| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0136/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 146
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч Р.Б,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1803000010024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 55 минутын үед нутаг дэвсгэр Энхжин худалдааны төвийн урд талын замд Хьюндай Портер маркийн 13-34 УНЦ улсын дугаатай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Р.Быг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл,
Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхжин худалдааны төвийн урд талын замд Хьюндай Портер маркийн 13-34 УНЦ улсын дугаатай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Р.Быг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх-ийн 7-12х/
Хохирогч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19:20 цагийн үед би Энхжин худалдааны төвийн замын урд талд замынхаа урд талаас хойд тал руу нь зам хөндлөн гарч байгаад замын зүүн талаас баруун тал руу явж байсан машинд мөргүүлсэн. ...Замын голд очоод замын зүүн тийш харахад замын 3 дугаар эгнээгээр нэг машин ойртон ирж байгаа харагдахаар нь тэр машиныг хүлээж өнгөрүүлээд өөр ойрхон машин байхгүй болохоор нь зам руу ороод замын дунд хэсэгт явж байтал замын зүүн талаас Портер маркийн машин зогсолгүй ирээд машиныхаа урд талаар намайг мөргөсөн. Би тухайн үед зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарсан. Би тухайн үед Мөнхзаяа гэх нэг өрөөнд хамт байдаг охинтой цуг явж байсан. Тэр миний ард явж байсан.Тухайн үед машины хөдөлгөөн дунд зэрэг, гадаа бүрэнхий, замын гэрэлтүүлэг асаагүй байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Зам дээр халтиргаа гулгаа байхгүй, цаг агаар тогтуун байсан. Тэр эгч надад 600.000 төгрөг өгсөн байгаа. Би бүх зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22х/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19:20 цагийн үед би Энхжин худалдааны төвийн замын урд талд замынхаа урд талаас хойд тал руу нь өрөөнийнхөө охинтой хамт зам хөндлөн гарч явсан. Манай өрөөний охин миний ар талд явж байсан юм. Би 3 дугаар эгнээгээр явж байсан жийп машиныг өнгөрөөгөөд харахад ойр ирж машин байхгүй байсан, харин портер машин холоос ирж байхыг хараад амжаад гарчихна гээд явтал портер машин ирж мөргөсөн. Би гарцаар гарч явсан, портер машин хурдаа хасаагүй. Би нийт 3 сая гаран төгрөг нэхэмжилж байгаа. Баримтуудаа хэрэгт хавсаргасан байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14008 дүгнэлтэд: “...Бямбажаргалын биед умдаг, баруун суудал яс, ууцны 1,2-р нугаламын хугарал, тархи доргилт, баруун тохой, баруун бугалга, баруун гуя, умдагний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 44х/
Замын Цагдаагийн албаны мөрдөгчийн №23 дугаартай магадлагаанд: “...Хьюндай Портер маркийн 13-34 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Б.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1./Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Р.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ./хх-ийн 54х/
Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 78046 дүгнэлтэд: “...Хьюндай Портер маркийн 1334 УНЦ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг автомашины урд салхины шил гол хэсгээрээ цацарч хагарсан, дуут дохио ажиллахгүй, баруун талын тоормосны гэрэл, ухрах арааны гэрэл, оврын гэрэл, дугаарын гэрэл, асахгүй мөн 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зогсохгүй байгаа нь, стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил гол хэсгээрээ цацарч хагарсан байгаа нь зам тээврийн ослын үед үүссэн байх магадлалтай. Харин 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй болно. Хэрэв нөлөөлсөн бол тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. Уг автомашин нь энгийн, шингэн тоормосны системтэй. 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд энэ эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн ослоос өмнө ашиглалтын явцад үүсэн байх ба хэдийд эвдэрсэнийг тодорхойлох боломжгүй болно...” гэжээ. /хх-ийн 58-60х/
Шүүгдэгч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 55 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Хьюндай Портер маркийн 13-34 УНЦ улсын дугаартай автомашинаа бариад Хархорин захаас Эмээлт зах орохоор явж байсан. Тэгээд Энхжин худалдааны төвийн ур талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 10-20 км/цаг-ийн хурдтай явж байтал гэнэт замын урд талаас нэг эмэгтэй хүүхэд зам хөндлөн гүйгээд гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд машиныхаа урд хэсгээр мөргөж зогссон. Тэгэнгүүт нь би машинаасаа гарч ирээд машиныхаа урд талд гараад хартал машинд мөргүүлсэн хүн газар хэвтэж байхаар нь тэр хүнийг өргөж босгох гэтэл би босохгүй түргэн иртэл байж байна гэж хэлэхээр нь би түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98х/
мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн байгаа. Хохиролын хувьд би 665,000 төгрөгийг өгсөн. Байрны түрээсэнд 400,000 төгрөг, томографийн зураны мөнгө болох 260,000 төгрөгийг төлсөн. Одоо эмчилгээний зардлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө. Бусад зардлыг би төлөх боломжгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Дээрх шинжлэн судлагдсан баримтуудыг харьцуулан үзвэл, хохирогч Р.Б нь зам хөндлөн гарахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарсан байх бөгөөд тэрбээр 3 дугаар эгнээгээр зорчиж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгсний дараагаар зам хөндлөн гарах явцад 2 дугаар эгнээгээр зорчиж байсан Хьюндай Портер маркийн 13-34 УНЦ улсын дугаатай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.С нь хурдаа хасалгүйгээр ирж мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.С нь хохирогч Р.Б нь машины цаанаас гэнэт гарч ирсэн гэх боловч 3 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл нэгэнт явж өнгөрсөн нь хохирогч, шүүгдэгч нарын хэн альных нь мэдүүлэгт дурдагдсан байх тул зам дээр байгаа саад бартаа, явган зорчигч нар нь ил байсан буюу шүүгдэгчид харагдах боломжтой байсан байхад Б.С нь анхаарал болгоомжгүй явсан, гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасах, явган зорчигч явж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоох хүртэл арга хэмжээ аваагүйгээс тухайн осол аваар гарах нөхцөл бүрдсэн байна гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч М.Сэвжидмааг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
М.Сэвжидмаагийн хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 90х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84х/-аар тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд:
Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Р.Б нь эмчилгээ болон хичээлдээ яваагүйн улмаас зайлшгүй нөхвөл зохих хичээлийн кредит цагийн төлбөр зэрэгт 3.982.537 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгчээ. /хх-ийн 28-29, 32, 36-39, 72-73х/
Мөн хохирогч нь “уг ослоос болж хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон, оюутны байранд байх боломжгүйн улмаас айлын хажуу өрөөг 1 сарын 200.000 төгрөгөөр тооцон 2 сар хөлсөлсөн, төлбөрт нь 400.000 төгрөг гарсан” гэж мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Б.С нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчид байр түрээсэлсний төлбөрт 400.000 төгрөг, толгой, аарцагны КТГ хийлгэсний төлбөр болох 260.000 төгрөг, нийт 660.000 төгрөг шилжүүлсэн баримттай байна. /хх-ийн 71х/
Хохирогч Р.Б нь байр түрээслэхдээ бусадтай гэрээ байгуулаагүй, баримтгүй гэх боловч шүүгдэгч нь түүнд дээрх төлбөр зардлыг төлснөө илэрхийлсэн, энэ асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэсэн болно.
Иймд хохирогчийн нэхэмжилж буй 3.982.537 төгрөгийн үнийн дүнгээс 260.000 /шүүгдэгчийн төлсөн/ төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэйгээс гадна, тус хэргийн 36, 37 дугаар хуудсанд авагдсан хүнс, ахуйн хэрэглээнд зарцуулсан гэх ямар нэгэн тамга тэмдэггүй баримт бүхий зардал болох 459.000, 38.000 төгрөгийг, мөн хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан Хишигээ, Равдан, Отгонтуяа гэх нэр бүхий хүмүүсийн хот орон нутаг хооронд зорчсон унааны зардал гэсэн 97.800 төгрөг, хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан 105.000 төгрөгийн төлбөртэй өрөөнд хэвтэж эмчлүүлсэн гэх тодорхойлолт /ямар нэртэй эмнэлэг болох нь тодорхойгүй/ бүхий зардлыг буюу дээрх үнийн дүнг хасаж тооцвол, /3.982.537-959.800=3.022.737 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна. Уг 3.022.737 төгрөгийн 1.036.237 төгрөг нь эмчилгээ хийлгэсэн зардал, 1.986.500 төгрөг нь кредит цагийн төлбөр байна.
Шүүгдэгч Б.Сгийн хувийн байдал, ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнээс 3.022.737 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Р.Бд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Р.Б нь дээрх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар гаргаж өгсөн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул энэ талаарх баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх-ийн 7-12х/, хохирогч Р.Бын мэдүүлэг /хх-ийн 19-22х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14008 дүгнэлт хх-ийн 44х/, замын Цагдаагийн албаны мөрдөгчийн №23 дугаартай магадлагаа /хх-ийн 54х/, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 78046 дүгнэлт /хх-ийн 58-60х/, шүүгдэгч Б.Сгийн мэдүүлэг /хх-ийн 97-98х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Сд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн ба улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болно. Учир нь,
шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирогчид учруулсан хохирлоос эмчилгээний зардлыг төлнө, бусад зардлыг төлөх боломжгүй” талаар санаа бодлоо илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд түүний хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй буюу тодруулбал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах, талуудаас гаргасан торгох ялыг биелүүлэх боломжтой, төлөх чадвартай эсэхийг тодорхойлсон баримтуудыг авч хэрэгт хавсаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Сд торгох ял оногдуулах нь тохиромжгүй гэж дүгнэлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Б.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, шүүх хуралдааныг түргэн шуурхай явуулах талаар, улсын яллагч нь Б.Сд холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа хийж, шүүх рүү хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн гэж санал хүсэлт гаргасан, хохирогч Б.Бямбажаргал нь хэргийг ердийг журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл, зам тээврийн осол нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг нээж /хх-ийн 2х/, улмаар харъяаллын дагуу шилжүүлснээр мөрдөгч Ч.Одсүрэн нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж /хийн 1х/ хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Сг яллагдагчаар татаж /ххийн 65х/, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “хэргийг шүүхэд шилжүүлэх” тухай мөрдөгчийн саналыг /хх-ийн 93х/ гаргасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 42 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх байдлаас үзвэл, мөрдөгч нь хэрэг бүртгэлийн хэрэг нээснээс хойш 2 сарын хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, энэ хугацаанд талуудаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эсэх талаар хүсэлт гаргаж байгаагүй, мөрдөгч нь хялбаршуулсан журмаар ажиллагаа хийсэн талаарх баримтгүй тул Б.Сд холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа хийсэн гэж үзэхээргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “...27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт прокурор хэргийг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэсэн атал дээрх хуулийн заалтын аль аль нь биелүүлээгүй байх тул хэргийг шүүхэд ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн Б.Сд холбогдох хэрэг шүүхэд ирснээс хойш талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг гараагүй тул тус шүүхээс Б.Сэвжидмээд холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд Б.Сд холбогдох хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, түргэн шуурхай явуулах” талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.
Бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Б.Сгийн холбогдох хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялгүй тул түүнд 250279 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Сгийн 250279 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлйн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.022.737 /гурван сая, хорин хоёр мянга, долоон зуун гучин долоо/ төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Р.Бд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ