| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0111/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 166
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Д.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708023530372 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 40000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлойн 1-д зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоож, уг тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөр үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Д.Сд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг хасаж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр ял дүйцүүлэн хасаж, ялаас чөлөөлөгдсөн болох,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Снь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай тоотод байрлах хашаанаас төмөр, поошиг, ширмэн зуух, яндан, аккумлятор, машины түлхүүр багаж, 80, 76-ийн төмөр турба зэргийг завшиж, хохирогч Д.Зэсэндэмэдэд 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Снь хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, Д.Снь иргэн Д.Зийн хашаанд манаачаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай тоотод байрлах Д.Зийн хашаанаас төмөр, поошиг, ширмэн зуух, яндан, аккумлятор, машины түлхүүр багаж, 80, 76-ийн төмөр турба зэрэг эд хөрөнгийг завшиж, хохирогч Д.Зэсэндэмэдэд 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Зийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дгээр сарын 20-ны өдөр орчим ...манаач авна гэсэн зар тавьсан. Уг зарын дагуу Санжаа гэх залуу ирж уулзаад ...Санжаа монгол гэр авчраад буусан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Санжаатай хашааны эд зүйл харах талаар гэрээ хийсэн. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай хойд талын хөрш болох Нямаа утасдаад “танай манаач 4-5 залуутай төмөр ачаад байна, чи шалга” гэтэл удалгүй дүү Онол эргэн залгаад “хашаанаас төмөр бусад эд зүйл ачиж байна уу, яах вэ” гэж асуухаар нь би “хашааны хаалган дээрээ машинаараа таглан зогсож байгаад цагдаа дуудаад өг” гэж хэлсэн. ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирээд хашаандаа очин бүртгэхэд манай хашаанаас нийт 200 литрийн төмөр пошки 9 ширхэг, ширмэн зуух 1 ширхэг, уг алдагддаг зуухны яндан 2 ширхэг, аккумлятор 2 ширхэг, машины түлхүүр багажны ком, домкарат 1 ширхэг, радиус нь 89, 76 хэмжээтэй 2 төрлийн төмөр трубанаас 80 метр зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Манай хойд талын Нямаа гэх залуугийн эхнэр надад 10 дугаар сарын 30-ны өдөр уулзан хэлэхдээ “танай манаач Санжаа 2 поошик” өнхрүүлээд явж байсантай нь таарахад “надаас авах уу” гэж асууж байсан. Үүний дараагийн өдөр нь портер машинаар төмөр ачаад гарсан. Мөн манай хүүхдийн хашаанаас бусны тэрэг хулгайлсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 22-23х/
Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулсан тухай гэрээ /хх-ийн 16х/
Эд зүйлийн үнэлгээ: Төмөр поошиг – 90.000 төгрөг, ширмэн зуух, яндан – 80.000 төгрөг, аккумлятор – 150.000 төгрөг, машины түлхүүр багаж – 180.000 төгрөг, 80, 76-ийн турбо – 960.00 төгрөг, нийт 1.460.000 төгрөг гэжээ. /хх-ийн 34х/
Гэрч Ц.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би хашаандаа байж байтал хашааны гадна төмөр тачигнан дугарах чимээ гарахаар нь би хашааны хаалгаа тайлан хартал Дэндэвийн сүүлд манаачаар ажилд авсан 35 гаран насны залуу усны тэргэн дээр 200 литрийн төмөр поошки 2 ширхэгийг тавьчихсан түрээд хойд зүг рүү алхаж байхаар нь яах гэж байгаа талаар асуухад “танайх хогийн поошкигүй болсон уу, би 10.000 төгрөгөөр зарна, та авах уу” гэхээр нь би “авахгүй” гэж хэлээд гэртээ орсон. Удалгүй хашааны хаалга нүдэх чимээ гараад хартал манаач болох залуу “таньд хэрэгтэй гэвэл би хямдхан 5,000 төгрөгөөр өгнө шүү” гэхээр нь “надад мөнгө алга” гэж хэлэхэд явсан. Үүнээс 3 хоногийн дараа буюу 28-ны өдөр Дэндэвийн хашаанд Портер машин зогсчихсон манаач танихгүй 3 залуутай төмөр ачиж байхаар нь би гайхан сэжиг төрөөд Дэндэвийн дугаарт залган “танай хашаанаас төмөр авах хүн байгаа юу’ гэж асуухад “тийм зүйл байхгүй, яасан” гэхээр нь харсан зүйлээ хэлэхэд “цагдаад дууд” гэж надад хэлсэн. Үүний дагуу би цагдаа дуудсан. Цагдаа нарч ирэхээр очоод манаачтай уулзахад өмнө нь портер машинд төмөр ачаад 60,000 төгрөгөөр Орбитын тойрог дээр зарсан гэж ярьж байсан. Цагдаа нар манаачийг авч явсан. Үүнээс 2 хоногийн дараа Дэндэв ирж надтай уулзахаар нь “би танай манаач өмнө нь портер машинаар төмөр зөөсөн гэж байсан, мөн 200 литрийн поошки тээвэрлэж байхдаа намайг авах уу гэж байсан, сүүлд портер машинаар ачсан” гэж хэлсэн. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/
Гэрч Ж.Пүрэвсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх эдгээр тоног төхөөрөмжийг /багаж, аккумлятор, төмөр пийшин, яндан, төмөр поошигнууд/ ачихдаа тэдний манаачид нь ачилтын хөлс гэж 30.000 төгрөг өгч ачуулсан. Харин манаач залуугийн машинд ачиж өгсөн гэж хэлээд байгаа эд зүйлүүдийг бол ачаагүй, би хараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/
Шүүгдэгч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0151-р ангийн урд талд байх шинэ далангийн хойд талд байх уг компанийн нэрийг нь сайн мэдэхгүй байна Зэсэндэмбэрэл гэх хүний аж ахуйн хашаанд гэрээ барьж байрлах болсон. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Зэсэндэмбэрэлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад Зэсэндэмбэрэл нь хашаан дотор байсан эд зүйлүүдээ хүлээлгэн өгч гарын үзэг зуруулж авсан бөгөөд хүлээлгэж өгсөн эд зүйлүүд дотор урт богино, янз бүрийн хуучин хэрэглэж байгаад болсон төмөрнүүд байсан. Үүнээс заримыг нь төмөр авдаг компанид зарсан хэлж байсан ба хүмүүс нь өөрсдөө ирж авна, ирэхээр нь өгөөд явуул гэж зарсан. Төмрөө надад зааж өгсөн байсан, мөн кранттай маяти машин, авто машины граж, чингэлэгэн хаус, хоёр ширхэг цоожтой чингэлэг, нэг ширхэг зуны модон амбаар зэрэг зүйлүүдийг хүлээлгэн өгч би хүлээн авсан юм. Гэрээний дагуу хашаа болон хашаан доторх эд зүйлсийг харж хандах үүргийг би өөртөө хүлээсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орбитын тойрог дээр ачаа ачна гэсэн портер машин хөлсөлж ирээд Зэсэндэмидийн хашаанаас хаягдал муу төмрүүдийг ачиж Орбитын тойрогт аваачиж тушаасан. Хаягдал төмрүүдийг, төмөр авдаг цэг дээр аваачиж зарахад 60,000 төгрөг болсон, үүнээс машины хөлсөнд 20.000 төгрөг өгсөн үлдсэн 40.000 төгрөгөөр гэртээ хоол унд түлээ нүүрс авч хэрэглээд дууссан юм. Тухайн үед би зүс таних нэрийг нь мэдэхгүй залууд 10.000 төгрөг өгч хамт ачсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа 2 дахь удаагаа буюу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөн Зэсэндэмбэрэлийн хашаанаас портер маркийн автомашинд төмөр ачиж байгаад өмнө нь Зэсэндэмбэрэлээс төмөр худалдаж авсан төмрийн эзэн ирж тааралдаад тэр хүнд баригдаж цагдаагийн газар хүргэгдэж ирсэн юм. 2 дахь удаагаа хашаанаас төмөр ачихдаа гудамжинд явж байсан портер маркийн автомашины жолоочтой ярилцаж тохироод ачихаар болсон. Портерийн жолоочид өөрийн хашаанаасаа хаягдал төмөр ачих хэрэгтэй байна гэж ачиж байгаад тэр өдрөө баригдсан юм. ...Манаачаар буугаад удаагүй байхдаа машины данхраад, 2 ширхэг аккумлятор, түлхүүр, багажны ком, дроцов зэрэг эд зүйлүүдийг хашаанд байсан автомашины багажны хайрцагнаас нь боолтыг нь тайлж байгаад авч Жаргалант дэлгүүрийн гадна явж байсан явуулын жижиг тэрэгтэй жолоочид 80.000 төгрөгөөр өгөөд архи уугаад дуусгасан. Би хохирлоо ажил хийж төлж барагдуулна. Хохирогчийн алдсан гэх эд зүйлийн тоо ширхэг болон өөрийн гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37, 38х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Снь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж хамгаалах талаар гэрээг тухайн эд хөрөнгийн эзэн Д.Зтэй байгуулсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй тухайн эд хөрөнгийг бусдад хохирогчийн зөвшөөрөлгүй, нууцаар зарж борлуулан өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хохирогч Д.З, гэрч Ц.Нарантуяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсоноос гадна шүүгдэгч Д.Снь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөря мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Сг хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Д.Сгийн хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42х/
Тэрээр урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 261 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 40000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлойн 1-д зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоож, уг тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөр үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Д.Сд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг хасаж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр ял дүйцүүлэн хасаж, ялаас чөлөөлөгдсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/, таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 45-50, 57-67, 68-73х/, ялтны зан байдлын тодохойлолт /хх-ийн 67х-ын ар тал/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 68х/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 73-74х/ зэргээр тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.Зэд 1.460.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Д.Сгийн хувийн байдал, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг гэх нөхцөл байдлуудыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Д.Зэд олгох нь зүйтэй.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч Д.Снь ажил хөдөлмөр, тогтвортой эрхэлдэггүй, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг гэх ба орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон тул түүнд 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Снь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 13 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасахад, тодруулбал, 13х8=104 цаг байх ба түүнд оногдуулсан 700 цагийн ялаас -104 цагийг эдэлсэнд тооцон хасвал=596 цагийн ялыг эдлүүлэхээр байна.
Шүүгдэгч Д.Сгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Снь 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 596 /таван зуун ерэн зургаа/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Снь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сгаас 1.460.000 /нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Д.Зэд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Д.Сг нэн даруй сулласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ