| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2311000001500 |
| Дугаар | 2024/ДШМ/252 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/252
2024 02 27 2024/ДШМ/252
Н.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Гармаа,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Нн О-, 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: .../;
Шүүгдэгч Н.О- нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй ресторанд хохирогч Д.Быг “та нарт үйлчлэхгүй, та нар их согтсон байна” гэж хэлсний улмаас түүний толгойн тус газарт нь модон салфетикны саваар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б- хохирол нэхэмжлээгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.О- давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн шүүхээр 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, тухайн үед ажилгүй, орлогогүй байсан. Одоо ажилд орсон. Ажлын 24 цаг гараад, 24 цаг амардаг, ээлжийн ажилтай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг минь торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү...” гэжээ.
Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлдэг гэх баримт хэрэгт авагдаагүй. Давж заалдах шатны шүүхэд ажилд орсон талаар болон нийгмийн даатгал төлсөн, цалин хөлс тодорхойлсон баримтыг гаргаж өгөөгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.О- нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй ресторанд хохирогч Д.Б-ыг “та нарт үйлчлэхгүй, та нар их согтсон байна” гэж хэлсний улмаас түүний толгойн тус газарт нь модон салфетикны саваар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Б-ын “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ресторанаар 3 эмэгтэй үйлчлүүлээд шар айраг уусан... зааланд манай 2 зөөгчийг загнаад байхаар нь би “юу болсон бэ, зааланд олон хүн байна” гэхэд “хурдан шар айраг авчирч өгөөч ээ” гээд уурлаад байн байн нэхээд уурлаад байхаар нь би “чамд зарахгүй, чи хэтэрхий их согтсон байна” гэж хэлэхэд ширээн дээр байсан модон салфетикны савыг аваад миний толгой руу цохисон. Тэгээд миний толгойноос цус гарсан...” /хх 6/ гэсэн мэдүүлэг,
Д.Б-ын биед дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 10-11/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-25/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхээс Н.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.О-аас: “...тухайн үед ажилгүй, орлогогүй байсан, одоо ээлжийн ажилд орсон тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд гаргасан боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна.
Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч Н.О-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-ын гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА