Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 37

 

 

Г.Эрдэнэболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 541 дүгээр магадлалтай, Г.Эрдэнэболдын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1997-2005 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 2008-2009 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт офицер, 2009-2012 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 тоот тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн эрх зүйн тасагт мэргэжилтнээр томилогдож ажилласан. Ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд өөрийн мэдлэг боловсрол, туршлага, ур чадвараа дайчлан төрийн албан тушаал эрхлэх, мэргэжлийн дагуу салбартаа шударгаар ажиллаж байсан ба 2013, 2014 оны үр дүнгийн гэрээгээ “А” дүгнүүлж байсан.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаал нь миний эрхийг хөндсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.Top of Form Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах гүйцэтгэх албан тушаалыг мэргэжлийн үндсэн дээр эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж тус тус заасан ба миний хувьд төрийн албан тушаалыг эрхлэх мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай, ур чадвартай мэргэшсэн албан хаагч юм.

Би Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасны дагуу 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн тангараг өргөж төрийн тусгай албаны жинхэнэ албан хаагч болсон.

 

 

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэжлийн шалгалт өгнө” гэж заасан ба миний бие Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, уг хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдаагүй болно.

Мөн дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасан нь төрийн албанаас чөлөөлөх заалт биш төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах зохицуулалт бүхий заалт бөгөөд эдгээрийг үндэслэн намайг төрийн албанаас чөлөөлсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай илт хууль бус тушаал болжээ.

Дээрх үндэслэлээс харахад Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан тушаал нь эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт юм. Мөн намайг төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад тэнцэж тангараг өргөөгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь зөрчиж, ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандсан гэж үзэж байна. Иймд Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж байгаа учраас миний гомдлыг хуулийн хүрээнд шударгаар хянан шийдвэрлэж Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн гомдол, хүсэлт шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээBottom of Form.

 

            Хариуцагч Ашигт малтмалын газрыг төлөөлж тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаалаар иргэн Г.Эрдэнэболдыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Түүнийг анх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн томилсон ба уг хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан байна.

Г.Эрдэнэболд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албанаас халагдсан байсан ба Ашигт малтмалын газарт ажилд орох үедээ ажилгүй байсан нь Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан “төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэсэн заалттай нийцээгүй болно. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд “төрийн жинхэнэ албан хаагчдаас шалгаруулж авна” гэж заасан ба Г.Эрдэнэболд нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 264 дүгээр тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн хуулийн ангид суралцаж 1997 онд цагдаагийн тангараг өргөсөн нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш, төрийн тусгай албан хаагч юм.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн тухайн тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах эрхтэй байхаар заасан ба тухайн эрхийн хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг Г.Эрдэнэболдтой шинэчлэн баталсан. Тухайн албан тушаалд мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Эрдэнэболдын ажлын байрны тодорхойлолтод агентлагийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хууль хяналтын байгууллагатай харилцаж, санал дүгнэлт тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох үндсэн зорилтын хүрээнд агентлагийн эрх ашгийг шүүхэд төлөөлж оролцоогүй тул төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй мэргэжилтэн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах тохиолдлуудыг хуульчилж өгсөн ба 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн бол хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана” гэж заасан. Г.Эрдэнэболдыг ажилд томилсон Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаал захиргааны актын хуульд нийцсэн байх шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй шийдвэр байсан.

Дээрх үндэслэлүүдээр Г.Эрдэнэболдыг сонгон шалгаруулалтад тэнцэж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэж үзсэн тул Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар ажилд томилсон тушаалын Г.Эрдэнэболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Ашигт малтмалын газрын даргын дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуульд нийцэж гарсан захиргааны акт тул иргэн Г.Эрдэнэболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан Г.Эрдэнэболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Эрдэнэболдын ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэг сарын 710.111 төгрөгөөр тооцон 2014 оны 10 дугаар сарын 16-наас 2015 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэлх 8 сарын цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 541 дүгээр магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Хариуцагч Ашигт малтмалын газрыг төлөөлж тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаал нь хэд хэдэн үндэслэлээр хуулийн шаардлага хангахгүй байсан тул Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд нийцүүлэх зарчмын дагуу өөрчлөх шийдвэр гаргасан. Энэхүү маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй болохыг дор дурдсан үндэслэлүүдээр тодорхойлж байна.

Үүнд: …Сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу Ашигт малтмалын газарт ажиллаж байсан эсхүл бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд уг орон тоон дээр ажиллахыг хүссэн иргэдээс ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан албан хаагчийг авч ажиллуулахаар зохицуулсан байна. Гэвч тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу буюу Ашигт малтмалын газарт ажиллаж байгаа болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас уг сул орон тоог нөхөх боломжгүй байжээ.

Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу сул орон тоог нөхөхөөр зохицуулсан. Гэвч Ашигт малтмалын газрын дарга 2013 оны 4 дүгээр сард уг сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн байсан. Тодруулбал, Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан ажлын байрны орон тоог нөхөхдөө тухайн үед төрийн албанд ажиллаж байсан иргэдээс сонгон шалгаруулаагүй, мөн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс аваагүй байна.

Нэхэмжлэгч Г.Эрдэнэболд нь тухайн үед буюу Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаал гарах үед Ашигт малтмалын газар болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаагүй, мөн төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч Г.Эрдэнэболдын анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогддог. Ийнхүү хуулиар тодорхойлсон шаардлагыг зөрчиж гарсан эрх зүйн актыг өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Ашигт малтмалын газрын дарга 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаал гаргаж, өөрчилсөн.

Ашигт малтмалын газраас 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3-3850 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газраас лавлагаа хүссэн албан тоот явуулсныг маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалын үндэслэл болсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд уг Б/158 дугаар тушаалд дээрх лавлагааг дурдсан, эсхүл түүнийг үндэслэсэн ямар ч зүйл, заалт байхгүй болно. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.7 болон Ашигт малтмалын газрын даргын 2014 оны Б/158 дугаар тушаалд заасан “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй” гэдэг нь иргэн төрийн албанд ороход тавигдах шаардлага болохоос төрийн албанд ажиллаж байхдаа албан үүргээ хэрхэн гүйцэтгэсэнтэй холбоотой зохицуулалт биш болно.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан бөгөөд уг заалтад заасан мэдлэг, ур чадвартай эсэхийг төрийн албаны мэргэшлийн шалгалтаар тогтоодог. Харин нэхэмжлэгч Г.Эрдэнэболд нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамрагдаагүй тул төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Ашигт малтмалын газрын даргын 2014 оны Б/158 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан нэхэмжлэгч Г.Эрдэнэболд төрийн албанд орохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн байх шаардлага хариуцагч Ашигт малтмалын газарт бус харин нэхэмжлэгчид хамааралтай болохыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д заасан байна.

Ашигт малтмалын газрын дарга Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг төрийн албанд авсан шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагаа хийснийг шүүхээс буруутган дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17.1 болон уг хуулиар тогтоосон холбогдох стандартыг зөрчиж гарсан Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 148 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан залруулсан Ашигт малтмалын газрын хууль ёсны шийдвэрийг анхан шатны шүүх буруутгасан нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлага хангаагүй асуудал ганц нэхэмжлэгч Г.Эрдэнэболдын тухайд яригдаагүй бөгөөд хуулийн уг шаардлага хангаагүй Ашигт малтмалын газарт томилогдон ажиллаж байсан 8 иргэнийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажилд томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан, цалин хөлс авч байснаараа Г.Эрдэнэболд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан төрийн албан хаагч төдийгүй 11.2-т заасны дагуу эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай” гэсэн байна.

Гэтэл Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Эрдэнэболдын хувьд Төрийн албаны хуулиар тодорхойлсон шаардлага хангаж томилогдоогүй тул хэдий төрийн албан тушаалд ажиллаж, цалин хөлс авч байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагчийн статусыг эдлэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын “хянавал” хэсэгт “хариуцагчаас …нэхэмжлэгч Г.Эрдэнэболд нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамрагдаагүй тул төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй болно гэж давж заалдах гомдлын өөр нэг үндэслэлээ тодорхойлжээ. Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын дарга хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй...” гэсэн байна. Төрийн албанд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах, тэнцсэн иргэдийг нөөцөд авах үйл ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл зохион байгуулдаг.

Тиймээс төрийн албанд анх орох ерөнхий шаардлага хангаж, шалгалтад хамрагдаагүй асуудлыг сонгон шалгаруулалттай хамааруулан үзсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 541 дүгээр магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хянавал:

 

Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлт, баримталсан хуулийн зүйл заалтад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн б-158 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7, 9.1.9, Төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.7 дахь хэсгийг тус тус үндэслэн “...тус агентлагийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн гомдол, хүсэлт хариуцсан мэргэжилтний сул орон тоонд төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад тэнцэж тангараг өргөөгүй, Цагдаагийн албанаас 2012 онд халагдсан Г.Эрдэнэболдыг авч ажиллуулсан” гэж дурдаж, түүнийг уг албан тушаалд томилсон тус газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэболд уг тушаалыг “...эрхийг зөрчсөн, тэгш бус хандсан” гэх үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргасан, хариуцагчаас “...хууль зөрчсөн томилгоо тул бүрэн эрхийн хүрээндээ шийдвэр гаргасан” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Т.Эрдэнэболдын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ажилд орох тухай өргөдөл, төрийн албан хаагчийн анкет зэрэг нь түүнийг Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн эрх зүйн тасагт мэргэжилтнээр томилох тухай мөн газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаалыг гаргах үндэслэл болсон, тэрээр Ашигт малтмалын газарт ажилд орохоор хүсэлт гаргах үедээ төрийн өөр байгууллагад ажиллаж байгаагүй нь тогтоогдсон байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, 16 дугаар зүйлийн 16.З-т “энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тогтоосон журмыг зөрчиж “төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулсан” буюу томилсон шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ агентлагийн даргад хуулиар олгогдоогүй тул Г.Эрдэнэболдыг уг үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай 2014 оны б-158 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх...”, 8.4-т “агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасантай нийцээгүй байна.

 

Иймд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь “хууль зөрчиж төрийн жинхэнэ албанд томилсон” гэх үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээгүй албан тушаалтан учир “маргаан бүхий захиргааны акт” илт хууль бус  юм.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 16.3-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу боловч “маргаан бүхий захиргааны акт”-ыг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

 

-“... анхан шатны шүүхийн шүүгч өөрийн дүгнэлтээ маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгон тайлбарлаж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргах үндэслэл болсон” гэх талаар:

 

Шийдвэрт “...ажлаас чөлөөлөх болсон гол шалтгаан нь дээрхээс илүүтэйгээр... Г.Эрдэнэболд нь байгууллагыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо хариуцагчаа бүрэн төлөөлдөггүй, нөгөө талын эрх ашгийг хамгаалдаг гэсэн гомдлоос үүдэлтэй” гэж дүгнээд Г.Эрдэнэболдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээнд тодорхой дүгнэлт өгч, улмаар нэхэмжлэлийг хангах үндэслэлээ болгосон байна.

 

Гэвч дээрх асуудал нь маргааны зүйл болоогүй, актын үндэслэл биш байхад шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т “...захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заасантай нийцэхгүй болжээ.

 

Иймээс уг үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

-“... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх” талаар:

 

Төрийн албаны тухай хуульд заасан тогтоосон журмыг зөрчиж томилсон гэдэг үндэслэлээр “маргаан бүхий захиргааны акт”-ыг гаргах эрх хэмжээ хариуцагчид хуулиар олгоогүй учир шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх байдалд үндэслэн Г.Эрдэнэболдын нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хууль хэрэглэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 541 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 гэснийг Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 гэж өөрчилж, 27 дугаар зүйлийн 27.2.1 гэсний дараа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.  

     

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

 

                                   ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ