| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0069/З |
| Дугаар | 159/ШШ2025/0067 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 159/ШШ2025/0067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0069/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Ц” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э
Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Ц” ХХК-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Ц” ХХК-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:
2.1. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ц” ХХК үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг “Гоё март” хүнсний дэлгүүрт хяналт шалгалтийг хийж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг 2 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлжээ.
2.2. Улмаар дээрх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсаар “Ц” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулж, шийтгэлийн хуудсыг Л.Ад гардуулжээ.
2.3. Зөрчилд холбогдогч “Ц” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Ц” ХХК-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг шүүх 2025 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. "Ц" ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч У.Э 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр "Гоё март” дэлгүүрт хүүхдийн баяртай холбогдуулан урьдчилсан хяналт шалгалтыг хийж, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь дараах нөхцөлүүдээр үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд.
1. Төр засгаас баримталж буй татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, төрийн дарамт шахалтыг бууруулах, багасгах бодлого, чиглэлтэй нийцээгүй, төрийн бодлого, шийдвэрийг доод шатанд хэрэгжүүлэхгүй байна.
2. Хяналт шалгалтын мөрөөр улсын байцаагчаас зөвлөмж, албан шаардлага өгөөгүй, шууд торгууль оногдуулж, захиргааны байгууллагаас авах арга хэмжээний иргэн, аж ахуйн нэгждээ ээлтэй боломжийг сонгоогүй, хуулийн бусад хөнгөрүүлсэн боломжийг ашиглаагүй.
3. Шийтгэлийн дүн нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн онол, практикын үндсэн зарчим, зөрчил, гэм буруугийн хир хэмжээ, цар хүрээнд нийцээгүй өндөр.
4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.13-д заасны дагуу бид шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн тул торгуулийн арга хэмжээнээс чөлөөлөгдөх боломжтой нөхцөл байдал байгаа.
5. Зөрчлийн тухай хуулийн 3.5.1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ.” гэж заасны дагуу тус шийтгэлээс хөнгөлөх үндэслэл мөн байна.
6. Аливаа систем, тэр дундаа хүнээс хамааралтай систем 100 хувь байх онол, практикын боломж байдаггүй. Асуудалд 100 хувь байх ёстой гэсэн зарчмаар хандахыг буруу гэж үзэж байна.
7. Бусад иргэд, аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад шударга бус, тэгш бус хандсан гэж үзэж байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-ийн Гоё март дэлгүүрт 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын байцаагч У.Э нь 0896023 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр улсын байцаагч шалгалт хийж, тодорхой зөрчил илэрсэн гэх талаар миний бие болон холбогдох ажилтнуудын хамт танилцсан. Шийтгэлийн хуудсыг байгууллагын удирдлагадаа танилцуулахад 3 асуудал ирүүлсэн. Эхний асуудал нь байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд шийтгэлийн хуудсыг танилцуулцаагүй гэсэн. Манай байгууллагын гүйцэтгэх захирал С.Нармандах гэж хүн байгаа юм. Хоёр дахь асуудал нь арга хэмжээ авахдаа аж ахуй нэгжид илэрсэн зөрчилтэй уялдуулж, зөрчил шийтгэлийг байгууллагад хүндрэл багатай байхаар ногдуулсангүй. Тухайлбал, албан шийдвэрийг шууд гаргуулахаар шийтгэл ногдуулсан. Тухайн үед 2 ажилтан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй буюу 2, 3 хоногоор хэтэрсэн байсанд шийтгэлийн хуудсыг ногдуулсанд хатуудсан гэж үзсэн. Манай дэлгүүр нийт 15 ажилтантай, бүгд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдаг. Тухайн үед агуулахад ажилладаг 2 ажилтны эрүүл мэндийн дэвтрийн хугацаа дууссан байсан. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс 15 ажилтнаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Тухайн үед 2 ажилтан маань хүүхдийн баяр болоод ажил ачаалал их байсан учраас эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадаагүй гэсэн шалтгааныг хэлсэн. 2 ажилтандаа үүрэг даалгавар, шаардлагыг өгч, шинжилгээнд хамруулж тэр даруй засуулсан. Тухайн үед зөрчил арилсан. Гурав дахь асуудлын тухайд дээрх нөхцөл байдлыг харгалзан 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эсхүл хөнгөрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэж Эрүүл мэндийн газрын удирдлагад хандсан боловч хариу ирээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
3.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э би, Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах "Ц" ХХК-ийн “Гоё март” минимаркетын үйл ажиллагаанд нийтийг хамарсан баяр ёслолын үеийн буюу олон улсын хүүхдийн баярын үеийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 08-00-02/07 дугаар удирдамжийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн салбарын менежер Ц.Энхцэцэгийг байлцуулан хийж гүйцэтгэхэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг 2 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй байсан зөрчлийг 17 цаг 45 минутад илрүүлж, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул ЭМГ-073 дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн.
Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт “хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах”, 10.1.7 дахь заалт “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах”, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна”, Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг бүрэн хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалт “ажилтнаа энэ хуулийн 7.6-д заасан журмын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах” тус тус аж ахуйн нэгжийн үүргийг тусгасан байдаг. Дээрх холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалт худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тус тус заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/145 дугаар "Журам батлах тухай" тушаалын нэгдүгээр хавсралтаар "Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдяилан сэргийлэх, үзлэг шинжилгээнд хамруулах тухай", "Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хууль зүйн яамны "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан"-д 3718 дугаарт бүртгэж нийтээр загаж мөрдүүлэхээр баталгаажсан. Тушаалыг эрх бүхий албан тушаалтны тайлбарт хавсаргав.
Өмнөх буюу 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нийтийг хамарсан баяр ёслолын үеийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар "Ц" ХХК-ийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийхэд анхан шатын бүртгэл хөтлөлтийг хөтөлж хэвшээгүй, ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй зөрчил, дутагдал илэрч байсанд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10-29-02/141/34 дүгээр хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллаж байсан. Хугацаатай өгсөн үүрэг чиглэлийг эх хувиар нь эрх бүхий албан тушаалтны тайлбарт хавсаргав.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах "Ц" ХХК-ийн /РД:2886405, гэрчилгээний дугаар:1311002052/ ХХК-ийн "Гоё март" минимаркетийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг 2 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар Лувсаннаваан овогтой Аыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр томилгоожуулсан гүйцэтгэх захирал С.Нармандахын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24/04 дүгээр тушаалаар томилгоожуулсан, тухайн "Гоё март" минимаркетын үйл ажиллагааг 100 хувь хариуцаж ажилладаг тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан хүн, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох гэж зааснаар оролцогч "Ц" ХХК-ийн /РД:2886405, гэрчилгээний дугаар: 1311002052/ ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар Лувсаннаваан овогтой А /РД: МH70010671, утас:99827818/-ыг аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоох үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон шийдвэрлэх ЭМГ-073 дугаартай Хялбаршуулсан журмаар ажиллагаанд оролцогч "Ц" ХХК-ийн /РД:2886405, гэрчилгээний дугаар: 1311002052/ ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар Лувсаннаваан овогтой А /РД: МН70010671, утас:99827818/-ыг тогтоож Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон дор дурдсан холбогдогчоос Сүхбаатар сумын 3 дугаар багт байрлах Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн No14 номерын өрөөнд 11 цаг 30 минутад мэдүүлгийг авсан. Мэдүүлгийн явцад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хугацаанд нь бүртгүүлсэн болно. Тайлбарт зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хавсаргав.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх үндэслэл энэ xуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.10, 5.11, 5.12, 5.13, 5.14, 5.15, 5.18, 5.20, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.17, 6.18, 6.20, 6.22, 6.23, 6.26, 6.27 дугаap зүйл, Долдугаар бүлэг, 8.1, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9.7, 10.3, 10.7, 10.15, 10.25 дугаар зүйл, Арван нэгдүгээр бүлэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.8, 12.9, 12.10, 12.11, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.6, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13 дугаар зүйл, Арван тав, Арван зургадугаар бүлэг, 17.1 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй./-д "Ц" ХХК-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх боломжгүй болно.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э миний бие Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад "Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг тул "Ц" ХХК-ийн /РД:2886405, гэрчилгээний дугаар: 1311002052/ ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар Лувсаннаваан овогтой А /РД:МН70010671, утас:99827818/-ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
3.4. Хариуцагч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Ц” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулсан. Нэхэмжлэгч талыг ирэхэд “итгэмжлэл хийлгэж ирээрэй, мөн өөрийн биеийн байцаалт, ажилд томилогдсон тушаалын хамт ирээрэй” гэж хэлсэн. Холбогдогчоос мэдүүлэг авах явцад “та энэ байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн үү” гэж асуухад Л.А “мөн” гэж хэлсэн. Ирэхдээ биеийн байцаалт болон С.Нармандах захирлын томилсон тушаалын хамт ирсэн. Өмнө нь “Ц” ХХК-д 2022 онд шалгалтаар орж, тухайн үед хэрэглэхэд хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн байсан бөгөөд эрүүл мэндийн үзлэг шинжилгээтэй холбоотой асуудал үүссэн байсан учраас Ковидын үеийн дараа аж ахуй нэгжид хүндрэл учруулахгүйн тулд дотоод хяналт хангалтгүй ажилласан гэх байдлаар 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулж ажиллаж байсан. 2023 онд мөн уг зөрчил дахин давтагдсан. 2024 онд мөн шалгалтаар ороход хэрэглэхэд хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан борлуулж байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу өөрийн чиг үүргийн дагуу хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн. Албан шаардлагын хариуг хугацаа хэтрүүлж сар гаруй хугацааны дараа авчирсан ч бид алдаагаа дахин давтахгүй гэж албан шаардлагын хэрэгжилт хангалттай байсан учраас арга хэмжээг тооцож ажиллаагүй. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ гэдэг нь Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуульд зааснаар тухайн иргэн аж ахуй нэгж, байгууллага хүнстэй харьцдаг харьцдаг ажилчдыг заавал 6 сар тутам эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах шаардлагатай гэсэн байдаг. Эрүүл хүн хүнстэй харьцах ёстой. Ямарваа нэгэн нян тээгч хүн хүнстэй харьцсанаар дан бохирдол үүсэж, хоол хүнсээр дамжин хордох асуудал үүсдэг учраас шаардлага тавьдаг. Эрүүл мэндийн сайдын 2012 оны А/147 дугаар тушаалаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээтэй холбоотой журмыг баталсан. Энэ нь хууль зүйн яамны нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн. Энэ нь захиргааны хэм хэмжээний акт буюу нийтээр дагаж мөрдөх акт болно. Тиймээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох хуулийн этгээд нь хууль болон захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлээгүй тохиолдолд зөрчил үйлдсэнд тооцно гэж арга хэмжээг тооцож ажилласан. “Ц” ХХК-д ногдуулсан зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хөнгөрүүлэх, эсхүл шийтгэлээс чөлөөлөх заалтад ороогүй. Тийм учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, холбогдогчоос мэдүүлэг авахдаа “та зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу, нэмж хэлэх зүйл байна уу” гэж асуухад итгэмжлэл хийлгэж ирсэн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.А өөрөө гараар зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, өмнө алдаа гаргаж, бидэнд боломж олгож байсан учраас энэ удаа бид хүлээн зөвшөөрч байна гэж хэлж гарын үсэг зурсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хяналтын прокурорт хянуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалыг хавсаргаж хүргүүлсэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудаас гаргасан тайлбарыг үнэлээд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ бүрэн биелүүлээгүй нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсаар “Ц” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулж, шийтгэлийн хуудсыг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Ад гардуулжээ.
Гомдол гаргагчаас “…Тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.А нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд Л.Аыг хууль ёсны төлөөлөгчөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн эрх үүргийг эдэлж оролцох талаар албан бичгийг компанийн зүгээс эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээгүй байхад Л.Аыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль бус ...” гэж маргадаг.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянан үзэхэд эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс, үйлдэхүйг илрүүлсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Ц” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Аыг тогтоож, холбогдогчийн эрх үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг авч, холбогдогч мэдүүлэг өгөхдөө үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсаар “Ц” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулж, шийтгэлийн хуудсыг Л.Ад гардуулан гарын үсэг зуруулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Тодруулбал, "Ц" ХХК-ийн үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг "Гоё март" хүнсний дэлгүүр нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг 2 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй үйл баримттай талууд маргадаггүй боловч тус зөрчилд хүнд биш хуулийн этгээдэд холбогдуулж хэрэг үүсгэн шалгахдаа холбогдогчийг зөв тодорхойлох нь хуулийн шаардлага болно.
Тухайлбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.2.“хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан.
Хуулийн тус зохицуулалтаас дүгнэхэд эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдэд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эсхүл тухайн этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцуулахаар хуулийн дагуу итгэмжлэл олгосон этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчлийг хянан шийдвэрлэх шаардлагатай байхад эрх бүхий албан тушаалтан нь "Ц" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу хууль ёсны төлөөлөгч болох гүйцэтгэх захирлыг, эсхүл түүний итгэмжлэлээр томилогдсон этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.
Нийтэд нээлттэй мэдээлэл болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov.mn цахим хуудас дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс "Ц" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь С.Нармандах гэх иргэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгч талыг ирэхэд “итгэмжлэл хийлгэж ирээрэй, мөн өөрийн биеийн байцаалт, ажилд томилогдсон тушаалын хамт ирээрэй” гэж хэлсэн. Холбогдогчоос мэдүүлэг авах явцад “та энэ байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн үү” гэж асуухад Л.А “мөн” гэж хэлсэн. Ирэхдээ биеийн байцаалт болон С.Нармандах захирлын томилсон тушаалын хамт ирсэн.” гэж тайлбарладаг ба хэрэгт нотлох баримтаар авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэсэн материалд “Ц” ХХК-ийн захирал С.Нармандахаас Л.Ад олгосон итгэмжлэл авагдаагүй болох нь хариуцагчийн тайлбар, зөрчлийн хэргийн материал зэргээр тогтоогдож байна.
Хэдийгээр Л.А нь эрх бүхий албан тушаалтны “Та "Ц" ХХК-ийг төлөөлөх хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн үү.” гэх асуултад “...мөн...” гэж хариулсан, "Ц" ХХК-ийн захирал С.Нармандахын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24/04 дугаар тушаалаар Л.Аыг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар томилсон байх боловч энэ нь “Ц" ХХК-д холбогдох зөрчлийн хэрэгт тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.А нь холбогдогчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэл болохгүй тул Л.Аыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчийн эрх үүргийг эдлүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.
Эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгүйгээр “Ц” ХХК-д 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Ц” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан “Ц” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Эын “Ц” ХХК-д холбогдох 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0896023 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш таван хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР