Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/332

 

    

 

 

О.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогч Н.Т, 

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Гт холбогдох 2303005160441 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Г ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/554 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 12:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их тэнгэрийн амны баруун замд Хххх маркийн 0000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.9-т заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ХСА-929 маркийн 0000 УАА улсын дугаартай мотоциклыг мөргөж, мотоциклийн жолооч Н.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгг зааснаар 21,803,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Т-д олгож, хохирогч Н.Т ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд тайлбартаа: “...Шүүгдэгч О.Гийн хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн бөгөөд гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн зүйлийн 1.2 дахь заалтад нийцнэ. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу О.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч О.Гийн хувьд гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байгаа, хувийн байдал /өрх толгойлсон эцэг, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг/ зэргээс хамаарч шүүхээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус түүнийг хөнгөрүүлэх, хуульд заасан хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу тэнсэн харгалзах шийтгэл ногдуулах боломжийг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсч байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхийг хориглосон, хязгаарласан зүйл байхгүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, О.Гт оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч О.Г тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Хохирогч Н.Т тус шүүх хуралдаанд тайлбартаа: “...Шүүгдэгч өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээний хохирол барагдуулсан. Үлдсэн хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. Тэрээр надтай холбоотой байдаг...” гэв. 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч О.Г Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын болон мотоциклийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2,600,000 төгрөгийг төлсөн байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд 5,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан хохирлоос 16,803,000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөн хохирогчийн бие бүрэн эдгэрэээгүй, таягтай явж байгаа учир хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага үндэслэл бүхий гэж үзэж байна...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч О.Гт холбогдох 2303005160441 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

О.Г нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 12:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их тэнгэрийн амны баруун замд Ххххмаркийн 0000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.9-т заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ХСА-929 маркийн 0000 УАА улсын дугаартай мотоциклыг мөргөж, мотоциклийн жолооч Н.Т-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/,

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-9/,

хохирогч Н.Т-ий: “...уулын замаар явж байсан, замын ачаалал их байсан. Тэгээд замын хажуу талын зогсоолоос саарал өнгийн хххх загварын тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд намайг мөргөөд унагаасан. Тухайн машин миний баруун талын хөл хэсгийг мөргөсөн ба хөл хугарсан. ...би зорчих хэсгийн баруун явах эгнээгээр зүүн тал руу шахаад явж байсан, ямар нэгэн байдлаар урсгал сөрөөгүй бөгөөд миний урд нэг автомашин явж байсан, тэр автомашин өнгөрөхөд л Форестер маркийн автомашин урдуур эргэсэн. ...Миний зүүн талаас мөргөсөн, богино хугацаанд болсон...” /1-р хх-ийн 15-16, 18/,

О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...тоглоомын талбайн хажуу талын зогсоолд машинаа байрлуулчихаад нэг ундаа аваад буцаад машиндаа суугаад төв зам руу орж буцаж эргэхээр хөдөлсөн бөгөөд тэр үед зүүн талаас ирж байсан автомашин зогсоод зам тавьж өгсөн, тэгэхээр нь би зорчих хэсэг дээр зүүн тийш эргэх үйлдэл хийхээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагшлахад зүүн талд зогсож байсан машины хажуугаар мотоциклтой хүн орж ирээд машины зүүн урд буфер хэсгийг мөргөөд унасан. ...” /1-р хх-ийн 147/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 9682 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт 1. Н.Т-гийн биед баруун шаант ясны ил хугарал, шилбэний язарсан шарх, зүүн дал, бугалга, тохой, цээжинд зулгаралт, баруун дал, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /1-р хх-ийн 64-66/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 999 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...1. Жолооч О.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш нь эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Жолооч Н.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” /1-р хх-ийн 136/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

О.Гийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.9-т заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчин зам дээр буцаж эргэх хөдөлгөөн хийхдээ урсгалын дагуу чигээрээ зорчиж явсан хохирогч Н.Тгийн унаж явсан мотоциклийг мөргөж, хохирогч Н.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн О.Гийн үйлдсэн хэргийг зүйлчилж, тус зүйлд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон нэг жилийн хугацаагаар оногдуулж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан “...зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Г нь хохирогч Н.Тгийн баримтаар нэхэмжилсэн 2,050,600 төгрөг /1-р хх-ийн 20-25/-ийг төлж барагдуулсан бөгөөд шүүх хохирогч Н.Тий биед учирсан эмчилгээний зардлыг үндэслэлтэй, зөв шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Т-гийн ХСА-929 маркийн 0000 УАА улсын дугаартай мотоциклын хохирол 5,303,000 төгрөг /хх 71-72/-ийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин, Шүүхийн шинжилгээний байгууллага[1] нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогч Н.Тгийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоогоогүй байхад түүний бие махбодид учирсан хүнд гэмтлийн зэргээр сэтгэцийн дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар  Монгол Улсын Дээд шүүх  “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.[2], “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.[3]...” гэж  тайлбарлажээ.

Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн этгээд тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал юм.

Иймд дээрх үндэслэлээр Н.Тгийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж дүгнэж, мөрдөгчийн тогтоосон хэмжээгээр сэтгэцэд учирсан хор уршигт 16,500,000 төгрөгийг олгохоор заасныг хасч, хохирогч Н.Т-гийн энэ эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.5, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гээс 21,803,000 /хорин нэгэн сая найман зуун гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Тд олгож, хохирогч Н.Тий нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд 5,000,000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Т ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гээс 5,303,000 /таван сая гурван зуун гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Тд олгож, хохирогч Н.Тгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 5,000,000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Т энэ эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй хохирол, хор уршгаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч О.Г-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч  О.Г-ийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

[1] Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журам” тушаалын 2.1 дэх хэсэг

[2] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.1 дэх хэсэг.

[3] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.2 дахь хэсэг.