Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Г*******

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад

Маргааны төрөл: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Н.Г*******ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай *******, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай ******* дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Нямдорж овогтой Г******* миний бие 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилогдон Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажиллаж байсан. Гэвч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаал гаргасан бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу хянан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан боловч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох мэдээлэл ирүүлэхгүй байгаа тул хянан шалгаж шийдвэрлэх боломжгүй учир Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай албан бичиг ирүүлсэн.

Дээрх албан бичгээс үзэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу баримт материал гаргаж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж цаг хугацаа хожих, өөрсдийн гаргасан буруу шийдвэрээ нууж байгаа нь илт байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.О******* томилогдсоноос хойш тус яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Б, Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Б, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Д нар нь ажлаас халагдах өргөдлөө өг, Ардчилсан намаас санал болгосон хүнийг томилно, нам солигдохоор угаасаа л өөрсдийн хүнээ тавьдаг, өргөдлөө өгөхгүй бол дотоод хяналт шалгалт оруулна, ямар нэгэн дутагдал гарч л таарна гэх мэтээр байнга шахалт үзүүлж байсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус яамны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Б, тус газрын шинжээч Ж.С, ахлах мэргэжилтэн Ж.Д нарын бүрэлдэхүүнтэй бүлэг хамгаалалтын захиргаанд ирж хяналт, шалгалт хийсэн. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан Сонсох ажиллагааны мэдэгдэл-д ...Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны , дугаартай албан шаардлага болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах болсон талаар надад мэдэгдэл ирүүлсэн.

Хяналт, үнэлгээ, аудитын газрын даргаар ахлуулсан бүлгийн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан танилцуулгыг үндэслэн арга хэмжээ авч байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаагаас гадна 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутад сонсох ажиллагааны мэдэгдлийг хувийн цахим шуудангийн хаягаар ирүүлсэн боловч 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:30 цагт өнөөдөр 15 цан 00 минутад ажил хүлээлцэнэ бэлтгэл ажлыг хангаарай гэж яамны хүний нөөцийн мэргэжилтэн утсаар ярьж байгаа нь хуульд заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангах заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний зүгээс тус мэдэгдэлд дурдагдсан зөрчлийг гаргаагүй тул энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч хариу тайлбарыг хүргүүлсэн боловч хүлээн авч хянаж шалгалгүй ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргасан.

Үндэсний аудитын газрын албан шаардлагад дурдсан зүйлийн тухайд Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 845/А0170467 дугаар албан шаардлагын талаар: Дээрх албан шаардлагад ...Тайлант онд нэр бүхий 14 хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, төсвийг үрэлгэн зарцуулсан" талаар дурдсан. Гэтэл энэхүү үрэлгэн зарцуулсан гэх төсөв нь манай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны төсөв биш бөгөөд энэхүү зардал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгө зарцуулах гэрээ байгуулах тухай дугаар тушаалын дагуу манай байгууллага руу яамнаас шилжүүлж, Монголд зочлох жил 2023 төлөвлөгөөт ажлын хүрээнд Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр яамны хянаж зөвшөөрсөн байгууллагууд руу гэрээнд заасан төлбөрийг шилжүүлж ажилласан.

Товчхондоо, үрэлгэн зарцуулсан гэх дээрх 68,770,000 төгрөг нь манай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны төсөв биш буюу манай байгууллагаас нэг ч төгрөгийн зардал гараагүй. Нөгөөтэйгүүр дээд шатны захиргааны байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гарсан холбогдох тушаал, шийдвэрийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа бөгөөд төсвийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан зүйл байхгүй. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс дээрх байдлаар зөрчил гаргаагүй боловч Үндэсний аудитын газарт холбогдох тайлбарыг хүргүүлж, албан шаардлагын биелэлтийн талаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр тайлагнасан.

Үндэсний аудитын газрын 2024 оны 04-р сарын 15-ны өдрийн 845/А0170467 дугаар албан шаардлагын талаар дээрх албан шаардлагад ...тайлант онд албан хэрэгцээнд 9,179,800 төгрөгийн компьютер, принтерийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй, бусад этгээдээс худалдан авсан талаар дурдсан. Тухайн үед Газрын бүртгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд өндөр хүчин чадалтай компьютер, принтер шаардлагатай талаар хүсэлт гаргасан бөгөөд тус мэргэжилтэн нь газрын харилцаатай холбоотой бүх мэдээллийг Ланд менежер программ ашиглаж ажилладаг бөгөөд энэхүү ажилд өндөр хүчин чадал бүхий компьютер, принтер шаардлагатай байсан. Мөн манай байгууллагын өмч хамгаалах зөвлөл 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан бөгөөд ашиглаж байгаа компьютерууд нь шаардлага хангахгүй учир яаралтай хүчин чадал сайн компьютер авах талаар шийдвэр гаргаж танилцуулж байсан. Мөн ажил явуулах шаардлага хангахгүй болсон 4 ширхэг суурин, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг принтер актлуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал хүргүүлж шийдвэрлүүлсэн. Улмаар төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс дээрх компьютер, принтерийг хайж үзсэн боловч шаардлага хангасан хүчин чадалтай техник, хэрэгсэл байгаагүй. Иймд байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангах, иргэн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор компьютерын төрөлжсөн дэлгүүрүүдээс харьцуулсан судалгааг гаргаж, хамгийн бага үнийн дүн санал болгосон дэлгүүрээс худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно гэж заасан бөгөөд энэхүү эрх зүйн зохицуулалтын дагуу нэн даруй шаардлагатай байсан тоног, төхөөрөмжийг худалдан авсан тул энэхүү худалдан авалт нь хууль зөрчөөгүй болно.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс дээрх байдлаар зөрчил гаргаагүй боловч Үндэсний аудитын газарт холбогдох тайлбарыг хүргүүлж, албан шаардлагын биелэлтийн талаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр тайлагнасан.

Дээрхээс үзвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г******* миний бие Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийг зөрчөөгүй болно.

Дотоод хяналт, шалгалтын талаар тус яамны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Б, тус газрын шинжээч Ж.С, ахлах мэргэжилтэн Ж.Д нарын бүрэлдэхүүн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамгаалалтын захиргаанд ирж хяналт, шалгалт хийсэн. Улмаар хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил хэмээн ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д зааснаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь "тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх", 37.2.1 дэх заалтад "тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө-ийг газар ашиглах гэрээнд тусгана гэсэн зохицуулалттай байхад Богдхан ДЦГ-ын хамгаалалтын захиргаа нь тодорхой хууль зүйн үндэслэлгүйгээр газрын гэрээ байгуулсан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1.0 сая төгрөгийг жил бүр бэлнээр болон кассаар авч зарцуулж байгаа зөрчил илэрсэн." гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардал болох 1.0 сая төгрөгийг Газар ашиглах гэрээ-нд заасны дагуу хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэн зарцуулдаг үйлдэл нь 2008 оноос хойш байсан асуудал бөгөөд үүнийг үе үеийн яамны удирдлагууд мэддэг байсан. Мөн энэхүү асуудлаар Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газруудаас 2017, 2019, 2023 онуудад хяналт, шалгалт явуулсан байдаг. Тухайлбал 2017 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх хэлтсээс Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны байранд нэгжлэг явуулж, газар ашиглагч иргэн, хуулийн этгээдээс бэлнээр төвлөрүүлсэн байсан 10,780,000 төгрөгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Улмаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас жил бүр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ-ний дагуу газар ашиглагч хуулийн этгээдээс газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн 1.0 сая төгрөг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж Эрүүгийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Мөн хураан авсан 10,780,000 төгрөгийг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны харилцах дансанд буцаан шилжүүлсэн байдаг. Иймээс Богдхан уулын ДЦГ-т газар ашиглаж буй хуулийн этгээдээс 1.0 сая төгрөгийг төвлөрүүлж, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтын үр дүн, шийдвэрээр тогтоогдож байна.

Тэрчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана гэж, мөн хэсгийн 37.2.1 заалтад тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө гэж заасан буюу тухайн тусгай хамгаалалттай газрыг ашиглах явцад хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх зардлыг газар ашиглах тухай гэрээнд заавал тусгахаар зохицуулсан байдаг. Ийнхүү хуульд заасан гэрээнд заавал оруулах нөхцөлийг хамгаалалтын захиргааны зүгээс гэрээнд тусгаж, тус төлбөрийг газар ашиглагч хуулийн этгээдээс төвлөрүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээх үүргийг хэрэгжүүлсэн, төвлөрүүлсэн хөрөнгийг хэрхэн зарцуулсан тайлан тооцоог тухай бүр нь гаргаж, баримт бүрдүүлж байсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл биш юм.

Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайландаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардах хөрөнгө зардлыг тооцон гаргадаг бөгөөд үнийн дүн нь харилцан адилгүй (таван зуун мянгаас хорин сая хүртэл) тогтоож, зарцуулалтыг тайлагнадаггүй тохиолдол нийтлэг гардаг тул Хамгаалалтын захиргаанаас жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг төвлөрүүлэн байгаль хамгаалал, нөхөн сэргээх, биотехникийн арга хэмжээ, усны эх булаг шанд хамгаалах, аяллын замын тэмдэг тэмдэглэгээ, хамгаалалтын хашаа, зогоон татах, судалгаа шинжилгээ гэх мэт ажилд зарцуулдаг болно.

Мөн Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа болон газар ашиглагч хуулийн этгээдийн хооронд байгуулах Газар ашиглах гэрээ бүрийг төрийн захиргааны төв байгууллагаар буюу яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хянуулж, тус газрын даргаар батлуулдаг бөгөөд яам зөвшөөрч Газар ашиглах гэрээ-г баталж байгаа нь гэрээний нэг тал болж гэрээг зөвшөөрч байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл яамнаас зөвшөөрөл авч гэрээг байгуулдаг. Яам зөвшөөрөөгүй буюу батлаагүй тохиолдолд тус гэрээ нь хүчин төгөлдөр үйлчлэхгүй юм.

Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны ******* дүгээр тушаалын талаар Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 8.1.3-т захирамжлалын болон зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичгийг эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн дардсаар баталгаажуулахыг хориглосон байхад захирамжлалын баримт бичиг болох тушаалд дардас хэрэглэж баталгаажуулсан нь хууль тогтоомжид нийцээгүй.

Мөн тушаалын үндэслэл хэсэгт Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Авлигын эсрэг хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-т Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бусад төрийн байгууллага, албан тушаалтны авлига, албан тушаалын зөрчилтэй үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хяналт тавихаар хуульчилсан бөгөөд Авлигын эсрэг хуульд хяналт тавих байгууллага нь зөвхөн Авлигатай тэмцэх газар юм. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар хариуцлага тооцохын тулд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоохоор хуульчилсан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн бол яг ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, албан тушаалын байдал, албаны эрх мэдэл, урвуулан ашиглах, хэтрүүлэх гэдэг нь ялгаатай ойлголт байдаг. Яг аль нь вэ гэдгийг хэрхэн тогтоосон, Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоох ёстой байтал дотоод хяналт шалгалтаар тогтоож, түүнийгээ тушаалын үндэслэл болгож байгаа нь уг тушаал өөрөө хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан тушаал бууруулах тухай" ******* дүгээр тушаалыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаал, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дүгээр тушаал гарсан.

Иймд гомдлыг хянан шалгаж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Н.Г*******ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаал, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдоод хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал гарч албан тушаал бууруулсан. Үүнийг би эс зөвшөөрөөд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааны дагуу хянан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс холбогдох материал ирүүлэхгүй байгаа тул манайх нэг талыг барьсан шийдвэр гаргахгүй. Шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн утга бүхий бичиг ирсэн. Тэгээд гомдол гаргасан байгаа. С.О******* сайд томилогдсоноос хойш Төрийн нарийн бичгийн дарга н.Б шүүхийн шийдвэрээр томилогдсон. Мөн хяналт үнэлгээ аудитын газрын дарга н.Б, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Д гэсэн ийм 3 хүн байнга ажлаа өг гэж шахалт дарамтад оруулж байсан. Тухайн үед би төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн хуулийн дагуу энэ албан тушаалд жинхлэгдээд ажиллаж байна гэхэд тэр хамаагүй нам өөрчлөгдсөн гэж хэлсэн. Хэрэв ажлаа өгөхгүй бол бид хяналт шалгалт оруулаад ямар нэгэн зөрчил илэрнэ, тэр үед шууд хална. Тэр тохиолдолд зөрчил илэрч ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ахин төрийн байгууллагад ажиллах эрхгүй болно гэж байнга дарамт шахалтад оруулсан. Тэр үед нь би дотоод хяналт шалгалтаа оруул. Шалгуулах шаардлагатай бол шалгуулна гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хяналт үнэлгээ аудитын дарга н.Б тус газрын шинжээч н.С, ахлах мэргэжилтэн н.Д гэсэн бүрэлдэхүүнтэй дотоод хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалт нь иргэн н.Ц гомдол мөн Ээж хайрхан таур гэсэн 2 гомдлоор шалгалт явуулсан. Анх удирдамжаа Хамгаалалтын захиргаанд энэ хоёр гомдлоор шалгаж байна гэж хэлээд холбогдох материалуудыг татаж аваад н.Д болон н.С нар шалгасан. Яамнаас хяналт шалгалт явуулах удирдамжаа явуулаач ээ гэсэн. Тухайн үед явуулсан хяналт шалгалтын удирдамж биш Хяналт шалгалт явуулах удирдамжаа өөрчлөөд явуулсан байсан. Яагаад гэвэл иргэн н.Ц холбоотой гомдол дурдагдаагүй байсан. Хяналт шалгалтын тэмдэглэл дээр удирдамжийн дагуу шалгаад н.Ц холбоотой зөрчил илрээгүй тул н.Ц холбоотой зөрчил илэрсэн, илрээгүй гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй. Үүнээс үзвэл нэг талыг барьж, чиглэсэн шалгалт явуулсан гэдэг нь харагдаж байна. Тухайн үед Ээж хайрхан таур гээд байгаль орчин нөхөн сэргээх зардлыг жилд 1.000.000 төгрөгийг аж ахуй нэгжээс төвлөрүүлэн буцаагаад байгальд нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулсан баримтыг яамны санхүүгийн аудит н.С бүх баримтыг авч явсан. Тухайн үед авч явах үед нь 2008 оноос эхэлсэн байна ядаж 2020 оноос хойш баримтыг бүгдийг нь үз гэж хэлсэн. Тухайн үед үгүй чамайг томилогдсон өдрөөс эхэлнэ гээд 2023, 2024 оны баримтыг л авч явсан. Энэ баримт дээр аж ахуй нэгж байгууллагуудаас ирсэн төвлөрүүлсэн төсвийг буруу, зөв зарцуулаагүй ямар нэгэн өөр зүйлд зарцуулаагүй байна гэж тогтоосон. Хяналт шалгалтын дүгнэлт бол касст бэлэн мөнгө авсан байна энэ үйлдэл буруу мөн мөнгийг өөр дээрээ төвлөрүүлэхгүй тухайн аж ахуй нэгж байгууллагаас байгаль хамгаалах, нөхөн сэргээгдэх үйл ажиллагааг явуулах тал дээр танайх шаардах ёстой гэж хэлсэн. 2024 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагт сонсох ажиллагааны мэдэгдэл гээд майл хаягаар ирсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн н.А сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан байгаа. Хариу тайлбар өгнө үү гэж ярьсан. 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагт хүлээж авчаад байж байхад маргааш өглөө нь 09 цагт тушаал чинь гарсан 15 цагт очиж ажлыг чинь хүлээж авна шүү гэж хэлсэн. Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар гаргах, санал гаргах боломжоор хангах зэргийг хангаагүй гэж үзэж байгаа. Сонсох ажиллагаа явууллаа гээд тайлбар гаргах хугацааг өгөх ёстой байтал 15 цагт хэлсэн байж маргааш өглөө нь өдөр очиж ажлыг чинь хүлээлцэнэ гэж хэлсэн. Би хугацаанд нь хариу тайлбараа өгсөн байсан. Чөлөөлөх гол үндсэн шалтгаан нь Үндэсний аудитын газрын 2 албан шаардлага байгаа. Үүнд 14 хэвлэл мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төсвийг үрэлгэн царцуулсан гэх тайлбартай байсан. Энэ төсөв бол Богдын захиргааны төсөв биш Байгаль орчин аялал жуулчлалын яамны төсөв байсан. Төрийн нарийн бичгийн даргын тушаал гараад энийг Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах Монголд зочлох жил 2023 он хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуул гэсэн чиглэл өгч Богдын захиргааны данс руу энэ мөнгийг шилжүүлсэн байдаг. Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээгээ байгуулаад ирсэн дээр нь манайх төсвөө шилжүүлж байсан. Тэр төсвийг үрэлгэн зарцуулсан гэдэг нь буруу тайлбарласан байгаа юм. Манай Богдын захиргааны төсөв биш. Үндэсний аудитын газрын оны 2024 оны дугаар албан шаардлага энэ дээл 9.1 сая төгрөгийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй бусад этгээдээс худалдан авсан энэ нь зөрчил гэж аудит дүгнэсэн байгаа. Өмнөх жил нь захиалга өгдөг тэрний дагуу цахим дэлгүүрээс худалдан авалт хийх ёстой. Би 2023 онд орж ирсэн тул захиалга өгсөн ч гэсэн 2024 онд захиалга ирэх байсан. Төрийн байгууллагын хамгийн гол үйл ажиллагаа бол иргэдэд үйлчлэх байгаа юм. Иргэд Богдын захиргаан дээр битүү шавсан компьютер нь унтраад гацаад болохгүй байсан тул техник хэрэгсэл авъя гээд судалгаа хийлгэсэн. Уг судалгааг Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны өмч хамгаалах зөвлөл гэсэн хүний гарын үсэгтэйгээр өмч хамгаалах зөвлөл дээр бид хурдан худалдан авалт хийхгүй бол болохгүй байна гэсэн санал орж ирсэн. Уг саналын дагуу нь харьцуулсан судалгаа хийгээд тухай принтерийг авсан.

Тухайн үед эвдэрсэн байсан 4 ширхэг суурин компьютер, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг принтерийг актлуулах төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар санал хүргүүлсэн. Хэргийн 82 талд актлагдах шийдвэр нь гарсан холбогдох материал нь байгаа. Богдын захиргааны төсөв бол компьютер байхгүй 2 ширхэг компьютертой мөн газрынх нь компьютерүүд нь ажиллагаагүй болсон байсан. Тухайн үед цахим дэлгүүр дээр компьютер хайж үзсэн. Уг программыг ажиллуулах өндөр хүчин чадалтай компьютер байхгүй байсан. Цахим дэлгүүрт байхгүй бол харьцуулсан судалгаа хийгээд авч болно гэж заасан байдаг. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуульд заасан байгаа.

Албан шаардлага гэдэг нь ахиж ийм төсөв гаргахгүй шүү гэсэн үүрэг даалгавар өгч байгаа зүйл. Тэрнээс хойш байгууллагатай ийм гэрээ байгуулсан үйлдэл байхгүй. Албан шаардлагын хариуг Үндэсний аудитын газар луу тайлагнасан байгаа. 09 дүгээр сарын 10-ны өдөр дотоод хяналт шалгалт ирсэн. Тухайн үед шалгаж байсан дотоод хяналт шалгалтын удирдамж одоо өөрчлөгдөөд ирсэн байна. Манай газрын мэргэжилтэн Цд Цэндсүрэн гэдэг хүнтэй холбоотойгоор мэдүүлэг тодорхойлолт бичүүлж аваад материалуудыг Д гэдэг залуу шалгасан. Тэгээд энэ дээр бол ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна гэж үзсэн. Харин С гэдэг хүн 1 сая төгрөгийн асуудлыг шалгасан. Тухайн үед Ц Дд бичиж өгч байсан гэв.

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.3 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан. Нэхэмжлэгч Н.Г*******ийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны , дугаартай албан шаардлага болон дотоод хяналт шалгалтын баримтаар тогтоогдсон. Ингэснээр тус материалыг үндэслэж дээрх сайдын тушаал гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий акт нь сайдын тушаал юм. Энэ тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.3, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.6, 33 дугаар зүйлийн 33.2, Төсвийн тухай хууль 71 дүгээр зүйлийг тус тус үндэслэсэн. Мөн Үндэсний аудитын газраас ирсэн 2 албан шаардлага, шалгалтын дүгнэлтийг үндэслэж гарсан байгаа. Үндэсний аудитын газраас өгсөн 2 албан шаардлага өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа ахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулсан сануулга байсан гэж тайлбарлаж байгаа. Энэ албан даалгавар дээр зөрчлийг арилгах гэсэн албан даалгавар өгсөн байгаа. Энэ нь зөрчил байгаа гэдэг талаар тогтоогдсон байна. Дотоод хяналт шалгалттай холбоотой 3 талт гэрээг ярьж байна. Уг гэрээ нь 2008 оноос хойш үргэлжилсэн яам, хамгаалалтын захиргаа, газрын алба нийлж хийдэг гэрээ байгаа юм. Уг гэрээн дээр аж ахуй нэгж байгууллагаас 1 сая төгрөг хураах тийм зохицуулалт байхгүй. Юунд үндэслэж гарч байгаа? 1 сая төгрөг гэж хэн тогтоогоод байгаа юм. Тэрийг авах үүрэг даалгавар хэн өгсөн юм бэ? Аудитын газраас өгсөн албан даалгавартай холбоотойгоор цахим дэлгүүрт байхгүй байсан гэх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг зохистой биелүүлээгүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулж байгаа тодорхойлолт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь авагдаагүй гэжээ.

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Н.Г*******оос гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаал, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах нэхэмжлэлийн тухайд: Тус захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ц Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны ******* дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд төсвийн тухай хуулийн 16.5.1,16.5.3, Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоол, 2024 оны 128 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, Хамгаалалтын захиргааны дүрмийн 2.4.2, 2.4.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Г*******ийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тушаалаар Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Уг тушаал гарснаар Н.Г******* нь ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг нь үндэслээд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар 1 сарын цалинтай сарын цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн. Тус цалинтай чөлөө дууссанаас хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Н.Г******* нь ажилдаа тодорхой шалтгаангүйгээр ажлаа тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн.

Тус сонсох ажиллагааны хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Хамгаалалтын захиргааны дүрмийн 2.4.2, 2.4.6 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2, 7.2.5 дахь заалтуудыг үндэслэн захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цогбадрал нь эрх хэмжээнийхээ хүрээнд албан тушаалаас нь халсан болно. Тус нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 хэсэгт заасан хугацааг хангаагүй, мөн тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх заалтад заасан үндэслэл тодорхойгүй байна. Мөн Хамгаалалтын захиргааны дээрх тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ө/40 дугаар тушаал, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйл баримтын тухайд 10 дугаар сарын 03-ны өдөр Г*******ийг албан тушаал бууруулах тухай тушаал гарсан. Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 10 дугаар сарын 04-ний тушаалаар ******* дугаартай тушаалаар хуулийн мэргэжилтэн гэж томилсон. 02 дугаар сарын 19-ний ******* дугаар тушаалаар ажлаас халсан шийдвэр гарсан. Ийм шийдвэрүүд гарсан байна. Нэхэмжлэгчийн хувьд баримтаа нотлохгүй зүгээр тайлбарлаад байна. Дотоод хяналтын танилцуулга, сургалтын дүн, гарын үсгийн дардас, ардчилсан намын сайд тул ардчилсан намын хүн шахсан гэх асуудлыг эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй субьектив үндэслэл гарч ирж байна гэж үзэж байна. Үндсэндээ сайдын төлөөлөгч хэллээ гарцаагүй 3 албан баримт буюу 2 аудитын албан шаардлага байна. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлага захиргааны актын хувьд үндэсний аудитын газраас гаргасан. Энэ албан шаардлагыг хэн нэгэн хүчингүй болгоогүй, хэн ч маргаагүй. Маргаагүй байгаа тохиолдолд захиргааны актын эрх зүйн үйлчлэл хүчинтэй хэвээр байна. Захиргааны эрх зүйн онолын хувьд тухайн захиргааны акттай маргах хөөн хэлэлцэх хугацаа нь 30 хоног өнгөрснөөр тухайн захиргааны акт хүчин төгөлдөр болоод цаашид зохицуулах ёстой харилцаагаа зохицуулаад явах ёстой. 06 сарын дараа эсвэл жилийн дараа шийдвэр нь гараад энэ маргааны албан шаардлагатай холбоотой энэ бол үндэслэлгүй албан шаардлага байсан, нөхцөл байдал тийм байсан, төсөв хөрөнгө тэгж зарцуулсан гэж өөрийнхөө ойлголтоор албан шаардлага үгүйсгэж болохгүй. Албан шаардлага бол зөрчил арилгуулах тухай ойлголт юм. Тэгэхээр зөрчил гэж тооцсон, тооцсоныг үгүйсгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байгаагүй тохиолдолд шүүх маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тохиолдолд шүүхээс шууд дүгнэлт хийгээд энэ үндэслэлтэй, үндэслэлгүй гэж дүгнэлт хийх боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудал гэж үзээд үндсэндээ хариуцагчийн зүгээс аудитын албаны шаардлага бол хүчин төгөлдөр захиргааны эрх зүйн акт юм. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хууль хэрэглэх захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар хууль гүйцэтгэх гэсэн 2 зарчим байна. Тэгэхээр байгаль хамгаалах нөхөн сэргээх зардал болохтой холбоотой 1 сая төгрөг хураамж болгож авдаг тухай зохицуулалт байхгүй. Татварын төлбөрийг хуулиар тогтоодог. Аймаг нийслэл иргэдийн хурал бол өөрийнхөө тогтоолоор газар нутгийн хэмжээнд тогтоодог. Эрх бүхий албан тушаалтнаас тариалал, дүн, тог заавал гаргаж ирж байж тэрийг дүгнэлт хийх ёстой. Хууль ёсны энгийн хүрээнд тайлбар хийвэл төр хуулиас зөвшөөрснөөс бусдыг хориглох гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 2017, 2018 онд тогтоох зэрэг бол гэмт хэрэг гэж үзээгүй гэсэн байгаа юм. Тэгэхээр гэмт хэрэг гэж үзээгүй бол энийг цаашлаад зөрчил гэж үзэх үү? Төрийн албан хаагчийг томилох үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн ёс зүй зөрчилтэй холбогдох уу гэсэн асуудал байна.

Эхлээд энэ актыг тайлбарлахгүй бол дараа нь 2 албан шаардлага тайлбарлах ямар ч боломжгүй байна. Гэмт хэргийн шинжгүй гэж асуудлыг шийдсэн боловч хуульд нийцсэн гэх дүгнэлт гаргаагүй. Төрийн албан хаагч хувьд захиргааны дарга хүний хувьд зөрчил гэж үзсэн байгаа. Маргаан бүхий тушаал дээр 45 дугаар зүйлийн 45.1.1-т хууль тогтоомж бол албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг зорилго зорилтоо хангалгүй биелүүлсэн гэж байгаа. Хууль тогтоомжид авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд хамаарах субъектүүдийг тодорхойлж байгаа. 7 дугаар зүйлийн 7.1-д энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдийг бусад хууль тогтоомжид тусгайлан хориглохоос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно гэж заасан байгаа. Дурдагдаж байгаа 8 зөрчлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа юм. 7 дугаар зүйлийн 7.1.1-д албан үүргээ зохих ёсоор ажил үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэхгүй байх. Төсвийн болон хандив тусламжийн төсвийг зориулалтын бусаар зарцуулах 7 дугаар зүйлийн 7.1.6-т албан тушаалаа урвуулан хэтрүүлэх, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, албан тушаал бууруулах боломжгүй бол цалин хасах хариуцлагыг авлигын эсрэг хуулиар зохицуулна. Төрийн албан хаагч төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд авлигын эсрэг хуулийг хэрэглэсэн нь зөв байна. Хуульд заасан зөрчил гэдэг нь энэ хуулийн хүрээнд ойлгогдоно. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг зорилгоо хангалтгүй биелүүлсэн төсвийг хариуцлагагүй зарцуулсан үйлдэл аудитын шийдвэрээр тогтоогдох боломжгүй. Шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэн эргэлзээгүй талаас үнэлнэ. Энэ эх хувь, хуулбар, хуурамч байна гэж мэргэжлийн шинжилгээний байгууллага тогтоох ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл дээр гарын үсгийн дардас уу? эсвэл жинхэнэ гарын үсэг үү? гэдэг талаар тодруулж өгөөч гэсэн миний хүсэлтэд нэхэмжлэгч байр сууриа илэрхийлэхдээ тамаг тэмдэг дарагдсан тул хууль ёсны хүчин төгөлдөр гэж тооцно гэсэн агуулга бүхий тайлбар хэлсэн. Хурлын эхэнд хэлж байсан энэ тайлбарыг тусгайлан тэмдэглэж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Маргааныг өөрийн нь тайлбарлаад байгаа үндэслэл нь логик зөрчилтэй байгаа учраас энэ зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Ардчилсан намын хүн тул асуудалд нэг талыг барьж хандлаа гэх асуудал дээр субьектив үндэслэлүүд байгаа тул тайлбар хийх шаардлага байхгүй гэж үзэж байна. байгаа 2 удаагийн албан шаардлага гарсан байна. Гарын үсгийн дардас хуурамч, хуурамч биш гарын үсгийн дардас уу? гарын үсэг үү? гэдэг талаар бид нар эцэслэн тогтоох ёстой.

Нэхэмжлэгч тал томилогдсон, чөлөөлөгдсөн, халагдсантай холбоотой маргах шаардлагагүй гэж үзэж байсан. 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. 10 дугаар сарын актаас хойш 6 сар гаруй хугацааны дараа томилгооны тушаал, чөлөөлсөн тушаалтай 2 сар гаруй хугацааны дараа маргаж эхэлж байна. Ингэхдээ урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам болон процессын шаардлага хангуулаагүй. Мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутагдалтай, үндэслэл нь ойлгомжгүй гэх мэт зүйлүүд хэлбэрийн талаас байна. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хувьд гаргасан 2 акт үндэслэлтэй хууль ёсны дагуу гаргасан тул сайдын тушаал гарсан. Сайдын тушаал үндэслэлтэй зөв байсан тул дагалдах тушаалууд гараад явж байна. Зөрчил нь ойлгомжтой буюу ноцтой байсан тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгээд 48 дугаар зүйлийн 48.1.4-д зааснаар асуудлыг шийдвэрлэсэн. Энэ 2 актын эрх зүйн шаардлагын хүрээнд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Г******* нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад тус тус холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Н.Г*******ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай *******, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай ******* дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Г*******ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н Г******* нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 844/А0170467, 845/А0170467 дугаартай албан шаардлага болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул гэсэн үндэслэлээр Н.Г*******ийг 2024 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь дээрх 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг үндэслэсэн байна.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно, 7.1.4-д төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 33 дугаар зүйлийн 33.1-д Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ, 33.1.2-т энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох гэж тус тус заасан.

Мөн Авлигын эсрэг хуулийн 321 дугаар зүйлийн 321.1-д Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина, 321.1.1-д Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, 321.1.2-т энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, энэ маргааны тухайд Авлигын эсрэг хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад Авлигатай тэмцэх газар хяналт тавихаар байх бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тоочиж заасан зөрчлүүдийг гаргасан эсэхийг Авлигатай тэмцэх газар шалган тогтоохоор байна.

Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэж буюу баримталж шийдвэр гаргах эрх Авлигатай тэмцэх газарт олгогдсон байх ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тоочиж заасан зөрчлүүдийг гаргасныг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоосон нөхцөлд Сайд нь уг хуулийн 7 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэж шийдвэр гаргах эрх зүйн боломжтой болох юм.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан зөрчлүүдийг гаргасныг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоосон баримтуудад байхгүй байх тул хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг үндэслэсэн хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг гаргахдаа дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул гэсэн үндэслэлийг заасан байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хяналт шалгалт хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын Танилцуулгын зургаа дахь хэсэг буюу Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал хэсэгт Бэлэн мөнгө болон нэмэлт санхүүжилтийн дансаар байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээ-нд жил бүр нэг сая төгрөгийг хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэхээр гэрээнд зааж, хууль бус орлого төвлөрүүлэхийг шаардаж байгааг таслан зогсоохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон нягтлан бодогчид үүрэг болгосон байна гэсэн байна.

Дээрх танилцуулгад дурдсан байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд жил бүр 1 сая төгрөгийг хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэхээр гэрээнд зааж хууль бус орлого төвлөрүүлсэн гэх зөрчилд дан ганц нэхэмжлэгчийг буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай гурван талт гэрээнүүдээс үзэхэд уг байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал гэх 1 сая төгрөг нь 2011 оны үед ч тус гурван талт гэрээнд тусгагдсан, олон жилийн өмнөөс уг бэлэн мөнгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд төвлөрүүлдэг байсан болох нь тогтоогдож байх ба 3 талт гэрээнд зөвхөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга оролцдоггүй, уг гэрээг яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын дарга хянаж, баталдаг байх тул энэ асуудалд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд заасан тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №6 дугаар хурлын тэмдэглэлээс үзэхэд тус хуралдаанаар Захиргааны албан хаагчдын сандал 10 ширхэг, ком компьютер 1, дэлгэц 2 ширхэг, худалдан авах бараа материалуудын үнийн санал, гэрээ зэргийг бэлэн болгох зэрэг асуудлыг шийдвэрлэж дээрх бараа материалуудыг худалдан авахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь ...манай байгууллагын өмч хамгаалах зөвлөл 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан бөгөөд ашиглаж байгаа компьютерууд нь шаардлага хангахгүй учир яаралтай хүчин чадал сайн компьютер авах талаар шийдвэр гаргаж танилцуулж байсан. Мөн ажил явуулах шаардлага хангахгүй болсон 4 ширхэг суурин, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг принтер актлуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал хүргүүлж шийдвэрлүүлсэн. Улмаар төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс дээрх компьютер, принтерийг хайж үзсэн боловч шаардлага хангасан хүчин чадалтай техник, хэрэгсэл байгаагүй. Иймд байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангах, иргэн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор компьютерын төрөлжсөн дэлгүүрүүдээс харьцуулсан судалгааг гаргаж, хамгийн бага үнийн дүн санал болгосон дэлгүүрээс худалдан авах ажиллагааг зохион байгуулсан гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь Өмч хамгаалах байнгын зөвлөл дээрх байдлаар сандал 10 ширхэг, ком компьютер 1 ширхэг, дэлгэц 2 ширхгийг худалдан авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр техник хэрэгслүүдийг худалдан авсны улмаас тус байгууллагын үйл ажиллагаанд эд хөрөнгийн хохирол учирсан үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх техник хэрэгслүүдийг зах зээлийн дундаж үнээс хэт өндөр үнээр, эсхүл зохих шаардлага хангаагүй, чанар муутай техник хэрэгсэл авсан нөхцөл байдал тогтоогдоогүй, ийм асуудал яригдахгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгө зарцуулах, гэрээ байгуулах тухай дугаар тушаалын 1 дэх заалтаар ...Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд олон нийтэд чиглэсэн... мэдээ мэдээлэл түгээх ажилд шаардагдах 70 сая төгрөгийг ... гаргаж санхүүжүүлэхийг Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст зөвшөөрсүгэй гэж, 2 дахь заалтаар ...гүйцэтгэгч байгууллагыг сонгон гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Аялал жуулчлалын бодлогын газарт үүрэг болгосугай гэж шийдвэрлэсэн байна.

Дээрх 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаас үзэхэд, холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст зөвшөөрсөн, гүйцэтгэгч байгууллагыг сонгон гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Аялал жуулчлалын бодлогын газарт үүрэг болгосон байх тул хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000 төгрөгийн санхүүжилтийг олгож төсвийг үрэлгэн зарцуулсан гэж дан ганц нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудад санхүүжилт олгох, гүйлгээ хийх зөвшөөрлийг яамнаас олгосны үндсэн дээр манай Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад санхүүжилт олгох гүйлгээг хийсэн, яамнаас гүйлгээ хийх эрх олгоогүй бол манай Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гүйлгээ хийх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/635 дугаар Урамшуулал олгох тухай тушаалаар харьяа байгууллагын дарга нарын 2023 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж урамшуулал олгосон байх ба уг тушаалын хавсралтын 9-д Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г*******ийг маш сайн 92.4 гэж үнэлж 100 хувийн урамшуулал олгосон байна.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Урамшуулал олгох тухай дугаар тушаалаар 2023 оны төсвийн гүйцэтгэл, ... жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтээр Өөрчлөлтгүй гэж дүгнэгдсэн байгууллагуудын төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч, нягтлан бодогч ... нарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон байх ба уг тушаалын хавсралтын 72-т Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бичигдсэн байна.

Дээрх Урамшуулал олгох тухай сайдын тушаалуудаас үзэхэд, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, өөрчлөлтгүй гэж дүгнэсэн, мөн Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг маш сайн гэж дүгнэсэн атлаа Сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй, зөрчилтэй байх ба энэ агуулгаар маргаж байгаа нэхэмжлэлийн тайлбар үндэслэлтэй байна.

Үүнээс үзэхэд маргаан бүхий 2024 оны ******* дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай ******* дүгээр тушаалаар Н.Г*******ийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар маргаж байгаа бөгөөд тус хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон ******* дүгээр тушаалыг зөвшөөрөхгүй, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажиллахгүй гэж тайлбарлаж байгаа ба шүүх сайдын 2024 оны ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул уг ******* дүгээр тушаалтай шууд уялдаа холбоотойгоор гарсан Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалыг мөн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар маргаж байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа ба шүүх сайдын 2024 оны ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус ******* дүгээр тушаалын үр дагавартай шууд холбоотой Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны ******* дүгээр тушаалыг мөн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Н.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах шаардлагуудын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байна.

Шүүх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаал гарсан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар тооцон олгож, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын өмгөөлөгчийн Тус Хамгаалалтын захиргааны даргын болон хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтуудыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийн тухайд:

Аливаа захиргааны байгууллагын дарга нь байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих, төсвийг захиран зарцуулах эрх хэмжээтэй болох нь, төрийн албан хаагч нь ажилдаа ирэх, ажлаа таслахгүй байх үүрэгтэй болох нь нийтэд илэрхий тул энэ маргааны тохиолдолд хамгаалалтын захиргааны даргын болон хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтуудыг шүүх цуглуулах шаардлагагүй, ач холбогдолгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, Авлигын эсрэг хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Г*******ийг албан тушаал бууруулах тухай ******* дүгээр тушаал болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалд томилох тухай *******, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Н.Г*******ийг албан тушаалаас нь халах тухай ******* дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Г*******ийг Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Н.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцон олгож, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ