| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03466/И |
| Дугаар | 192/ШШ2025/03970 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/03970
| 2025 05 12 | 192/ШШ2025/03970 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30 дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух, С******* овогт Л******* Д******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо,********* тоот хаягт оршин суух, Т******* овогт М******* А******* /РД:*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Д*******,
Хариуцагч М.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д******* нь хариуцагч М.А*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Л.Д******* миний бие 2021 онд М.А*******тай танилцаж, 2021 оны намраас хамтран амьдарсан. Бид 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 0004 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин А.М 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Сүүлийн хоёр жил бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би М.А*******тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ өөрийн асрамжид авч, эцэг М.А*******аас тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж байна. Иймд гэрлэлтийг цуцалж, охиныг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :”... М.А******* миний бие гэрлэлтээ салгуулах сонирхолгүй боловч сүүлийн хэдэн жил эхнэр Л.Д******* хаяж явдаг, үл хүндэтгэж басдаг, мөн хадам ээж илтэд ялгаварлан гадуурхдаг, амьдралд оролцдог занг тэвчиж ирсэн. Гэхдээ одоо хангалттай гэж бодож байна. Мөн охинтой минь уулзуулдаггүй. Дайрч давшилж, гэртээ оруулдаггүй зэрэг илтэд гадуурхах хандлага гаргаж ирсэн билээ. Иймд охиныг минь миний асрамжид үлдээж, Л.Д*******аас тэтгэлэг авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна …” гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, Л.Д*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.Мын төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2025.03.27-ны өдрийн 00273 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
Хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д******* нь хариуцагч М.А*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Л.Д*******, М.А******* нар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж гэрлэсний бүртгэлийн 0004 дугаарт бүртгэсэн байх ба тэдний дундаас 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин А.М төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид зан харилцаа таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч М.А******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ...” гэж заажээ
Гэрлэгчид тэдний дундаас 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Мыг эх, эцгийн хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож, чадаагүй, зохигчид асрамж тогтоолгохтой холбогдуулан шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Охин А.М нь 2 нас хүрч байгаа бага насны хүүхэд тул түүнд эхийн асаргаа нэн чухал байх ба гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойш охин эхийн асрамжид өсөж байгаа дасаж ээнэгшсэн орчинд охин А.Мыг эх Л.Д*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг М.А*******аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анха халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С******* овогт Л******* Д******* /РД:*******/, Т******* овогт М******* А******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Мыг эх Л.Д*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин А.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг М.А*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин А.Мыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг М.А*******, эх Л.Д******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх Л.Д******* охин А.М эцгийнхээ анха халамжид байх, эцэгтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг М.А******* охинтойгоо уулзах, мөн эцгийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
6.Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ