Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01223

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01251 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г-” ХХК-д холбогдох 173,091,937 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2011 оны 12 сарын 16-ны өдөр ГМУТ07/2011 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Г-” ХХК нь ямар нэг доголдолгүй усалгааны системийг “Элсэн цагаан” ХХК-д 2012 оны 05 сарын 05-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, “Элсэн цагаан” ХХК нь 101,124 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон. Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгчээс хариуцагч талд “2012 оны 01 сарын 17-ны өдөр 40,500 ам доллар, 2012 оны 06 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 07 сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 01 сарын 12-ны өдөр 3,050,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул талууд харилцан тохиролцсоноор гэрээг цуцалж, 2017 оны 12 сарын 16-ны өдөр 02 тоот “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн боловч үүний дагуу төлбөр төлөөгүй. Ингээд дахин 2018 оны 11 сарын 27-ны өдөр 02 тоот “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, үүгээр 2011 оны 12 сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг дууссан болохыг мөн хариуцагч нь 2018 оны 11 сарын 30-ны дотор 23,000,000 төгрөг, 40,500 ам долларыг “Элсэн цагаан” ХХК-д төлөхөөр тохиролцсон. 2018 оноос 2019 онд хариуцагч нь 23,000,000 төгрөгийг төлсөн боловч 40,500 ам.долларыг хугацаандаа төлөөгүй.

Иймд хариуцагч “Г-” ХХК-аас 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 02 тоот “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр 40,500 ам доллар мөн талуудын хооронд байгуулагдсан ГМУТ07/2011 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.1-т заасны дагуу алданги 33,120 ам доллар буюу 94,367,160 төгрөг болж байгаа ч  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 20,250 ам доллар, нийт 60,750 ам.доллар буюу 173,091,937 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: “Г-” ХХК нь нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК-тай 2011 оны 12 сарын 16-ны өдөр 63.2 га талбай услах чадалтай, Линдси /Lindsay/ компанийн Зимматик /Zimmatic/ маркийн бороожуулагч нийлүүлэхээр харилцан тохиролцож ГМУТ07/2011 дугаартай 101,124 ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд компанийг төлөөлөн Б.Дашням гарын үсэг зурсан. Гэрээнд заасан бороожуулах төхөөрөмжийг 2012 оны 05 сарын 05-ны өдрийн дотор Улаанбаатар хотод авч ирэн захиалагчийн талбайд угсарч хүлээлгэж өгөх ёстой байсан. Үүний дагуу тухайн тоног төхөөрөмжийг Монгол улсад импортлон оруулж ирсэн.

“Элсэн цагаан” ХХК урьдчилгаа төлбөр хийсэн боловч гэрээнд заасан хугацаандаа тоног төхөөрөмжөө хүлээж аваагүй. Энэ шалтгаанаа уг төхөөрөмжийг хүлээж авах шугам хоолой, насос зэрэг өөрсдөөс хамаарах бэлтгэл ажлаа хангаж чадаагүй хэмээн тайлбарласан болно. Гэрээнд зааснаар барааг оруулж ирээд хэрэглэгчид утсаар буюу бичгээр мэдэгдсэнээс хойш хэрэглэгч 14 хоногийн дотор төхөөрөмжийг талбай дээрээ хүлээн авч, угсруулан хүлээж авах ёстой байсан. Бид нэхэмжлэгчид бараа ирснийг утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч бараа хүлээн авах мэдэгдэл хүлээн авснаас хойш 2012 оны 08 сард урьдчилгаа төлбөр дээр нэмж 10,000,000 төгрөгийг 2 удаа буюу нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч ямар нэг хариу өгөөгүй ба бид захиалагч талыг тоног төхөөрөмжийг хүлээн авахыг хүлээж байсан боловч 2017 онд “Элсэн цагаан” ХХК-ийн зүгээс тоног төхөөрөмжийг авахгүйгээр урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг буцаан авахаа илэрхийлсэн.

Хэдийгээр эхний гэрээний үүргийн биелэлт эцэслэн шийдэгдээгүй ч гэсэн төлбөрийг буцаан олгох тал дээр тохиролцоонд хүрэх зорилгоор акт үйлдсэн. Уг акт үйлдэх нөхцөл нь гэрээний зүйл буюу усалгааны тоног төхөөрөмжийн хамгийн чухал, өндөр үнэтэй эд ангиуд нь удаан хугацааны хадгалалтын явцад хэрэглэх боломжгүй болсон, тодорхой хэсэг нь алдагдсан, мөн захиалагч талбайн бэлтгэл ажлаа 5 жилийн хугацаанд дуусгаагүй зэрэг байсан. Одоо бороожуулах төхөөрөмж нь бидэнд байгаа.

Түүнчлэн нэхэмжлэгч тал тухайн үеийн ам.долларын ханшийг өнөөгийн Монголбанкны ханшаар тооцсон байна. Гэрээг ам.доллароор заасан боловч Монгол Улсад мөрдөгдөж буй журмын дагуу дотоодын төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр хийх журмыг баримталдаг. Иймээс хэрэглэгчдийг заавал ам.доллар гэхгүй, төлбөр хийх өдрийн Монголбанкны ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоо хийх, эсвэл гадаад гүйлгээ хийдэг валютын данс руу ам.доллар шилжүүлэх сонголтыг өгдөг байсан. Нэхэмжилж буй 40,300 ам.долларыг гэрээ байгуулсан 2011 оны 12 сарын 16-ны өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлэхэд 55,430,635 төгрөг болж байна. Иймд нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн авах боломжгүй.

Гэрээний дагуу тоног төхөөрөмж Монгол улсын хилээр орж ирсэн 2012 оны 05 сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 сарын 17-ны өдөр тооцоо нийлэх хүртэл нийт 2000 гаруй хоног өнгөрсөн. Энэхүү хоногийг 2011 оны талуудын анх байгуулсан гэрээний 6.1-д заасан алдангийн хувиар тооцоход Иргэний хуулиар зөвшөөрөгдсөн дүнгээс давж буй тул 40,300 ам.доллар буюу гэрээ хийх үеийн Монголбанкны ханшаар тооцсон 55,430,635 төгрөгийг “Г-” ХХК-ийн алдангид суутган тооцох ёстой. 2017 оны 12 сарын 16-ны өдрийн актын дагуу төлсөн 23,000,000 төгрөгийг төгрөгөөр тооцон хийсэн 20,000,000 төгрөгт тооцон суутгах ёстой.

Иймд нэхэмжлэгчид төлөх өргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Г-” ХХК-иас 115,394,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,697,312 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,023,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г-” ХХК-иас 734,923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Элсэн цагаан” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьсан.

Хариуцагч компани нь гэрээнд заасан хугацаанд уг тоног төхөөрөмжийг 2012 оны 05 сарын 18-ны өдөр Монгол Улсад импортлон оруулж ирсэн. Энэ нь Монгол Улсын хил, гаалийн байгууллагын тодорхойлолт, шүүхээс хийсэн үзлэгээр нотлогддог. Гэтэл захиалагч тал уг төхөөрөмжийг хүлээж авах өөрсдөөс шалтгаалах бэлтгэл ажлаа хангаагүй гэж тайлбарлан тоног төхөөрөмж хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн байхад шүүх энэ талаар дүгнээгүй. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байсан эсэх талаар буюу тариалангийн талбайгаа бэлтгэсэн байсан эсэх нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хариуцагчийн хүсэлтийг хүлээж аваагүй.

Анхан шатны шүүх шийдвэртээ маргалдагч талуудын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 02 тоот “Тооцоо нийлсэн акт”-ыг гол үндэслэл болгосон. Хэрэгт ач холбогдолтой, бодит байдлыг харуулсан бусад нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. 2017 оны 12 сарын 16-ны өдрийн 02 тоот “Тооцоо нийлсэн акт”, Монгол Улсын хил, гаалийн төрийн байгууллагаас гаргасан материалыг шүүх огт авч хэлэлцээгүй, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Мөн 2011 оны 12 сарын 16-ны өдрийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхаараагүй. 2017 оны 12 сарын 16, 2018 оны 11 сарын 27-ны өдөр тус тус хийсэн “Тооцоо нийлсэн акт”-аар 2 тал гэрээний биелэлтээ хангаагүй гэдгийг тохиролцож захиалсан барааны урьдчилгаа төлбөрт болон бараа ирсний дараа захиалагчаас шилжүүлэн өгсөн 80,000,000 төгрөгийг хариуцагч буцааж төлөхөөр тохиролцсон. Үүнээс хариуцагч 23,000,000 төгрөгийг нь буцаан олгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан заалт нь гэрээ байгуулах үеийн ханшаар ам.долларыг төгрөг рүү тооцох ёстой гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд 57,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Г-” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 40,500 ам.доллар, алданги 20,250 ам.доллар, нийт 60,750 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2,849.25 төгрөгөөр тооцож 173,091,937 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 57,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 61-62/

 

Хэрэгт авагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” /хх 9-10/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 11-12/, “Тооцоо нийлсэн акт” /хх 13, 14/, “Хаан банк” ХХК дахь 5745016814, 5026748202 тоот дансны хуулга /хх 48-55/, “Хас банк” ХХК дахь 5000322733 тоот дансны хуулга /хх 76/ зэрэг бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а/. Талууд 2011 оны 12 сарын 16-ны өдөр ГМУТ07/2011 тоот гэрээ байгуулж, “Г-” ХХК нь Линдсэй Зимматик /Lindsay Zimmatic/ маркийн зөөврийн бороожуулагч буюу усалгааны системийг 2012 оны 05 сарын 05-ны өдрийн дотор “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Э” ХХК нь хэлэлцэн тохирсон үнэ 101,124.00 ам.долларын 40 хувь 40,449.30 ам.долларыг урьдчилгаа төлбөрт “Г-” ХХК-д төлж, үлдэгдэл төлбөрийг усалгааны системийг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

 

 

 

б/. Худалдан авагч “Э” ХХК нь 2012 оны 01 сарын 17-ны өдөр 40,500 ам.доллар, 2012 оны 06 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 07 сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 01 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 23,000,000 төгрөг, 40,500 ам.долларыг худалдагч “Г-” ХХК-д шилжүүлсэн.

 

в/. Талууд 2017 оны 12 сарын 16-ны өдөр тооцоо нийлж, худалдан авагчаас шилжүүлсэн 40,500 ам.доллар, 23,000,000 төгрөгийг нийт 121,585,910 төгрөгөөр тодорхойлж, уг төлбөрийг худалдагч тал 2018 оны 07 сарын 25-ны өдрийн дотор буцаан төлвөл 79,421,765 төгрөгөөр тооцох, дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 100,503,838 төгрөгөөр тооцож 2018 оны 11 сарын 20-ны өдрийн дотор буцаан төлж барагдуулах хуваарийг харилцан тохиролцсон.

 

г/. Улмаар талууд 2018 оны 11 сарын 27-ны өдөр мөн тооцоо нийлэх акт үйлдэж, худалдагч “Г-” ХХК-ийн худалдан авагч “Э” ХХК-д буцаан төлөх төлбөрийн үүргийг 23,000,000 төгрөг, 40,500 ам.доллар гэж тогтоож, уг төлбөрийг 2018 оны 11 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. /хх 14/

 

д/. Үүний дараа хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ш.Рэнцэндорж болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Соёлмаагийн эзэмшлийн данс руу нийт 24,200,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. /хх 48-51, 52-55/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд талууд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж, өгсөн, авснаа буцаахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал, “Э” ХХК-аас гэрээний дагуу төлсөн 23,000,000 төгрөг, 40,500 ам.долларыг хэдэн төгрөгөөр тооцож ямар хугацаанд буцаан төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон, улмаар тохирсон хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул дахин тооцоо нийлж, худалдагч “Г-” ХХК-ийн буцаан төлөх мөнгөн дүнг 23,000,000 төгрөг, 40,500 ам.доллар гэж тодорхойлон тооцоо нийлсэн, улмаар хариуцагчаас нийт 24,200,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь дээрх хэргийн баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байх ба гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх талаар хэлцэл хийжээ.

 

Гэрээний талууд өмнө байгуулсан гэрээнээс татгалзсан байх тул “Шүүх хариуцагчийг гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх талаарх нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй”, “Анхан шатны шүүх шийдвэртээ маргалдагч талуудын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн №02 тоот “Тооцоо нийлсэн акт“-ыг гол үндэслэл болгосон”, “Монгол улсын хил, гаалийн төрийн байгууллагаас гаргасан материалыг шүүх огт авч хэлэлцээгүй” гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь тус гэрээг үндэслэн алданги шаардах эрхгүй, харин хамгийн сүүлд үйлдсэн тооцоо нийлсэн акт буюу 2018 оны 11 сарын 27-ны өдрийн хэлцлээр тодорхойлсон үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч “Г-” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмнө 23,000,000 төгрөг, 40,500 ам.доллар төлөх үүргийг дээрх тооцоо нийлсэн актыг үйлдэж хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлэх тул “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хариуцагч нь 23,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 40,500 ам.долларын үүргээс 1,200,000 төгрөгийг төлсөн байх тул сүүлд төлбөр төлсөн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн ханш 2,667.64 төгрөгөөр тооцож 450 ам.долларыг 40,500 ам.доллараас хасч, үлдэх 40,050 ам.долларыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно гэж заасны дагуу 40,050 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2,849.25 төгрөгөөр тооцож 114,112,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гадаад валютаар төлөх төлбөрийн үүргийг ямар ханшаар тооцох тухай анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаарх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн заалтыг баримталсныг 56.2 гэж зөвтгөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01251 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г-” ХХК-аас 114,112,463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдэх 58,979,474 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж”,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...734,923 төгрөг...” гэснийг “...728,512 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 24-ний өдөр төлсөн 734,924 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                                    

                           ШҮҮГЧИД                                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР