| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04033/И |
| Дугаар | 192/ШШ2025/04029 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04029
2025 05 13 192/ШШ2025/04029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, **********тоотод оршин суух, С******* овогт Г******* Ү******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Г******* Ү******* нь нөхөр Э.Э******* 2019 онд танилцаж, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн №0038 дугаарт бүртгэгдсэн. Бидний дундаас 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр О******* /РД:*******/ охин мэндэлсэн. Гэвч бид олон шалтгааны улмаас таарч тохирохгүй болсон тул хоёул ярилцан салахаар шийдэж надад гараар салах өргөдлөө бичиж өгсөн ч өөрөө бусдаас мөнгө төгрөг авсан хэргээр цагдаа хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсныг нь иргэдийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд мэдсэн. Гэвч миний бие охиноо өөртөө авч үлдэн түүнээс салахаар шийдэн Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч өргөдлийг хүлээн авахгүй алга болсон. Улмаар шүүхэд хандсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х******* 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/03285 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн лавлагаа, тодорхойлолтоор Чингис хаан боомтоор 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хил гарсан. Мөн уг захирамжийн 3-т эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэйг дурдсан байна. Гэвч тэрээр Монгол Улсад нэг удаа ирээд буцаж хил гарсан ч мөн саяхнаас Монгол Улсад ирсэн гэсэн мэдээлэл байна. Иймд Э.Э******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ү******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, *********** тоотод оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/03285 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.
Иймд Э.Э******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт Э Э /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Э.Э******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ