрийн тусгай албанд ажилласан нь Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолын үйлчлэлд хамаарахгүй байна.” гэжээ.
1.6 Маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газарт хандаж тус газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 310 тоот албан бичгээр “...Мөнгөн урамшуулал авах шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагч төрийн бусад ангиллын албан тушаалд шилжин ажиллаж буй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, эсэх тухай дээрх журамд тодорхой тусгаагүй байна. Иймд мөнгөн урамшуулал авах эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.” гэсний дагуу нэхэмжлэгч нь 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Б.О-эс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: "Баярсайхан овогтой О- миний бие нь Засгийн газрын 2024 оны "Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 83 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-т "сум болон нийслэлийн Багахангай...төрийн албаны туухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна" гэж заасны дагуу урамшуулал авах шалгуурыг хангасан тул хүсэлтээ өгсөн боловч одоог хүртэлхи хугацаанд шийдвэрлээгүй тул нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Миний бие 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлхи хугацаанд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнээр 13 жил 4 сар тасралтгүй ажилласан нь дээрхи мөнгөн урамшуулал авах нөхцлийг хангасан юм.
Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт шилжигдэн ажиллахаар болсон ба одоогоор Гаалын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон ажиллаж байна.
Миний зүгээс дээрхи Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж тасралтгүй мөнгөн урамшуулал авахаар хандахад Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 620 тоот албан бичгээр "... Та манай байгууллагад 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 13 жил 4 сар тасралтгүй ажилласан нь үнэн болно ... таны хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын хяналт, бүрдүүлэлтийн албанд Шинжээч, гаалын улсын байцаагчаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн ... Засгийн газрын 2024 оны "Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 83 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу өөрийг тань шилжиж явсны дараа гарсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын “Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажилуулах журам”ын 5 дугаар заалтын 5.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг шилжүүлж, сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хариуцна, тухайн албан хаагчийн нийгмийн баталгааг анх илгээсэн төрийн байгууллагад ажиллаж байсан нөхцлөөс дордуулахгүй" гэж заасан.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар таны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хариуцах тул тэтгэмж авах асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.” гэжээ.
Төрийн албаны Зөвлөлийн Сэлэнгэ аймгийн Салбар зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 60 тоот албан бичигт “... Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар “Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор ... урамшуулал олгохоор заасан бөгөөд таны хувьд уг журам батлагдахаас өмнө Байгаль орчин аялал жуулчлалын газраас чөлөөлөгдөж Гаалийн байгууллагад шилжин ажилласан байна. Иймд одоогийн ажиллаж байгаа байгууллагадаа хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.” гэжээ.
Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01-1/3296 тоот албан бичгээр “... Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7-д "Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш ажиллаж байгаа гаалын улсын байцаагчид 5 жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухай байгууллагаас олгоно" гэж заасан.
Иймд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт газар, газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсныг байцаагчаар ажилласан гэж үзэх боломжгүй.” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 310 тоот албан бичгээр “....таны хувьд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 13 жил 4 сар тасралтгүй ажилласан нь мөнгөн урамшуулал авах нөхцлийг хангаж байгаа бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс төрийн тусгай алба болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт томилогдон ажиллаж байна.
Мөнгөн урамшуулал авах шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагч төрийн бусад ангиллын албан тушаалд шилжин ажиллаж буй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, эсэх тухай дээрхи журамд тодорхой тусгаагүй байна.
Иймд мөнгөн урамшуулал авах, эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.” гэжээ.
Журмын 4-р зүйлийн 4.1-т “Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана.” мөн зүйлийн 4.3-т “...байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-т заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана.” гэжээ.
Дээрхи Засгийн газрын шийдвэр нь Төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох тухай асуудлыг тусгасан байна. Гэтэл миний бие нь гаалийн улсын байцаагч буюу төрийн тусгай албан хаагчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа нь дээрхи журамд хамаарахгүй юм.
Иймд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10 ны өдрийн 620 тоот албан бичиг/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгож журам”-ыг баталсан тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
2.2. Хариуцагч 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Б.О- нь манай байгууллагад Газар, газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны хооронд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 дугаартай тушаалаар чөлөөлөгдөж Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд Шинжээч, гаалийн улсын байцаагчаар ажиллахаар шилжсэн.
Засгийн газрын 2024 оны "Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 83 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам" нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан.
Тус тогтоол нь тухайн албан хаагчийг шилжин явсны дараа гарсан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 5 дугаар заалтын 5.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг шилжүүлж, сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хариуцна. Тухайн албан хаагчийн нийгмийн баталгааг анх илгээсэн төрийн байгууллагад ажиллаж байсан нөхцөлөөс дордуулахгүй" гэж заасан. Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь тухайн байцаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хариуцах тул ажиллаж байгаа байгууллагадаа хандан тэтгэмж авах асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.
Уг нэхэмжлэлд дурдсан мөнгөн урамшууллыг олгох боломжгүй бөгөөд учир нь төрийн захиргааны албан хаагч нь шилжин явсны дараа буюу төрийн тусгай албан хаагч болсны дараагаар тус журам батлагдсан тул буцаан хэрэглэх боломжгүй юм.
Засгийн газрын 2024 оны "Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 83 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-д "Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна." гэж заасан. Энэхүү журам нь зөвхөн төрийн захиргааны албан хаагчид хамааралтай журам тул төрийн тусгай албан хаагчид болсон байцаагчид хамаарахгүй ба эрх ашиг нь зөрчигдөх байдал үүсээгүй болно.
Иймд Б.Оюун-Эрдэнийн Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж, албан ёсоор томилогдож шилжих хүртэл 13 жил 4 сар тасралтгүй ажилласан. “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д 5 жил тасралтгүй ажилласан бол мөнгөн урамшуулал олгохоор заасан. Шилжиж ажилласан болон сэлгэн ажилласан бол олгохгүй гэсэн заалт байхгүй. Тэгэхээр би 13 жил 4 сар тасралтгүй ажилласан учраас журмын дагуу мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.
2.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баярсайханы О- нь манай байгууллагад ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн өргөдлөөр чөлөөлөгдөх хүсэлтэй өгөөд Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын хяналтын бүртгэлийн албанд шилжсэн. Шилжиж явсны дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” батлагдсан. Төрийн захиргааны албан хаагчаас төрийн тусгай албан хаагч руу шилжсэн тохиолдолд журамд заасан мөнгөн урамшуулал олгох боломжгүй гэж манай байгууллагын хуулийн зөвлөх, хүний нөөцөөс зөвлөгөө өгсөн. Үүний дагаа Аудитын газраас “олон жил ажилласан албан хаагч маань шилжээд явсан, манайхаас мөнгөн урамшуулал олгох боломж байгаа өгч болох уу” гэж зөвлөгөө авахад “төрийн тусгай алба руу шилжсэн бол өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн учраас уг шийдвэрийг гаргасан. Тийм учраас өгөх боломжгүй гэж үзэж байна.” гэв.
2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг аль аль талаасаа хангах боломжтой хуулийн заалт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, сум болон Нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж байгаа гэх үг байгаа юм. Энэ хууль 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаж, нэмэлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Журам нь 02 дугаар сарын 28-ны өдөр гарахдаа 1.1-д дээр дурдсан сум, дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг дурдаж, 2.1-д тухайн албан тушаалд тасралтгүй 5 жил, 60 сар түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд энэ 2 шаардлагын аль алиныг нь хангасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажиллаж байгаа гэдэгт хамаарсан байгаа юм. Учир нь, 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 13 жил 4 сар 10 хоног ажилласан байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 дугаартай шилжүүлэх тухай тушаалаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Гаалийн газарт шилжүүлсүгэй гэж байгаа. Харин Гаалийн газрын даргын тушаал 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарч, гаалийн улсын байцаагчийн эрх олгож томилсон. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн ажиллуулсан учраас нэхэмжлэгчийн ажилласан жил огт тасраагүй гэсэн үг. Хууль хүчин төгөлдөр болох үед нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар ажиллаж байсан. Тэгэхээр ажиллаж байгаа гэсэн хуулийн шаардлагад хамаарч байгаа юм. Энэ нь дээрх нотлох баримтууд болон цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар ямар ч байсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цалингаа авсан байгаа юм. Журамд зааснаар хүсэлт гаргаад явж байгаа юм. Журмын дагуу байгууллагын төсөвт мөнгө нь ороод ирсэн. Тэгэхээр бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой. Хариуцагч талаас Аудитын газраас зөвлөгөө авсан гэж байна. Хууль журмыг судлаагүй байж өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан. Гаалийн газар өгөх боломжгүй байгаа юм. Миний үйлчлүүлэгч хууль журмыг хангасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.О- нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт газар, газрын хэвлий, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл буюу тасралтгүй 13 жил 4 сар ажилласан бөгөөд уг үйл баримттай нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй.
2. Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаж, тус хуулийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэх агуулгатай 51.3 дахь хэсгийг нэмж, 2 дахь заалтаар “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэжээ.
Улмаар Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг баталж, уг журмын 1.1-д “ Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална” гэж журмын зорилгыг тодорхойлж, урамшууллыг хэрхэн олгох талаар зохицуулжээ.
Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.”, 3 дугаар зүйлийн 3.5-д “Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад бичиг баримт байна.”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана.” 4.3-д “байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-д заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана.”, 5 дугаар зүйлийн 5.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.” гэж тус тус заасан байна.
3. Нэхэмжлэгч Б.О- нь “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 13 жил 4 сар ажилласан хугацааны мөнгөн урамшуулал авахаар тус газрын даргад хандан хүсэлт гаргахад “... шилжүүлэн ажиллуулж байгаа байгууллага болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар таны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хариуцах тул байгууллагадаа хандан тэтгэмж авах асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.” гэжээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хийсэн баримт бичгийн үзлэгээр хэрэгт авагдсан баримт болох тус газрын “Орон нутагт тогтвортой ажилласны урамшуулал авах албан хаагчдийн судалгаа”-нд нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийг хамруулж 6,600,000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах тооцооллыг хийж холбогдох байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд нийт 29 албан хаагчид 198,264,000 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоолсон ба тус тооцооллын дагуу байгууллагын дансанд санхүүжилт олгогдож, зарцуулах эрхийг олгожээ.
Тус төсвийн гүйцэтгэл 144,989,217.20 төгрөг, хэлбэлзэл 53,274,782.80 төгрөг байна. Өөрөөр хэлбэл Б.О-д “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д заасны дагуу 6,600,000 төгрөг олгогдох судалгааг хийж, үүний дагуу тус мөнгийг зарцуулах эрх олгогдсон атал түүнийг журам хэрэгжиж эхлэхээс өмнө өөр байгууллагад шилжин ажилласан гэх үндэслэлээр олгохоос татгалзсан байна.
5. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан төрийн захиргааны албан хаагч төрийн захиргааны байгууллагаас төрийн тусгай байгууллагад шилжсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохгүй байх талаар тусгайлан зохицуулаагүй. Хуулиар энэхүү урамшуулал авах эрхийг хязгаарласан өөр ямар нэгэн зохицуулалт байхгүй, тухайлбал, хуулийн шаардлага хангасан боловч урамшуулал олгох үед төрийн захиргааны албанаас шилжсэн, чөлөөлөгдсөн алба хаагчид урамшуулал олгохгүй байх талаар заагаагүй. Харин ч “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж тусгайлан зохицуулжээ. Үүнээс үзвэл, төрийн захиргааны албан хаагч нь сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй 5 жил буюу 60 сар ажилласан байх нь тухайн урамшууллыг олгох гол урьдчилсан нөхцөл байна.
6. "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 5 дугаар заалтын 5.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг шилжүүлж, сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хариуцна. Тухайн албан хаагчийн нийгмийн баталгааг анх илгээсэн төрийн байгууллагад ажиллаж байсан нөхцөлөөс дордуулахгүй." гэж заасан. Тус заалт нь төрийн жинхэнэ албан хаагч хууль, журамд заасны дагуу сэлгэн, шилжин ажиллаж байгаа тохиолдолд түүний эрх зүйн байдал, нийгмийн баталгааг дордуулахгүй байх зорилготой бөгөөд тус журамд зааснаар нэхэмжлэгч Б.О- нь төрийн байгууллага хооронд шилжин ажилласан нь түүний эрх зүйн байдал дордох үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгчийн шилжин ажилласан албан тушаал болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд шинжээч, гаалийн улсын байцаагчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д зааснаар төрийн тусгай албан тушаалд хамаарч байх тул “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д заасан төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацааны мөнгөн урамшууллыг төрийн тусгай алба буюу Гаалийн байгууллага олгох боломжгүй юм.
7. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “Баярсайхан овогтой Оюун-Эрдэнийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд шинжээч, гаалийн улсын байцаагчийн ажилд шилжүүлсүгэй.” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс төрийн захиргааны албан тушаалаас төрийн тусгай албан тушаалд шилжин ажилласан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэгдсэн 51.3 дах хэсэг нь 2024 оын 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул хууль хэрэгжиж эхлэх үед төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж байсан нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг болон “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж үзэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид” мөнгөн урамшууллыг олгохоор заасан ба “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д “...Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид” мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О- нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд буюу төрийн албан хаагч бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрийн захиргааны албан тушаалд 13 жил 4 сар ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын даргын 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тушаал, талуудын тайлбар зэргээр нотлогдож байх тул “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулалыг авах эрхтэй бөгөөд төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд нэхэмжлэгч төрийн захиргааны албан хаагч хэвээр байсан, хууль хэрэгжиж эхлэхээс өмнө урамшуулал авах хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй тул мөнгөн урамшууллыг олгох нь тус хуулийн нэмэлт зохицуулалтын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
8. Иймд хуулийн шаардлагыг хангасан нэхэмжлэгч нь орон нутагт ажилласаны мөнгөн урамшуулал авахыг шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг хариуцагчаас тухайн хууль болон хуулийг хэрэгжүүлэх журамд заагаагүй үндэслэлээр хязгаарлах үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал хууль бус байна.
Нэгэнт нэхэмжлэгч нь хууль болон журмын шаардлага хангасан, хариуцагчид урамшуулал олгох эсэхийг өөрөөр шийдвэрлэх “сонгох боломж” байхгүй байх тул “Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 620 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 620 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР