2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03513

 

 

 

 

 

 

 

 

     2025              04             29                                            192/ШШ2025/03513

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч*-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*-т холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн Ч.* миний бие 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ж.*жид * маркийн машинаа 140,000,000 төгрөгөөр үнэ тохирон зарсан. Үүнээс 120,000,000 төгрөгийг дансаар * аваад үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Завхан аймгийн Отгон сумын ойн баярт явж ирээд машинаа зараад өгнө гэж тохиролцоод авч явсан. Үлдсэн мөнгөө аваад нэр шилжүүлж өгнө гэхэд Ж.*ж ББСБ-д барьцаалж, зээл авч мөнгийг өгнө гэхээр нь нэрээ шилжүүлж өгсөн. Ингээд тохирсон ёсоороо мөнгөө одоо авмаар байна гэхэд мөнгө төгрөг байхгүй өгч чадахгүй гэсэн олон шалтгаан тооцоод өгдөггүй. Би найз нөхөд гэж итгээд барьцаа авалгүй өгч явуулсан байхад итгэл алдаад худлаа үнэн юм яриад өгөхгүй байгаа учир гомдолтой байна. Иймд 20,000,000  төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би анх өөрийн машинаа 2024 оны 06 сарын 19-ний өдөр зарахаар зар тавьсан. Зар тавьсны маргааш буюу 2024 оны 06 сарын 20-ны өдөр Ж.*ж над руу утсаар яриад би чиний машиныг авмаар байна гэж хэлээд удалгүй эхнэртэйгээ манайд автомашиныг маань үзэж худалдаж авахаар тохиролцоод тэр орой нь мөнгө шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэхдээ 2 хувааж шилжүүлсэн. Маргааш нь машинаа өгч авахаар болтол үлдэх 20,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас авч өгнө. Банк бус санхүүгийн байгууллагаас 80,000,000 төгрөг гарахгүй 60,000,000 төгрөг гарч байна. Үлдэх 20,000,000 төгрөгийг машинаа зараад өгнө тохиролцож байсан. Маргааш нь буюу 2024 оны 06 сарын 21-ний өдөр Хархорины тэнд байрлах нотариатч дээр очиж гэрээ хийсэн. Надад 60,000,000 төгрөгөөр гэрээ хийчихье, 80,000,000 төгрөг банк бус санхүүгийн байгууллагаас гарахгүй байна, үлдэх 20,000,000 төгрөгийн нутгийн ойдоо явж ирээд машинаа зараад өгнө гэж хэлж гэрээ хийсэн. 2024 оны намар би аавдаа байшин барьж өгөх гээд мөнгөө авъя гэдэг байдлаар хандахад машинаа зараагүй байгаа, зарахаараа мөнгөө өгнө, одоо мөнгө байхгүй гэх тайлбарыг өгсөн. Миний машин * гэх маркийн автомашин бөгөөд зах зээлд өндөр үнээр худалдаалагддаг. Ж.*ж нь архи уугаад над руу машины чинь ийм юм болохгүй байна зэргээр чат бичиж улмаар бид хоёрын маргаан эхэлсэн. Би 2024 оны 12 сард 2 удаа хагалгаанд орсон. Намайг өвчтэй байхад намайг анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан юм байна гэж үзэж байгаа. Эмнэлэгт байхад маань чатаар үхэх гэж байгаа хүн мөнгөөр яадаг юм бэ гэж доромжилж байсанд нь одоог хүртэл гомдолтой байдаг.

Анх та 2 миний машиныг аваад хэрэггүй ээ, үнэтэй, харин өөр машин аваад уначих гэж хэлж байсан ч өөрсдөө гуйсаар байгаад авчхаад одоо ийм зүйл ярьж байж болохгүй. Би 2024 оны 10 сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд байшингаа барьсан, үүнээс өмнө байшин барих гээд мөнгө хэрэгтэй байна гэдгээ хэлж байсан. Машинаа зарж байгаад өгнө, зарагдахгүй байна гэх мэтчилэн шалтаг хэлээд өгөхгүй байсан. Би чатаар мөнгөө нэхэж байсан болохоос яг 20,0 сая төгрөгийн үлдэгдэл гэж тоо бол тавьж байгаагүй. Гэхдээ гэрч энэ талаар мэдүүлсэн байгаа. Бид нар үнэхээр 120,000,000 төгрөгөөр зарсан бол юу гэж араас нь ингэж мөнгө нэхэж хөөцөлдөх вэ, машинаа зарчхаад араас нь илүү мөнгө авна гээд хөөцөлдөх хүн байх уу, тийм наймаа гэж орчлонд байхгүй. Үлдэгдэл мөнгөө дараа нь өгье л гэж гуйсан болохоос хямдруулаач, авахгүй, буцаая энэ тэр гэж хэлж байгаагүй.

Би анх * УБЭ улсын дугаартай ланд 200 маркийн автомашины худалдах худалдан авах гэрээг Ж.*жтой хийсэн. 20,000,000 төгрөгийг буцааж авах талаар баримт үйлдээгүй ч Ж.*ж тухайн үед надад банк бус санхүүгийн байгууллага 60,000,000 төгрөг гаргана гэж байна. 80,000,000 төгрөг гаргахгүй гэж байна. Хархорингийн тэнд намайг дуудаад 120,000,000 төгрөгөөр гэрээ хийе гэж хэлсэн. Мөн нотариатын гэрээний бичгийг авч очиж байж банк бус санхүүгийн байгууллага мөнгөө гаргаж өгдөг юм байна, үлдсэн мөнгийг нь дараа нь нутгийн ойдоо явж ирээд автомашинаа зараад өгнө гэж гуйгаад байсан.  Ойдоо явж ирээд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр бид тохиролцсон ч яваад 10  гаруй хонож удаж ирсэн. Ойноос өмнө бүх машин үнэтэй байсан. Миний машин Ланд 200 VX V8 гэх машин бөгөөд үнэтэй байдаг. Миний машин үнэтэй би чамд машинаа өгмөөргүй байна гэж тухайн үед удаа дараа хэлж байсан.Чиний машиныг авъя гэж гуйгаад байхад би ямар чи төлөх чадваргүй гэж хэлэлтэй биш, тэгээд өгөлцөж авалцсан юм.  Улаанбаатарт машинуудыг шүргэлцэх асуудал байдаг. Бүх машинд тохиолддог. Өнөөдөр шинээр аваад маргааш шүргэлцсэн тохиолдол их байдаг. Автомашины үлдэх 20,000,000 төгрөгөө Ж.*жоос гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Ж.*ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.*ж миний бие Ч.*ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Завхан аймгийн нутгийн 100-н жилийн ойн баярт 2024 оны 07 сард явах тухайгаа найз Ч.*од хэлж, 2024 оны 01 сараас эхлэн Facebook зарын дагуу Ланд 200 маркийн машин хайж байгааг Ч.*од хэлж байсан. Ингээд 2024.06.18-нд хотод ирэхэд, Ч.* хамт явж өгье гээд дагуулж машинууд үзэхэд авах гэсэн бүх машиныг миалж, голоод хэрэггүй гээд авхуулаагүй. Тэрний маргааш нь буюу 2024.06.19-ний өдөр Баянгол дүүрэгт 10-р хороололд 2013 оны ланд 200-г 120 сая төгрөг гэхээр үзэх гээд хүлээж байтал Ч.* миний 200-г үзээч хө заруул зарчихъя гэсэн. Өмнөх машиныг нэлээн хүлээсэн байсан тул тэгье гээд үзээд 120 сая төгрөгт өгнө гэхээр нь 100 сая төгрөгт машин авах хүнд арай үнэтэй юм биш үү, яршиг өөрийнхөө боломжинд таарсан машинаа авъя гэсэн. Гэтэл Ч.* ер нь бол 120 саяаас ч үнэтэй машин шүү гэхээр нь өө тэгүүл болъёо нөгөө 200-аа очиж үзье гэхэд 120 сая төгрөгт ав ав гэсэн. Тухайн үед би эхнэртэйгээ ярьж байгаад зөвшөөрч өөрөөсөө 60 сая төгрөгийг /50сая+10 сая/ 2024.06.20-ны өдөр шилжүүлж, *- иас тус машинаа барьцаанд тавьж 60 сая төгрөг гаргуулж Ч.*од өгч ланд 200 маркийн автомашиныг нь нийт 120 сая төгрөгт тооцож, нотариат орж худалдаж авсан. Ингээд дээрх ланд 200 маркийн машинаа унаад 2024 оны 07 сард нутгийн 100 жилдээ явж ирчхээд  2024 оны 08 сараас зарах зар тавихад ирж үзсэн хүн хойноосоо орсон машин байна ш тээ 120 сая төгрөгт авах боломжгүй ах гэхэд нь Ж.*ж миний бие Ч.*од уурлаж, чи яагаад араас орсон гэдгээ хэлээгүй өгч байгаа юм бэ гэж утас чатаар хэрэлдэж маргах болсон.

Тухайн машинаа одоог хүртэл зарж чадаагүй байгаа. 2024 оны 06 сард Ж.*ж миний бие 100 сая төгрөгт машин хайж байсан бөгөөд Ч.* бие тааруу мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь нэг талаасаа найзыгаа дэмжих байдлаар, нөгөө талаасаа танил тал найдвартай гэж бодож ББСБ-аас өндөр хүүтэй зээлээр авч, үндсэндээ бэлэн 120 сая төгрөгт Ч.*ын Ланд 200 маркийн автомашиныг авсан болно. Хэрэв тухайн үед бэлэн 120 сая төгрөгт бол хаанаас ч, хэнээс ч хүссэн автомашинаа авах боломж байсан. Гэтэл Ч.* олон жил найзалж нөхөрлөж өөрийг нь бие тааруу болохоор машин тэргийг нь бэлэн мөнгөөр авсаар байхад Ж.*ж надад худалдсан машинаа араас нь орсон эвдрэл гэмтэлтэй гэдгээ хүртэл нууж өгснөөс шалтгаалан бидний харилцаа муудаж, өнөөдрийг хүрсэн.

Иймд Ж.*ж миний бие Ч.*од өр төлбөр байхгүй тул түүний нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Ж.*ж миний бие * суманд малчин боловч Улаанбаатар хот, * тоотод хүүхдүүд маань сурч, тус гэртээ миний бие ирж, очиж амьдардаг тул тус хаягт хамаарах танай шүүхээр хэрэг маргаанаа яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа хариуцагч Ж.*жийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Анхнаасаа автомашиныг худалдан авахаар тохиролцож, гэрээ хийхдээ 120,000,000 төгрөгт тухайн автомашиныг авахаар  тохиролцсон. Тухайн үед Ж.*ж нь 100,000,000 орчим төгрөг машин хайж байгаа бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаар зээл судлуулахад 60,000,000 төгрөгийн зээл гарсан. Өөрт байсан 50,000,000 төгрөг болон Инвескор банк бус санхүүгийн байгууллагын 60,000,000 төгрөг, үлдэх 10,000,000 төгрөгийг хүнээс зээлж нийт 120,000,000 төгрөгөөр тухайн автомашиныг худалдан авсан. Авсан автомашинаа нутгийн ойдоо унаж явж ирээд автомашиныг зарах гэтэл тухайн машиныг хамгийн анхны үзсэн хүн нь араасаа орсон машин байна. Энийг 120,000,000 төгрөгөөр авч чадахгүй гэж хэлэхэд нь Ч.*ыг тухайн машиныг зарахдаа араас орсон эсэхийг нь хэлээгүйгээр найз нөхдийнхөө харилцаа холбоо итгэлцлийг ашиглаж худлаа хэлж өгсөн байна гэж талуудын хооронд маргаан гарсан. Энэ хугацаанд Ч.*ын хувьд 20,000,000 төгрөг нэхсэн асуудал байхгүй. Энэ асуудал 2024 оны 12 сараас хойш үүсэн асуудал учраас хариуцагч Ж.*ж нь Ч.*од 20,000,000 төгрөгийн өр төлбөрийн асуудал байхгүй. Тухайн үед *ж нь найз маань хүнд өвчтэй байсан учраас найзыгаа дэмжих байдлаар автомашиныг нь худалдан авсан гэж тайлбар хэлдэг. 120,000,000 төгрөгөөр тухайн автомашиныг авч байгаа нь зах зээлийн тулсан ханш.  * болон Ч.*ж нарын харилцсан чатад Галаа гэдэг хүнээс 10 жилийн өмнө авахад ийм байсан гэх чатыг Ч.* та өөрөө бичсэн байдаг. Хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг томилсон учраас заавал өөрөө оролцох шаардлагагүй.

Тухайн үедээ 120,000,000 төгрөгөөс илүү үнэтэй гэж хэлж байсан ч Ч.*жийн зүгээс тэрнээс илүү мөнгө төлж чадахгүй гэдгээ ч тоглоом байдлаар хэн аль нь илэрхийлж байсан. Анх бол үнийн хувьд тохиролцож байгаагүй. Гэрээнд бол 120,000,000 төгрөгөөр тохирсон ч илүү хэдэн төгрөг төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Машиныг араасаа орсон гэдгийг хэлээгүй биет байдлын доголдолтой хөрөнгө зарсан гэж маргаж байгаа. Автомашиныг араасаа орсон байсан гэдгийг талуудын харилцсан мессеж чатад би араасаа орсныг нэг их асуудал биш арван жилийн өмнө худалдаж авахад л тийм байсан, нэг муу купер л биз гээд гэсэн утгатай чатыг Ч.* бичсэн бөгөөд араасаа орсон байсан гэдгийг Ч.* өөрөө хүлээн зөвшөөрдөг. Авто оношилгоонд техник нөхцөл байдлаас шалтгаалаад тэнцээгүй.  

Араасаа орсон юм чинь буулгаад өгөөч гэдэг байдлаар санал солилцсон зүйл байхгүй. Ж.*жийн хувьд 20,000,000 төгрөгийг мэдэхгүй, зөвшөөрөхгүй байгаа учраас Ж.*ж.ийн хувьд тохиролцох шаардлагагүй гэж үзэж байна. Үндсэн гэрээний төлбөр болох 120,000,000 төгрөгийг бэлэн гаргаж өгсөн. Тухайн үед бэлэн 120,000,000 төгрөгөөр машин авсан бол илүү цэмбэгэр шинэ машин авах боломжтой байсан гэж үзэж байна. Бартераар гэрээ хийгээгүй, бэлэн мөнгөөр өгсөн тул хангалттай үнэ гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ж.*ж, Ч.* нарын хооронд 2024 оны 06 сарын 10-ны өдөр худалдан худалдан худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдагч тал өөрийн өмчлөлийн машиныг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч тал машины төлбөр болох 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаар талууд маргадаггүй. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд тухайн хэлцлийг талууд бичгээр байгуулж нотариатаар батлуулаад хийсэн байдаг. Үүнд хэн аль маргадаггүй. Харин тухайн худалдах худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болох үнийг 120,000,000 төгрөг гэдгийг 2024 оны 06 сарын 20-ний өдрийн байгуулсан гэрээнд талууд тохирчихсон. Тухайн 120,000,000 төгрөгийг тухайн үедээ хэн аль нь гэрээний үндсэн үнэ биш гэдэг байдлаар маргаагүй учраас гэрээний үндсэн нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэж байгаа юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Худалдагч худалдан авагч талууд нь 2024 оны 06 сарын 19, 20-ны өдрүүдэд нэхэмжлэгч Ч.*ын эзэмшлийн * УБЭ улсын дугаартай тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг сумдуудын ой баяр ёслолд зориулаад олон нийтийн сүлжээгээр өөрийн цахим хаягаасаа нийтэд зарахаар зар тавьсан байсан. Зар дээр машины километр болон оныг дэлгэрэнгүй дурдсан байсан талаарх баримтуудыг хэрэгт хавсарган өгсөн. Ингээд гэмгүй үерхэж байсан найз Ж.*ж нь төрөлх нутгийнхаа ойн арга хэмжээнд явах зорилгоор машин худалдан авах харилцаа үүссэн байна. 2024 оны 06 сарын 20-ны өдөр автомашиныг худалдан борлуулахаар тохирсон. 140,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад, 10,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2024 оны 06 сарын 21-ний өдөр үлдэгдэл төлбөр бэлэн байхгүй байсан учраас банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулж авахаар тохирсны дагуу худалдан авагч Ж.*жийн зүгээс нэхэмжлэгч Ч.*ын гэрийн ойролцоо, Баянгол дүүргийн 05 хороо, 10 хорооллын зам дагуу Анар худалдааны төвийн 3 давхарт байрлах, *ад шууд хандсан байгаа юм. Үүний дагуу банк бус санхүүгийн байгууллагаас 60,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Яагаад 140,000,000 төгрөгөөр тохирчхоод 120,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд байгаа юм бэ гэхээр зээлдэгч Ж.*жид банк бус санхүүгийн байгууллагаас гарах зээлийн дээд хэмжээ 60,000,000 төгрөг гэж хэлсэн. Магадгүй 140,000,000 гэрээ байгуулаад урьдчилгаанд 60,000,000 төгрөг өгчихсөн банк бус санхүүгийн байгууллага танаас 80,000,000 авмаар байна гэх юм бол банк бус зээл олгохоос татгалзах юм. Ийм шалтгаан нөхцөл байсан учраас 120,000,000 төгрөгөөр гэрээлсэн юм.

Гэрч Одгэрэл гэх хүний мэдүүлгээр хариуцагч Ж.*ж Ч.*оос энэ машиныг хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ гэхэд 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар гэрчилсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Нэхэмжлэгч буюу худалдагч *ын зүгээс биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг хариуцагч *жийн өмчлөлд 100 хувь шилжүүлсэн. Хариуцагч Ж.*жийн зүгээс автомашин доголдолтой буюу авснаасаа хойш эвдрэл гэмтэл гарсан байна гэж үзэх юм бол уг асуудлаар наймааг буцах юм уу магадгүй зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах ч юм уу ийм байдлаар асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Өөрсдийн гаргаж өгсөн техник мэдээлэлд 2023 оны 10 сараас үзлэг оношилгоогоор тээврийн хэрэгсэл ямар ч эвдрэл гэмтэлгүй, техникийн үзлэг оношилгоо бүрэн тэнцсэн ийм агуулгаараа худалдагчийн зүгээс худалдагч худалдан авагчид ямар ч биет байдлын болон эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгслийг түүний өмчлөлд бүрэн шилжүүлсэн. Харин гэрээний дагуу уг худалдан авсан зүйлийн үнэ төлбөрийн дутуу үнэ буюу 20,000,000 төгрөгийг дутуу авсан байгаа юм. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилуулсан гэдэг агуулгаар энэ үнийн дүнгээ бичиж гомдол гаргадаг. Гомдлын явцад хариуцагч *ж гэрчээр мэдүүлэг өгдөг. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэдийгээр 120,000,000 төгрөгөөр авсан, үлдэгдэл төлбөргүй гэдэг агуулга харагддаг боловч сая Ч.*ын хэлж байгаа шиг хэзээ ч 120,000,000 төгрөгийн наймаа дуусчихсан хойно дахиад мөнгө авах гээд яваад байгаа юм шиг харагдаад байна. Ийм наймаа арилжаа гэж ер нь байхгүй. Тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсан гэж тайлбарлах гээд байгаа боловч энэ доголдол нь нотлогдохгүй байгаа буюу энэ доголдлын талаар гуперийн асуудлыг тухайн үедээ шалгуулаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байхдаа гэрчээр өгсөн мэдүүлэг, эхнэр Болормаатай нь харилцсан мессеж, гэрч Одгэрэлийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хариуцагчаас тодорхой хэмжээний төлбөр авах юм байна гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Ч.*ын депозит дансны хуулга, мессенжер чат, утасны мессеж зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас *дүгээр хорооны тодорхойлолт, итгэмжлэл, худалдах худалдан авах гэрээ, техникийн тодорхойлолт, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээ, эд хөрөнгө эзэмших, өмчлөлд шилжүүлэх гэрээ, Ж.*жийн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл,* улсын дугаартай тээврийн хэрэгслийн фото зураг, тээврийн хэрэгслийн оношилгооны мэдээлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар гэрчээр *ийг асууж авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, Баянгол дүүргийн * газраас баримт бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.*ын нь хариуцагч Ж.*жид холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Ч.*, Ж.*ж нар нь 2024 оны 06 сарын 20-ны өдөр Ч.*ын өмчлөлийн * УБЭ улсын дугаартай, *маркийн автомашиныг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, мөн өдрөө тухайн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг  биет байдлаар Ж.*жид хүлээлгэн өгсөн, Ж.*ж автомашины үнэд 120,000,000 төгрөгийг төлсөн байна. Автомашин болон 120,000,000 төгрөгийг хэн аль нь хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Харин талууд тухайн автомашины үнийн талаар маргаж, нэхэмжлэгч 140,000,000 төгрөгөөр үнийг тохирсон гэж дутуу төлөгдсөн 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж тохиролцож, үнийг төлсөн гэж маргаж байна.

Талуудын хооронд 2024 оны 06 сарын 21-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, * улсын дугаартай, хар саарал өнгийн 2014 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 120,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон байна. Уг гэрээнд Ч.*, Ж.*ж нар гарын үсэг зурж баталгаажуулсан, нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг гэрээнд автомашиныг үнийг төлөх нөхцөл хугацааг талууд тохиролцохдоо худалдагч Ч.*ын ХААН банк дахь * тоот дансанд 2024 оны 06 сарын 21-ний өдөр 60,000,000 төгрөгийг Ж.*ж төлсөн, үлдэх 60,000,000 төгрөгийг *-аас зээлж төлөх, төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч Ж.*ж мөн өдрөө *-тай Автомашин худалдан авах зээлийн гэрээг байгуулан 60,0 сая төгрөгийг зээлж, Toyota *маркийн * УБЭ улсын дугаартай автомашиныг барьцаалан Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан Ж.*жийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Худалдах худалдан авах гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд харилцан бие биенээсээ гэрээний үүрэг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Ч.* нь хариуцагчаас автомашиныг 140,000,000 төгрөгөөр зарахаар үнийг тохиролцсон, 120,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Ж.*ж “...“сумын 100 жилийн ойн баяр наадам”-д яваад ирээд өгнө гэж  гуйсан учраас зөвшөөрсөн...” гэж тайлбарладаг.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Одгэрэлийг гэрчээр асууж тайлбар авсан бөгөөд тэрээр мэдүүлэхдээ “...Ланд 200 маркийн автомашиныг Ч.*, Ж.*жид зарсан, 140,000,000 төгрөгөөр авсан, 120,000,000 төгрөгийг бэлэн өгсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг ойдоо явж ирчхээд өгнө гэж хэлж утсаар ярьж байхдаа хэлж байсан..., ...би наймаа хийж байхад нь хажууд нь байгаагүй, Ж.*ж машиныг унаж байгаа...” гэх мэдүүлэг, талуудын хоорондоо харилцсан гэх Facebook chat messenger, болон гар утаст хийсэн үзлэгээр бэхжүүлсэн баримтад талуудын хооронд автомашины үнийг 140,0 сая төгрөгөөр тохиролцсон, уг мөнгөнөөс 20,0 сая төгрөгийг хариуцагч Ж.*ж дутуу төлсөн, уг мөнгийг нэхэмжлэгч Ч.* шаардаж байсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Талууд дээрх худалдах худалдан авах гэрээ хэлцлийг байгуулахдаа хэлцлийн учир холбогдлыг ойлгож байсан, хэлцлийн агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан тул худалдах худалдан авах гэрээний үнэ 140,000,000 төгрөг байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн хариуцагч Ж.*жид худалдан борлуулахаас өмнөх өдөр өөрийн өмчлөлийн Toyota * маркийн * УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар зар оруулж байсан, уг зарын дагуу сонирхогч этгээдээс үнийг асууж, тэдэнд 140,000,000 төгрөг гэж үнийн санал хүргүүлж илгээж байсан нь талуудын хоорондох гэрээ, хэлцлээр тохиролцсон үнийг шууд үгүйсгэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлж холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд талуудын тайлбарыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ч.*ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*жид холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН