2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01746

 

 

 

 

     2025             03                  10                                                192/ШШ2025/0*******46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, Бага тойруу, “Пиэрл тауэр” А корпус, *******, ******* тоот хаягт байрлах “Тэлмэнхас ББСБ” ХХК (РД:5194202)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, *******, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:ИЮ92072916)-нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 78,083,333.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,083,333.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2021 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 12/*******-02 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч Н.*******д 40,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, хавсралтаар барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 706 байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

1.2.Зээлдэгч нь сар бүр 2,244,714.01 төгрөг төлөх үүрэгтэй боловч уг үүргээ зөрчиж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 4,150,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 33,823,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,260,000 төгрөг, нийт 78,083,333.33 төгрөг төлөх үүрэгтэй.

1.3.Хариуцагч нь сайн дураар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэв.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэмэгдүүлсэн үнийн дүнгийн хувд тооцоолол байхгүй, тойм дүнгээр нэмэгдүүлчихсэн байгаа. Тэгэхээр би энэ нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, яаж тооцоолсныг нь ойлгохгүй байгаа юм.

2.2.Нэхэмжлэгч талаас зээл олгоход нь би анзааралгүйгээр хамтран эзэмшигч итгэмжлэл аваад итгэмжлэлийн дагуу гарын үсэг зурсан байдаг. Гарын үсэг зурснаар тухайн үедээ нь жилийн гэрээтэй гэж ойлгоод өнгөрчихсөн. Яагаад гэвэл итгэмжлэлийн хугацаа нь нэг жил байхад зээлийн гэрээг хоёр жил байх боломжгүй. Зээлийн гэрээ хоёр жил боллоо гэж бодоход итгэмжлэлийн сүүлийн нэг жил дуусахад дараагийн нэг жилийн хугацааг сунгах юм уу, шаардах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч байгууллага өөрөө гэрээгээ зөрччихсөн, дахиж нэмэлтээр итгэмжлэл яагаад аваагүй юм бэ.

2.3.Өнөөдрийг хүртэл миний хувийн шалтгаанаас болоод орлогын үүсвэр саатсан байгаа учраас би 54 сая төгрөг байдаг юм уу, хэдэн төгрөг байдаг юм, тэр мөнгөн дүнг нь хүлээн зөвшөөрч байна, амлалт өгсөн учраас. 40,000,000 төгрөг авсан бол 54,000,000 төгрөг болох нь гэрээний үндсэн хүүгийн дагуу байх ёстой байх. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “Тэлмэнхас ББСБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 12/*******-02 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн барьцааны гэрээ, барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000727884 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь “Тэлмэнхас ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 5111601411 дугаар дансны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулга, хүү тооцооллын хүснэгт, Н.*******д 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, *******, ******* тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, зээлийн болон барьцааны гэрээ хийх, зээлийн гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох баримт бичиг хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах, барьцааны үүргийг дуусгавар болгох эрх олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн тухай нэхэмжлэл, хүү тооцооллын хүснэгт,

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн даалгаврын дагуу гүйцэтгэсэн ажиллагааны баримтыг тус шүүхээс ирүүлснийг хэрэгт хавсаргасан.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Тэлмэнхас ББСБ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” гэх баримт нь хуулбар хувь байх тул үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,083,333.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 12/*******-02 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч Н.*******д 40,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, хавсралтаар барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 706 байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх үүргээ зөрчиж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 33,823,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,260,000 төгрөг, нийт 78,083,333.33 төгрөг гаргуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэмэгдүүлсэн шаардлагын үнийн дүнгийн хувд тооцоолол байхгүй, тойм дүнгээр нэмэгдүүлчихсэн байгаа учраас зөвшөөрөхгүй, мөн хамтран өмчлөгч 1 жилийн хугацаатай итгэмжлэл авч гэрээ байгуулсан байхад 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан нь боломжгүй. Миний хувийн шалтгаанаас болоод орлогын үүсвэр саатсан шалтгаанаар амлалт өгсөн учраас анх нэхэмжилсэн 54 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 12/*******-02 дугаартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

4.2.Дээрх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч компаниас 40,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

4.3.Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн буюу 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. (хавтаст хэргийн 27, 37, 41, 63, 67 дахь тал)

4.4.Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 706 байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь , Н.******* нар байна. (хавтаст хэргийн 10 дахь тал)

4.5.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 706 байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

4.6.Дээр дурдсан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 706 байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалах эрхийг хамтран өмчлөгч Н.*******д 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай олгосон. (хавтаст хэргийн 33 дахь тал)

 

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээний дагуу хүлээсэн үүргээ зээлдэгч тал биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ мөн байгуулагджээ.

 

6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээгээр тогтоосон хугацаанд нь үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагч нь энэ үүргээ зөрчиж, гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүү төлөх хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

7.Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэлийн шаардлагын 54,866,475.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй...” гэж тайлбарлаж байгаатай холбоотойгоор шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг тайлбарлах шаардлагатай.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах бус гэрээг цуцлах эрхтэй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан авч, гэрээг цуцлах өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчид буцаан өгөх нь нэхэмлэгчийн хувьд шударга бус юм.

 

Иймд гэрээ цуцлагдсан өдрийг хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч, цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхгүй дуусгавар болгож буй агуулгатай тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэж, уг өдрөөс хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаагаар хязгаарлагдана гэж үзэх нь зүйтэй буюу нэгэнт гэрээ цуцлагдчихсан байхад хэтэрсэн хугацааны хүүг ямар эх сурвалж, баримтад үндэслэж ямар хувь хэмжээгээр тооцох нь тодорхойгүй болох юм.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд өөрийн татгалзал, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзэх нь зүйтэй.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

9.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “…хамтран өмчлөгчөөс 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байхад 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан нь боломжгүй…” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хамтран өмчлөгч М.******* зүгээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 706 байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалах эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай олгосныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад барьцаалах эрхтэй гэж ойлгох буюу барьцааны гэрээ нь итгэмжлэлд заасан хугацаагаар хязгаарлагдана гэж ойлгохгүй юм.

 

Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ба хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.*******өөс үндсэн зээлийн төлбөр 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,671,740.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 194,735.03 төгрөг, нийт 54,866,475.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 23.216.857.41 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 933,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 502,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.*******өөс 54,866,475.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэлмэнхас ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 23,216,857.41 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, , Н.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 706 байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Тэлмэнхас ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 933,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******өөс 502,482 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэлмэнхас ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД