| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0075/З |
| Дугаар | 159/ШШ2025/0068 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 159/ШШ2025/0068
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01/127 тоот албан бичгийг үндэслэн 2025 оны 5 дугаар 31-ний өдөр гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Энхбилэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Тус компанийн танай шүүхэд 2025 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 98 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг дарга Н.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр буцааж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01/127 тоот албан бичгийг үндэслэн 2025 оны 5 дугаар 31-ний өдөр гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа талаар хүсэлтээ бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01/127 тоот албан бичгийг үндэслэн 2025 оны 5 дугаар 31-ний өдөр гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР