Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            шүүгдэгч Б.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708024360473 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Унь 1.1б тоотод байрлах Нийтийн байранд хамтран амьдрагч Л.Аийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Унь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 Шүүгдэгч Б.Унь 2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Баянбулагийн 1.1б тоотод байрлах Нийтийн байранд хамтран амьдрагч Л.Аийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Угэх хүнтэй 2014 оны 10 дугаар сарын дундуур танилцаж улмаар дотно харьцаатай байж байгаад 2016 оны 04 дүгээр сараас нэг гэрт хамтран амьдрах болсон. ...2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 06 цагийн үед намайг үсдэж чирээд зодоод байсан. Тэр үед би зууралдаж байгаад гарнаас нь маажсан байсан. Тэгсэн чинь чи миний гарыг ийм болгочихлоо гээд миний зүүн гар луу өшиглөж гарыг хугалсан. Тэгээд би хүүхдээ аваад зугтаж гэрээсээ гарсан. Б.Ухойноос чамайг надаас салах юм бол ална шүү гээд араас орилоод байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8х/

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14098 дүгнэлтэд: “...Л.Аийн биед зүүн богтос ясны хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 23х/

 

Гэрч Ч.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-нд 19 цагийн үед Л.А зүүн гараа сойчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад хамтран амьдрагч Ууганбаяр зодоод гар хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16х/

 

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Л.А гэх эмэгтэйтэй 2014 оны 11 дүгээр сард анх танилцаж, 2016 оноос нэг гэрт хамтран амьдрах болсон. Би 2017 оны 11 дүгээр сарын 08-нд 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбулагийн 1-16 тоотод байх нийтийн байрны 12 тоотод байх гэрээсээ гараад машинаараа таксинд явж халтуур хийж байгаад шөнө 03 цагийн үед гэртээ орсон. Намайг гэртээ орох үед хамтран амьдрагч Л.А, хүү Азбаяр нар унтаж байсан ба би газар ор засаад тусдаа унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед Л.Аптанцэцэг босоод “чиний утас руу таксинд явж байгаад танилцсан гээд нэг хүүхэн залгаад байна, энэ ямар учиртай юм бэ” гээд асууж шалгаагаад уурлаад байсан. Тэгэхээр нь би “таксинд явж байх үедээ олон хүнтэй харьцдаг зарим нэгийг нь үнэгүй хүргэж өгөх, зарим хүмүүс дараа нь мөнгийг нь өгье гээд утасны дугаар аваад үлдэх тохиолдол байдаг, тэр хүмүүсийн нэг нь юм байлгүй дээ” гэсэн чинь “битгий худлаа хуц, банзал новш, пизда минь, чамайг мэдэхгүй хэн байсан юм бэ” гээд хэрүүл хийж, миний уур хүрч “чи яагаад хүнд итгэдэггүй юм бэ, би чамд бүх зүйлээ үнэнгээр нь хэлдэг ш дээ” гэсэн чинь өөдөөс “чи битгий хуц” гээд байсан. ...миний уур хүрээд Аптанцэцэгийг түлхэж унагаасан. Энэ үед Аптанцэцэг миний зүүн мөрнөөс зүүн гарны сарвуу хүртэл хумсаараа маажсан. Тэгэхээр нь би “чамд самардуулах үйлдэл хийгээгүй, чамайг хуурахгүй гэж хэлж байсан амлалт байна” гээд тамхи татаад сууж байсан чинь гарнаас цус гарахаар нь уур хүрч гомдоод би гараа ийм болготол буруу зүйл хийгээгүй гээд Л.А гутлаа өмсөөд тонгойгоод зогсож байхад нь гуя руу нь өшиглөсөн чинь зүүн гарын шуу хэсэг рүү нь өшиглөчихсөн. Тэгсэн Л.А чангаар ёолж орилсон. Тэгээд би гарнаас нь барих гэсэн чинь ойртуулахгүй ёолоод орилоод байсан. Тэгээд Л.Аптанцэцэг хүүхдээ аваад 07 цаг болж байхад гэрээсээ гараад явсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. ...Би гэм буруутайгаа маргахгүй байна, хохирогчийн гар луу өшиглөж гарыг нь хугалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Б.У, хохирогч Л.А нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан,  улмаар тус хугацаанд шүүгдэгч Б.У, хохирогч Л.А нарын хооронд эр эмийн хардалтаас үүдсэн маргаан үүсдэг байсан нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийснийг буюу хохирогийн эрүүл мэндэд халдсан үйлдэл хийснийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж дүгнэх үндэстэй, уг гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч Л.А нь хүндэвтэр гэмтэл авч хохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Б.Уын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37х/

Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 45-46х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Л.А нь эрүүл мэндийн хохирол төлбөрт шүүгдэгч Б.Уаас 3.000.000 төгрөг авсан бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/

 

Шүүгдэгч Б.Уын бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Оногдуулсан ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Б.Уын гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6  сарын хугацаагаар хорих ял оногдуулж улмаар түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Ут 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Ут оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ