| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03890/И |
| Дугаар | 192/ШШ2025/04736 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04736
| 2025 06 03 | 192/ШШ2025/04736 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С
Хариуцагч: А
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч О.**********,
хариуцагч Ч.**********,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.********** хариуцагч Ч.**********д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.**********тай танилцаж 2009 оны өвлөөс хамтран амьдарсан. Бид 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн *** дугаартай гэрчилгээ авсан. Бидний том хүү 2010 оны 6 дугаар сарын 02-нд төрсөн дунд хүү 2019 оны 12 сарын 05-нд төрсөн, бага охин 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. 2019 оноос хойш архидан согтуурч зан харилцаа болон бусад тааламжгүй зүйл гаргаж байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байсан. 2021 оны 11 дүгээр сард тэвчиж тэвчиж тэвчих аргагүй болж би салаад явсан. Салаад 4 жил гаран болсон боловч сар бүр ямар ч мөнгө нэхэж авч үзээгүй. Би шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Ч.**********тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна гэв.
2. Хариуцагч Ч.**********д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. гурван хүүхдээ ээжийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 78 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.04.18-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Тэтгэлэг гаргуулахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. гэж тайлбарласан.
3. Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, маргаан байхгүй. гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
О.**********, Ч.********** нар 2009 онд танилцаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А.******, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.******, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.****** нарын эцэг, эх болцгоож, 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдраад 4 жилийн хугацаа өнгөрсөн, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А.******, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.******, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.****** нарыг эх О.**********ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцсэн.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Шүүх гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг болно.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх О.********** нь хүү А.******, А.******, охин А.****** нарыг эцэг Ч.**********тай уулзуулах нөхцөлөөр хангаж, эцэг эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь хуульд нийцнэ.
7. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дудраж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********** /РД:Г, ********** /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин А.******, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.******, 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.****** нарыг эх О.**********ийн асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Ч.********** хойшид хүү А.******, А.******, охин А.****** нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр хадгалагдаж үлдэх бөгөөд хүү хүү А.******, А.******, охин А.****** нартай уулзуулахад болон эцэг, эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.**********т даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.**********аас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжид 145 760 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ