Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 138

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Н.Уранбайгаль,

            хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Н.Батцэнгэл,

            иргэний нэхэмжлэгч С.Н,

            шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010130 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн байцаалт

  Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой 17 цаг 45 минутын орчимд улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заалт Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Б.Даянжалбуугийн жолоодож явсан Тоуоtа Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай, Г.Баатарчулууны жолоодож явсан Нуundai Accent маркийн 47-19 УБТ улсын дуугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж Тоуоta Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 820.000 төгрөгийн, Нyundai Accent маркийн 47-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 543.800 төгрөгийн, мөн явган зорчигч /53 настай, эмэгтэй/ Б.О, /21 настай, эрэгтэй/ С.Н нарыг тус тус мөргөж Б.Оийн эрүүл мэндэд хүнд, жолооч Б.Даянжалбуу, явган зорчигч С.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар С.Г нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

            Шүүгдэгч С.Г нь согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой 17 цаг 45 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112-ын буудлын замд Д.Алтантуяагийн эзэмшлийн Тоуоtа Соrоllа маркийн 69-69 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Б.Даянжалбуугийн жолоодож явсан Тоуоtа Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай, Г.Баатарчулууны жолоодож явсан Нуundai Accent маркийн 47-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Тоуоta Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 820.000 төгрөгийн, Нyundai Accent маркийн 47-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 543.800 төгрөгийн, явган зорчигч Б.О, С.Н нарыг тус тус мөргөж, Б.Оийн эрүүл мэндэд хүнд, жолооч Б.Даянжалбуу, явган зорчигч С.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсан тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13х/

 

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15х/

 

            Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112-ын буудлын замын хойд талд “Аж богд” гээд цайны газрын хажууд явган хүний зам дээр нүүрс мод зараад зогсож байсан. Би тэр үед баруун гар тийш хараад байж байсан ба гэнэт нэг тас хийх чимээ гараад нэг мэдсэн түргэний машинд суугаад явж байсан санагдаад, дараа нь сэртэл ГССҮТ-д хүчилтөрөгч аманд хийчхсэн байж байсан. Би 6 хоног эмнэлэгт аарцаг цууралттай, баруун талын 8, 9, 11-р хавирганы хугарал, баруун уушиг няцарсан, умдаг ясны хугаралтай, тархи доргисон, гар сарвуу зулгаралт, цус хуралттай байна хүнд гэмтэл гэсэн. Осол хэрэг гарсанаас хойш 1 сар гаран хэвтэрт байна. Осол гарсанаас хойш одоогоор 1.300.000 орчим төгрөг гаргаж өгөөд байгаа боловч намайг 90 хоног хэвтээд болохгүй бол 180 хоног хэвтэрт бай гэсэн. Осол гарахаас өмнө мод түлээ зараад өдөрт 50-100 орчим мянган төгрөг олдог юм. Нөгөө жолоочид гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тус машинд мөргүүлснээс хойш нэг хэсэг хэцүү байсан, Шүүгдэгч нь миний эмчилгээний зардалд 4000.000 төгрөг өгсөн. Цаашдаа надад тусалж дэмжээд явах байх гэж итгэж байгаа. Иймд шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний чихний хэнхэргийг нөхүүлж өгнө гэсэн байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10863 дүгнэлтэд: “...Б.Оийн биед баруун талын 8, 9, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушигны дээд, доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун умдаг ясны дээд салаа сүүжний тогоо руу дайрсан хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний доод хэсэг, баруун сарвуу, бүсэлхийн зулгаралт, зүүн чамархай, баруун сарвуу, бүсэлхийнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.6.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 71х/

 

            Иргэний нэхэмжлэгч С.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Би тухайн өдөр нүүрс авах гээд Г.Баатарчулууны машинд суугаад явж байсан. Тэгээд буугаад энэ хохирогч эгчээс нүүрс авах гээд зогсож байхад араас ирж мөргөсөн. Тэгээд түргэн ирээд эмнэлэг явж гараа гипсдүүлсэн.Тархи хөдөлсөн байсан учир 4 хоног явж 150.000 төгрөгөөр бариулсан, толгойн КТГ шинжилгээ хийлгэсэн,  шүүх эмнэлэгт бас 8000 төгрөгөөр үзүүлсэн, бас 2017 оны 10 сараас 2018 оны 01 сар хүртэл ажлаа тогтвортой эрхлээгүй, миний гар одоо хүртэл хөндүүрлэж өвдөж байгаа. Иймээс эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилнэ. Би ойролцоогоор 550.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, миний сарын цалин 800.000 төгрөг байдаг тул  баримтаа бүрдүүлэн  шүүгдэгчээс дээрх зардлаа нэхэмжилэх тул нээлттэй үлдээж өгнө үү. Намайг цагдаагаас  1 ч удаа дуудаагүй, би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10955 дүгнэлтэд: “...хэсэг газрын үзлэгт: баруун шуунаас хурууны үзүүр хүртэл гөлтгөнөн  боолттой,  бүсэлхийн нурууны доод хэсэгт 1х0,2 см, 0,5х0,2см хүрэн улаан төв тогтсон  зулгаралттай. ГССҮТ-н үзлэгт: онош:- тархи доргилт, баруун сарвууны үений зөөлөн эдийн няцрал гэжээ. Дүгнэлт: С.Нн биед  баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн нуруунд  зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 73х/

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Баатарчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112-ын буудлын замд Х.Аксент маркийн 47-19 УБТ дугаартай автомашинтайгаа нүүрс авах гээд туслах зам руу ороод зогсож байхад гэнэт тас хийх чимээ гарахаар нь хартал цагаан өнгийн машин яах ийхийн завдалгүй хашлага даваад орж ирээд эхлээд манай машиныг мөргөөд, дараа нь нэг явган эмэгтэйг мөргөөд зогссон. Тэгээд машинаас буугаад гараад иртэл нэг согтуу жолооч кабин дотроо сууж байсан. ...Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Үнэлгээгээр 543.800 төгрөг гарсан. Мөн үнэлгээний мөнгө 28.000 төгрөгийг нөгөө жолооч талаас гаргаж өглөө. Одоо надад ямар нэг гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41х/

 

            Автомашин техникийн үнэлгээний тайланд: Үнэлгээгээр тогтоосон дүн 543.800 төгрөг гэжээ. /хх-ийн 63х/

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Даянжалбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 112-ын буудлын хажуугаар 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 30 км/цаг-ийн хурдтай явж байсан. Тэгтэл араас тас хийтэл мөргөөд эсрэг урсгал руу ортол мөргөхөөр нь би жолоогоо баруун гар тийш нь дараад 2 дугаар эгнээнд ороод зогссон. ...Үнэлгээгээр 820.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. 855.000 төгрөг гаргаж өгөөд байгаа, одоо надад ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10784 дүгнэлтэд: “...Даянжалбуугийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 68х/

 

Автомашин техникийн үнэлгээний тайланд: Үнэлгээгээр тогтоосон дүн 820.000 төгрөг гэжээ. /хх-ийн 58х/

 

            Иргэний хариуцагч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгслийг 2014 оны 01 дүгээр сард худалдаж авч байсан. Миний нэр дээр байдаг машин. ...Ганбаатартай 2014 оноос нэг гэрт амьдарч байна. ...Машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ганбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 52-53х/

 

            Замын Цагдаагийн албаны мөрдөгчийн №205 магадлагаанд: “...Т.Королла маркийн 69-69 УБӨ дугаартай автомашины жолооч С.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Т.Аллион маркийн 33-84 УБЛ дугаартай автомашины жолооч Б.Даянжалбуу нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. А.Аксент маркийн 47-19 УБТ дугаартай автомашины жолооч Р.Баатарчулуун нь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч С.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ. /хх-ийн 81-82х/

 

Шүүгдэгч С.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө хотын төв рүү орж ирээд Баянхошуунд байдаг ахындаа очтол нөгөө эзэнгүй байхаар нь өгөх гэж байсан 1 ундааны савтай Монгол архийг уусан. ...Тэгээд хөдөлж яваад замдаа машин бас хүн мөргөсөн. ...Би нилээд согтсон байсан. Би хохирогч Б.От 4000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Нн эгчид 480.000 төгрөг, Г.Даянжалбууд 990.000 төгрөг, Г.Баатарчулуунд 571.800 тус тус төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Гын буруутай үйлдлээс шууд шалтгаалсан буюу С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж 1.90% хувийн согтолттой байхдаа тээврийн хэрэгслийг жолоодож явсны улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан Б.Даянжалбуугийн  Тоуоta Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс гадна замын хашлага давж, замын хажууд зогсож буй тээврийн хэрэгсэл болон явган зорчигч нарыг мөргөсний улмаас тээврийн хэрэгслүүдэд эвдрэл гэмтэл, иргэдийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол  учруулсан нь хэрэгт цугларсан, шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч С.Гын гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шууд шалтгаан холбоотой байна. Өөрөөр хэлбэл, С.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

            Иймд шүүгдэгч С.Гыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            С.Гын хувийн байдлын талаар:

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 91х/

            Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 93х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч С.Гын үйлдлийн улмаас иргэн Б.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч С.Н, Б.Даянжалбуу нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Баатарчулууны тээврийн хэрэгсэлд 543.800 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Даянжалбуугийн тээврийн хэрэгсэлд 820.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч Б.О нь 696.937 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн   /хх-ийн 31-32х/ байх боловч шүүгдэгч С.Гаас 4.000.000 төгрөг авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээс гадна тус мөнгийг авсан тухай баримтыг гаргаж өгсөн байна. /шүүх хуралдааны тэмдэглэл/ Хохирогч Б.О нь одоогоор эрүүл мэндийн байдал сайжирсан ч бүрэн эдгээгүй, шүүгдэгч нь цаашид тусалж дэмжээд явах байх гэж итгэж байгаа буюу цаашид гарах зардлыг нэхэмжлэхээ илэрхийлсэн болно.

-иргэний нэхэмжлэгч Б.Даянжалбуу нь КТГ хийлгэсэн зардал болох 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний зардалд 8000 төгрөг, өөрийн жолоодож явсан Тоуоta Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн зардалд 820.000 төгрөг болон үнэлгээний зардал 35,000 төгрөг, нийт 983,000 төгрөгийг нэхэмжилнээс шүүгдэгч С.Г нь 990,000 төгрөгийг төлж барагдуулсан, /хх-ийн 49х/

-иргэний нэхэмжлэгч Г.Баатарчулуун нь  Нуundai Accent маркийн 47-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан зардалд 543.800 төгрөг, үнэлгээний зардал 28.000 төгрөг, нийт 571.800 төгрөг  нэхэмжилснээс шүүгдэгч С.Г нь 571.800 төгрөг төлж барагдуулсан, /хх-ийн 41х/

- иргэний нэхэмжлэгч С.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан зардалд 550.000 төгрөг, мөн цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарах зардал, 2017 оны 10 дугаар сараас эхлэн 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, орлогоо нэхэмжлэнэ, 1 сарын цалин хөлс нь 800.000 төгрөг гэж дээрх зардлуудыг нэхэмжилсэн байна.

 С.Нг мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаагаагүй /шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон/, түүний эгч Нандиа гэх хүнд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 480.000 төгрөг өгсөн гэх бичиглэл бүхий баримт хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан байх боловч  иргэний нэхэмжлэгч С.Н нь 480.000 төгрөг аваагүй, 450.000 төгрөг авсан гэж маргасан болно.

Иймд хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Б.Даянжалбуу нар нь цаашид эмчилгээ хийлгэх зардал, иргэний нэхэмжлэгч С.Н нь  өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан  болон цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаарх баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Ингэхдээ С.Н нь шүүгдэгч С.Гаас авсан 450.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэх зардлаасаа хасуулж тооцуулах нь үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд:

Шүүгдэгч С.Гын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт баримтын хүрээнд хохиролыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал, 46 настай зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдав.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:

            Шүүгдэгч С.Г нь согтууруурсан үедээ Д.Алтантуяагийн эзэмшлийн Тоуоtа Соrоllа маркийн 69-69 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Б.Даянжалбуугийн жолоодож явсан Тоуоtа Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай, Г.Баатарчулууны жолоодож явсан Нуundai Accent маркийн 47-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж Тоуоta Allion маркийн 33-84 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 820.000 төгрөгийн, Нyundai Accent маркийн 47-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 543.800 төгрөгийн, мөн явган зорчигч Б.О, С.Н нарыг тус тус мөргөж Б.Оийн эрүүл мэндэд хүнд, жолооч Б.Даянжалбуу, явган зорчигч С.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсан тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13х/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15х/, Хохирогч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 26-28х, /шүүх хуралдааны тэмдэглэл/, шинжээчийн №10863 /хх-ийн 71х/, иргэний нэхэмжлэгч С.Нн  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шинжээчийн №10955 дүгнэлт /хх-ийн 73х/, иргэний нэхэмжлэгч Г.Баатарчулууны мэдүүлэг /хх-ийн 39-41х/, автомашин техникийн үнэлгээ 543.800 төгрөг /хх-ийн 63х/, иргэний нэхэмжлэгч Б.Даянжалбуугийн мэдүүлэг /хх-ийн 45-46х/, шинжээчийн №10784 дүгнэлт /хх-ийн 68х/, автомашин техникийн үнэлгээ 820.000 төгрөг /хх-ийн 58х/,        Замын Цагдаагийн албаны мөрдөгчийн №205 магадлагаа  /хх-ийн 81-82х/, шүүгдэгч С.Гын мэдүүлэг /хх-ийн 102-103х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд  С.Гын дээрх үйлдэлд буюу “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

            Харин шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо баримтын хүрээнд төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл хангагдсан байх тул шүүхээс, шүүгдэгч С.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Учир нь, тус хэргийг шүүгдэгч  нь согтуурсан үедээ үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах зардлыг нэхэмжилнэ гэх тул түүнд дээрх эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч С.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул түүний ВCDE ангиллын 594632 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч С.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч С.Гын ВCDE ангиллын 594632 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Г.Даянжалбуу нар нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгч С.Гаас нэхэмжлэх, иргэний нэхэмжлэгч С.Н нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гарсан эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Гаас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г. АЛТАНЦЭЦЭГ