Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01283

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01283

 

 

П.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/01686 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Б-гийн хариуцагч БГДЗДТГ-т холбогдуулан гаргасан БГДЗДТГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БГДЗДТГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан БГДЗДТГ-ын Аж ахуйн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч П.Б- нь БГДЗДТГ-ын Аж ахуйн албанд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн жолоочоор ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд өөрийн хариуцсан ажлаа үнэнч шударга, хариуцлагатайгаар хийж, төрийн албан хаагчийн хувьд үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн ба алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байсан удаагүй болно. 2020 оны 10 дугаар сард болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнд тус дүүрэгт Монгол Ардын Нам олонхи болсноор тус дүүрэгт ажлаас халах, чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Сонгуулийн дараа томилогдсон дарга нар ажлаа хүлээлгэж өг гэсэн шахалт дарамтыг удаа дараа үзүүлж байсан. Тухайн цаг хугацаанаас эхлэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг Тамгын газрын дарга болон хүний нөөцийн ажилтнаас удаа дараа шаардаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагагүй гэж үзэж байсан. Нэхэмжлэгч нь Аж ахуйн хэлтэст 5 машины дунд ганцаараа ажилладаг байсан. Нэг хэлтсийн ажилд явангуут араас нь хаашаа алга болов, нөгөө машинаар өөр тийшээ явах байсан гэх мэтээр ажил нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй явагддаг байсан. 2020 оны 11 сараас хойш цар тахлын хүнд нөхцөл байдалд айлуудад түлээ нүүрс, хүнсний багц хүргэх, онцгой байдлын албанд жижүүрлэх, шинжилгээний багийн гишүүдийг зөөх, авсан шинжилгээг лабораторид хүргэх зэргээр хагас бүтэн сайн өдөр, цагаан сарын өдрүүдэд ч амралтгүй ажилласан. Шинээр томилогдсон удирдлагууд нь ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж, хамтарч ажиллахгүй гэдэг байсан. Үүнээс үүдэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсан гэж ойлгож байгаа. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлыг хүлээлгэх өгөх процесс болсон. Энэ өдөр нягтлан бодогч Петровис руу бензиний карт цэнэглүүлэхээр явуулсан бөгөөд кодоо буруу хэлсэн тул эргэж буцаж яваад ирэх хооронд 1 цаг 30 минут болсон. Тэгээд ирэхэд нь ажлаа сайн хийхгүй байна, ажлаа хүлээлгэж өг гэдэг асуудал яригдаж бүх түлхүүрийг нь аваад явуулсан. Үүнээс хойш тушаалаа авахаар очиход нь тушаал чинь гараагүй байгаа, тушаалыг чинь гаргаж өгөхгүй, өөрөө өргөдлөө бичиж өг гэх мэтээр дарамталж байсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлыг хүлээж авсан боловч ажлаас халах тушаалыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гардуулж өгсөн. Тушаалыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр гаргасан атлаа 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнийг логик, алдаатай тушаал гарсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг үндэслэсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахаар нэхэмжлэгч ямар сахилгын зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг хэрхэн тогтоосон талаар тодорхой баримтууд байхгүй. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аж ахуйн албаны дарга болон аж ахуйн албаны өмч хариуцсан мэргэжилтэн нар өргөдөл гаргасан байна. Энэ өргөдөл дээр нэхэмжлэгчийг гүтгэсэн зүйлийг бичсэн байсан. Эдгээр зөрчлүүдийг яаж тогтоосон талаар баримт байхгүй байна. 10 гаруй хоногийн дараа тушаалаа өгөхдөө 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс халсан гэсэн тушаал гаргасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт сонсох ажиллагаа хийсэн 2 баримт авагдсан байна. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн баримтууд байна. Нэхэмжлэгчийг ажлаас нь халсныхаа дараа сонсох ажиллагаа хийдэг хуулийн зохицуулалт байхгүй. Захиргааны ерөнхий хуульд шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийж, тайлбар, мэдүүлгийг авдаг хуулийн зохицуулалт байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5.14, 11.1.2-т тодорхой зааж өгсөн байна. Сахилгын зөрчил гаргасан бол сахилгын зөрчлийг тогтоож, ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Үүнийг үндэслэж сахилгын арга хэмжээ авч хувийн хэрэгт нь хавсаргана гэсэн зохицуулалттай байна. Гэтэл хариуцагч тал өөрөө хөдөлмөрийн дотоод журмаа зөрчсөн тушаалыг гаргасан байна. Уг тушаалаа тайлбарлахдаа П.Б- нь ажилдаа ирдэггүй, ажлын байр дээрээ архидан согтуурдаг гэж бичсэн байна. Ийм байдлаар хүний нэр хүндэд халдаж болохгүй. Ажлын байран дээрээ архидан согтуурсан бол түүнийг нь тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Сүүлд тушаалаа авахаар очиход дарга нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж ав, тэгэхгүй бол тушаалыг чинь өөрчилж өгөхгүй, ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй гэж хэлсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БГДЗДТГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 12-ны Б/228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3.4, 11.3.5, 11,3.6-д заасныг тус тус үндэслэл болгон П.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч П.Б- нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн албаны жолоочоор томилогдож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. П.Б- нь ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг талаар Аж ахуйн албаны дарга болон тус албаны өмч хариуцсан мэргэжилтэн нарын зүгээс Засаг даргын Тамгын газрын даргад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гомдол гаргасан. Тус гомдолд нэхэмжлэгч П.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн шуурхай штабт хуваарийн дагуу жижүүрлэж хоносон бөгөөд 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө буух ёстой байтал буухгүйгээр Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхарт байрлах ИТХ-ын цайны газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, мөн 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хороодоор тооллогын ажлаар явж ирсний дараагаар үдээс хойш ажлын цагаар ажлын байраа орхисон ба үүнтэй холбоотойгоор түүнтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан, 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 4 удаа 14 цагаас хойш ажлаа тасалж явсан, албан ажлын чиглэлээр тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоож, хүлээн авдаггүй бөгөөд уг асуудлаар ТЗУХ-ийн даргад хэлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар танилцуултал мөн л үл тоодог байсан, зөрчил дахин давтагдаж байх тул зохих арга хэмжээг авах талаар дурдсан. Дээрх гомдлуудыг Засаг даргын Тамгын газрын дарга хүлээн авч харьяалах чиг үүргийн дагуу шийдвэрлүүлэхээр ТЗУХ-ийн даргад цохолтоор шилжүүлсэн бөгөөд тус 2 гомдолтой холбоотойгоор ТЗУХ-ийн дарга Б.М-нь нэхэмжлэгч П.Б-г 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуудан уулзаж, холбогдох тайлбарыг авах гэсэн боловч ирээгүй ба 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлаа тасалж, ажилдаа ирээгүй болно. Тус нөхцөл байдал, холбогдох баримтад үндэслэж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч П.Б- нь нэхэмжлэлийн шаардлагадаа сонгуулийн үр дүнд МАН олонхи болсноор тус дүүрэгт ажлаас халах, чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагааг шинээр томилогдсон Засаг даргын Тамгын газрын дарга болон холбогдох этгээдүүд зохион байгуулж байна, цаашид хамтарч ажиллахгүй, өргөдлөө өг гэж дарамталдаг гэх мэтээр тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь хууль үндэслэлгүй байна. Учир нь 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар БГДЗДТГ-ын даргын тушаалаар томилж, чөлөөлөгддөг албан хаагч нараас ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагч байхгүй бөгөөд бүгд хэвийн ажлаа үргэлжлүүлж байгаа болно. Нэхэмжлэгч П.Б- нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.3.4, 11.3.5, 11.3.6-д тус тус заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгон түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Пунцагдоржийн Батсүрэнг БГДЗДТГ-ын Аж ахуйн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 3 532 622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг сар бүрээр нөхөн бичилт хийхийг хариуцагч БГДЗДТГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 71 472 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 70 200 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо:

... Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч П.Б- нь ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг талаар Аж ахуйн албаны дарга болон тус албаны өмч хариуцсан мэргэжилтэн нарын зүгээс Засаг даргын Тамгын газрын даргад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гомдол гаргасан. Тус гомдолд нэхэмжлэгч П.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн шуурхай штабт хуваарийн дагуу жижүүрлэж хоносон бөгөөд 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө буух ёстой байтал буухгүйгээр ИТХ-ын цайны газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, мөн 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хороодоор тооллогын ажлаар явж ирсний дараагаар үдээс хойш ажлын цагаар ажлын байраа орхисон ба үүнтэй холбоотойгоор түүнтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан, 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 4 удаа 14 цагаас хойш ажлаа тасалж явсан. Хариуцагчийн зүгээс тус гомдлыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүхээс тус баримтыг нөхөж хийсэн мэтээр тайлбарлаж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Дээрх гомдлуудыг Засаг даргын Тамгын газрын дарга хүлээн авч харьяалах чиг үүргийн дагуу шийдвэрлүүлэхээр ТЗУХ-ийн даргад цохолтоор шилжүүлсэн бөгөөд тус 2 гомдолтой холбоотойгоор ТЗУХ-ийн дарга Б.М-нь нэхэмжлэгч П.Б-г 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуудан уулзаж, холбогдох тайлбарыг авах гэсэн боловч ирээгүй ба 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлаа тасалж, ажилдаа ирээгүй болно. Хэрэв тухайн уулзалтад ирээд тайлбар өгчихвөл тэмдэглэл үйлдэж, баталгаажна гэдгийг нэхэмжлэгч нь мэдэж байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болж байгаа баримтуудыг бүрдүүлэхгүйн тулд зориудаар зугтаад ажилдаа ирэхгүй байсан тул хариуцагчийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр түүнийг чөлөөлсөн тушаал гаргасан болно. Шүүх цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын өмнө гаргасан гомдлыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх гээд зориудаар нөхөн бүрдүүлсэн мэтээр тайлбарлаж, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

Дээрх нөхцөл байдал, холбогдох баримтад үндэслэж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор түүний ажилласан хугацааны цалин хөлс болон ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгосон. Уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байх тул тус шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч БГДЗДТГ-т холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнийг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

БГДЗДТГ-ын аж ахуйн албанд жолоочоор ажиллаж байсан П.Б-гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1, 11.3.4, 11.3.5, 11.3.6-д заасныг үндэслэн цуцалжээ. /хх20/

 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилгаараа цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Ажилтан П.Б- нь удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг, албан ажлын хүрээнд тавьсан шаардлагыг үл тоодог, 14 цагаас хойш 4 удаа ажил тасалсан, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж, эдгээр зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой болон давтан гаргасан зөрчилд аль алинд нь хамаарна гэж хариуцагч тайлбарлажээ.

 

Дээрх тохиолдолд давтан гаргасан зөрчил тус бүрийг хууль, журмын дагуу шалгаж тогтоосон байх, мөн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн тохиолдол бүрийн талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдсан байхыг хуулиар шаардах бөгөөд энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна.

 

БГДЗДТГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг, 11.2-т шийтгэл ногдуулах журмыг тодорхойлсон ба хариуцагч нэрлэн зааж байгаа зөрчил тус бүрийг ямар ажиллагаагаар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, журамд заасны дагуу ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтгүй байна. Нэрлэн заасан зөрчил тус бүр нь ямар баримтаар хэрхэн тогтоогдсон, холбогдох ажилтнуудын гаргасан гэх гомдлыг журмын дагуу хэлэлцүүлсэн эсэх сахилгын зөрчил гэж үзэх, ямар шийтгэл ногдуулах талаар санал дүгнэлт гаргасан, ажилтны тайлбарыг авсан баримтгүй талаар шүүх дурдаж, зөрчлийг шалгаж тогтоосон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.3.4, 11.3.5, 11.3.6-д заасан ажилтанд хориглох заалтууд нь /хх-63/ П.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд /хх-6-8/ ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гэж тухайлан заагдаагүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

 

Дээрхээс үзвэл ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтны хөдөлмөрлөх эрх хязгаарлагдсан гэж үзэх үндэслэлтэй, шүүх П.Б-г эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/01686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ