| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/02552/И |
| Дугаар | 192/ШШ2025/04563 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/04563
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****************** давхарт оршин байрлах Н ХХК /рд: ************/,
Хариуцагч: ***************** оршин байрлах К ХХК /рд: ******************/,
Нэхэмжлэлийн шаардлага: 23,939,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,
хариуцагчийн өмгөөлөгч О.Б,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 23,939,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Манай байгууллага нь хариуцагч байгууллагатай 2024.08.15-ны өдөр Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр манай байгууллага тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх бөгөөд хариуцагч байгууллага хариу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Манай байгууллага тус гэрээний дагуу Турк улсын Маниса хотоос Улаанбаатар хот хүртэл тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлж, 2024 оон10 дугаар сарын 29-ний өдөр гэрээт ажлыг гүйцэтгэж дууссан бөгөөд гэрээт ажлын гадаад тээвэр 9800 ам.доллар, дотоод тээвэр 1,909,600 төгрөг болсон. Тус өдөр гэрээт ажлын хөлсийг 2024.10.31-ний өдрийн дотор төлүүлэхээр нэхэмжлэх илгээсэн. Бид гадаад тээврийн зардлыг нэхэмжлэх илгээсэн өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцоолоход 33,344,500 төгрөг болж байх бөгөөд хариуцагч байгууллага нь манай байгууллагад нийт 35,254,100 төгрөгийн төлбөр төлбөр үүрэгтэй байна. Манай байгууллагын зүгээс К ХХК-иас төлбөр төлөхийг шаардаж хэд хэдэн удаа мэдэгдэл илгээсэн боловч хариуцагч байгууллага нь төлбөрийг төлөхгүй, 2025.02.04-ний өдөр 294,300 төгрөг, 2025.02.14-ний өдөр 9,000,000 төгрөг, 2025.02.21-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд одоо 15,959,800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.5-т Үйлчлүүлэгч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.4 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид төлнө гэж заасан. Үйлчлүүлэгчийн төлбөр төлөх үүрэг үүссэн өдрийн дараа өдрөөс буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд тооцогдох алдангийн дүн нь 17,423,662.4 төгрөг байна. Үүнийг хуулийн шаардлагад нийцүүлээд мөн хариуцагч талын эрх, ашгийг хүндэтгээд нэхэмжлэлийг хамгийн сүүлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувиар буюу 7,979,900 төгрөг болгон бууруулж нэхэмжилж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нийтдээ 16,345,109.89 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн ба үүнийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь төлбөр төлсөн өдрийн ханшаар бодож төлсөн байна. Тэгээд бид тухайн төлбөрийг нийт нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж үлдэгдэл төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын хооронд тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан. Төлбөрийн асуудлын тухайд талуудын санхүүгийн алба тооцоо нийлж байсан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч 16,345,109.89 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоог нэхэмжлэгч хариуцагчид хүргүүлж байсан. Энэ нь талуудын хооронд тооцоо нийлээд гэрээг дүгнээд явж байгаа агуулга харагдаж байна. Энэ агуулгын дагуу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тооцооны үлдэгдлийг 2 байгууллага тооцоо нийлээд 1,757,565 төгрөг үлдэж байна гээд 2 албан бичиг ирдэг. Тэгээд үлдэгдэл 16,345,109.89 төгрөгийн тооцоо байгаа. Хариуцагчийн зүгээс нийт төлбөрийн үлдэгдлийг 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулсан. Одоо хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, итгэмжлэл /хх 6/, Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 7-9/, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 10/, К ХХК-иас Номин ложистик ХХК-д гаргасан итгэмжлэл /хх 11/, Номин логистик ХХК-ийн нэхэмжлэх /хх 12/, Н ХХК-ийн 25/007 тоот албан бичиг /хх 13-14/, К ХХК-ийн ат-03 тоот албан бичиг /хх 15/, Н ХХК-ийн №02/152 тоот албан бичиг /хх 16/, Н ХХК-ийн К ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 17/, Н ХХК-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 18/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх 33/, Худалдаа хөгжлийн банкны Ханшийн мэдээ /хх 34/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 20/, Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 21/, хариу тайлбар хүргүүлэх тухай /хх 26/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 27, 36/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 23,939,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын 16,345,109.89 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж үлдэгдэл 7,594,590.11 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагчийн зүгээс гэрээний үндсэн үүрэгт 16,345,109.89 төгрөгийг төлсөн. Тиймээс алданги нь үндсэн үүргийг биелэлттэй холбоотой зохицуулалт учраас 7,979,900 төгрөгийг шаардах үндэслэлгүй.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №NL/LM/87 дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээг нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч К ХХК-иуд байгуулжээ. Уг гэрээгээр Н ХХК нь импортын ачаа тээвэрлэлтийг нэг газраас нөгөө газарт хурдан шуурхай, найдвартай хүргэх ажлыг зохион байгуулах, тухайн тээвэрлэлтэд ямар тээвэрлэгч зохицох, ямар замаар тээвэрлэх зэрэг тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, К ХХК нь хариу төлбөрийг төлөх, нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу хамгийн тохиромжтой богино хугацаа зарцуулах тээврийн маршрут, үйлчилгээний үнэ тарифыг тээвэр зуучийн систем ашиглан санал болгох бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр баталгаажуулах, тээвэр зуучийн үйлчилгээний төлбөрийг зуучлагчийн нэхэмжлэхийн дагуу тухайн шилжүүлэх өдрийг Монголбанкны зарласан ханшаар тооцож зуучлагчийн Хаан банк дахь 5173191499 тоот дансанд шилжүүлснээр төлбөр баталгаажих, хариуцагч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байна.
Зохигчид 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №NL/LM/87 дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан эсэх талаар маргаагүй, зохигчид гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн эсэх талаар маргасан.
Талуудын дээрх гэрээний тохиролцооноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Тодруулбал, нэхэмжлэгч нь импортын ачааг нэг газраас нөгөө газарт тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.
Тээвэрлэлтийн гэрээ нь нийтлэг журмын дагуу тодорхой хэлбэргүйгээр байгуулагдана. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасан дагалдах бичиг нь тээвэрлэлтийн гэрээ байгуулагдахад тавигдах угтвар нөхцөл биш бөгөөд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-т дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж заасан.
Иймд 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №NL/LM/87 дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Хавтаст хэргийн 18 дугаар талд Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 гэх баримт авагдсан бөгөөд уг баримтаас үзвэл, дотоод тээвэр эцсийн үлдэгдэл 1,757,565.58 төгрөг, гадаад тээвэр 4,311.19 ам.доллар тооцоолол гаргасан нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч О.Б-, хариуцагч байгууллагын нягтлан бодогч С.М- гэж бичээд гарын үсэг зурж, Н ХХК болон К ХХК-ийн санхүү гэсэн тамга дарсан байна.
Мөн хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан баримтаас үзвэл, хариуцагчийн нийт үлдэгдэл 16,345,109.89 төгрөг гэжээ.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 баримтаар хариуцагч К ХХК-ийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №NL/LM/87 дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлбөрт 16,345,109.89 төгрөг төлөх үүргийг хүлээсэн гэж үзнэ.
Хариуцагч талаас гаргаж өгсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр К ХХК-иас 16,345,109.89 төгрөгийг Н ХХК-д төлсөн байна.
4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт 16,345,109.89 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн боловч алданги төлбөрийн үлдэгдэл 7,594,590.11 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
Иргэний хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн хуулийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Зохигчийн хооронд 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №NL/LM/87 дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.5-т “Үйлчлүүлэгч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид төлнө” гэж заасан байна.
Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг акцессор шинжтэй. Үндсэн үүрэг хүчингүй болсон эсхүл дуусгавар болсон бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно.
Нэхэмжлэгч Н ХХК нь гэрээний 4.5-т заасан алдангийн тохиролцоог үндэслэн хариуцагч К ХХК-аас алданги 7,594,590.11 төгрөгийг шаардсан бөгөөд гэрээний уг нэмэлт үүргийг шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,648.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ХХК-д холбогдох 7,594,590.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,648.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН