| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2202 00132 0196 |
| Дугаар | 2024/ДШМ/148 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | М.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/148
2024 01 25 2024/ДШМ/148
Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2202 00132 0196 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
00000 Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.У-с “урьд амьдарч байсан хүн ирээд агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримт цуглуулан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа гэрч Т.У-с 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, гарын үсгийг хуурамчаар зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн буруутайд тооцож, Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлэх болохыг сануулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ урьд өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар явуулсан урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэсэн боловч хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарыг дуудаж оролцуулаагүй, гэм буруугийн хуралдаанд гэрч нарыг оролцуулах зайлшгүй шаардагатай талаар өмгөөлөгч болон улсын яллагч нарын хууль ёсны хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй, шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хэрэгт ач холбоогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрч Т.У болон Т нарыг оролцуулаагүй, шүүхийн шийтгэх тогтоолд дээрх гэрч нарыг оролцуулаагүй талаараа үндэслэлээ бичээгүй.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт буюу хяналтын камерын бичлэгийг хураан авах ажиллагааг 5 сарын хугацаанд явуулаагүй мөрдөгчийн мөрдөх ажиллагаанд дүгнэлт хийгээгүй буюу шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх цор ганц нотлох баримтыг байхгүй болгосон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нотлох баримт гарган авах ажиллагааг явуулаагүй мөрдөгчийн үйл ажиллагааг шалгаж шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдол, хүсэлтийг хэрэгт хяналт тавьж байсан прокурор хангаж шийдвэрлэсний дагуу мөрдөх байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.
Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Бд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдалд нь тохирсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.У-с “урьд амьдарч байсан хүн ирээд агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Т.У-с 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, гарын үсгийг нь хуурамчаар зурсан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь :
- гэрч Т.У-с өгсөн“... 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрт Д.Э агсам согтуу тавиад, амгалан тайван байдал алдагдуулахаар нь манай асрагч охин У миний утсаар цагдаад өгсөн. Тэр үед Э гэрээс гараад зугтсан. Цагдаа дуудлагын дагуу ирээд манай гэрт надаас болсон асуудлын талаар тайлбар, мэдүүлэг аваад аюулын зэргийн үнэлгээ хийсэн. Би дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчид 3 хуудас тайлбар бичиж өгсөн. Тэр асуудлыг цагдаа үргэлжлүүлэн шалгаагүй, надад хариу өгөөгүй. Сүүлд Э надад хэлэхдээ Хан-Уул дүүрэгт өгсөн гомдлыг чин би найз Б-тэй яриад хаалгасан, өрөөнд нь 7 сая төгрөгийн засвар хийж, тавилга авч өгсөн гэж хэлж байсан...” /1хх-6-7/,
“... 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа М.Х нь тайлбар мэдүүлэг авахдаа надад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн шалгаж шийдвэрлэсэн “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материал”, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн “Зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай” материалуудыг үзүүлж дээрх материалд зурагдсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү гэж үзүүлсэн. Тэгээд би дээрх 2 материалд авагдсан гарын үсгийг харахад миний гарын үсэг биш байсан дээр миний өгсөн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн буюу үйл баримтыг өөрөөр тэмдэглэн гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Мөн дээр нь намайг 50.000 төгрөгөөр торгосон торгуулийн баримт үйлдсэн байсан. Би ямар нэг торгуулийн арга хэмжээ цагдаагийн байгууллагаас авахуулаагүй бөгөөд түүн дээрх гарын үсгийг мөн хуурамчаар зурсан байсан. Би тэгээд үнэндээ гайхаж байна, намайг гэмт хэрэгтэн болгоод бүх баримт бичгийг хуурамчаар үйлдээд байж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Дээрх гарын үсэглэлүүд нь бүгд миний гарын үсэг биш байна... Дээрх материалын 2 дугаар хуудасны нүүр болон ар талын нүүрэнд зурагдсан гарын үсэглэл нь миний гарын үсэг мөн байна. Харин 4 болон 5 дугаар хуудаст зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна... 4 болон 5 дугаар хуудсан дахь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хохирогчоос авсан мэдүүлэг нь биш буюу би 2 дахь удаагаа мэдүүлэг өгөөгүй болно. Энэ нь бүхэлдээ хуурамчаар үйлдсэн мэдүүлэг байна мөн миний Хан-Уул дүүрэгт бичиж өгсөн 5 хуудас гомдол өргөдөл алга болсон байна...” /1хх-49-50, 10-11/,
- “... Би Хан-Уул дүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс дээр мэдүүлэг өгөхөөр нэг ч удаа очиж байгаагүй. Би утсаар хэнтэй ч яриагүй ... Харин сүүлд намайг Цагдаагийн Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсээс ажилтан дуудаж миний Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээллийг шийдвэрлэхдээ хууль бусаар миний гарын үсгийг дуурайлган зурж хааж шийдвэрлэсэн гэдгийг мэдсэн юм. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын ямар ажилтан миний гомдлыг шалгасан талаар ч мэдээгүй. Би гарын үсэг болон бичиглэлээ баруун гараараа бичдэг. Шүүхийн шинжилгээний байгууллагад гаргаж өгсөн чөлөөт болон туршилтын загварууд бол бүгд баруун гараар бичсэн гарын үсэг болон бичиглэл байгаа юм. Би зүүн гараараа бичиж чаддаггүй...” /3хх-27/,
- гэрч Б.У-ийн “... 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр санагдаж байна... Э ах байсан бөгөөд гэрт орох гээд байх шиг байсан, Т.У эгч хаалгаа тайлаад цаанаа мөн Э ахтай мөн л яриад байсан тэгснээ гэнэт над руу хандаж хүүе ээ цагдаа дуудаарай гэхээр нь би 102 дугаар руу залгаад дуудлага өгсөн юм... Намайг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн зөрчлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б гэж хүн дуудаж мэдүүлэг аваагүй. Би 10-ны өдөр болон өөр өдрүүдэд Т.Уранболор эгчийн хамтаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр очиж байгаагүй...” гэх мэдүүлэг /3хх-23/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Б-ийн “З-1412” дугаартай гомдлыг шалгаж, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн материал /1хх-37-47/,
- шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гомдол мэдээллийн З-1412 дугаарт бүртгэгдсэн Зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай 10 хуудас бүхий материалын: -2 дугаар хуудасны нүүрэн болон ар талд “Т” гэсний урд зурсан шилжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.У гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. -4-5 дугаар хуудсан дахь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Хохирогчоос дахин авсан мэдүүлгийн тэмдэглэл”-ийн “Хохирогч” гэсэн хэсэгт “Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т-ийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.” /1хх-70-78/,
- бичиг судлалын адилтгалын шинжилгээ хийж, зураг №55-60-г зураг №61-78-тай, зураг №28-31-ийг зураг №32-54-тэй харьцуулсан үзүүлэлт /1хх-82-88/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нэвтэрсэн иргэдийн бүртгэлийн хуулбар /2хх-245-250, 3хх-1-6/,
- гэрч Э.Б“... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 29 минутад Б гэх иргэн цагдаагийн ахмад Бтэй уулзсан талаарх тэмдэглэл хөтөлсөн байна гэхдээ миний бичиглэл биш байна. Зарим тохиолдолд албан хаагч нар өөрсдөө авч орж байгаа иргэдээ бүртгээд оруулдаг. Энэ хүний хувьд ахмад Б бүртгэсэн байх магадлалтай. Бүртгэлээс харахад тухайн өдөр өөр иргэн ирж уулзаагүй байна...” /3хх-21/,
- гэрч Б.Б “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ахлах байцаагч цагдаагийн ахмад Бтэй уулзаж болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхөд уг байцаагч өрөөндөө ганцаараа байсан санагдаж байна. Мэдүүлэг ойролцоогоор 20-30 минут үргэлжилсэн байх ... Би мэдүүлгээ өгөөд гараад явсан, надтай зөрж хүн ороогүй санагдаж байна...” гэх мэдүүлэг /3хх-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинж хангагдсан байна.
Шинжээч нь “2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Хохирогчоос дахин авсан мэдүүлгийн тэмдэглэл”-ийн “Хохирогч” гэсэн хэсэгт “Т” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд хуурамч болох талаар дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль, холбогдох журамд заасан үндэслэл, шалгуурт тулгуурласан байх тул шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэн няцаах үндэслэлгүй.
Т.Уранболорын гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн дүгнэлт дэх баримт, сэлт мэдээллээр нэгэн зэрэг нотлогдсон, зөрүүтэй нөхцөл байдал үүсээгүй байх тул Т болон холбогдох гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж батлагдсан гэж үзнэ.
Б.Т нь Бд холбогдох тухайн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн биш болох нь түүний гэрчээр өгсөн ... Би Бтэй хамт ажилладаг ... Т.Уранболорыг мэдэхгүй ... 2012.03.08-ны өдөр ажлаа хийж байхад хар өнгийн алчуур зүүсэн эмэгтэй орж Б ахмадтай уулзаж, таагүй харилцаа үүсгээд гарч байсан санагдаж байна ... Уранболор гэж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-227/, мөн тус хэрэгт цугларсан Т.Уранболорын гомдол, гэрчээр өгсөн тайлбар, мэдүүлгүүд /1хх-5-8, 9-10, 14-18, 23-24, 49-50, 3хх-27/, гэрч Б.Уудамцэцэгийн мэдүүлэг /1хх-28-30, 52-53, 3хх-23/ зэрэг эх сурвалжаас илэрхий байна.
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б нь “З-1412” дугаартай гомдлыг шалгаж, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тийм учраас шүүгдэгч Бэс өөр этгээд “У-с 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг авсан мэт хуурамч тэмдэглэл, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан баримт” үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь тухай бүр танилцуулсан байх ба түүнээс мэдүүлэг авахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг тулган шаардах, албадах зэргээр түүний эрхийг ноцтой зөрчөөгүй байна.
Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд 2021.03.06-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд нэвтэрсэн иргэдийн бүртгэл цаасан хэлбэрээр тус хэрэгт бэхжигдсэн, харин хяналтын камерын бичлэг зохих цаг хугацаа өнгөрснөөр устсан тухай албан баримт байх тул /2хх-244-250, 3хх-1-6/ тус камерын бичлэгийг дахиж гаргуулахыг шаардах боломжгүйгээс гадна шүүгдэгч Б өмнө нь тус хэрэгт гэрчээр, яллагдагчаар байцаалт өгөх /1хх-61-62, 2хх-20, 234, 3хх-28/ болон хэргийн материалтай танилцах хүртэлх хугацааны явцад камерын бичлэгийн баримтыг гаргах, гаргуулах тухай асуудлыг хөндөж байгаагүйг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх хуралдаанд “гэрч Б.Т-ийг оролцуулах” тухай шүүгдэгчийн өмгөөлөгч, “гэрч Т.У-ыг оролцуулах” тухай прокурор нараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас шүүх бүрэлдэхүүн татгалзсан нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн эсхүл хэргийн бодит байдлыг тогтооход ноцтой нөлөөлсөн гэх үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-ийн гаргасан “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа “Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдээс гарахыг хориглох” байдлаар тухайн ялын бүсчлэлийг үндэслэлгүйгээр өргөн хүрээгээр тогтоосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, зарчим, шаардлагад нийцээгүй бөгөөд тухайн ялын зорилго, агуулгыг алдагдуулсан байх тул шүүгдэгчийн оршин суудаг гэх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Г.Б-ийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг өөрийн оршин суух “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ийн гаргасан “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР