2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04154

 

  

      

 

           2025             05             15

   192/ШШ2025/04154

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******** дүүрэг, ****************, өөрийн байранд байрлах, У Г газар /рд: *******************/,  

Хариуцагч: ************* дүүрэг, ********************* тоот хаягт оршин суух, Д овогт А-ийн Г- /рд:ШЕ68100474/,  

Нэхэмжлэлийн шаардлага: 53,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У Г газар нь хариуцагч А.Г-д холбогдуулан 53,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

А ХХК нь 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгээр 225750 кг дизелийн түлш импортолж тухайн бүтээгдэхүүнд ноогдох нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татварыг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гаргасан Сангийн сайдын 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3-5а/4905 дугаар албан тоотын дагуу 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан байдаг. Дээрх бараанд ногдуулсан татварууд өнөөг хүртэл төлөгдөөгүй бөгөөд татварын өр 35,500,000 төгрөг, мөн Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-т заасан гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулна гэснийг үндэслэн хүү 17,750,000 төгрөг, нийт 53,250,000 төгрөг байгаа болно. У Г газартай эрх зүйн харилцаанд оролцсон А ХХК нь оршин суух хаягтаа байхгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/00251 дугаар захирамжаар нотлогдсон тул тухайн үед А ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Дамаа овогт Аюушийн Г-ар дээрх өр 53,250,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд А ХХК-ийн тухайн үеийн захирлаар ажиллаж байсан Дамаа овогтой Аюушийн Г-ас хугацаа хожимдуулсан нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар, түүний хүү болон нийт 53,250,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.    

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Хариуцагч А.Г-ын зүгээс А ХХК-д холбогдох 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гаалийн мэдүүлгээр гарч ирсэн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 53,250,000 төгрөгийг төлөх хариуцах үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь хариуцагч иргэнийхээ хувьд хариуцах этгээд нь биш. Нэхэмжлэгчийн яриад байгаа татвар бол А ХХК-д холбоотой татвар гэдэг нь харагдаж байна. Хүн, хуулийн этгээд гэдэг бол Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар эдлэх эрх, хүлээх үүрэг нь тус тусдаа бие даасан эрх зүйн этгээдүүд учраас Компанийн хариуцах өр төлбөрийг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага байсан гэдэг утгаар төлөх эрх зүйн боломж байхгүй. 2019 оны Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга дээр компанийн хөрөнгө нь татварын өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хоёрдогч этгээдээр татварыг төлүүлэх хууль зүйн боломж гарч ирсэн. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар хоёрдогч этгээд нь А.Г- гэсэн баримт авагдаагүй. Тухайн үед гүйцэтгэх захирал байсан учраас хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа учраас А.Г- нь компанийн татварын өрийг хувь хүнийхээ хувьд хариуцах хууль зүйн боломж байхгүй. Энэхүү маргаан нь Иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Учир нь 2019 оны Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө тухайн хуулийн 70 дугаар зүйл дээр хэрвээ битүүмжлэх арга хэмжээ аваад ч татварын өр төлбөрийг төлүүлж чадахгүй бол шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах байсан. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар татварын алба нь өөрөө шүүхийн шийдвэрээр баталгаажуулахгүйгээр татвар хураах ажиллагааг хийж болохоор заасан байгаа. Тухайлбал тодорхой байгууллагууд руу хандаж дансыг нь битүүмжлэх ч юм уу гэх мэтчилэн холбогдох ажиллагааг өөрсдөө хийдэг болсон учраас энэ маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш, нарийвчилсан хуулиар тусгайлсан зохицуулалттай маргаан гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5-6/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хавсралт /хх 7-8/, Татвар-Туслах /хх 9/, А ХХК-ийн 01-11 тоот Тайлбар өгөх тухай албан бичиг /хх 10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2022/00251 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 11/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/13331 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 12-13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04935 дугаар шийдвэр /хх 14-15/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 30г1-3/1081 дугаар албан бичиг /хх 16/,        

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 23/, хариу тайлбар /хх 24/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 25/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч У Г газар нь хариуцагч А.Г-д холбогдуулан 53,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч А.Г- нь тухайн үед А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул хугацаа хожимдуулсан нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар, түүний хүү, нийт 53,250,000 төгрөгийг гаргуулах.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. А.Г- нь компанийн татварын өрийг хувь хүнийхээ хувьд хариуцах хууль зүйн боломж байхгүй.

3.2. Иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх маргаан биш.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. Хавтаст хэргийн 7 дугаар талд Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг баримт авагдсан байна. Уг баримтад Мэдүүлгийн №02-2091006-10-I31064R бүртгэлийн дугаар 2010 он 06 сар 10 өдөр, Илгээгч Новосибирск хот, хүлээн авагч А ХХК, А.Г-, 99980151, 3-р хороо 5-р хороолол 14Б-48, Барааны нэр, төрөл Дизелийн түлш, зуны, Хэмжих нэгж, тоо хэмжээ 225,750000 тн гэжээ.

 

Хавтаст хэргийн 10 дугаар талд А ХХК-ийн 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01-11 тоот Тайлбар өгөх тухай албан бичиг баримт авагдсан байна. Уг албан бичиг баримтад Манай компани нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Гаальд 48,8 сая төгрөгийн өглөгтэй байгаа юм. 2010.07.31-ээс хойш үйл ажиллагаа явагдаагүй. Өнөөдрийн байдлаар 310,8 сая төгрөгийн зөвхөн дотооддоо худалдсан түлшинд авлагатай ба Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлага худалдааны үр дүнг хүлээн эхний орж ирэх мөнгөнөөс танай өрийг хаах нэн даруй зорилго тавин, одоо 8,8 сая үлдэх 40 сая-ыг ирэх 5 сарын турш барагдуулах боломж бидэнд олгоно уу. Хүндэтгэсэн ерөнхий захирал А.Г- гэжээ.

 

Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ гэж заасан байх бөгөөд 57.2.1.гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах үүрэгтэй гэж заасан.

 

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно гэж заасан ба 3.1.8. “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг, мөн Гаалийн тариф, гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “татвар төлөгч” гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг гэж тус тус тодорхойлсон байна.

 

Хавтаст хэргийн 7 дугаар талд Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг баримтаар 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгийн мэдүүлэгч болон татвар төлөгч нь А.Г- байх тул Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д зааснаар нэхэмжлэгч нь 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгийн татварыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

4.2. Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1.Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын "хүү" гэсэн ойлголт нь Иргэний хуулийн "анз" гэсэн ойлголтод үл хамаарна гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтаар 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгийн татварын хүүний төлбөрт 17,750,000 төгрөгийг шаардсан бөгөөд хариуцагч А.Г- нь 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгийн татварыг хугацаанд нь төлөөгүй байх тул Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д заасны дагуу хариуцагчаас хүүний төлбөрт 17,750,000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.

 

5. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч А.Г-ас 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгийн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Г-ас нийт 53,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У Г газарт олгож шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 424,200 төгрөгийг нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Г-ас 53,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У Г газарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Г-ас 424,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У Г газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРСҮРЭН