| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0066/З |
| Дугаар | 159/ШШ2025/0065 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 159/ШШ2025/0065
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Ч.Д-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 23 өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Д- нь тус газарт Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зөрчилтэй мэдүүлсэн нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон тул Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан хариуцлагыг тооцуулах тухай 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 05/8084 тоот албан бичгийг Авлигатай тэмцэх газраас манай байгууллагад ирүүлсэн.
Тус албан бичгийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ч.Д-т танилцуулсан хэдий ч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаагүй тул сонсох ажиллагааг зохион байгуулалгүй албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж, нэхэмжлэгч Ч.Д-ын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д- нь Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 23 өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Ч.Д-ийн “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 23 өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Д-аас гаргасан “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 23 өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР