2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04268

 

 

 

 

 

2025 05 20 192/ШШ2025/04268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** нь ***-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: *** -ийн ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан ***дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, мөн тус захирлын гаргасан 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 5293 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд өмнө эрхэлж байсан ажил болох "Хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Бичилт хийхийг даалгах тухай Нэхэмжлэлийн утга: ***миний бие тус байгууллагад 2011 оны 11 сард хөдөлмөрийн гэрээ байгуулан "Талбайн нярав" албан тушаалд ажилд орж, 2015 оноос "Хангамжийн ахлах менежерийн" болж тушаал дэвшин тус байгууллагад нийт 13 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байна. Ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж бйагаагүй. Гэтэл 2024 оны 09 сарын 02 ны өдөр 8 сард нийт 69 минут хоцорсон шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/293 тушаал гаргаж намайг ажлаас халсан, тус тушаалаа 2024.9.4-ний өдөр танилцуулж гарын үсэг зуруулсан Энэхүү ажлаас халсан тушаалаа эх хувиар авах гэсэн боловч зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зурсаны дараа ав гэж Захиргаа хүний нөөцийн дарга Түмэндэмбэрэл хэлсэн, ингээд тушаалаа эх хувиар авч чадаагүй. Иймээс би ажлаас үндэслэлгүй халагдсан тул Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Гэтэл тус дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо ажлаас халагдсан тушаалын эх хувийг аваад ир гэсний дагуу "Эко констракшн" ХХК-д 2024.9.18-нд очиход надад 2024 9 3-ны өдрийн огноотой Б\293 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" гэсэн дахиад өөр тушаал өгсөн, тус тушаалаар 2024.9.2 ны өдрийн Б1293 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгож, агуулга, огноог өөрчилсен тушаалыг надад танилцуулсан. Мөн дээрх тушаалын хамтаар "Эко констракшн" ХХК-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдөр Б1111 дугаартай "Сахилгын шийтгэл оногдуулах тухай" тушаалыг надад танилцуулсан, тус тушаалын агуулга нь 2024 оны 3 дугаар сарын цагийн бүртгэлээр 5 удаагийн нийт 56 минут ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай..." гэсэн тушаалыг 2024.9.18-ны өдөр буюу ажлаас халагдсан тушаал авахаар очиход хамт танилцуулсан. Би тус байгууллагад 13 жил ажиллахдаа ямар нэг зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаа, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг ажлаас халагдсаны дараа надад танилцуулж байгаа нь ямар учиртай болохыг мэдэхгүй байна, намайг ажлаас халахын тулд нөхөж гаргаж байгаа нь гэж үзэж байна. Ийм байдлаар *** намайг ажлаас халсанд маш ихээр гомдолтой байгаа тул ***-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан **дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, мөн тус захирлын гаргасан 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б293 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд өмнө эрхэлж байсан ажил болох "Хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *** нь тус шүүхэд ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч доорх хариу тайлбарыг гаргаж байна. *** нь нэхэмжлэгч ***тай хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг байсан бөгөөд сүүлд 2024 оны 01-р сарын 02-ны өдөр ***дугаартай. Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж тус гэрээний 1.1-т заасан "Хангамжийн ахлах менежер"-ээр ажилладаг байсан. Нэг. ***-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан ***дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Нэхэмжлэгч *** нь ***-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1 "ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн чиг үүрэг хүлээсэн үүрэгт ажлаа чанартай... гүйцэтгэх", 4.4.3 "ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах", нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1 хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хэмжээнд мөрдөх дотоод хэм хэмжээнд заасан эрхийг эдлэн, үүргийг хүлээж ажиллана" 2.3 "ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай сайн гүйцэтгэж Монгол Улсын хууль тогтоомж түүнд нийцүүлж байгууллагаас баталсан дотоод дүрэм, журам заавар, зөвлөмжийг чанд сахих", Хангамжийн ахлах менежер ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтын 4.9 "...цаг баримтлах соёлыг хэвшүүлэн, баримтлах", Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.2.2 "хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах" үүргээ тус тус зөрчсөн. Тодруулбал: нэхэмжлэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын цагийн бүртгэлийн нэгтгэлээр 5 удаагийн 56 минут ажил тасалсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон ба энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 "хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд" тооцно гэсэн зохицуулалтад хамаарч байсан тул Хөдөлмөрийн дотоод журмын 10.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.2.1 дэх заалтыг тус үндэслэн***-ийн Ерөнхий захирлын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/П дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар нэхэмжлэгч ***ын гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан "өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 17-ын өдөр ***-ийн захиргаа хүний нөөцийн менежер *** нэхэмжлэгч***д дээрх Б/111 дугаартай тушаалыг танилцуулж өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах" арга хэмжээ авсан буюу цагаа зөв төлөвлөж, хариуцлагатай байх" арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн ба хэрэгт авагдсан Зөрчлийн бүртгэлийн хуудаст*** өөрийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/111 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2, 154.2.2-т тус тус заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргаагүй, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа хэтэрсэн байна. Иймд ***-ийн Ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал нь хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан намайг ажлаас халахын тулд нохож гаргаж байгаа гэж үзэж байна" гэсэн тайлбар нь худал агуулгатай, үндэслэлгүй байна. Хоёр. ***-ийн ерөнхий захирлын гаргасан 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 6293 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.8-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байх хугацаанд буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан ижил төрлийн зөрчил буюу 2024 оны 08-р сарын цагийн бүртгэлийн нэгтгэлээр 8 удаагийн 69 минут ажил тасалсан давтан зөрчил гаргасан. Ийнхүү давтан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 6.6.13-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарах тул Хөдөлмөрийн гэрээний 6.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80. 1, 80.1.4-т заасныг тус тус үндэслэн ***-ийн Еронхий захирлын 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч ***д танилцуулсан. Нэхэмжлэгч ***ын хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ удаа дараа зөрчиж, зөрчлөө арилгах арга, хэмжээ авч ажиллах ажил олгогчийн үүргийг биелүүлээгүй давтан зөрчил гаргасан үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй ба ***ийн Ерөнхий захирлын 2024 оны 09 сарын 03- ны өдрийн Б/293 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаал нь хуульд заасан шаардлагыг хангасан үндэслэл бүхий шийдвэр болно. Гурав. Урьд өмнө эрхэлж байсан ажил болох "Хангамжийн ахлах менежерийн" ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд ***-ийн Ерөнхий захирлын маргаан бүхий хоёр тушаалыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй болно. Иймд Нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, итгэмжлэл, ***ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, ***-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, зөрчлийн бүртгэлийн хуулбар, хангамжийн ахлах менежрийн ажлын байрны тодорхойлолт, ***-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24010237 дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, ***-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар,***ийн ерөнхий захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/239 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, ***-ийн ерөнхий захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/293 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний монгол шуудангийн баримт, ***-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/009 дугаар тодорхойлолт, цагийн дэлгэрэнгүй балансын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын цалингийн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын цалингийн хуулбар, ***-ийн ерөнхий захирлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/293 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд томилох тухай тушаалын хуулбар, ***-ийн ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/331 дугаар тушаалын хуулбар, ***-ийн ерөнхий захирлын 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 135 дугаар ажилд томилох тухай тушаалын хуулбар,***-ийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/72 дугаар албан бичиг, цагийн дэлгэрэнгүй балансын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын цалингийн хуулбар, цагийн дэлгэрэнгүй балансын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын цалингийн хуулбар, цагийн дэлгэрэнгүй балансын хуулбар, 2024 оны 06 дугаар сарын цалингийн хуулбар, цагийн дэлгэрэнгүй балансын хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь

1.    Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан хариуцагч компанийн ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан Б/111 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, мөн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд өмнө эрхэлж байсан ажил болох "Хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 82,928,528 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.    Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд хариуцагчаас гаргасан 2 тушаал нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах боловч нэхэмжлэгч тушаалыг хүчингүй болгох шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага хэлбэрээр гаргасан тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хүрээнд шийдвэрлэв.

 

3.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.    Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч **** нь хариуцагч ***-д 2015 оноос хангамжийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн байх ба талууд 2024 оны 01 сарын 02-ны өдөр 24010237 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж, хангамжийн ахлах менежерийн албан тушаалд нэхэмжлэгч нь сарын 7,000,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллахаар тохиролцсон (хэргийн 47-49 дэхь тал).

 

5.    Шүүх 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, мөн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэлийг хянаж, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөл бүрдсэн эсэх дээр дүгнэнэ.

 

6.    Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158.1.1, 154.8-д дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг гардаж авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор маргалдагч талуудаас гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэхээр заасан байна. Нэхэмжлэгч*** нь 2024 оны 10 сарын 29-ний өдөр 24/66 дугаартай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг гардан авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор буюу 2024 оны 11 сарын 11-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн мэдээлэл лавлагааны дардсаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч *** нь 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалтай холбоотойгоор хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаж, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар дурдсан 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай тушаалын тухайд хуульд заасан ажлын 10 хоногийн дотор гомдол гаргах хугацаа хэтэрсэн, түүнчлэн хариуцагч хугацаа хэтэрсэн талаар татгалзаж байх тул 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай тушаал хүчин төгөлдөр болсон байна.

 

7.    Хариуцагч ***-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалд нэхэмжлэгч *** нь 2024 оны 03 сарын цагийн бүртгэлээр 5 удаагийн 56 минут ажил тасалсан зөрчил гаргасан үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээг авчээ (хэргийн 33 дахь тал). Хэргийн 34 дэхь талд авагдсан Зөрчлийн бүртгэлийн хуудсаар***нь 2024 оны 03 сард 5 удаагийн 56 минут ажил тасалсан зөрчлийг хариуцагч бүртгэж, тус хуудаст *** гарын үсгээ зурсан байна (хэргийн 34 дэхь тал). Үүгээр нэхэмжлэгч*** нь 2024 оны 03 сард ажил тасалсан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, хариуцагч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тогтоох ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 123.2.1, 123.3-т зааснаар ажил олгогч нь зөрчлийн шинжийг харгалзан ***д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээг авсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй, гомдол үндэслэлгүй.

 

8.    Хэрэгт авагдсан хариуцагч ***-ийн ерөнхий захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Б/293 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.6.13 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч ***ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэжээ (хэргийн 65 дахь тал). Энэ тушаалыг нэхэмжлэгч 2024 оны 09 сарын 04-ний өдөр гардаж авсан. Дараа нь 2024 оны 09 сарын 03-ны өдөр Б/293 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж, тус тушаалаар хангамжийн ахлах менежер албан тушаалтай *** нь сахилгын шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргаж, 08 дугаар сарын цагийн бүртгэлийн нэгтгэлээр 8 удаагийн 69 минут ажил тасалсан давтан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Түүнчлэн уг тушаалын 3 дахь заалтаар Ерөнхий захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/292 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ (хэргийн 66 дахь тал). Уг 2024 оны 09 сарын 03-ний өдрийн Б/293 дугаартай тушаалыг хариуцагч нь нэхэмжлэгч рүү 2024 оны 09 сарын 19-ний өдөр шуудангаар хүргүүлсэн, уг тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, техник алдаа гаргаж Б/293 гэхийг Б/292 гэж бичсэн хэмээн тайлбарлаж байна (хэргийн 67 дахь тал). Нэхэмжлэгч ***ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бодитой үр дагавар 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай тушаалаар бий болсон, уг 2024 оны 09 сарын 03-ны өдрийн тушаалаар 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Б/293 дугаартай тушаалыг хүчингүй болгосноор өмнөх тушаал эрх зүйн ач холбогдолгүй болсон байна. Иймд ***ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай тушаалаар цуцлагджээ.

 

9.    Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.

 

10.  Зохигчийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.6.13-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэжээ (хэргийн 48 дахь хуудас ар тал). Хэргийн 69 дэхь талд авагдсан 2024 оны 08 сарын цагийн бүртгэлийн хуудсаар ***нь ажлын 8 өдөр нийт 01 цаг 09 минут ажлаас хоцорсон болох нь тогтоогдож байна (хэргийн 69 дэхь тал). Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ***нь 2024 оны 08 сард ажил тасалсан нь нотлогдсон. Гэвч ажил олгогч ажилтны гаргасан давтан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа процессын алдаа гаргасан байна.

 

11.  Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхээр заасан байна. Хуулийн дагуу сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч тогтоох үүрэгтэй, уг ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээ, дотоод хэм хэмжээ, хууль тогтоомж зөрчсөн ажилтнаас тайлбар авах ажиллагааг хийх ёстой. Сахилгын зөрчилд ажилтан буруутай байж, үүнийхээ төлөө шийтгэл хүлээдэг үндсэн зарчимтай. Буруутгагдаж буй ажилтнаас тайлбар авч болсон үйл явдлыг тодруулж, өөрийгөө өмгөөлөх холбогдох баримт сэлтийг гаргаж өгөх боломж олголгүйгээр ажилтныг зөрчил гаргасан хэмээн буруутган шийтгэж болохгүй юм. Хариуцагч ажилтан 69 минутын хоцролттойг цагийн бүртгэлээр тогтоосон хэдий ч түүнд гаргасан зөрчлийнх талаар урьдчилан мэдэгдэж, үүнтэй холбоотой тайлбарыг нэхэмжлэгч ***аас авалгүй шууд сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гаргасан байна.

 

12.  Нэхэмжлэгч *** нь 2024 оны 08 сард гадуур ажил хөөцөлдөх, харилцагч нартай уулзалт хийх гэх мэт ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлж явснаас үүдэлтэйгээр 69 минут хоцорсон хэмээн тайлбарлаж байх ба энэ талаараа нотолсон баримтыг шүүхэд нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 

13.  Иймд ажилтнаас тайлбар авах ажиллагааг хийлгүй хариуцагч 2024 оны 09 сарын 03-ны өдөр Б/293 дугаартай тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, тушаалыг хүчингүй болгон нэхэмжлэгч ***ыг хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож шүүхээс шийдвэрлэлээ.

 

14.  Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 82,928,528 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

15.  Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, 369 дүгээр зүйлийн 369 дүгээр зүйлийн 369.1-д иргэн нь ... хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж, мөн хуулийн 369.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж заажээ. Хөдөлмөрийн гэрээгээр холбогдсон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь иргэний эрх зүйн харилцааны нэг хэсэг бөгөөд Иргэний хуулийн холбогдох зохицуулалт хэрэглэгдэнэ. Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үндсэн үүрэгтэй байхаар Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42.2.2-т зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч *** нь 2024 оны 08 сард 69 минут ажлаас хоцорсон нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцохдоо үнэнч шударгаар хандаагүй байна. Иймд хэргийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь үүргийн биелэлтийг харгалзан шүүхээс Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 369.3 дахь зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 127 дугаар зүйлийн 127.1 дэхь хэсэгтэй хамт хэрэглэн ажилтанд олговол зохих олговрыг түүний дундаж цалин хөлснөөс бүрэн хэмжээгээр биш Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталдаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгохоор шийдвэрлэлээ. 2024 оны 09 сараас 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 660,000 төгрөг, 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын хооронд сард 792,000 төгрөг тул нийт 6,204,000 төгрөгийг (660,000*7+792,000*2=6,204,000) хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,724,528 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

 

16.  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасан байх ба хариуцагчийн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлгүй тул нэхэмжлэгч ***ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

17.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 369.3 дэхь хэсгийг тус тус заасныг баримтлан хариуцагч ***ийн ерөнхий захирлын 2024 оны 04 сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 09 сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ***ыг ***-ийн хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ***-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,204,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,724,528 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагч ***д даалгасугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул хариуцагч ***-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ