| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04221/И |
| Дугаар | 192/ШШ2025/04031 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04031
2025 05 13 192/ШШ2025/04031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, ********* тоотод оршин суух, С ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК болон гүйцэтгэх захирал Л.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Г ХХК-тай үйлчилгээний талбайн түрээсийн CMTS-ТҮГ-2024-01 тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын задгай хаягт байрлах UB AUTOCOM үйлчилгээний зориулалттай барилгын В блокийн 2 давхрын 410 м.кв талбай болон үйлчилгээний талбайн түрээсийн CMTS-ТҮГ-2024-02 тоот гэрээний дагуу 126 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээслүүлсэн. Түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөр 44,000 төгрөг буюу 410 м.кв талбайн 1 сарын түрээс 18,040,000 төгрөг, менежментийн зардалд 2,255,000 төгрөг, 126 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөр 5,544,000 төгрөг, менежментийн зардалд 639,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу 2 тусдаа үйлчилгээний талбай түрээсийн гэрээний дагуу манай байгууллагаас Г ХХК нь С ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахаар өөрийн үйл ажиллагааны чиглэлдээ тохируулан засвар тохижилтын ажил хийж орохоор болж талбайг хүлээн авсан ба засварын ажлыг эхлүүлэн ажиллаж эхэлсэн. Энэхүү хоёр үйлчилгээний талбай түрээсийн гэрээний 2.2-т тухайн байгууллага гэрээнд заасан үйл ажиллагааг тохиролцсон хугацаанд эхлүүлээгүйгээс үл хамааран түрээсийн төлбөрийн 50 хувийг төлнө гэж заасны дагуу Г ХХК нь засварын ажил хийх хугацаандаа төлбөрийн 50 хувийг төлөхөөр тохиролцсон байдаг. Энэ талаар засварын ажил дуусахгүй байгаа тул төлбөрийн 50 хувийн хөнгөлөлтөд хамруулж өгнө үү гэсэн албан хүсэлтийг хүртэл манай байгууллагад илгээж байсан. Гэтэл үйл ажиллагаа эхлэх үгүй нь тодорхойгүй, засварын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 07/01 тоот албан хүсэлтээр “Компанийн дотоод асуудал, санхүүгийн чадамжгүй болсны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул гэрээг цуцлах хүсэлтэй байна…” гэсэн албан бичиг ирүүлснийг манай байгууллага хүлээн авч гэрээний 9.5-д зааснаар болон 9.6.е-д зааснаар түрээсийн төлбөрөө 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй зэрэг үндэслэлүүдээс энэхүү CMTS-ТҮГ-2024-01, CMTS-ТҮГ-2024-02 тоот гэрээнүүдийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 24/61 тоот албан хүсэлтийг манай байгууллагаас илгээснээр гэрээний дагуу 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ цуцалсан байдаг. Энэхүү албан хүсэлтээр Г ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох CMTS-ТҮГ-2024-01, CMTS-ТҮГ-2024-02 тоот гэрээнүүдийн нийт төлбөр 61,278,133 төгрөг болсон ба гэрээний 2.2-т заасан 50 хувийн төлбөр болох 30,639,069 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах талаар дурдсан, мөн утсаар холбогдож олон удаа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү төлбөрийг төлөөгүй байна. Ийнхүү Г ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр болох 30,639,067 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12457 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй, уг хаягтаа оршин суудаггүй шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байх тул хэргийг буцааж хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Ингээд хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрөө гаргуулан авах боломжгүй нөхцөл байдал үүсэж, холбогдох утсаар нь ч холбогдож чадахгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Иймд Г ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг оршин суух хаяг болон Г ХХК-ийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал Л******* овогтой Б******* нарын оршин суух хаягийг эрэн сурвалжлуулж тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК болон гүйцэтгэх захирал Л.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК болон гүйцэтгэх захирал Л.Б******* нар нь Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, ******* тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12457 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.
Иймд Г ХХК болон гүйцэтгэх захирал Л.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Г ХХК /РД:*******/ болон гүйцэтгэх захирал Л.Б******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. Г ХХК болон гүйцэтгэх захирал Л.Б******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ