Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Д.Ганчимэг,

            шүүгдэгч Н.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708025810007 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Снь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Мын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Н.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Н.Снь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Мын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчим би Эмээлт рүү ажил руугаа явахаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудал дээр ирж зогсоод ажил руу явах өөрийн ажилчдаас хүн байгаа эсэхийг хараад НОАХ маркийн 0578 УНХ улсын дугаартай авто машинтайгаа зогсож байтал Эмээлт рүү хүн авч явж байгаа таксины жолооч бололтой хүн ирээд “чи яв, зайл” гэж хөөхөөр нь би “хүн авахаар зогсож байна” гэхэд “чамайг хараагүй, мэдэх ч үгүй юм байна” гэснээр онгорхой цонхоор гараа оруулаад зүүн нүдний дээд талд гараараа цохиод машины түлхүүр булаагаад явчихаар нь би араас нь бууж очоод түлхүүр аваад араас нь нудартал эргэж хараад хоёулаа барьцалдаад, тэгтэл тэнд байсан хүмүүс боль боль гэхэд тэр залуу машины түлхүүрийг газарт шидчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 19-21х/

 

    Гэрч Ч.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 08 цагийн орчим намайг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5-шарын автобусны зогсоол дээр өөрийн Аксент маркийн 21-85 УНИ улсын дугаартай автомашинтайгаар таксинд явах гээд зогсож байхад миний урд талд Сүхбаатар өөрийн Приус-20 маркийн машиндаа хүн суулгаад зогсоод байж байтал нэг цагаан өнгийн суудлын автомашин буудал дээр ирж зогсоод Эмээлт явлаа гэж хашгирсан. Энэ үед Сүхбаатар явж очоод юу хэлснийг мэдэхгүй буцаад явахад нөгөөх машин хөдлөөд Сүхбаатарын машины урд ирж зогсоод дахин Эмээлт явлаа гэж хашгирахад Сүхбаатарын машинд сууж байсан хоёр хүн буугаад нөгөөх цагаан машинд очоод суучихаар нь Сүхбаатар явж очоод “чи яаж байгаа юм, яв” гэж хөөгөөд хоёулаа маргалдаад тэгтэл нөгөөх машины жолооч нь машинаасаа бууж ирээд Сүхбаатарын толгойны ар хэсэг рүү нь гараараа цохиод авах шиг болоход Сүхбаатар эргэж хараад нөгөөх залуугийн нүүр лүү нь гараараа цохиод тэгэхэд нь би очоод тэр хоёрыг салгаад холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/

           

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13485 дүгнэлтэд: “...Д.Мын биед зүүн нүдний гадна буланд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаан! үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүг мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 28х/

 

Шүүгдэгч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөө 07 цаг 40 минутын орчимд би хүн тээвэрт таксинд явахаар Приус-20 маркийн, 67-70 УБР улсын дугаартай авто машинаар Эмээлтийн чиглэлд явахаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Таван шарын автобусны буудал дээр зогсож байхад жижиг суудлын цагаан өнгийн автомашин ирж зогсоод машиныхаа цонхоор шагайгаад “Эмээлт явна” гэж хашгирахад нь би очоод “хөөе энд машинууд дарааллаараа хүн ачиж явдаг юм” гэхэд “чи юу гэж хуцаад байгаа юм, хошногогүй банди минь” гээд машинаа хөдөлгөөд миний машины урд ирж зогсоод “дахин Эмээлт явна” гэж хашгирахад миний машинд сууж байсан 2 хүн буугаад тэр залуугийн машинд ороод суучихаар нь би очоод “чи одоо болиоч” гэхэд нөгөөх залуу “хуц, чамд ямар хамаатай юм” гээд бид хоёр маргалдаад тэгээд би буцаад алхахад нөгөөх залуу машинаасаа бууж ирээд дагз орчимд гараараа цохихоор нь би эргэж хараад зүүн нүд орчимд нь гараараа 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Н.Снь Д.Мын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэр нарын мэдүүлэг, шинжээчийн №13485 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг харьцуулан үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын аль алины буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, олон нийтийн газар бие биедээ хүндэтгэлтэй харьцаагүй, бие биенээ хэл амаар доромжилж, улмаар хохирогч нь шүүгдэгчийн биед халдсан, шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хариу хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иймд шүүгдэгч Н.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Н.Сын хувийн байдлын талаар:

Гэрч Ч.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 24-25х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48х/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 1 хуудас баримт/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Мын нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-иийн 19-21х/

 

Шүүгдэгч Н.Снь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл, байдалд тооцов.

 

Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Н.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.М, гэрч Ч.Ганбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн 13485 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнхөн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Сын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн тээврийн хэрэгслээрээ тээвэрт явж орлого олдог, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас нийтэд тустай ажил хийх боломжгүй талаар мэдүүлсэн ба торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгөх талаар хүсэлт гаргасан, түүний өөрийн тээврийн хэрэгслээр үйлчилгээнд явдаг талаар гэрч Ч.Ганбаатарын мэдүүлэг авагдсан, /хх-ийн 24-25х/,  эд хөрөнгийн тухайд тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48х/ зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Н.Сын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Снь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ