Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 162

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч М.Амарзаяа,

            хохирогч Б.Б,түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

            өсвөр насны шүүгдэгч О.Г, түүний хууль ёсны төлөөлөгч М.М, өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708023890391 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт байнга оршин суух хаягтай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн буудлын эмийн сангийн коридорт иргэн Б.Бийг “албан газарт тамхи татаж болохгүй...” гэж шаардлага тавихад нь маргаж түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, өсвөр насны шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх автобусны буудлын эмийн сангийн коридорт иргэн Б.Бийг “албан газарт тамхи татаж болохгүй...” гэж шаардлага тавихад нь маргаж түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Б.Бийн өргөдөл /хх-ийн 3х/

 

            Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд би найз Бат-Оргилын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх автобусны шинэ эцсийн буудлын баруун талд байрлах дэлгүүрийн коридорт орж зогсоод автобус ирэхийг хүлээгээд юм яриад байж байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирснээ тамхи гаргаж ирээд асаагуураар тамхиа асаах гэхээр нь би тэр залууд “энэ чинь албан газар ш дээ, тамхи татаж болохгүй" гэхэд “би энэ дотор тамхи татдаг юм, чи юу гээд байгаа юм, чи миний нүдэнд багтаад байна ” гэхээр нь би “чи араа даахгүй байж хэрэггүй” гэхэд тэр залуу миний нүүрэнд алгаа наагаад, гараа атгаж хацарт наагаад өдөөд байхаар нь “чи зүгээр бай” гэж хэлээд гарыг нь бариад автал “би нэг гартай биш шүү” гэж хэлээд зүүн гараараа цохихоор нь доошоо тонгойтол хүзүү рүү цохиод, дээшээ өндийтөл хамар болон нүд рүү атгасан гараараа хэд хэдэн удаа цохьсон. Мөн хавирч унагаах гэж оролдсон. Шүүгдэгчийн үйлдлээс болж миний хараанд өөрчлөлт орсон, Намайг 3 сарын хугацаанд даарч болохгүй, хүнд юм өргөж болохгүй гэсэн, үндсэндээ миний хөдөлмөрийн чадвар алдагдсан байгаа. Улсын эмнэлэгт хамар болон нүдний хагалгаанд орох гэтэл сарын дараа оочер байна гэхээр нь хүлээх боломжгүй учир Орбита хувийн эмнэлэгт хагалгаанд орсон. Одоо хамар болон нүдний давтан хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Нүдний эмчийн хяналтанд байгаа. Гомдолтой байна. Баримтаар гарсан зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч Б.Бат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим ...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Ихнарангийн автобусны буудлын шинэ эцсийн буудал дээр Ганбат гэх миний зүс таних хүүхэд таараад ...Ганбат тамхи гаргаж ирээд татах гэхэд нь Батхуяг энд тамхи татаж болохгүй гэхэд Ганбат “би татдаг юм, чи юу гээд байгаа юм, хоёулаа байлдах уу” гэснээ гарынхаа алгаараа болон гараа атгаад араар нь хацар, шанаа орчимд нь нааж түлхээд “чи хаанахын хэн юм” гээд өдөж байснаа Батхуягийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиод тонгойход нь толгойны ар хэсэгт нь мөн гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд бид тэр хоёрыг салгахад Батхуягийн хамраас цус гарч байхаар нь салфетикаар хамрыг нь арчсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

           

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14017 дүгнэлтэд: “...Б.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын зүүн хажуу ханын хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 26х/

 

                Шинжээч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зүүн нүдний ухархай цөмөрсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан ухархай дайрсан ханын хугарал гэдэгтэй нэг адил ойлголт юм. ...Нүдний өөхөнцөр хамсан гэдэг нь дээрх цөмөрсөн хугаралд нүдийг тойрсон өөхөн эд хавчуулагдсан үйл явц бөгөөд энэ үед нүдний харааны фокус алдагдсан байдал гардаг. Өөрөөр хэлбэл юм давхардсан хоёрдмол байдлаар харагдах байдал үүсдэг ба мэс заслын дараа явцдаа хэвийн байдалдаа орно. ...Өөхөнцөр хамсан нүдний фокус алдагдсан нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 22-23х/

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №103 дүгнэлтэд: “...Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14017 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Бийн тухайн үед тархи, доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын зүүн хажуу ханын хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний хараа бууралт 0.6, зүүн нүдний харааны бууралт 0,8 болсон гэмтлүүд учирсан байгаа нь өөрийн нэр хаяг бүхий амбулаторийн картанд тусгагдсан нүдний эмчийн үзлэг болон КТГ-ийн зургуудаар батлагдаж байна. Б.Бийн баруун нүдний хараа 0,6, зүүн нүдний хараа 0.8 болж буурсан байх нь энэ гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 85-86х/

 

            Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 27х/

            Амбулаторын карт /хх-ийн 73-82х/

 

                  Өсвөр насны шүүгдэгч О.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим би танил ахтайгаа тус бүр 2 шил пиво уучихаад автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Ихнарангийн автобусны буудлын шинэ эцэс дээр буугаад явж байтал Бат-Оргил гэх манай хорооны хүүхэд таараад бид 2 юм яриад алхаж байтал Бат-Оргилын найз гэх залуу таараад тэр хоёр юм ярьж байснаа автобусны буудлын баруун хойд талд байрлах эмийн сантай дэлгүүрийн хаалгаар орчихоор нь би харж зогсож байснаа араас нь явж ортол Бат-Оргил найзтайгаа эмийн сангийн корридорт зогсож байсан. Би тэгээд ороод халааснаасаа тамхи гаргаад асаах гэхэд хохирогч залуу над руу хандаж “энд тамхи татаж болохгүй” гэхээр нь “би татдаг юм” гэхэд тэрээр “чи ямар том юм бэ” гээд бид хоёр бага зэрэг ам зөрөөд тэгэхэд тэр залуу намайг мангасдах гэхээр нь би гараараа хацар луу нь цохиод тонгойход нүүр лүү нь 2 удаа гараараа цохьсон. ...Би 16 настайгаасаа эхэлж тамхи татсаж эхэлсэн. Би тухайн өдөр 5 литрийн пиво уусан явж байсан юм. Хохирогчид учирсан гэмтэл нь миний үйлдлээс учирсан бөгөөд би нүүр лүү нь 2-3 удаа, тонгойход нь хамар нь 1-2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

                  Өсвөр насны шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байдалтай олон нийтийн газар явахдаа биеэ зөв авч явалгүй хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилсоноос гадна биеийн хүчирхийлэл үйлдсэн нь хохирогчид хөнгөн гэмтэл учруулахад хүргэсэн,  шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байх тул өсвөр насны шүүгдэгч О.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

О.Гын хувийн байдлын талаар:

Гэрч М.Уранцэцэг, Ц.Алтангэрэл нарын мэдүүлэг /хх-ийн 17-18х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс гэж нийт 4.380.200 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгчээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Задалбал:

  • Эмчилгээний зардалд 3.968.000 төгрөг,
  • Өмгөөлөгчийн хөлс 200.000 төгрөг,
  • Хүнс, шатахууны зардал гэж 212.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна.

Дээрх хохирол, зардлын дүнгээс эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн зардлыг буюу 4.168.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь үндэслэлтэй гэж үзсэн ба харин хүнс, шатахууны зардал болох 212.000 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч О.Гаас гаргуулах нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Учир нь, хохирогч Б.Б нь шүүгдэгчийн үйлдлээс учруулсан гэмтлийг эмчлүүлэх, хагалгаанд ороход дээрх эмчилгээний зардлыг гаргасан, уг зардлыг нотолсон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангасан, мөн тэрбээр гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн хууль ёсны эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг нотолсон баримт мөн гаргаж өгсөн тул дээрх зардлыг өсвөр насны шүүгдэгч О.Гаас гаргуулах хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Г, түүний хууль ёсны төлөөлөгч М.М нар нь хохирогчид төлбөл зохих хохиролын  4.168.000 /дөрвөн сая нэг зуун жаран найман мянга/  төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд хувааж төлөхөө илэрхийлсэн тул тэдгээрийн энэхүү санал, мөн насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан дээрх хохиролыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин хүнс, шатахууны зардалд нэхэмжилсэн 212.000 төгрөгийн зарим баримт нь бичиглэлийн хувьд гаргац муутай, хохирогчийн өөрийнхөн ахуйн хэрэгцээнд зарцуулагдсан зардал байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

            Мөн  хохирогч Б.Б нь цаашид ахин хагалгаанд орох, эмчилгээ хийлгэх шаардлагатай, энэ зардлаа нэхэмжилнэ гэх тул эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

   Оногдуулах ял шийтгэлийн тухайд:  

Өсвөр насны шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн №14017, 103 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийитгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж тодорхой заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.Гын үйлдсэн хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах” гэсэн ялын төрөлтэй байна.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын  тухай хуулийн  5 дугаар зүйлд “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч О.Гад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлд торгох ял байхгүй тул уг ялыг өсвөр насны шүүгдэгч О.Гад оногдуулах боломжгүй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Гад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан уг ялын хугацааг 200 цагаар тогтоолоо.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

             

            Өсвөр насны шүүгдэгч иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Гыг 200 /хоёр зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Өсвөр насны шүүгдэгч О.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г, түүний хууль ёсны төлөөлөгч М.М нараас 4.168.000 /дөрвөн сая нэг зуун жаран найман мянга/  төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Б.Бт олгож, хохирогчийн нэхэмжилсэн зардлаас 212.000 /хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийг зардлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч  Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ