Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01303

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01261 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М-, Б.Г- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 30,318,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, Т.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Зээлдэгч Т.М- нартай 2018 оны 09 сарын 25-ны өдөр 206209264 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Фидуцийн гэрээ” байгуулж, Тоёота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 15,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа сануулж, утсаар ярьж, хаягаар нь байнга очсон боловч үүргээ биелүүлээгүй.

Иймд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 30,318,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө нэхэмжлэгчийн нэр, өмчлөлд шилжүүлсэн баримт байгаа тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

 Хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Дээрх зээлийн гэрээ Т.М- болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан. “Зээлийн гэрээ”-ний дагуу үйлдэл хийгдсэн эсэх, үүрэг шилжсэн эсэх нь тодорхойгүй. Б.Г- тухайн “Зээлийн гэрээ”-нд хамтран зээлдэгч гэдэг байдлаар гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, үнэн гэдгээ тайлбарладаг. Хэдийгээр хариуцагч Т.М-ыг төлөөлөөгүй ч түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тухайн зээлийг бодитойгоор хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байдаг. Үүнээс харахад “Зээлийн гэрээ” бодитоор байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй. Бидний зүгээс “Зээлийн гэрээ” байгуулагдаагүй учраас төлбөрийг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүүгийн тооцоолол, зээл эргэн төлөлтийн хуваарир зээл олгосон гэдгийг нотлохгүй. Энэ нь банкны дансны хуулгаар нотлогдох ёстой. Зээлийн маргааны хувьд Улсын Дээд Шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн тогтоолд “зээлдүүлэгч мөнгө шилжүүлж зээл олгосноо нотлох, зээлдэгч мөнгөө буцаан төлснөө нотлох үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч зээл олгосон гэдгээ нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгнө” гэж заасан ба үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгсний дараагаас хариу үүргийг шаардах эрх үүснэ. Хариуцагч Б.Г-ийн данс руу “Н” ХХК-ийн данснаас зээлийн зориулалтаар ямар нэгэн мөнгө шилжиж орж ирсэн баримт байхгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан байлаа ч Б.Г- гэрээний тал биш учраас үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан баримт өөрсдийн тамга, тэмдэг бүхий баримт байсан. Энэ баримтаар мөнгө шилжсэн эсэхийг батлах боломжгүй. Тухайн баримт дээр Т.М- гэдэг хүн зээл авсан бол гарын үсэг зурах байсан. Гарын үсэг зурагдаагүй баримт учраас энэ баримтыг хэзээ ч үйлдэх боломжтой.

Иймд бодиттойгоор мөнгө шилжээгүй учраас гэрээ байгуулагдаагүй, мөнгө шилжсэнээр гэрээ байгуулагдсанд тооцдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.М- хариу тайлбартаа: Зээлийг бодитойгоор хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М-, Б.Г- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.288.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.740 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 309.540 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь нотлох баримтын шаардлага хангасан дансны хуулгаар тогтоогдох байтал анхан шатны шүүх зээл төлөх хуваарь хэрэгт авагдсан гэх үндэслэлээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй, зээлийн гэрээ нь бодитоор мөнгө шилжүүлснээр байгуулагддаг талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалт буюу 282 дугаар зүйлийг хэрэглээгүй байна.

Хариуцагч Б.Г- зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх үндэслэлгүй тухайд, нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хариуцагч Т.М-тай байгуулсан гэж тайлбарладаг бөгөөд тухайн банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээл авах иргэдэд хамтран зээлдэгчээр хэн нэгнийг гарын үсэг зуруулах шаардлага тавьдаг. Зээлийн гэрээнд Б.Г- нь гарын зурснаараа тус зээлийн гэрээний тал болж, төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм. Учир нь нэхэмжлэгч компани болон Б.Г- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчээс зээлдүүлэгчид мөнгө шилжсэн байх хуулийн урьдчилсан нөхцөлтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар Б.Г-ийн дансанд нэхэмжпэгчээс ямар нэг мөнгө шилжсэн эсэх, эсхүл бэлнээр мөнгийг хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй байтал шүүхээс Б.Г-ийг зээлийн гэрээний нэг тал гэж үзэж, төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 01285 дугаар тогтоолд тайлбарласны дагуу хариуцагч Б.Г- нь тухайн зээлийг авах хэрэгцээ шаардлага, хүсэл зориг байгаагүй атлаа зээлийн гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө тус гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Т.М-, Б.Г- нарт холбогдуулан 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 206209264 дугаар зээлийн гэрээний үүрэгт 30,318,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба /хх 1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзсан байна. /хх 35, 70/

 

Хариуцагч нарын хувьд дээрх зээлийн гэрээний дагуу хэн аль нь мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 25, 59/

 

Хэргийн 8-11 дэх талд авагдсан 206209264 дугаар “Зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” зэргээс үзвэл, 2018 оны 09 сарын 25-ны өдөр нэг талаас “Н” ХХК, нөгөө талаас Т.М-, Б.Г- нар оролцон зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч компаниас 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар хариуцагч нарт зээлдүүлэх, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн “Мост мони” дансанд олгох, зээлдэгч нар нь зээл болон хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцон төлөх зэрэг нөхцөлийг харилцан тохиролцсон. Улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Тоёота Ланд круйзер 100 маркийн 50-29 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг нэхэмжлэгч компанийн нэр дээр шилжүүлжээ.

 

Дээрх гэрээний зээлдэгч Т.М-, хамтран зээлдэгч Б.Г- нар нь гэрээ тус бүрийг байгуулсанд маргаагүй боловч уг гэрээ бодитоор хэрэгжиж нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээлийн мөнгөн хөрөнгө олгосон эсэхэд маргаж, гэрээний төлбөрийн үүргийг хэн хариуцах эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийн талаар буюу хариуцагч нарыг дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн авсан, нэхэмжлэгч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй талаар дүгнэхдээ үнэлсэн “Мемориалын баримт” /хх63/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагад нийцээгүйн гадна уг баримт нь нэг талын үйлдсэн баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь “шилжүүлэн өгсөн” гэж, хариуцагч нар нь “шилжүүлэн аваагүй” гэж харилцан адилгүй тайлбар гаргаж маргасан тохиолдолд шүүх уг маргааны үйл баримтыг тодруулахаар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийх боломжтой байжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг залруулах буюу талуудын маргаанд хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулах, анхан шатны шүүхийн үнэлсэн хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хасах эрх хуулиар олгогдоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр талуудын маргааны зүйлийн талаар эргэлзээгүйгээр дүгнэлт хийх улмаар нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагч нарын үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хуулийн ямар зохицуулалтыг хэрхэн хэрэглэх нь тодорхой бус байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01261 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын15-ны өдөр төлсөн 309,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                        

                 ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 

       Д.НЯМБАЗАР