Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/359

 

    

 

Г.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

яллагдагч Г.А,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/444 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Ат холбогдох 2306000003790 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.А ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Яллагдагч Г.А-нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” гоо заслын эмнэлэгт хохирогч Б.Н-ийн эзэмшлийн савхин гадуур хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 522.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг мөрдөн байцаалтаар нэг мөр тогтоогоогүй байна. Хүний гадуур хувцсыг өмсөж явсан талаар мэдсэн даруйдаа үйлчлүүлсэн эмнэлэг рүүгээ залгасан гэх мэдүүлгийг зайлшгүй шалгах нь зүйтэй, Г.Аийн дугаараас эмнэлгийн дугаар руу дуудлага, хандалт хийгдсэн эсэх нь гэм буруугийн хэлбэрийг тогтооход ач холбогдолтой ажиллагаа юм гэж дүгнээд эрүүгийн 2306000003790 дугаартай хэргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.

...Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой. Мөн хулгайлах гэмт хэрэг нь халдлагын объект руу халдах идэвхтэй үйлдэл гарснаар эхэлж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар төгсдөг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэж, хохирогчоос цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гаргасны дараа нь хэн, хэрхэн дуудлага хийсэн эсэхээс үл хамаарч яллагдагч Г.А-нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг прокуророос бүрэн тогтоосон талаар яллагдагч Г.А-ийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтээ танилцуулан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод “гэмт хэргийг шуурхай илрүүлэх...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэж заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.    

Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 444 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Уг гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу өвлийн улиралд үйлдэгдсэн. Хавтаст хэргийн 15-16 хуудсанд яллагдагч Г.А-“гэрээсээ гарахдаа хоёр хар өнгийн куртиктэй үйлчлүүлж куртикээ өлгүүрт өлгөөд буцаж гарахдаа хоёр куртик давхарлаж өмссөн” гэх мэдүүлэг байдаг. Өөрийнхөө болон өөр нэгэн хүний куртикийг давхарлаж өмсөхөд тухайн куртикний эзлэхүүн хэмжээний хувьд өөрчлөлт орно. Хохирогч Б.Н-ийн савхин куртик байсан. Хавтаст хэргийн 15-16 дугаар талд  “маргааш өглөө нь аваачиж өгнө гэж бодсон ч айгаад өгч чадаагүй” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг, 40-50 дугаар талд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “хар өнгийн хоёр куртик” гэж мэдүүлдэг. Куртикийг давхарлаж өмссөнөө мэдээгүй эсхүл куртикийг давхарлаж өмссөн гэх эргэлзээтэй мэдүүлгүүд өгдөг. Савхин куртик уу гэдгийг гараараа барьж үзээд мэдэх боломжтой. Яллагдагч Г.А-ийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ гэмт хэргийг үйлдэхэд сэдэл, санаа зорилгын хувьд бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтэйгээр авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Хавтаст хэргийн 30 дугаар талд сидинд үзлэг хийсэн тэмдэглэлээр Г.А нь үүдээр орж ирэхдээ хар өнгийн куртиктэй, куртикийг өлгүүрт өлгөхөд дотуураа цэнхэр өнгийн ханцуйтай цамц өмссөн байсан гэх тэмдэглэл байдаг. Хяналтын камерын бичлэгээр яллагдагч Г.А-ийн өгсөн мэдүүлэг тус нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа. Хоёр куртик өмссөн бол өлгүүрт хоёр куртик өлгүүлэх ёстой. Шүүхээс хэргийг буцаасан захирамждаа урьдчилсан хэлэлцүүлэг зарласан талаар дурдаад, улсын яллагч гэм бурууг нотолж ял оноох үүргийг улсын яллагчид олгоогүй. Гэм буруугийн шүүх хуралдааныг хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаж улсын яллагч дүгнэлт гаргаж шүүх гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдэг дээр дүгнэх боломжтой. Шүүхэд хэргийг буцаахгүйгээр дээрх нөхцөл байдлыг тодруулахаар 60 хоног хүртэлх хугацаагаар хойшлуулах эрх хэмжээ байгаа. Хэргийг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг буцаагаад байгаа нь үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн 55 дугаар талд гэрч “Ө” эмнэлгийн менежер Б.Э-ын мэдүүлэгт “уг этгээд нь хоёр куртикийг давхарлаж өмссөн” гэж мэдүүлдэг. Хавтаст хэргийн 11 дүгээр талд хохирогч Б.Н-ийн өгсөн “савхин куртик, халаасанд BMW320i загварын машины түлхүүр, нэг хайрцаг тамхи байсан” гэж мэдүүлдэг. Яллагдагч Г.А бусдын куртикийг өмсөөд явж байхдаа халаасанд байгаа эд зүйлийг өөрийнх үү, бусдынх уу гэдгийг мэдэх боломжтой байсан. Мэдсээр байж бусдын эзэмшлийн гадуур хувцасыг өмсөөд явсан. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 хоногийн дараа яллагдагч Г.А нь мөрдөн шалгах ажиллагаа явуулаад цагдаагийн байгууллад хэрэг ирсний дараа гадуур хувцасыг гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ө эмнэлгийн утас руу хоёр удаа залгасан болов ч утсаа аваагүй гэж мэдүүлдэг. Үүнээс дүгнэхэд Ө эмнэлэгт давхраа оёулж байршлыг нь мэдэж байгаа тохиолдолд яллагдагч Г.А бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй байсан бол буцаагаад аваачиж өгөх боломж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг шунахай сэдэлтэйгээр үйлдэж байгаа нь нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...” гэв. 

Яллагдагч Г.А-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н гэдэг хүнийг 520,000 төгрөгөөр хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 520,000 төгрөгийн төлбөр савхин куртикний халаасанд байсан машины түлхүүрийг хувилуулсан мөнгө гэж хэлсэн. Намайг савхин куртик аваад явсан гэж буруутгаж байна уу, машины түлхүүрийг аваад машиныг хулгайлах сэдэлтэй гэж буруутгаад байна уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Би хохирогчийн хохирол болох 520,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Тухайн өдөр би Ө эмнэлэгт утсан давхраа оёулахад судас бариад маш их өвдөлттэй, хоёр нүд хавдсан байсан. Ө эмнэлгээс намайг тайвшруулах зорилгоор зүрхний эм өгч, хэсэг сууж байгаад гарсан нь камерын бичлэг дээр байгаа. Утсан давхраа оёулахад өвдөлттэй байна гэж төсөөлөөгүй учир өвдөлтийн шоконд орсон байсан. Миний нүд эгц урагшаагаа харах болон дээшээ харах боломжгүй, зөвхөн доошоо харж байсан. Энэ өвдөлтийг Ө эмнэлгийн эмч болон сувилагч нар мэднэ. Хувцас солих өрөөнд хоёр куртиктэй орсон нь үнэн. Тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй байсан учраас савхин куртик өмссөнөө мэдээгүй. Гэртээ очоод куртикээ тайлахдаа хүний куртик өмссөн байна гэдгээ мэдсэн. Тухайн куртикний халаасанд үнэтэй машины түлхүүр байсан учраас би Ө эмнэлгийн хоёр дугаарт залгахад утсаа аваагүй. Залгасан гэдгийг Мобиком ХХК-иас асуухад сүүлийн 6 сарын дуудлагын жагсаалтыг шүүх болон цагдаагийн зөвшөөрлөөр авч болно гэж хэлсэн. Савхин куртик авч явсны маргааш нь би гэрээсээ тухайн куртикийг уутанд хийгээд аваад гарсан нь гэрийн камерт бичигдсэн байгаа.  Би тухайн өдөр англи хэлний 4 цагийн хичээлтэй байсан учраас куртикийг аваачиж өгч амжаагүй. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс яллагдагч Г.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан “...Ө гоо заслын эмнэлгээс гарч явахдаа хохирогч Б.Н-ийн гадуур хувцсыг өмсөж явсан талаар мэдсэн даруйдаа үйлчлүүлсэн эмнэлэг рүүгээ залгасан гэх мэдүүлгийг шалгах...” ажиллагааг заавал хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Шүүх яллагдагч Г.Ат холбогдох хэргийг хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Яллагдагч Г.Аийн “...хохирогч Б.Н-ийн эзэмшлийн савхин гадуур хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэх үйлдлийн улмаас учирсан хохирлыг шүүх анхааран дүгнэх шаардлагатай болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/444 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                       Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ