Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01282

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01282

 

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01268 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Н.Т-д холбогдуулан гаргасан 2 584 496 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Т- нь С ХХК-аас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаж ажлаас гарсан. Н.Т-ын 2016 оны 11 дүгээр сард ажилласан хоногт ногдох цалин 2 596 496 төгрөг бодогдсоноос лизингийн төлбөрийг хасаж 1 612 496.17 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 53 минутад цалин Н.Т-, С ХХК гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Гэвч цалингийн нягтлан бодогч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөн цалин гэсэн гүйлгээний утгаар дахин 2 584 496 төгрөгийг Н.Т-ын цалингийн дансанд давхардуулж шилжүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан цалингийн нягтлан бодогч удирдлагадаа мэдэгдээгүй, Н.Т- илүү шилжүүлсэн цалинг буцаан шилжүүлээгүйн улмаас түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл илрэх боломжгүй байсан. Улмаар 2020 оны 11 дүгээр сард компанийн хэмжээнд ажиллагсдын авлагын тооцооноос дээрхийг илрүүлсэн бөгөөд тооцоо нийлсэн дүнгээс 2 584 496 төгрөгийн үлдэгдэлтэй Н.Т- гарсан. Иргэн Н.Т- цалин илүү авснаа хүлээн зөвшөөрсөн боловч өнгөрсөн хугацаанд манай компанид буцааж төлсөнгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ хөөн хэлэлцэх хугацааны дагуу алдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэг шударга эзэмшигчийн хувьд байдаг. Гэтэл Н.Т- өөрийнхөө дансанд илүү цалин давхардуулж олгосныг мэдэгдээгүйгээс үүдэлтэй өнгөрсөн хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн өнгөрсөн хугацаанд С ХХК-д тухайн нягтлан бодогч энэ тухай удирдлагадаа мэдэгдээгүй нь хариуцагч Н.Т- илүү шилжүүлсэн цалинг буцаан шилжүүлээгүйн улмаас түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг мэдэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан. Иймд хариуцагч Н.Т-аас 2 584 496 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь дээрх шилжүүлсэн гэх цалинг энэ олон жилийн хугацаанд надаас огт буцаан шаардаж байгаагүй атлаа холбогдох тооцоог хийж хууль болон зохих журмын дагуу ажил хүлээлцсэн, ажлаас чөлөөлснөөс хойш даруй 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Цалингийн нягтлан ажилчдын цалинг бодож, түүнийг ахлах ажилтан хянаж, 2 хүний давхар хяналтаар бодогдож олгогддог. Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр давхар цалин шилжүүлсэн асуудлыг таслан зогсоох, тухайн үед илрүүлээд шийдэх боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж тус тус заасан. Энэ хүрээнд авч үзэхээр Иргэний хуулийн 74, 82 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс хугацаа тоолох асуудал яригдана. Иймээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс С ХХК эрхээ зөрчигдсөнөө мэдэх бүрэн боломжтой. Энэ бол нуугдмал далд байж байгаад 5 жилийн дараа илрүүлээд байхуйц хэмжээний ноцтой зөрчил биш. Нөгөө талаас ажил олгогчийн ажилдаа хайнга хандаж байгаа асуудал. Хариуцагч ажлаас чөлөөлөх хүсэлтээ өөрөө бичиж өгөөд ажлаа хүлээлцээд өөрөө Солонгос явсан. Ажил олгогчоос зохих журмын дагуу тооцоог хийгээд араас нь цалинг шилжүүлнэ гэсэн. Мэдээж С ХХК-аас тодорхой хэмжээний цалин орж ирнэ гэдгийг мэдээд нөхөр нь картыг нь авч үлдээд хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан гэсэн тайлбарыг өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Т-аас 2 584 496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас 56 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н давж заалдах гомдолдоо: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч компани хариуцагчийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр 2 596 495.87 болон 1 612 496.17 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд шүүх хариуцагчийг ажлаас чөлөөлсөн тушаал /шийдвэр/, ажил хүлээлцэх хугацааны буюу хамгийн сүүлд нэхэмжлэгчид олгосон цалин хөлсний тооцоолол /задаргаа/-ыг харуулсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад ...хөдөлмөрийн гэрээний харилцаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, түүний 2016 оны 11 дүгээр сард ажилласан цалинг бүрэн олгосон, нэхэмжлэгчийг 2 596 496 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн... хэмээн дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Нотлох баримтыг үнэлэх, бүрдүүлэх-тэй холбоотой зохицуулалтад нийцээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргахад эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шаардан /гаргуулан/ авч, улмаар ажил хүлээлцэх үед нэхэмжлэгчээс хариуцагчид хэдэн төгрөгийн цалин олгох ёстой байсан, илүү цалин хөлс олгосон эсэхийг тодруулж, тогтоох нь ач холбогдолтой. Түүнчлэн, С ХХК нь дээрх шилжүүлсэн гэх цалинг олон жилийн хугацаанд нэхэмжлэгчээс огт буцаан шаардаж байгаагүй атлаа холбогдох тооцоог хийж, хууль болон зохих журмын дагуу ажил хүлээлцсэн, ажлаас чөлөөлснөөс хойш даруй 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөнгө нэхэмжилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь Н.Т-аас 2 584 496 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Н.Т- нь С ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирлын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, түүний 11 дүгээр сард ажилласан хоногийн цалинд 2 596 496 төгрөг бодогдсоноос лизингийн төлбөрийг хасаж 1 612 496.17 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түүний Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 499152030 тоот дансанд цалин гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

Харин С ХХК нь Н.Т-ын ажилласан хугацааны цалинг дээрх байдлаар олгосон байхад мөн 12 дугаар сарын 28-ны өдөр 2 596 495.87 төгрөгийг С ХХК цалин гэсэн гүйлгээний утгаар Н.Т-ын дээрх дансанд мөн шилжүүлсэн болох нь тогтоогджээ. /хх52/

 

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ нэртэй баримтад Н.Т- 2 584 496.17 гэсэн авлага бүртгэгдсэн талаарх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргажээ. /хх 9, 10/

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар цалин хөлсний талаарх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласнаас гадна тухайн үед урамшуулалт цалин гэж ойлгосон тул ажил олгогчид мэдэгдээгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Н.Т-д илүү цалин шилжүүлснийг сүүлд хяналт шалгалтаар илрүүлэхэд мэдсэн, иймд цалинг нэгэнт олгосон байхад дахин үндэслэлгүйгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлснээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, харин Иргэний хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч олгогдох ёсгүй мөнгийг олгосон гэж буцаан шаардаж байгаа нөхцөлд хариуцагч нь урамшуулалт цалин гэсэн агуулгаар гаргасан татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй.

Дээрхээс үзвэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцэх ба хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар тооцсон нь зөв, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ