Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар  2024/ДШМ/147

 

           

 

 

 

 

 

2024            01              25                                         2024/ДШМ/147

 

 

С.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Багшбаяр,

шүүгдэгч С.Мын өмгөөлөгч М.Мэндсүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлээр С.Мд холбогдох эрүүгийн   2311 00453 1180 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

0000000000000 М, 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, нуурын 0- 00тоотод оршин суудаг,   /РД:00000000/

урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэгдсэн,   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 27 тоотод байх кузов засварт засуулахаар өгсөн байсан иргэн Б.Ч-ийн эзэмшлийн Ланд-200 маркийн “00-00 УБЕ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, гэрэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 900,000 төгрөгийн хохирол учруулсан, 

2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 06:00 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 0-00 тоот хашаанаас Т.Э-ийн эзэмшлийн 3,190,070 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 000 улсын дугаартай “Тоёота Карина” загварын автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсны улмаас 575,700 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 6-08 тоот хашаанаас П.Г-ийн эзэмшлийн 3,253,075 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 ТӨА улсын дугаартай “Тоёота Карина” загварын автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ын энэ хэрэгт нийт 122 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг оршин суугаа Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, С.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор... тооцож эдлэх ялаас хасна" гэж заасан. Шүүгдэгч С.М нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 122 хоног цагдан хоригдсон. Гэвч шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн цагдан хоригдсон 122 хоногийг хэрхэн тооцсон, зорчих эрх хязгаарлах ялаас хэрхэн тооцож хассан, С.Мд ямар хугацаагаар зорчих эрх хасах ял оногдуулсан нь тодорхойгүй, уг ялыг хэрхэн тооцож, ямар хугацааны зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалтад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон”-ыг тусгана гэж заасныг мөн зөрчжээ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтыг тодруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:   

1. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.    

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч С.Мыг “хулгайлах болон автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Тодруулбал, шүүгдэгч С.М нь 

2023 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө иргэн Б.Чинбаярын эзэмшлийн Ланд-200 маркийн “00-00 000” улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, гэрэл зэргийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:   

- хохирогч Б.Ч “... Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 0-00 тоотод байх засварт өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн 00-00 000 улсын дугаартай өөрийн тээврийн хэрэгсэлдээ будаг засвар хийлгэхээр өгөөд маргааш нь баруун хойд талын их гэрэл, багажны гэрэл, булангийн гуперын гэрэл аваачиж өгсөн, гэтэл автомашины толь, гэрэлнүүдийг хулгайд алдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх 38-39/,

- гэрч Ш.М“...тухайн үед Ланд-200 маркийн 00-00 000 тээврийн хэрэгсэл засуулахаар тавиулсан ба гадна бүх зүйлийг нь тайлаад машин дотроо хийсэн байсан, будаг хийж дуусаад буцаа  угсрах үед зүүн талын толь, баруун талын 2 гэрэл нь алга болсон байсан, камер шүүхэд манайд галчаар ажиллаж байсан М авч явсан байсан” гэх мэдүүлэг /1 хх 45-46/,

- гэрч П.Энхчимэгийн “... Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-27 тоотод байх Ш.Баянмөнх гэж хүний ажиллуулдаг засварт засварчин хийдэг. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай гражид 00-00 000 улсын дугаартай шаргал өнгийн Ланд-200 гэх машин засвар хийлгэхээр ирсэн... 2023 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ныг шилжих шөнө тухайн газарт бид хоёрын засварлаж байсан дээрх машин дотор байсан толь болон баруун хойд хоёр гэрэл, доод гуперын нэмэлт гэрлийг тэнд манаач хийдэг байсан С.М нь хулгайлан авч явсан байсан...” /1-р хх 42-43/ гэх мэдүүлэг,

- “Toyota land cruiser-200” загварын автомашины толь, гэрлийн үнэлгээ 930.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-23-26/,

- шүүгдэгчийн...хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-30-31/ зэрэг нотлох баримтуудаар,   

 

2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 06:00 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 6-02 тоотоос Т.Э-ийн эзэмшлийн 00-00 ТӨА улсын дугаартай “Тоёота Карина” загварын автомашиныг,

мөн өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 6-08 тоот хашаанаас П.Гүнчиний эзэмшлийн 00-00 000 улсын дугаартай “Тоёота Карина” загварын автомашиныг тус тус өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан болох нь :

- хохирогч Т.Э “... 2022 оны 5 дугаар сарын 01-ний 02 цагийн үед манай гэрийн хаалга, цонхыг цохиж нүдэж балбаад байсан... би хаалга онгойлгоогүй...6 цагийн үед унаад хашаанаас гарч явсан гэж манай эхнэр хэлсэн, 8 цаг өнгөрч байхад машинаа хайж, цагдаад мэдэгдтэл миний машиныг Баялаг дэлгүүрийн гудманд Пүрэвсайхан ахын хашаанд оруулж орхиод тэдний машиныг яваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-98-99/,  

- хохирогч Б.Г “... Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөр 6-8 тоот гэртээ байж байтал манай нөхөр Д.П нь “карина машины урд дугуй нь хагарсан, танихгүй залуу Батзул бид хоёрыг яг дайрах гэж байна, шал согтуу байхаар нь машиныг Батзулаар бариулаад аваад ирлээ” гэсэн. Би харахад саарал өнгөтэй 00-00 000 улсын дугаартай карина машины жолооч талын урд дугуй нь хагарсан байсан, тэр залуу өөрийгөө  М гэж хэлсэн. Нөхөр, Батзул нарын хамт 1 шил архи ууж байхад М гэх залуу архинаас 2-3 хундага уугаад гарч явсан, би өөрийн 00-00 000 улсын дугаартай машиныхаа түлхүүрийг гэртээ нуугаад гараад хартал 00-00 000 улсын дугаартай карина машиныхаа арын суудал дээрээ унтаж байгаа харагдсан...1 цагийн дараа гэрээсээ гараад хартал манай 00-00 000 улсын дугаартай карина машинд түлхүүр тааруулан асаагаад хулгайлаад аваад явсан байсан тул хайгаад олдоогүй, цагдаад хандсан...Машин манай нөхөр Д.Пүрэвсайханы нэр дээр бүртгэлтэй, би машины түлхүүрээ гэртээ нуусан байсан...”гэх мэдүүлэг /1хх-164-165/,

- гэрч Д.П “... Би 2022 оны 5 дугаар сарын 01-ний өглөө төмрийн цэгийн үүдэнд явж байхад саарал өнгийн карина маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу маш хурдтай явж ирээд зогссон, урд дугуй нь хагарсан, шал согтуу залуу байхлаар нь “хүн амьтан дайрлаа, одоо чи боль” гээд өөрийнхөө гэр рүү дагуулаад явсан...Би гэр рүү орж унтаад,  сэрэхэд тэр залуу миний машиныг унаад явчихсан байсан тул цагдаад хандсан ” гэх мэдүүлэг /1хх- 103/ гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгчийн...би сотуурсан үедээ тэдгээр автомашиныг унаж явсан, хулгай хийж ашиг олох зорилго байгаагүй, тэгээд хамгийн сүүлийн автомашиныг Заамар сумын төвд айлын гадна үлдээгээд Улаанбаатар хот руу унаанд суугаад явсан гэх мэдүүлэг /1хх-30-31, 142, 205/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгчийг хулгайлах, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх  шалгуурыг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинж тус тус хангагдсан гэж үзнэ.      

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан,  шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэхдээ харгалзвал зохих хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгчид хүлээлгэсэн ялын  төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

4. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг хэрэглэхдээ алдаа гаргаж, улмаар биечлэн эдлэх ялын хэмжээг бодитой тогтоогоогүй байх тул прокурорын бичсэн “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглээгүй” гэх агуулга бүхий эсэргүүцлийг үндэслэл бүхий гэж үзлээ.  

Харин шүүгдэгч С.Мыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш /1хх-238-239, 1хх-5-7, 16-26, 47-49, 63, 72/ шүүх хуралдаан болсон 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 112 хоног цагдан хоригдсон байтал шүүх, прокуророос 122 хоног гэж буруу тооцсон байгааг зөвтгөж, түүний биечлэн эдлэх ялыг 6 сар 8 хоногоор тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын энэ хэрэгт нийт 122 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 112 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон, түүний эдлэх нийт 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 6 сар 8 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.        

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор О.Багшбаярын бичсэн “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглээгүй” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангасугай.    

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР