Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/358

 

    

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

яллагдагч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЗ/374 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Я.Болортуяагийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Бд холбогдох 2306031983261 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;  

Э.Б нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 11-ний оройн 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр байхдаа хохирогч С.Л-тэй маргалдаж, улмаар хутгаар түүний хэвлий, нуруу, баруун, зүүн шуу руу хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Яллагдагч Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй “...эрүүл мэндийн байдлыг тодруулах, яллагдагч Э.Бын хувийн байдлын талаар тодруулах, оюуны чадамж нь өөрийн насанд тохирч байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах, хохирогч нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг байсан эсэх, яллагдагчийг дарамталж эрхшээлдээ байлгадаг байсан эсэх...” нэмэлт ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай байна...” гэж шийдвэрлэжээ.

Прокурор Я.Болортуяа эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудыг үндэслэн, яллагдагчийн оюуны чадамж нь өөрийнх насанд тохирч байгаа эсэхийг эргэлзээтэй гэж үзсэн нь тодорхойгүй, яллагдагч Э.Бын хувийн байдалтай холбоотой ямар нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай болох, ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд болсон үйл явдлын талаар зөрүүгүй мэдүүлдэг, түүний оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно. Мөн Э.Б нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хохирогч С.Л-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг гэж мэдүүлсэн хэдий ч хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.Л- нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогч С.Л-ийн урьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байсан нь тус хэрэгт ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байхад анхан шатны шүүхээс “хохирогч нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг байсан эсэх”-ийг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин хохирогч С.Л- нь яллагдагчийг дарамталж эрхшээлдээ байлгадаг байсан эсэх асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, цугларсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгээр дээрх үйл баримтыг тодруулах бүрэн боломжтой байхад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” ажиллагаанд хамааруулсан нь үндэслэлгүй байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЗ/374 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон, прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.  

Яллагдагч Э.Бын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч хэргийг прокурорт шилжүүлэхдээ хэргийн материал танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн, хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр гарган өгч шүүх хүлээн авч прокурорт хэргийг буцаасан нь хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хэргийг шүүх рүү шилжүүллээ гэхэд “би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцаагүй, хүсэлт гомдол гаргах эрхийг минь хангаагүй” гэхэд хохино гарын үсгээ яах гэж зурсан юм” гэж хэлсэн. Үүний хор уршиг нь оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. Хэргийн материалтай танилцаагүй гэдэг нь юугаар нотлогдож байна вэ гэхээр хавтаст хэргийн 41, 46, 47, 51, 56, 57, 63, 121 хуудсанд 8 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, 27.2 дугаар зүйл, 27.7 дугаар зүйлд зааснаар шинжээч томилсон тогтоолыг оролцогч нарт зайлшгүй танилцуулах ёстой. Шинжээч томилсон тогтоолд нэмэлт асуулт, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, шинжээчээс татгалзах гэх яллагдагчийн эрх үүргийг зөрчсөн. 8 удаагийн шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Ганцхан С.Л-ийн биед учирсан гэх шинжээчийн дүгнэлтийг өөрт нь танилцуулсан. Би прокурор яллах дүгнэлт үйлдэхэд дээд шатны прокурорт “прокурорын шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гаргасан. Үүнийг ахлах прокурор н.Цэрэнсодном хүлээн авч хугацааг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгаж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний гомдлыг хүлээж авахаас татгалзаж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл хариу мэдэгдэх хуудас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлын газрын хаягаар ирсэн. Би гомдолдоо эрүүл мэндийн байдлыг тодруулж өгнө үү гэж бичсэн. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар 18 нас хүрсэн боловч 21 нас хүрээгүй хүнд хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авч болох талаар заасан. Э.Б 4 настайдаа хагалгаанд орсон талаарх 20 хуудас баримтыг гомдолдоо хавсаргаад өгсөн баримтыг уншаагүй. Өөрөөр хэлбэл, Э.Б-ын сэтгэц, оюун ухаан 19 насандаа тохирч байна уу гэдгийг шинжээчээр шалгуулж тодруулах гэж байсан. Мөн Э.Б оюуны хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар хавтаст хэрэгт баримтууд авагдсан. Энэ хэргийн оролцогч нар 18,19 настай хүүхдүүд байгаа. Э.Бд өөрийгөө илэрхийлэх чадвар байхгүй байх бөгөөд өмгөөлөгч би анги удирдсан багш, эцэг эхийг гэрчээр асууж, хувийн хэргийг хэрэгт хавсаргаж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Хувийн байдлыг тодруулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлогдбол зохих байдал хамаардаг. Прокурор Э.Бын оюуны чадамж өөрийнх  нь насанд тохирч байгаа талаар тодорхойлох шаардлагагүй гэж байна. Энэ нь миний хүсэлтэд хавсаргаж өгсөн 28 хуудас материалд яагаад тодорхойлох шаардлагатай вэ гэх талаар байгаа. Эцэг эх нь сургуулиас нь гуйж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. Хохирогч нь шүүгдэгч Э.Бын оюуны чадамжгүйгээр нь далимдуулж хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг заруулахаар байнгын дарамтад, эрхшээлдээ байлгадаг байсан. Үүнийг тодруулахын тулд тодорхой гэрчүүдийг асуух шаардлагатай. Э.Быг зодсоны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны учир бусдыг хутгалсан байна. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөнийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

Яллагдагч Э.Б тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Бд холбогдох 2306031983261 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаанд,

яллагдагчийн хувийн байдлыг тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг хэн үйлдсэн;...”, 1.4 дэх заалтад заасан “...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;...”  гэдгийг тогтоох ажиллагаа мөн бөгөөд энэ нь шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад нөлөөлдөг төдийгүй Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн ...-д тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг хангадаг,

хохирогч, яллагдагч нарын хоорондын харилцааг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;...”, 1.6 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...”-д шууд нөлөөлдөг тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж дүгнэв. 

Иймд прокурор Я.Болортуяагийн бичсэн “...хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх...” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЗ/374 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Я.Болортуяагийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

          ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

          ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ