| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05136/И |
| Дугаар | 192/ШШ2025/04102 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/04102
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******************* тоотод оршин суух Б овогт Ц-ийн Ц /рд:***************/
Хариуцагч: ******************** тоотод оршин суух Г-ын Г/рд:*****************/
Хариуцагч: *************** тоотод оршин суух Ю-ын Г /рд:****************/
Нэхэмжлэлийн шаардлага: 41,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч Ц.Ц- /цахимаар/
хариуцагч Ю.Г-,
хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Г.Г-, Ю.Г- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Ю.Г- нь 2022 оны 6 дугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах алтны уурхайн талбайд А зөвшөөрөл гаргуулж хамтарч ажиллах гэж байгаа. Чи хөрөнгө оруулж ажиллах уу гэж санал тавьсан. Улмаар Г.Г-тэй танилцуулж би Г.Г-тэй 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулан Скарн ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах Дагналтайн алтны уурхайн MV-004404 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтран худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэтэл уг тусгай зөвшөөрлийг өөр хүнд барьцаанд тавьсан байсан. Тэгээд хоёр Х зөвшөөрөл нь 2022 оны 10 дугаар сар гэхэд амжиж гараагүй. Г.Г-, Г.Г- нар нь анх надтай гэрээ байгуулахдаа ашиглах техник хэрэгслүүд нь бид нарын өмчлөлийнх гэж хэлж байсан. Тухайн үед надад түрээсийн техник ашиглаж байгаа гэж хэлээгүй. Би нийт 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд нийт 43,000,000 төгрөг Г.Г-ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Гэтэл уг талбай нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй буюу орон нутаг нь зөвшөөрөөгүй талбай байсан. Мөн Скарн ХХК-ийн эзэмшигч нь нас барсан байсныг надад огт хэлээгүй гэрээ байгуулсан байсан. Скарнтай гэрээ байгуулж баталгаажуулсан гэж надад хэлсэн боловч гэрээг надад танилцуулаагүй. Мөн бүрдүүлэх бичиг баримт нь дутуу байхад бүрдсэн мэтээр худлаа хэлж надтай гэрээ байгуулсан байсан. Үүнийг мэдээд миний зүгээс Г.Г- рүү дансаар шилжүүлсэн 43,000,000 төгрөгөө буцаан авъя гэхэд өгөх боломжгүй гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрлээ. Үүнээс Г.Г- мөнгөндөө тооцож гагнуурын аппарат, цахилгаан хөрөө, уртасгагч, тастагчны ир, комучка зэрэг нийт 1,200,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг өгсөн. Ю.Г- нь урьдчилаад А зөвшөөрөл гартал мөнгө хэрэг болоод байна гээд Г.Г-ийн дансаар авъя гэж хэлээд Г.Г-ийн эхнэрийн данс руу шилжүүлж авсан. Ю.Г- нь Төв аймгийн Засаг дарга, сумын Иргэдийн хурлын дарга нартай уулзаж байна гээд Г.Г-ийн дансаар мөнгө авдаг байсан. Иймд Г.Г-, Ю.Г- нараас хөрөнгө оруулахаар шилжүүлсэн 41,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ю.Г- хариу тайлбартаа: 2022 оны хавар миний танил Г.Г- нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд байх Скарн ХХК-ийн 4404 дугаарын ашиглалтын талбайд ажиллах талаар судлаад явж байна, захиралтай нь уулзсан, боломжийн нөөцтэй талбай байдаг юм байна, урт нэртэй хуулийн хилийн заагаас талбайгаа гарчихсан юм байна, зарим бичиг баримт нь дутуу байгаа бүх бичиг баримт зөвшөөрлийг нь өөрөө хариуцаад бүрдүүлээд өгнө та нар хөрөнгөө оруулаад тодорхой хэмжээний үнээр худалдаж ав эхний ээлжинд би та нартай хамт гарч ажлыг чинь эхлүүлж жигдэрүүлээд өгнө гэсэн нөхцөлтэйгээр ярилцаад хөрөнгө оруулаад хамтраад ажилчих хүн байна уу гэж асуусан. Энэ үед Ц- нь Өмнөговь аймагт уурхайн талбай дээр байна бидний ажил хэвийн явагдаж байгаа, ажилчин хэрэгтэй, зарим ажилчин талбайд зөрчил гаргаад гэх мэтээр уул уурхай, замын ажилд тулгардаг бэрхшээлээ ярьдаг байсан. Би түүнд Г-ийн ярьсан уурхайн талаар ярьж, санхүүгийн чадамжтай бол алтны уурхайд хөрөнгө оруулаад хамтраад ажиллах боломжтой юу гэхэд боломжтой гээд саналыг хүлээ авч, би сар бүр нэг тэрбум орчим төгрөгийн ажлын гүйцэтгэл Тавантолгой компаниас авдаг, санхүүгийн хувьд ямар нэг асуудал байхгүй хамтраад ажиллаж болно гэхээр нь Г-д чи уулзаад болохоор бол ажил төрлөө эхнээс нь сайн ярьж тохиролцоорой гэж хэлсэн. Ц-, Г- 2 уулзаж ажил төрлөө ярилцаж тохиролцсон гэж байсан, ажил гайгүй бүтэмжтэй явна гэж байсан. Энэ яриа 2022 оны 6 сарын үед болсон байх хэзээг санахгүй байна. Скарн компанийн захирал Ганбат нь бүрдэл дутуу бичиг баримтуудаа бүрдүүлж өгнө гээд ажилтай яваа дуулдсан бөгөөд Г- ярьж тохирсон санхүүжилтээ хурдан хийж, урьдчилгаа мөнгөө авчраад гэрээгээ байгуулаад ажилдаа орох саналыг Ц-д тавиад байгаа, Ц- мөнгөө оруулахгүй, элдэв янзын юм яриад байх юм, чи энэ хүндээ хэлээд өгөөч гэж над руу ярьдаг болсон. Хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдсэн бол Г-ийн уурхайн үйл ажиллагаа цаашид явагдах боломжтой байсан гэж үзэж байна. Ц- нь анхнаасаа Скарн компанитай албан ёсоор гэрээ байгуулагдаагүй, өөрийнх нь оруулна гэсэн хөрөнгө оруулалтаас шалтгаалаад ажил хүлээгдэж байгаа, Скарн компани нь мөнгөө авч ирээд гэрээгээ хийгээд ажлаа эхлүүлээд явцгаая гэсэн хүсэлт тавиад байсныг мэдэж байсан мөртлөө өөртөө байхгүй, өөрийнхөө санхүүгийн чадвараас давсан боломжгүй нөхцөл байдлыг зориуд бий болгож биднийг төөрөгдүүлж, өөрийгөө хөрөнгө оруулах чадамжтай гэж худлаа ярьж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Ю.Г- нь тодорхой дэлгэрэнгүй ярьчихлаа. Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Ц.Ц- нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Г.Г- мөнгө авчхаад үүргээ биелүүлээгүй юм шиг харагдах боловч өмнөх хэргийн материалаас харахад Г.Г- бол үүргээ биелүүлээд хүнээс тоног төхөөрөмжөө түрээслээд, төлбөрийг нь төлөөд, тэр нь хүрэхгүй илүү гарсан зэрэг нөхцөл байдлууд гэрчийн мэдүүлэгт байгаа. Дараа дараагийн санхүүжилтийг тасалдуулж, зогсоож гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч өөрөө учраас үүний хор уршгийг Г.Г-, Ю.Г- нар хариуцах үндэслэлгүй. Мөн Ю.Г-ийн тайлбартай санал нэг байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ /хх 6-8/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9-15/,
5. Хариуцагч Ю.Г-оос дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 36-39/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 40-45/,
6. Хариуцагч Г.Г-өөс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 55/,
7. Дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 611 тоот албан бичиг, хавсралт /хх 65-238/,
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч Ц.Ц-гаас 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Г-, Ю.Г- нартай хамтран ажиллахаар тохиролцож Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу шилжүүлсэн 43,000,000 төгрөгөөс Г.Г- мөнгөндөө тооцож гагнуурын аппарат, цахилгаан хөрөө, уртасгагч, тастагчны ир, комучка зэрэг нийт 1,200,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг өгсөн тул 41,800,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэргийн 6 дугаар талд нэхэмжлэгч Ц.Ц- болон хариуцагч Г.Г- нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ авагдсан. Уг гэрээгээр Скарн ХХК-ийн эзэмшилд байгаа Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах Дагналтайн алтны уурхайн MV-004404 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг талууд хамтран худалдан авч, хамтран үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийг нийт 2,000,000,000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээг Г.Г-ийн зүгээс Скарн ХХК-тай бичгээр байгуулж, баталгаажуулсан болно, энэ гэрээний талаарх мэдээллийг Ц.Ц- бүрэн мэдэж байгаа болно, тусгай зөвшөөрлийн урьдчилгаа үнэ болох 700,000,000 төгрөгийг Г.Г-д бүрэн төлснөөр үйл ажиллагаа явуулах эрх нээгдэх, Г.Г- нь өөрт шилжүүлэн авсан Скарн ХХК-ийн 100 хувийн хувьцааныхаа 33 хувийн хугацааг Ц.Ц-д хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгнө. Скарн ХХК-ийн хувьцааны 33 хувийг эзэмших эрх нь зөвхөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах Дагналтайн алтны уурхайн тусгай зөвшөөрлөөр хязгаарлагдана. Талууд энэхүү гэрээг байгуулж, баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан Ц.Ц-гийн зүгээс 700,000,000 төгрөгийг Г.Г-т шилжүүлэн өгөх, Г.Г- нь 700,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн урьдчилгаа төлбөрийг Скарн ХХК-д төлөх, уурхайн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх зардалд зарцуулах, тусгай зөвшөөрлийг ашиглах, ашиглалтын талбай дээр олборлолт явуулах удирдлага, үйл ажиллагааг талууд хамтран хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийг ашиглаж, олборлолтын үйл ажиллагаанаас олсон ашиг орлогоос тэргүүн ээлжинд Ц.Ц-гийн зүгээс Г.Г-т шилжүүлэн өгсөн 700,000,000 төгрөгийг гаргаж өгөх, үүний дараа олборлолтоос олсон ашиг орлогыг тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд зориулахаар харилцан тохиролцсон байна.
4.2. Зохигчид Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулагдсан эсэх, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.
4.3. Зохигчийн тайлбарыг талуудын байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний агуулгатай харьцуулан үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.
Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхэд зайлшгүй хангагдсан байх ёстой урьдчилсан нөхцөл нь хамтын үйл ажиллагааны зорилго нь тодорхой бөгөөд энэхүү хамтын зорилгод хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой заасан байх явдал юм. Үйл ажиллагаа нь ашиг олоход чиглэсэн байх ёстой учраас санхүү, эдийн засгийн ашиг олоход чиглэсэн үйл ажиллагаа байх ёстой болно.
Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүргийг, хариуцагч нь 700,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн урьдчилгаа төлбөрийг Скарн ХХК-д төлөх, уурхайн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх зардалд зарцуулах үүргийг тус тус хүлээсэн байна. Түүнчлэн хариуцагч нь олборлолтын үйл ажиллагаанаас олсон ашгаас тэргүүн ээлжинд Ц.Ц-гийн 700,000,000 төгрөгийг гаргаж өгөх, үүний дараа олборлолтоос олсон ашгийг тусгай зөвшөөрлийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.
4.4. Нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар хариуцагч нараас шаардаж байна.
Зохигчид Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1. Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж заасан.
Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ гэж заасан.
Хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтын зорилгоо хэрэгжүүлэх явцад тодорхой үүрэг хүлээсэн бол энэ үүргийн гүйцэтгэлийг болон ашиг, алдагдлаа хамтын хөрөнгөөр хариуцах учиртайг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11 дүгээр зүйлүүдэд заасан бөгөөд хариуцагч нар дангаараа Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнээс учирсан алдагдлыг хүлээх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-, Ю.Г- нараас 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөгийг улсын төсөвт үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-, Ю.Г- нараас 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН