Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 147

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Р.Очирсүрэн,

            шүүгдэгч Л.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708016110468 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Урьд; Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдррийн 205 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг багтааж, бүгд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Цнь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 73 дугаар гудамжны 15 тоот гэртээ иргэн Д.Быг “эхнэртэй маань дэлгүүр явахдаа удаж ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдан толгойн цус газар архины шилээр 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Л.Цнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Л.Цнь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 73 дугаар гудамжны 15 тоот гэртээ иргэн Д.Бтой маргалдаж, толгойн цус газар архины шилээр 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой Цогбаярын гэрт очиж архи уусан. Ингээд хоол хийж идчихээд дэлгүүр хаахаас өмнө яваад ирье гэхэд Цогбаяр “би архи уусан муудсан байна” гэхээр нь би Цогбаярын авгайтай хамт дэлгүүр лүү архинд яваад гэрт нь орж ирээд байж байхад Цогбаяр “яасан мундаг юм бэ” гэхээр нь би “хойд дэлгүүр хаалттай урд дэлгүүр ороод ирлээ” гээд хэлчихсэн чинь ширээн дээр байсан хоосон архины шилээр миний толгой руу цохьчихоод дараа нь архитай шилээр толгой руу дахиад цохисоноо авгайтайгаа хамт “хүн алчихлаа” гээд гэрээс гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 10, 30х/

                 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12311 дүгнэлтэд: “...Д.Бын биед дух, зулайн хуйх баруун сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид      ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 19х/

 

    Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав Бат-Орших над руу залгаад “бие өвдөөд байна, хүрээд ирэээч” гэхээр нь очиход толгойгоо боочихсон согтуу байсан. Намайг Цогбаяр зодсон гэж байсан. Ингээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/

 

Шүүгдэгч Л.Цын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 сарын 21-ний өдөр Бат-Орших, Амгаланбаяр /Аамаа гэж дууддаг/, Энхбат нар намайг гэртээ байж байхад манай гэрт архи барьчихсан орж ирсэн. ...Бат-Орших дахиад архинд дэлгүүр лүү явсан. Бат-Оршихтой хамт манай эхнэр дэлгүүр явсан. ...Авчирсан архийг нь ууж эхлээд байж байтал Бат-Орших манай эхнэртэй муудалцаад байхаар нь би эхнэрээ өмөөрөөд “чи яагаад байгаа юм, зүгээр байгаач” гэж хэлсэн. ...Тэгээд уур хүрээд ширээн дээр миний урд байсан жижиг Болор архины хундагыг аваад Бат-Орших руу шидсэн. Миний шидсэн хундага Бат-Оршихын зүүн шанаа, ухархай орчимд оносон. Бат-Орших юм хэлэлгүй толгойгоо барьж сууснаа гэнэт гараад гүйсэн. Би архины шилээр бол цохиогүй. Хохирогч яагаад ингэж хэлээд байгааг хэлж мэдэхгүй байна. Би 1 удаа л дух хэсэг рүү нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Хохирогч Д.Б нь архины шилээр цохьсон, шүүгдэгч нь архины хундагаар цохьсон гэж мэдүүлцгээсэн боловч хэн аль нь гараар биш биет эд зүйлээр цохьсон талаар үгүйсгээгүй, өөрөөр зодож цохьсон талаар мэдүүлээгүй, улмаар хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс дух, зулайн хуйханд үүссэн шарх бүхий гэмтлийг шүүгдэгч Л.Цнь өөрийн үйлдлээр учруулснаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Бийн мэдүүлэгт ч өөр газар цохиулж зодуулсан талаар  мэдүүлээгүй тул шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчийн биед үүссэн гэх гэмтлүүдээс дух, зулайн хуйханд үүссэн шарх бүхий гэмтлийг шүүгдэгч Л.Цнь учруулсан гэж үзэхээр байна.

 

Иймд  шүүгдэгч Л.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Л.Цын хувийн байдлын талаар:

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 43х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42х/

Тэрээр урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдррийн 205 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүлийн 1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг багтааж, бүгд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 51, 53, 56х/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 57х/, зан байдлын тодорхойлолт /хх-ийн 55, 58х/ зэргээр тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж шүүгдэгч Л.Цаас 60.000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 30-31х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал:

Шүүгдэгч Л.Цнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Л.Цнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь  хохирогч Д.Бын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Л.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 двугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулахаар байна.

Шүүгдэгч Л.Цын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа ажил эрхэлж, орлого олдог, торгох ялыг биелүүлэх боломжтой тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг нь түүний “Хаан банк” ХХК-д эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 44-46х/-аар тогтоогдох тул шүүгдэгч Л.Цт 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.Цын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цт оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Цнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Л.Цнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ