| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 159/2025/0071/З |
| Дугаар | 159/ШШ2025/0066 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 159/ШШ2025/0066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0071/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Т-
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан,
“Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 589 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Т- нь биечлэн шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Т- нь тус шүүхэд “Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 589 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч О.Т- нь 2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт хуулийн зөвлөх, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлснээс хойш тус газарт тасралтгүй ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1 жил 8 сар гаруй хугацаанд шилжин ажиллаж, эргээд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар тус хэлтсийн сайн дурын даатгал хариуцсан байцаагчийн албан тушаалд томилогдон, одоог хүртэл ажиллаж байна.
1.2. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д зааснаар мөнгөн урамшуулал авах тухай асуудлаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад хүсэлт гарган хандахад тус газрын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 539 тоот албан бичгээр “... Тус газраас мөнгөн урамшуулал олгох албан хаагчдийн нэрсийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газарт хянуулахаар хүргүүлсэн бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02/796 тоот албан бичгээр мөнгөн урамшуулал авах шалгуурыг хангаагүй талаар ирүүлсэн тул мөнгөн урамшуулал олгох боломжгүй.” гэх хариуг ирүүлсэн тул тус албан бичгийг хүлээн аваад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авчээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч О.Т- шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: "Октябрь овогтой Т- миний бие нь Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 83 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-т "сум болон нийслэлийн Багахангай... төрийн албаны туухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна" гэж заасны дагуу урамшуулал авах шалгуурыг хангасан тул хүсэлтээ өгсөн боловч шалгуур хангаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүй тул зөрчигдсөн эрхээ хангуулахаар тус нэхэмжлэлийг гаргаж байна.
Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс тус байгууллагад хуулийн зөвлөх дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс орлого, шимтгэлийн байцаагчаар нийтдээ 5 жил буюу /60 сар/ түүнээс дээш хугацаагаар захиргааны албан хаагчаар тасралтгүй ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар шилжин ажилласан.
Улмаар тус шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс буцаж шилжин Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст сайн дурын даатгал хариуцсан байцаагчаар, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хүний нөөц хуулийн мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна.
Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д зааснаар тасралтгүй төрийн захиргааны албан хаагчаар 5 жилээс дээш хугацаагаар ажилласан учраас дээрхи мөнгөн урамшуулал авах нөхцлийг хангасан юм.
Миний зүгээс дээрхи Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж мөнгөн урамшуулал авахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч Сэлэнгэ аймгийн Нийгмийн Даатгалын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 589 тоот албан бичгээр "...Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудит мониторингийн газарт хянуулахаар хүргүүлсэн бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг 02/796 тоот албан бичгээр мөнгөн урамшуулал авах шалгуурыг хангахгүй талаар ирүүлсэн тул мөнгөн урамшуулал олгох боломжгүй болно.” гэжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудит мониторингийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг 02/796 тоот албан бичигт “Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-т ...сум болон Нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ... тасралтгүй 5 жил түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн Захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж заасныг хангахгүй байна гэжээ.
Миний хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар шилжин явж ажиллахаас өмнө дээрхи журмын болзол шаардлагыг хангасан ба мөн үргэлжлээд төрийн захиргааны албан хаагчаар одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм.
Мөнгөн урамшуулал авах шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагч төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллаж буй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох талаар тус журамд тусгагдсан байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 589 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газрын хүний нөөц хуулийн мэргэжилтэн О.Т- нь 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 2022 оны 4 сар хүртэл бичиг хэрэг, хүний нөөц, хуулийн зөвлөх зэрэг албан тушаалд ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн ба 2023 оны 12 дугаар сараас тус хэлтэст сайн дурын даатгал хариуцсан байцаагчаар, 2024 оны 02 дугаар сараас хүний нөөц, хуулийн мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна.
Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосон ба О.Т- нь журам хэрэгжиж эхэлсэн хугацаанаас өмнөх 5 жилийн 1 жил 3 сард нь Улаанбаатар хотод Нийслэл дэх захиргааны хэргийн анхан анхан шатны шүүхэд ажилласан 5 жилийн хангаагүй шалтгаанаар урамшуулал олгогдоогүй болно.
О.Т- нь урамшуулал олгохтой холбоотой хүсэлт гаргасны дагуу Нийгмийн Даатгалын ерөнхий газраас 2025 оны 4 дүгээр сарын 04-ний 02/796 тоот албан бичгээр ажилласан жилийн болзол хангаагүй тул урамшуулал олгох боломжгүй гэсэн хариу ирсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан "Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын Даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 589 дугаартай албан бичгийг хууль с болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам" баталсан тогтоолыг хэрэгжүүлж, мөнгөн урамшуулал олгохыг даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Нийгмийн даатгалын газраас гаргасан албан тоотыг захиргааны акт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөн урамшуулал олгохгүй байгаа үйлдлийг ойлгож байгаа юм. Хэрэв албан тоот гаргаагүй бол эс үйлдэхүй болно. Харин мөнгөн урамшуулал олгохгүй гэдгийг бичгээр өгсөн учраас олгохоор даалгах болж байгаа юм. Маргааны хувьд 5 жил тасарсан гэж байна. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар ажиллаж байгаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү шилжсэн учраас 5 жил тасарсан гэж хариуцагч талаас дурдаж байна. Улаанбаатар хот руу шилжихээс өмнө 5 жил ажилласан. Сайн дурын даатгал төлсөн асуудал бол дараагийн асуудал юм. Хуульд нийцүүлэн гаргасан журам нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Уг журмыг байгууллагууд өөр өөр тайлбарлаж болохоор гарсан байгаа юм. Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.1-д заасныг авч үзвэл 5 жил тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид мөнгөн урамшуулал олгох ч юм шиг, 2.1-д зааснаар бол тасралтгүй 5 жил ажилласан төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох мэт 2 тохиолдол байгаа юм. Журмыг сайн харахад маш хуулийн алдаатай заалтууд олон байгаа. Харин журамд мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн заалтууд байгаа бөгөөд тухайлбал, төрийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн төрийн захиргааны байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд мөнгөн тусламж олгохгүй гэж нарийвчлан заасан. Мөн 3.2-д хүүхэд асрах чөлөөтэй байсан бол 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд тооцохгүй гэсэн. 3.3-д “хүүхдээ асрах чөлөөтэй байсан төрийн захиргааны албан хаагчийн энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацааг тооцохдоо уг албан хаагчийн хууль тогтоомжийн дагуу ажилдаа эргэн орсон хугацаанаас үргэлжлүүлэн тооцно” гэж заасан байгаа юм. О.Т-гийн хувьд Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын газарт буцан ирж ажилласныг үргэлжлүүлэн тооцох боломжтой мэт харагдаж байна. Нэгэнт маргаантай асуудал байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн зарчим, тухайн хууль батлагдах болсон 51.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журам гарах болсон зарчим зэргийг баримтлах шаардлагатай. Хариуцагч талаас өмнө 5 жил ажиллаж байсан ажлаас гарсан этгээд мөнгөн урамшуулал авахаар барьцаад ороод ирэх боломжтой гэх агуулгыг дурдаж байна. О.Т-гийн хувьд Нийгмийн даатгалын газарт 5 жил ажиллаж байсан, шилжээд буцаад ирж ажиллаж байгаа бөгөөд журамд заасан 2 шаардлагыг хангаж байгаа юм. Журам нь хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилготой. О.Т- нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт 5 жил ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...эрх чөлөө, тэгш байдал…” зарчмыг заасан. Эдгээр байдлыг авч үзэхэд мөнгөн урамшуулал авах боломжтой байгаа юм. Хамгийн гол нь журамд олгож болохгүй гэсэн заалт байхгүй, ажилласан, ажиллаж байгаа гэснийг тайлбарласан тайлбар байхгүй. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас л тайлбарлаж байгаа боловч журмын дагуу ойлгомжгүй байгаа асуудлаар гаргасан эрх зүйн акт, баримт бичиг байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой. О.Т- нь 5 жил тасралтгүй ажилласан нөхцөл байдал байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Т- нь 2016 оноос 2022 оны хооронд хүний нөөц, хуулийн зөвлөх гэсэн орон тоогоор ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сард Улаанбаатар хот руу шилжин ажилласан. 2023 онд буцаж ирээд сайн дурын даатгалын байцаагчаар ажилласан. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам батлагдсан. Үүнтэй холбогдуулан О.Т- нь мөнгөн урамшуулал авах хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын Ерөнхий газраас 5 жил ажилласан гэх шаардлагыг хангаагүй тул мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн хариу ирүүлснийг үндэслэн мөнгөн урамшуулал олгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. О.Т- нь 2016 оноос 2022 он хүртэл ажилласан тул 5 жил ажилласан гэх шалгуурыг хангасан учраас мөнгөн урамшуулал авах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм. Манай зүгээс журам 2024 оноос эхэлж хэрэгжиж, түүнээс цааш тоолж үзнэ гэсэн байр суурьтай байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч О.Т- нь 2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт хуулийн зөвлөх, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлснээс хойш тус газарт тасралтгүй 5 жил 4 сарын хугацаанд ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1 жил 8 сар гаруй хугацаанд шилжин ажиллаж, эргээд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар тус хэлтсийн сайн дурын даатгал хариуцсан байцаагчийн албан тушаалд томилогдон ажиллаж одоог хүртэл тус газарт ажиллаж байна.
2. Нэхэмжлэгч О.Т- нь “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт ажилласан хугацааны мөнгөн урамшуулал авахаар тус газрын даргад хандан хүсэлт гаргахад “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газарт хянуулахаар хүргүүлсэн бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/796 тоот албан бичгээр мөнгөн урамшуулал авах шалгуурыг хангахгүй талаар ирүүлсэн тул мөнгөн урамшуулал олгох боломжгүй болно.” гэсэн хариуг өгсөн байна.
3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/796 тоот албан бичигт “Албан хаагч О.Т-гийн хувьд Засгийн газрын 23 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 1.1-д “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална”, 2.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж заасныг хангахгүй байна.” гэжээ.
4. Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаж, тус хуулийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэх агуулгатай 51.3 дахь хэсгийг нэмж, 2 дахь заалтаар “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэжээ.
Улмаар Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг баталж, уг журмын 1.1-д “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална” гэж журмын зорилгыг тодорхойлж, урамшууллыг хэрхэн олгох талаар зохицуулжээ.
Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.”, 3 дугаар зүйлийн 3.5-д “Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад бичиг баримт байна.”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана.” 4.3-д “байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-д заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана.”, 5 дугаар зүйлийн 5.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.” гэж тус тус заасан байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж заасныг үндэслэн хуульд нийцүүлэн баталсан журам болох “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам” нь хуулийн тус зохицуулалтаас зөрүүтэй, төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох асуудлыг нарийвчлан тодорхой журамлаагүйгээс маргаан үүсэх нөхцөл бүрджээ.
Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “... Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа...” гэж төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах урьдчилсан нөхцөлийг тодруулсан бол “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д “...сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан...” гэж урьдчилсан нөхцөлийг хуулийн агуулгаас зөрүүтэй байдлаар тодруулжээ. Аливаа журам нь хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг нарийвчлан зохицуулж, хуулийг хэрэгжүүлэх аргыг тодорхойлдог. Тус журамд “... тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан...” гэж тодорхойлсон тул нэхэмжлэгч О.Т- журамд зааснаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд шилжин ажиллахаас өмнөх 5 жил ажилласан хугацааны мөнгөн урамшууллыг авах эрхтэй гэж ойлгогдохоор байна.
Түүнчлэн журмын зорилгод “... Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцлийг баталгаажуулах ... ” гэж тодорхойлсон тул төрийн захиргааны албан тушаалд таваас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа, нийслэлээс шилжин орон нутагт ажилласан нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгох нь мөн журмын зорилгод нийцэхээр байна.
6. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өмнө нь төрийн захиргааны албан тушаалд 5 жил ажилласан хүмүүс мөн мөнгөн урамшуулал шаардах эрсдэл үүснэ гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч О.Т-гийн хувьд хуулийн нэмэлт хэрэгжиж эхэлсэн үе болох 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болон, журам батлагдсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар ажиллаж байсан, одоог хүртэл ажиллаж байгаа тул журмын хамрах хүрээнд хамаарах юм.
7. “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д одоо суманд төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа өмнө нь “тасралтгүй 5 жил ажилласан” байх хуулийн шаардлага хангасан төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгохгүй байх талаар тусгайлан зохицуулаагүй. Хуулиар энэхүү урамшуулал авах эрхийг хязгаарласан өөр ямар нэгэн зохицуулалт байхгүй. Харин ч “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.1-т “сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж тусгайлан зохицуулжээ.
6. Нэхэмжлэгч О.Т- нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрийн захиргааны албан тушаалд 2016 оноос 2022 он хүртэл тасралтгүй 5 жил ажилласан болон одоо мөн ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулалыг авах эрхтэй бөгөөд төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд болон журам хэрэгжиж эхлэх үед нэхэмжлэгч суманд төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж байсан, хууль хэрэгжиж эхлэхээс өмнө урамшуулал авах хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй тул мөнгөн урамшууллыг олгох нь тус хуулийн нэмэлт зохицуулалтын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
8. Иймд хуулийн шаардлагыг хангасан нэхэмжлэгч нь орон нутагт ажилласаны мөнгөн урамшуулал авахыг шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг хариуцагчаас тухайн хууль болон хуулийг хэрэгжүүлэх журамд заагаагүй үндэслэлээр хязгаарлах үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал хууль бус байна.
Нэгэнт нэхэмжлэгч нь хууль болон журмын шаардлага хангасан, хариуцагчид урамшуулал олгох эсэхийг өөрөөр шийдвэрлэх “сонгох боломж” байхгүй байх тул “Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 589 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч О.Т-д мөнгөн урамшуулал олгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 589 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг баталсан 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч О.Т-д мөнгөн урамшуулал олгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР