| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0177/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 186
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708011250032 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Мнь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 5 дугаар гудамжны 95а тоот хашаанд дотор иргэн Ж.Отай “...хүүхэд чинь машин зурлаа...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газар луу нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, Б.Мнь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 5 дугаар гудамжны 95а тоот хашаанд дотор иргэн Ж.Отай маргалдаж, түүний толгой, нүүрэн тус газар луу нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 23-25х/
Хохирогч Ж.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд би хүү Болд-Эрдэнийн хамт гэртээ байж байтал манай хашаан дотор хүүгийн найз зүс таних Энхүүнээгийн ээж манай хөрш Мөнхцэцэгтэй маргалдаад байсан. Тухайн үед сонсож байхад Мөнхцэцэгийн нөхрийн машиныг тэдний хүүхэд зурчихсан гэж уурлаад бухимдаад байх шиг байсан. Удалгүй Б.М“Болд-Эрдэнээ гараад ир” гээд дуудаад байсан. Тэгтэл тэдний хүү Ананд 6 настай хүү нь “Болд-Эрдэнээ чамайг ээж дуудаад байна” гэхээр нь би гэрээсээ гараад Мөнхцэцэгт хандаж “манай хүүхдээр яах гэж байгаа юм бэ” гэсэн. Тэгээд Мөнхцэцэг бид хоёр муудалцаж, хэрэлдэж байгаад нэг мэдэхэд Мөнхцэцэг намайг 1 удаа гараараа түлхсэн. Тэгэхэд нь би уначихсан юм. Тэгээд уурандаа босоод ирсэн чинь намайг заамдаж аваад машин руу шахаад миний цавь хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Намайг заамдаж, хоолой боогоод байсан. Тэгтэл Энхүүнээгийн ээж бид хоёрыг салгасан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл үгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 78х/
Гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд манай гудамжны Мөнхцэцэг манай хүүхдүүдийг машин сэвтүүлсэн гээд загнаж байсныг манай хүү Мөнхтулга хэлсэн. ...Ж.О гарч ирээд Мөнхцэцэгтэй хэрэлдсэн. Тэгтэл Мөнхцэцэг нь Отгондаваагийн нүүр лүү гараараа цохьтол Отгондаваа газар унасан. ...Отгондавааг Мөнхцэцэг 2-3 удаа цохиж байсан. Хоолойг нь боосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10449 дүгнэлтэд: “...Ж.Огийн биед баруун чихний дэлбэнд шарх, хүзүү, цээж, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 39х/
Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь олон удаагийн цохих, цохигдох, өшиглөх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир, үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлийг ойлгож болно. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85х/
Хохирогч Ж.Огийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-19х/
Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 сарын 14-ний өдөр ...манай нөхрийн 12-70 УНД улсын дугаартай Ниссан Блүбөрд тээврийн хэрэгслийн гадаргууд зурчихсан байсан. Жаахан хүүхдүүд зурсан юм шиг байсан. Бобооноо буюу Болд-Эрдэнээс “манай хашаанд хэн орж ирж тоглосон юм бэ” гэж асуухад надад “ойр хавийн хашааны хүүхдүүд тоглосон” гэж хэлсэн. Тэгтэл Отгондаваа гэрээсээ гарч ирээд “чи яахаараа хүүхдээс асуудаг юм, манай хүүхдийг гүжирдлээ” гээд хэрүүл маргаан эхлүүлсэн. ...Ж.О миний нүүр лүү цохиод авсан. Миний үснээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь би Отгондаваагийн бие рүү нь дайрсан. Миний үснээс зулгаагаад байхаар нь би цээж рүү нь түлхсэн. Тухайн үед бухимдчихсан байсан учраас ямар үйлдэл хийснээ сайн санайхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Мнь хохирогч Ж.Огийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №10449 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Б.Мөнхцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Б.Мөнхцэцэгийн хувийн байдлын талаар:
Гэрч Л.Дашдондовын мэдүүлэг /хх-ийн 79-80х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43х/
Хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 90-91х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ж.О нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 28-29, 78х/
Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол, саналгүй гэх тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Оногдуулсан ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч Б.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг онгдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт “би нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлэх боломжгүй, учир нь 3-11 насны 4 хүүхэдтэй, надаас өөр хүүхдүүдийг минь харах хүн байхгүй, торгуулын ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзлээ.
Учир нь; түүний 3-11 насны хүүхэдтэй гэдгийг нотолсон төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 90-91х/ хавтаст хэрэгт авагдсан байх тул түүний хувийн байдал, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ ухамсарлаж буй байдал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мөнхцэцэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ооногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Б.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ