| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06829/И |
| Дугаар | 192/ШШ2025/04033 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04033
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********************* тоотод оршин суух Х О-ын Б.Д- /рд:************/,
Хариуцагч: *************************тоотод оршин суух Х овогт Ч.М- /рд:***********************/,
Нэхэмжлэлийн шаардлага: 15,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.м
Хариуцагч Ч.М-
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Ч.М-т холбогдуулан 15,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Цистерний чиргүүл худалдан авахаар судалж байгаад “Би тээвэрчин”, “Tsement baaz Mongolia”, “Chirguul avna zarna”, “Chirguul/ Чиргүүл, хүнд машин механизм худалдаа” зэрэг фэйсбүүк группүүдэд “М- Мөөлөө” гэх хаягнаас оруулсан “2021 онд үйлдвэрлэсэн, гаальтай, 12 шинэ дугуй обудтай, 9-тэй нумтай, 45м3 буюу 50-55 тн ордог чиргүүл зарна, 99005099” гэх зарын дагуу 99005099 дугаарын утас руу холбогдож 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ч.М-тэй очиж уулзсан. “Цистерний чиргүүл”-ийг 41,900,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу чиргүүлийн төлбөрийг төлөхдөө эхнэр С.Б-ын өмчлөлийн 5069 УНО улсын дугаартай, Toyota Sai-K10 маркийн, суудлын автомашиныг 34,000,000 төгрөгт тооцож, Ч.М-ийн эхнэр гэх Д.Анарт автомашиныг худалдан борлуулах итгэмжлэл олгон өгсөн. Үлдэх төлбөр болох 7,900,000 төгрөгийг эхнэр С.Б-ын Хаан банкны данснаас Ч.М-ийн Хаан банкны 5753671443 тоот данс руу “88086560 chirguul” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Ч.М- нь “Цистерний чиргүүл”-н нэр шилжүүлэх баримтыг бүрдүүлж гэрчилгээг гаргуулан надад өгтөл 6678 МЧ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн чиргүүл гэсэн гэрчилгээтэй байсан. Яагаад 2010 онд үйлдвэрлэгдсэн гэрчилгээтэй талаар асуутал, 2021 онд үйлдвэрлэгдсэн гэрчилгээ гаргуулахаар татвар өндөр төлөгддөг учир Монгол улсын хилээр оруулж ирэхээс өмнө Хятад улсад чиргүүлийн оныг 2010 он болгон цохиулаад оруулж ирсэн юм. Тийм учраас 2010 онд үйлдвэрлэгдсэн гэрчилгээтэй гарсан гэж тайлбарласан. Үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй тул тэр даруй уг чиргүүлийг буцааж, төлбөрт тооцуулан өгсөн 5069 УНО улсын дугаартай, Toyota Sai-K10 маркийн, суудлын автомашин болон дансаар шилжүүлсэн 7,900,000 төгрөгийг буцаан авах талаар хэлсэн. Гэтэл Ч.М- нь төлбөрөөс чинь 1,000,000 төгрөгийг буцаан олгоё гэсэн. Харин Toyota Sai-K10 маркийн, суудлын автомашиныг Ч.М-ийн эхнэр Д.Анар нь бусдад худалдсан байсан. Иймээс худалдан авсан чиргүүлийг буцаах боломжгүй болсон тул Ч.М-ээс 41,900,000 төгрөгөөр худалдан авсан чиргүүлийн үнийг бууруулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж байна. “Цистерний чиргүүл”-д хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний тайланд 2010 онд үйлдвэрлэсэн, 2024 онд Монгол улсад орж ирсэн чиргүүлийн зах зээлийн үнийг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцааны зардалд 3,000,000 төгрөг төлсөн. Иймд Ч.М-ээс “Цистерний чиргүүл”-г худалдсан 41,900,000 төгрөгөөс тус чиргүүлийн зах зээлийн үнийн дүн 30,000,000 төгрөгийн зөрүү болох 11,900,000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний зардал 300,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үйлчилгээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, нийт 15,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Өөрсдөө чиргүүлийг авахдаа 2010 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг мэдэж байсан. Гэрчилгээ гарсан хойно мэдсэн зүйл байхгүй, наймаа хийхээс өмнө мэдсэн байсан. Гэрчилгээг нь үзээд, чиргүүлийг аваад явсан хойно над руу мөнгийг нь шилжүүлсэн. Эхлээд 8,000,000 төгрөг шилжүүлэхээр болоод 100,000 төгрөг дутаж маргааш шилжүүлнэ гээд 7,900,000 төгрөг шилжүүлсэн. Өөрсдөө хүлээн зөвшөөрч чиргүүлээ аваад явсан. Тухайн төлбөрийн оронд өгсөн машин одоо хүртэл надад байгаа. Би чиргүүлээ буцааж авъя гэхэд, өөрсдөө буцаахгүй, чиргүүлийг өөр машинтай хамт зарна гэж байсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 4, 5/, итгэмжлэл /хх 6/, С.Б-ын Хаан банкны ************тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/, Цистерний чиргүүлийн гэрчилгээний хуулбар /хх 8/, Зураг /хх 9-12/, Үнэлгээний тайлан /хх 13-18/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 19, 23, 32-33/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 21-22/, итгэмжлэл /хх 24/, Хөрөнгийн үнэлгээчин Г.Лхагвасүрэнгийн шүүхэд гаргасан тодорхойлолт /хх 31/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 30/, Ч.М-ийн Хаан банкны 5753671443 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 47-48/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх 86/, итгэмжлэл /хх 87, 92/, 5069 УНО тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 88, 90-91, 93/,
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Намбардуламаас гэрчийн мэдүүлэг авсан /хх 65/, хариуцагчийн хүсэлтээр хариуцагч Ч.М-ийн “М- М” гэх фэйсбүүк хаягаас нэхэмжлэгч Б.Д-ы “Bazar Dumug” гэх фэйсбүүк хаягтай харилцсан мэссэнжэр зурваст 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 66-78/ баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.М-т холбогдуулан цистерний чиргүүлийг худалдсан үнэ 41,900,000 төгрөгөөс зах зээлийн үнэлгээний үнэ 30,000,000 төгрөгийг хасч зөрүү болох 11,900,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд төлсөн 300,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үйлчилгээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, нийт 15,200,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Чиргүүлийг 2010 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг мэдэж худалдаж авсан. Чиргүүлийн гэрчилгээг үзээд чиргүүлийг авсаны дараа үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч нь 6678 МЧ улсын дугаартай, Shandong SKW9409GXH /Шандонг/ маркийн цистерний чиргүүлийг 41,900,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь уг цистерний чиргүүлийг хүлээн авч, төлбөрийн 34,000,000 төгрөгт 5069 УНО улсын дугаартай, Toyota Sai-K10 /Тоёота Сай/ маркийн автомашиныг тооцон шилжүүлсэн, үлдэгдэл 7,900,000 төгрөгийг дансаар төлж талууд 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан итгэмжлэл, 7 дугаар талд авагдсан С.Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
4.2. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Түүнчлэн хариуцагч Ч.М-ээс худалдах худалдан авах гэрээний зүйл болох цистерний чиргүүлийг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгчээс хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Харин хариуцагчийг гэрээний зүйл болох цистерний чиргүүлийг 2021 онд үйлдвэрлэгдсэн гэж 41,900,000 төгрөгөөр худалдсан, уг цистерний чиргүүлийн зах зээлийн үнэлгээний үнэ 30,000,000 төгрөг байх тул зөрүү мөнгийг гаргуулна гэж маргажээ.
4.4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Гэрээний зүйл болох 6678 МЧ улсын дугаартай, Shandong SKW9409GXH /Шандонг/ маркийн цистерний чиргүүлийн өмчлөгч нэхэмжлэгч Б.Д- болох нь гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд өмчлөлийн гэрчилгээ гарснаар буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цистерний чиргүүлийг хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсаныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдолын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдолын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.
Нэхэмжлэгч нь цистерний чиргүүлийн үйлдвэрлэгдсэн оныг 2010 он болохыг чиргүүлийг хүлээн авч, өөрийн эзэмшилд шилжүүлэх үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар мэдэх боломжтой байхаас гадна хариуцагч нь доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан цистерний чиргүүлийн үйлдвэрлэгдсэн оны талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул хариуцагч Ч.М-т холбогдох цистерний чиргүүлийг худалдсан үнэ 41,900,000 төгрөгөөс зах зээлийн үнэлгээний үнэ 30,000,000 төгрөгийг хасч зөрүү болох 11,900,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд төлсөн 300,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үйлчилгээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, нийт 15,200,000 төгрөгийг гаргуулах тухай Б.Д-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.М-т холбогдох цистерний чиргүүлийг худалдсан үнэ 41,900,000 төгрөгөөс зах зээлийн үнэлгээний үнэ 30,000,000 төгрөгийг хасч зөрүү болох 11,900,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд төлсөн 300,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үйлчилгээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, нийт 15,200,000 төгрөгийг гаргуулах тухай Б.Д-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН