Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01322

 

С.Адилбишийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэр,         

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 212/МА2016/00035 дугаар магадлалтай,

С.Адилбишийн нэхэмжлэлтэй

“Суат” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонакын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би аймгийн “СУАТ” ХХК нь Ус сувгийн товчоо нэртэй байхад 1992 оны 7 дугаар сараас эхлэн шугамын слесарийн ажилд ороод захирлын 2003 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаалаар машинистийн ажилд томилогдсон.  Ажиллаж байх хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч өргөмжлөл хүртэж байсан. Гэтэл “СУАТ” ХХК-ийн захирал С.Шарив нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн миний 11 жил тасралтгүй хийж ирсэн машинистийн ажлыг өгөлгүй, өөр хөнгөн ажил өгнө гэж хэлээд ажиллуулаагүй, өөр ажил олж өгнө гээд 2 жил намайг хуурч мэхэлж байгаад гомдолтой байна. Би хуучин  ажилдаа  эргэн орох, эсвэл өөр ажил олж өгөхийг хүсэж олон удаа С.Шарив даргатай уулзсан.  Ажил олгогчоос  өнөөдрийг хүртэл машинистийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг албан ёсоор өгөөгүй учраас ямар утгатай тушаал гарсныг огт мэдэхгүй байна. Намайг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх тушаал гарсан талаар ажилчдаас сонссон. Иймд намайг “СУАТ” ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Суат” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: С.Адилбиш нь манай байгууллагад олон жил ажиллаж байсан нь үнэн. Ажлын байранд удаа дараа архи ууж согтуурсан. Иймд бид холбогдох хууль болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 8 тоот тушаалаар бохир усны слесарийн үүрэгт ажлаас халсан. С.Адилбиш урьд нь олон удаа хөдөлмөрийн сахилга алдаж арга хэмжээ авагдаж байсан. Хамгийн сүүлд 2013 оны 9 дүгээр сарын 04-ийн өдөр ажлын байранд архи уух юм бол гомдолгүй гэж амлалт өгч байсан боловч түүний дараа хэд хэдэн удаа ажлын байранд архи уусан тул бид түүнийг ажлаас халахаас аргагүй болсон. С.Адилбишийг 2 жилийн өмнө буюу 2014 оны 01 дүгээр сард ажлаас халж өөрт нь мэдэгдэж тушаалыг гардуулсан, 8 тоот тушаалыг нуух үндэслэл байхгүй. Харин С.Адилбиш нь тушаалыг авч явсны дараа өөр ажил байвал авч ажиллуулах боломж байгаа талаар амаар хүсэлт гаргаж байсан,  тохирох ажлын орон тоо гарах юм бол тухайн үед хамт олон, удирдлагын хэмжээнд ярьж байж шийдэх болно гэж хариу өгсөн. Захирлын 08 тоот тушаалыг одоо хүртэл аваагүй, ажлаас халагдсаныг одоо хүртэл мэдээгүй гэж байгаа нь үнэнд нийцэхгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЮ76110114 Мэрэн овогт Сосорын Адилбишийн Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Адилбиш нь нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 212/МА2016/00035 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Мэрэн овогт Сосорын Адилбишийг Баян-Өлгий аймгийн Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн машинистийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...дурдсугай. гэснийг ...дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хариуцагч “СУАТ” ХХК-ийн санхүүгээс 70.200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар С.Адилбиш болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 212/МА2016/00035 дугаартай магадлалыг 2016 оны 09-р сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Баян-Өлгий аймаг дахь Сум Дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж өөрчлөлт оруулсанд доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

С.Адилбиш нь “СУАТ” ХХКомпанид 2003 оны 04 дүгээр сарын 27-оос эхлэн машинистээр 2013 он хүртэл ажиллаж байгаад ажлын байранд архи ууж хөдөлмөрийн сахилга алдаж тул ажлаас халсан.

Тухайн үед С.Адилбиш ажлаас халагдсан тушаалын нэг хувийг авч гараад маргааш нь өөрийн өмгөөлөгч Алтанцэцэгийг дагуулан ирж “дахин нэг удаа харж үзэхийг хүссэн боловч компаний захирал С.Шарив “дараа нь ажлын өөр орон тоо гарвал, чи архи уухгүй байж чадвал тухайн үед мөн захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд чамайг ажилд авах эсэх асуудлыг шийдэх болно” гэсэн хариу өгч гаргасан.

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдааны мэтгэлцээн дээр С.Адилбиш нь өөрөө “намайг Алтанцэцэг дагуулан даргын өрөөнд очсон боловч тодорхой шийдвэр гаргаагүй гаргасан” гэж өөрөө ажлаас халагдсаныг мэдсэн, ажлаас халагдсан тухай тушаалын нэг хувийг авснаа ийнхүү өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарласан бөгөөд энэ талаарх тайлбарыг тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн.

С.Адилбиш нь 2014 оны 01 дүгээр сард ажлаас халагдсанаас хойш өөр газарт ажилд орж ажиллаж байсан ба “СУАТ” компаниас нийгмийн даатгалын дэвтрийг таглуулж авч байжээ. Гэтэл түүний “ажлаас халагдсаныг одоо хүртэл мэдээгүй” гэсэн шалтгийг давж заалдах шатны шүүх  юуг үндэслэж 2 жилийн дараа слесарийн ажилд биш орон тоогүй “машинист”-ийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэдийгээр Адилбишийн халагдсан тушаалын нэг хувийг өөрт нь хүлээлгэж өгсөн тухай баримт үйлдээгүй нь компаний буруу байсан боловч тухайн үед аль ч байгууллага тэр дундаа тус компани нь хувь хүнд гардуулж өгөх эрхийн актыг эзэнд нь өгөхдөө гарын үсэг зуруулж баримт авч баталгаажуулах стандартчилал мөрдөөгүй.

Магадлалын үндэслэх хэсэгт: “хариуцагч тал ажилтны гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.1 заасан хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, С.Адилбишийг үндсэн ажилд нь болох бохир усны ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар ажилтан С.Адилбиш нь ажил олгогчийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар тушаалыг хүлээж авсан талаар үйл баримт тогтоогдохгүй байна.” гэж хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн хууль зүйн үндэслэлтэй зөв гаргасан шийдвэрийг өөрчилсөн тул ИХШХШТХуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэхь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Адилбишийн “...ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг нь хариуцагч “СУАТ” ХХК эс зөвшөөрч,  маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

“СУАТ” ХХК-ийн захирал 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар тушаал гаргаж, С.Адилбишийг слесарийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтыг үндэслэл болгожээ /хавтаст хэргийн 22 дугаар тал/.  

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. 

Нэхэмжлэгч нь ажлаас халагдсанаас хойш 2 жил 3 сарын дараа нэхэмжлэл гаргасан, тэрээр энэ хугацаанд өөр газар ажиллаж байснаа үгүйсгээгүй байх тул ажлаас халагдсанаа мэдээгүй байх боломжгүй юм.  

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэг сарын хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.   

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид өмнө ногдуулсан сахилгын шийтгэл, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг тухайн маргаанд хамааралтай эрх зүйн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 212/МА2016/00035 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ