| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0137/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 145
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч У.Солонго,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 201726011179 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд
- 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр обусны буудал дээр иргэн Р.Дгийн автобуснаас буухад нь цүнхэнд нь байсан түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.363.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 15-ныөдөр 19 цагийн үед ...автобусанд суусан ба автобусанд хүн цөөхөн байсан. Автобуснаас буухын үед хажуугаас нэг эмэгтэй хүн “та гар утсаа алдчихваа, цүнх чинь онгорхой байна” гэж хэлэхээр нь цүнхээ үзсэн чинь онгорхой дотор нь байсан улаан түрийвч байхгүй байсан. Дотор нь 337.800 төгрөг, Хаан банкны карт дотроо 134.000 төгрөг, нөгөө нь 27.000 төгрөгтэй 2 карт, алтлаг өнгөтэй монетон ээмэг, алтан гинж, монетон маргад шигтгээтэй бугуйвч, монетон бөгж, сваровски хөх шигтгээтэй кулон, гинжтэй, жижиг олон шигтгээтэй бөгж, 2 иргэний үнэмлэх зэрэг эд зүйлс байсан. Алдагдсан эд зүйлсээ буцааж олж авсан. Гэхдээ хулгайч нь мөнгөнөөс дутуу өгсөн байна лээ. Надад 200.300 төгрөг өгсөн. Анх миний түрийвчинд 337.800 төгрөг байсан болохоор 137.500 төгрөг дутуу өгсөн. Бас нэг цэцгэн хээтэй монетон ээмэг дутуу байсан. Уг монетон ээмгийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Бэлэн мөнгө нь миний өөрийн цалингийн үлдэгдэл болон өдрийн орлогын мөнгө байсан. Би “Содон мутар” гэх бариа заслын газарт эмч ажилтай, өдөрт янз бүрийн л орлоготой байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 93х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: /хх-ийн 7х/
Эд зүйлийн үнэлгээ – нийт 1.026.000 төгрөг /хх-ийн 139х/
Гэрч Х.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын дундуур яг хэдний өдрийг санахгүй байна ...Баярмаа руу залгаад манай ах шаралчихсаан бөөс хэрэгтэй байна олдох болов уу гэж ярьсан. Ингэтэл “вокзал хавиар байдаг гэсэн, орой уулзах уу, хүнээс асууж өгье” гэсэн. Ингээд тэр өдрөө үдээш хойш Баярмаа руу залгасан чинь Драгон дээр уулзахаар болсон. Ингээд би сүлжмэлээс драгон руу явж байхдаа Баярмаа руу залгатал “Драгон руу дөхөөд ир” гэхээр нь явж байтал Драгоны хаан буузны урд талд тааралдсан. Ингэтэл цаанаас хоёр цагдаа гарч ирээд Баярмааг барьж аваад намайг бас хамт аваад цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/
Гэрч Г.Саруулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүургийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэн явж байхад “Бүргэд-10”-аас Сүлжмэлийн автобусны буудал дээр автобуснаас буухдаа түрийвчтэй эд зүйлээ хулгайд алдсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг хүлээн аваад Драгон орчим. сүлжмэлийн автобусны орчмоор биечилсэн эрэн сурвалжлалт хийж ажиллахад халаасны хулгайн бүртгэлтэй Баярмаа гэгч Драгоны төвийн арын байрны дунд явж байхад нь зогсоон шалган хэлтэсийн байранд авчран үзлэг хийлгүүлэхэд хулгайд алдагдсан тухайн эд зүйл Баярмаагийн биеээс гарч ирсэн тул “Бүргэд-10”-т хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79х/
Гэрч Г.Доржбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Драгон руу явах замд халаасны хулгайн бүртгэлтэй Баярмаа гэх эмэгтэй явж байхаар нь барьж аван шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн байранд авчрахад гомдол гаргагч иргэн хэлтсийн байран дээр ирсэн өргөдөл гаргаж байсан. Баярмаагийн биеэс гарсан эд зүйлсийг гомдол гаргагч таниад миний эд зүйл байна гэсэн тул эд зүйлийг түр хураан авч тэмдэглэл үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81х/
Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 32 дугаар байрны автобусны буудал дээр найз Солонготой уулзахаар зогсож байгаад Солонго руу залгатал Сүлжмэлийн автобусны буудал дээр байна гэхээр нь би автобусанд суугаад Сүлжмэлийн автобусны буудал дээр буух гэтэл миний урд талд 50 орчим насны эгч автобуснаас буух гээд арын хаалган дээр зогсож байсан ба гар цүнхээ ардаа үүрсэн байдалтай цүнхнийх нь цахилгаан тал онгойсон дотор талд нь улаан өнгийн түрүүвч байхаар нь би уг түрийвчийг автал өнөөх эгч Сүлжмэлийн автобусны буудал дээр буусан. Би Драгон дээр буугаад байрны голоор ороод түрийвчийг нь үзтэл бэлэн 300.000 орчим төгрөг, монетон гинж, бөгж, бугуйвч зэрэг эд зүйл байхаар нь бүгдийг нь авч хармаалаад түрийвчийг нь байрны голд хогийн саванд хаясан. Ингэтэл Солонго над руу залгаад Драгоны байрны голоор явж Солонго дээр очоод уулзан модны дор тамхи татаад зогсож байтал 2 цагдаа ирээд барьж аваад цагдаагийн хэлтэс рүү авчирсан. Хулгайлж авсан зүйлийг хурааж аваад бичиг баримт түрийвчийг асуухаар нь хаясан газрыг зааж өгөөд буцааж авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөн Х.Бгийн хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41х/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 132х/
Тэрээр урьд 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2- т зааснаар 3 жилийн хорих ял,
- 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусан суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 133-135х/, таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 43-54, 110-116, 117 ар тал-119, 121, 123-124, 126 ар тал-130х/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 117, 125-126х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 120, 122, 130х/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт “ миний үйлчлүүлэгч Х.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлдийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцох нь түүний эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэсэн санал хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ.
Учир нь Х.Б нь 6 удаагийн ял шийтгэлтэй боловч тэрбээр хамгийн сүүлд 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан /хх-ийн 126-130х/ байх бөгөөд энэ үеэс эхлэн ялтай байдал тоологдож эхэлсэн байна. Гэвч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаагааг хэрэгсэхгүй болгох”-оор зохицуулагдсан байх тул тус үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Х.Бг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Иймд дараах байдлаар шүүгдэгчийн зүйчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулиар өөрчлөн зүйлчлэх нь ашигтай, түүний эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Ял шийтгэлийн хувьд:
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг “...бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сарын хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дпөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Бгийн холбогдох хэрэг нь 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудад тодорхойлсоноор хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа болно.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж зохицуулсан байна.
2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял хариуцлагын байдал, хөөн хэлэлцэх хугацаа зэргийг дүгнэхэд шүүгдэгч Х.Бд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул энэ хуульд зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Бд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилж, тус зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр түүнд холбогдох хэргийг зүйлчлэв. Тодруулбал,
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Сүлжмэлийн автобусны буудал дээр иргэн Р.Дгийн автобуснаас буухад нь цүнхэнд нь байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө бүхий түрийвчийг нь хулгайлсны улмаас бусдад 1.363.800 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Р.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 15-ныөдөр 19 цагийн үед ...автобусанд суусан ба автобусанд хүн цөөхөн байсан. Автобуснаас буухын үед хажуугаас нэг эмэгтэй хүн “та гар утсаа алдчихваа, цүнх чинь онгорхой байна” гэж хэлэхээр нь цүнхээ үзсэн чинь онгорхой дотор нь байсан улаан түрийвч байхгүй байсан. Дотор нь 337.800 төгрөг, Хаан банкны карт дотроо 134.000 төгрөг, нөгөө нь 27.000 төгрөгтэй 2 карт, алтлаг өнгөтэй монетон ээмэг, алтан гинж, монетон маргад шигтгээтэй бугуйвч, монетон бөгж, сваровски хөх шигтгээтэй кулон, гинжтэй, жижиг олон шигтгээтэй бөгж, 2 иргэний үнэмлэх зэрэг эд зүйлс байсан. Алдагдсан эд зүйлсээ буцааж олж авсан. Гэхдээ хулгайч нь мөнгөнөөс дутуу өгсөн байна лээ. Надад 200.300 төгрөг өгсөн. Анх миний түрийвчинд 337.800 төгрөг байсан болохоор 137.500 төгрөг дутуу өгсөн. Бас нэг цэцгэн хээтэй монетон ээмэг дутуу байсан. Уг монетон ээмгийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Бэлэн мөнгө нь миний өөрийн цалингийн үлдэгдэл болон өдрийн орлогын мөнгө байсан. Би “Содон мутар” гэх бариа заслын газарт эмч ажилтай, өдөрт янз бүрийн л орлоготой байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 93х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: /хх-ийн 7х/
Эд зүйлийн үнэлгээ – нийт 1.026.000 төгрөг /хх-ийн 139х/
Гэрч Х.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын дундуур яг хэдний өдрийг санахгүй байна ... Ингээд тэр өдрөө үдээш хойш Баярмаа руу залгасан чинь Драгон дээр уулзахаар болсон. Ингээд би сүлжмэлээс драгон руу явж байхдаа Баярмаа руу залгатал “Драгон руу дөхөөд ир” гэхээр нь явж байтал Драгоны хаан буузны урд талд тааралдсан. Ингэтэл цаанаас хоёр цагдаа гарч ирээд Баярмааг барьж аваад намайг бас хамт аваад цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/
Гэрч Г.Саруулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэн явж байхад “Бүргэд-10”-аас Сүлжмэлийн автобусны буудал дээр автобуснаас буухдаа түрийвчтэй эд зүйлээ хулгайд алдсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг хүлээн аваад Драгон орчим сүлжмэлийн автобусны орчмоор биечилсэн эрэн сурвалжлалт хийж ажиллахад халаасны хулгайн бүртгэлтэй Баярмаа гэгч Драгоны төвийн арын байрны дунд явж байхад нь зогсоон шалган хэлтэсийн байранд авчран үзлэг хийлгүүлэхэд хулгайд алдагдсан тухайн эд зүйл Баярмаагийн биеээс гарч ирсэн тул “Бүргэд-10”-т хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79х/
Гэрч Г.Доржбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Драгон руу явах замд халаасны хулгайн бүртгэлтэй Баярмаа гэх эмэгтэй явж байхаар нь барьж аван шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн байранд авчрахад гомдол гаргагч иргэн хэлтсийн байран дээр ирсэн өргөдөл гаргаж байсан. Баярмаагийн биеэс гарсан эд зүйлсийг гомдол гаргагч таниад миний эд зүйл байна гэсэн тул эд зүйлийг түр хураан авч тэмдэглэл үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81х/
Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Сүлжмэлийн автобусны буудал дээр буух гэтэл миний урд талд 50 орчим насны эгч автобуснаас буух гээд арын хаалган дээр зогсож байсан ба гар цүнхээ ардаа үүрсэн байдалтай цүнхнийх нь цахилгаан тал онгойсон дотор талд нь улаан өнгийн түрүүвч байхаар нь би уг түрийвчийг автал өнөөх эгч Сүлжмэлийн автобусны буудал дээр буусан. Би Драгон дээр буугаад байрны голоор ороод түрийвчийг нь үзтэл бэлэн 300.000 орчим төгрөг, монетон гинж, бөгж, бугуйвч зэрэг эд зүйл байхаар нь бүгдийг нь авч хармаалаад түрийвчийг нь байрны голд хогийн саванд хаясан. Ингэтэл Солонго над руу залгаад Драгоны байрны голоор явж Солонго дээр очоод уулзан модны дор тамхи татаад зогсож байтал 2 цагдаа ирээд барьж аваад цагдаагийн хэлтэс рүү авчирсан. Хулгайлж авсан зүйлийг хурааж аваад бичиг баримт түрийвчийг асуухаар нь хаясан газрыг зааж өгөөд буцааж авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Х.Б нь шунахай сэдэлтээр, хохирогч Р.Дгийн эд хөрөнгийг нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид 1.363.800 төгрөгийн хохирол учруулснаас 1.106.300 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн /хх-ийн 7х/ байх тул үлдэгдэл 257.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй зэрэг байдлыг харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Р.Дд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудал:
Шүүгдэгч Х.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Х.Бгаас хохирогчоос хулгайлсан эд зүйлсийн ихэнх хэсгийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийнхөн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул Х.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох ба улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдсон болно.
Бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Х.Бгийн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан хугацаа буюу нэг хоног, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 35 хоног, нийт 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 65, 104 х/
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Х.Бд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Бгийн иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Х.Б нь 36 /гучин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгаас 257.500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Р.Дд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг сулласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ