| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04526/И |
| Дугаар | 192/ШШ2025/04239 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04239
2025 05 19 192/ШШ2025/04239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***
Хариуцагч: *** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 50,418,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч*** нь *** нарт холбогдуулан 50 418 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани болон ***-ны хооронд 2023 оны 06 сарын 02-ны өдөр 101/1 дугаартай "Асфальтобетон худалдах, худалдан авах" гэрээний үүрэг 33 612 000 төгрөг, гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар алданги 16 808 000 нийт 50 418 000 төгрөг, Тавин сая дервен зуун арван найман мянган төгрөг гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани болон ***-ны хооронд 2023 оны 06 сарын 02-ны өдөр 101/1 дугаартай "Асфальтобетон худалдах, худалдан авах" гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 43 612 000 /дөчин гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий 218.6 тонн асфальтобетоныг нийлүүлсэн. Дээрх төлбөрөөс 2023 оны 06 сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 6 дугаар сардаа багтаан төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл асфальтобетоны үнэ 33612000 /гучин гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд телеөгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон албан бичгээр шаардсан боловч төлөхгүй байгаа тул үндсэн төлбөр болон гэрээний 7.4 дэх хэсэгт заасан алданги 16 806 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 01 сарын 04-ний өдөр 101/ШЗ2024/01028 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар Хариуцагч ***нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баянмонгол хороолол 21 тоот хаягт байдаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар гэрээний үүрэгт 50 418 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа *** болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар болон оршин байгаа хаягийг тогтоох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргасан бөгөөд Тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс эрэн сурвалжлан олж тогтоох ажиллагаа явуулж ***тоотод байрладаг болохыг тогтоосон байна. гэжээ.
Нэхэмжлэгч **** нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани болон ***ны хооронд 2023 оны 06 сарын 02-ны өдөр 101/1 дугаартай "Асфальтобетон худалдах, худалдан авах" гэрээг төлөөлж ***тэй байгуулсан бөгөөд үүрэг 33 612 000 төгрөг, гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар алданги 16 808 000 нийт 50 418 000 төгрөг, Тавин сая дөрвөн зуун арван найман мянган төгрөг гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани болон *** түүнийг төлөөлж ***тэй 2023 оны 06 сарын 02-ны өдөр 101/1 дугаартай "Асфальтобетон худалдах, худалдан авах" гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 43 612 000 /дөчин гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий 218.6 тонн асфальтобетоныг нийлүүлсэн. Дээрх төлбөрөөс 2023 оны 06 сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 6 дугаар сардаа багтаан төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл асфальтобетоны үнэ 33612000 /гучин гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон албан бичгээр шаардсан боловч төлөхгүй байгаа тул үндсэн төлбөр болон гэрээний 7.4 дэх хэсэгт заасан алданги 16 806 000 төгрөгийг **** нараас гаргуулан манай компанид олгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ***ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: *** миний бие 2019 оны 12 дугаар сараас ** ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сард ажиллаасаа гарсан бөгөөд***-аас 2023 онд 6 дугаар сард "Асфальтбетон худалдах худалдан авах" гэрээнд ***-г төлөөлж болно. гарын үсэг зурсан Тухайн үед ***-ийн дүрэмд миний бие гарын үсэг зураг төлөөлөх эрхтэй байсан учираас компанийн ерөнхий захирал болох ***ийн өгсөн үүрэг даалгаварын дагуу уг "афсальтбетон худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг аж ахуй нэгж байгууллага нь ерөнхий захирал ***йн 100%-ийн өмч бөгөөд надад ямар нэгэн байдлаар хамааралгүй, тухайн үед ***-д ажиллаж байсан боловч ажлаас халагдагсан болно. гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2024/01028 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/01978 дугаар шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Асфальто худалдах худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зарлагын баримтуудын хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримтуудын хуулбар, ***-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ***ийн эзэмшлийн ***дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч ****-аас итгэмжлэл, ***-ийн шинэчилсэн дүрэм, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0271 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0270 дугаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0205 дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0204 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтыг гарган өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****нь хариуцагч **** нарт холбогдуулан Асфальтобетон худалдах, худалдан авах" гэрээний үүрэгт 33,612,000 төгрөг, алданги 16,808,000 нийт 50,418,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 101/1 дугаартай Асфальтобетон худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч *** нөгөө талаас ***, түүнийг төлөөлж захирал *** нар байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх ба гэрээгээр 207.39 тн нэгжийн үнэ 200,000 төгрөгийн үнэтэй өнгө болон суурийн асфальтыг 41,478,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ (хэргийн 11-12 дахь тал).
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Асфальтобетон худалдах, худалдан авах гэрээг дүгнэвэл нэг талаас нэхэмжлэгч нь асфальтыг хариуцагч ***д хүлээлгэн өгч, хариуцагч *** нь үнийг төлөхөөр тохирсон байх тул эдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээнд зохигчийн төлөөлөгч нар гарын үсэг зурснаар хэлцэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.
5. Асфальтобетон худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч **** нь ***-ийг төлөөлж гарын үсэг зурсан байна (хэргийн 11-12 дахь тал). Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй эрх зүйн үр дагавар төлөөлүүлэгч буюу ***д бий болно. Хариуцагч **** нь хэлцлийн нэг тал биш харин төлөөлөгч учир нэхэмжлэгч болон хариуцагч **** нарын худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүргийг гэрээний нэг тал биш, төлөөлж оролцсон этгээдээс шаардах эрхгүй тул хариуцагч ***д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхээс шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч нь Асфальтобетон худалдах, худалдан авах гэрээний дагуу 218.6 тн хэмжээтэй асфальтыг хариуцагч ***-д нийлүүлсэн, үүнийг хариуцагч **** хүлээн зөвшөөрсөн (шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 13-19 дэхь тал). Иймд нэхэмжлэгч ***нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн.
7. Харин хариуцагч*** нь 10,000,000 төгрөгийг төлсөн байх ба гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох асфальтын үнэ 33,612,000 төгрөгийг төлөөгүй байна (зохигчийн тайлбар). Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөр 33,612,000 төгрөгийг хариуцагч *-аас шаардах эрхтэй. Иймд шүүхээс 33,612,000 төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
8. Иргэний хуулийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
9. Нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсний алдангид 16,800,000 төгрөгийг шаардсан ба шаардлагын үндэслэлээ гэрээний 7.4 дэхь заалтыг ишилж байна. Асфальтобетон худалдах, худалдан авах гэрээний 7.4-т захиалагч энэхүү гэрээний 5.1-т заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлнө гэж заажээ. Гэтэл гэрээний 5.1-т ямар нэгэн хугацаа тодорхойлсон нөхцөл байхгүй байх ба оронд нь 5.1 төлбөрийн нөхцөл 5.1.1. гэрээний нийт төлбөр 41,478,000 төгрөггэсэн байна (хэргийн 11 дэхь хуудас ар тал). Ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацааг талууд гэрээнд зааж өгөөгүй, алдангийг хэзээнээс эхэлж тоолох, хэдийд хугацаа хэтэрсэн гэж үзэх нөхцөлийг талууд бичгээр тохиролцоогүй байна. Алдангийн гэрээг талууд бичгээр хийх хуулийн шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгээр зааж өгсөн байх ба ийм шаардлага хангасан алдангийн тохиролцоо гэрээнд тусгагдаагүй байна.
10. Иймд нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн хариуцагч ***-д холбогдуулан гаргасан 16,808,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,040 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-аас 326,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч ***-аас 33,612,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,808,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч *** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,040 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-аас 326,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ