| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03608/И |
| Дугаар | 192/ШШ2025/01710 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01710
2025 03 06 192/ШШ2025/01710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, *******, ******* хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
Хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 1,551,000,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид тодорхой хэмжээний төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Мөн эвлэрлийг баталсан захирамжид дурдсан хөрөнгөөр төлбөрийг барагдуулж байсан. Нэхэмжлэгчийн эрхийн бүртгэлийн дугаартай аймгийн , , байрыг 279,000,000 төгрөгөөр 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үнэлсэн гэдгийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Төлбөр төлөгчийн зүгээс дээрх үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн хариуцагч талаас өөр этгээдийн өмчлөлд шилжсэн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрдөггүй. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг байршил болон бусад зүйлсээс хамааруулан бусад барилгуудтай харьцуулан үзээгүй, ойр орчмын барилгуудын зартай харьцуулан энэхүү үнэлгээг гаргасан гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2788 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс 1,551,616,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Уг ажиллагааг явуулах явцад дугаартай аймгийн , , байрыг битүүмжлэн хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээ тогтоолгоход 279,420,000 төгрөгийн үнэтэй гэж 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний төвийн үнэлгээ гарч тус өдрөө талуудад танилцуулсан байдаг. Тус хуульд заасан хугацаанд танилцуулж, үнэлгээ танилцуулсан тэмдэглэл хөтөлсөн байгаа. Мөн тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо хуульд заасны дагуу мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу тус хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичиг, үнэлгээний тайлангийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамж, дахь банкны эрх хүлээн авагчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 641 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,
Хариуцагч талаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ эрхийн бүртгэлийн дугаартай аймгийн , , байрыг үнэлэхдээ байршил, ижил төстэй бусад барилгуудтай харьцуулан үзээгүй зөвхөн ойр орчмын барилгуудын зартай харьцуулан зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн хариуцагч талаас өөр этгээдийн өмчлөлд шилжсэн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд хөрөнгийн үнийн дүнгийн талаар харилцан тохиролцоогүй учир шинжээч томилж, шинжээч дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Зохигч талууд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримтын хувьд маргаангүй.
5.2.Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн бүртгэлийн дугаартай аймгийн , , байрыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй.
5.3.Шинжээч нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнийг тодорхойлсон. (хавтаст хэргийн 9-19 дэх тал)
5.4.Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо зах зээлийн үнэ цэний суурийг баримталж, элэгдэл тооцсон орлуулалтын өртгийн арга, зах зээлийн хандлагын аргаар тодорхойлсон. (хавтаст хэргийн 14 дэх тал)
5.5.Талууд үнэлгээчний үнэлгээ хийх эрхтэй этгээд эсэх талаар маргаангүй.
6.Зохигч талуудын хувьд үл хөдлөх эд хөрөнгийг хураан битүүмжилсэн, улмаар шинжээч томилж, үнэлгээг тогтоосон үйл баримтын талаар маргаагүй, гагцхүү шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй талаар маргаж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилсон гэж үзлээ.
7.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэний талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна, 8.2.1-д хөрөнгийн үнэлгээний үнэ цэний суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх, 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж тус тус заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
8.Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тодорхойлсон үнэлгээний аргын талаар маргаагүй буюу үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг зөрчсөн эсэх талаар мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, тухайн аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг байршил болон бусад зүйлсээс хамааруулан бусад барилгуудтай харьцуулан үзээгүй гэж тайлбарлаж байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээчнийг бодит үнэлгээг илтэд бууруулж үнэлсэн гэж үзэж байгаа бол энэ тухай баримтыг, үнэлгээчин үнэлгээг тодорхойлохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ талаарх баримтыг тус тус шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.
10.Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь дүгнэлтдээ төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэний суурийг баримталж, өртгийн хандлагын аргын элэгдэл тооцсон орлуулалтын өртгийн аргыг ашиглаж, Барилгын нэгж хүчин чадлын төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ, Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрмийг удирдлага болгож тохируулга хийсэн, үнэ цэнийг зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын аргаар тодорхойлсон гэж дурдсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүйгээс гадна үнэлж буй хөрөнгөтэй тохируулах хүчин зүйлээрээ хамгийн тохиромжтой борлуулсан, борлуулах гэж байгаа жишиг хөрөнгүүдийн арилжаалах үнийн саналаас хөрөнгийн үнийн мэдээллийг судалжээ.
Иймд үл хөдлөх хөрөнгийг байршил болон бусад зүйлсээс хамааруулан бусад барилгуудтай харьцуулан үзээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
11.Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД