Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01304

 

 

 

 

 

 

 

 

Г.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01810 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-т холбогдох, Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, Б.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.Х- нь 2016 оноос ХӨСҮТ-д Санхүү албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байсан. Г.Х- хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын болон бусад шийтгэл хүлээж байгаагүй. 2021 оны 03 сарын 12-ны өдөр тус төвийн захирлын зөвлөлийн хуралдаанаар ХӨСҮТ-ийн санхүүгийн тайланд их хэмжээний өр үүсгэсэн, Шилэн дансны тухай хууль зөрчсөн гэх мэт асуудлаар Г.Х-г түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэж хариуцсан ажлыг тус төвийн ахлах нягтлан бодогч Д.Даваацэрэнд хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Тушаалд Г.Х-гийн ажилд хийх хяналт шалгалтын дүн гартал хугацаагаар нэхэмжлэгчийн ажлыг түдгэлзүүлэх, хяналт шалгалт явуулах комисс томилохоор шийдвэрлэсэн атал комисс одоог хүртэл томилогдон ажиллаагүй байна. Энэхүү тушаалаар ямар нэгэн шалгалт хийгээгүй, түр түдгэлзүүлэх нэрийдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй зэргээр ажлаас хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. ХӨСҮТ-ийн Б/50 тоот тушаалаар хөдөлмөрлөх эрхийг дараах байдлаар хохироосон. ХӨСҮТ-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд ажилтны ажил, албан тушаалыг түдгэлзүүлэх эрх тусгагдаагүй, Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 02 сарын 15-ны өдөр ирүүлсэн 3/688 тоот албан бичигт Г.Х-д хариуцлага тооцох тухай дурдсанаас биш Г.Х-гийн ажлыг түдгэлзүүлэх тухай дурдаагүй байна. Дээрх албан бичигт дурдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн заалтуудад санхүүгийн ажилтны ажлыг түдгэлзүүлэх тухай ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд буй ажилтны ажлыг түдгэлзүүлэх үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шаардлагад үндэслэн явагддаг байна. Г.Х-гийн ажлыг түдгэлзүүлэх шаардлагатай талаар ХӨСҮТ-д ямар ч шаардлага албан ёсоор шүүх, цагдаа, эрх бүхий бусад газруудаас ирүүлээгүй бөгөөд 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/50 тоот тушаал гарах үед ийм шаардлага байгаагүй. Б/50 тоот тушаалын 5 дахь заалтаас үзэхэд 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс түдгэлзүүлсэн атлаа мөн сарын 15-ны өдрөөс комисс томилж Г.Х-тай холбоотой асуудлыг шалган тогтоохыг журамлажээ.

Тушаалд буй комисс томилогдоогүй, шалгалт явагдаагүй байхад түр түдгэлзүүлсэн хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаал гаргасныг эргэлзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулалт байхгүй байхад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Б/50 тоот тушаалд түр гэдэг нь хууль бус. Хууль зүйн үндэслэлгүйгээр Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас халж хохироогоод байна. Үүнээс гадна нэхэмжлэгчийн оронд бусдыг ажиллуулах санаачилга гаргаад байна.

Төсвийн тухай хуульд зааснаар ХӨСҮТ-ийн төсвийг зохистой, үр ашигтай зарцуулах үүрэгтэй бөгөөд уг хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар ерөнхий нягтлан бодогч нарыг шийтгэл ноогдуулах, ажлаас халах тохиолдолд дээд шатны санхүүгийн байгууллагын зөвшөөрөл авах журмыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Наранзул зөрчсөн. Бодит байдалд Г.Х-гийн ажлыг түр түдгэлзүүлэв гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасан үндэслэлээр зөрчигдсөн эрх, эрх чөлөөг шударга шүүхээр хамгаалуулах зорилгоор Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хууль бусад тооцуулан Г.Х-г ХӨСҮТ-ийн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 02 сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” 3/688 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Х-г Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус зөрчиж мэргэжлийн алдаа гаргасан тул хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох талаар албан бичиг ирүүлсэн байдаг. Тус албан бичигт үндэслэн ХӨСҮТ-ийн Удирдлагын зөвлөл хуралдаж, улмаар Г.Х-г үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх арга хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу авах шийдвэр гаргасныг үндэслэн ерөнхий захирал тушаал гаргасан болно. Өөрөөр хэлбэл Г.Х-гийн ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд түүний ажлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь тус байгууллагын маргаан таслах комисст хандах ёстой байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна. ХӨСҮТ-өөс 2015 онд маргаан таслах комиссыг баталсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-г ХӨСҮТ-ийн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагч ХӨСҮТ-д даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 6,408,032.4 /зургаан сая дөрвөн зуун найман мянга гучин хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ХӨСҮТ-өөс гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-д олгож, Г.Х-гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийхийг хариуцагч ХӨСҮТ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХӨСҮТ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 117,478.5 /нэг зуун арван долоон мянга дөрвөн зуун далан найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Х- нь 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/50 тоот үүрэгт ажлаас түр түдгэлзүүлэх, ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, нэмэгдэл хөлс олгох, ажил хүлээлцэх ажлын хэсэг томилох тухай тушаалыг хууль бусд тооцуулах, гомдлын шаардлагыг гаргасан бөгөөд үндэслэлээ ажлаас халагдсан гэж тайлбарлан, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх ХӨСҮТ-д Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэх үндэслэлээр тус маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаанд хамааруулан шийдвэрлэж, ХӨСҮТ-ийн дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэж дүгнэхдээ “2015 онд байгуулагдсан комиссын бүрэлдэхүүнд орсон зарим гишүүд одоо ажил үүргээ гүйцэтгэхээ больсон, комисс өөрөө одоо үйл ажиллагаа явуулдаг эсэхтэй холбоотой баримт ирүүлээгүй байна” гэж үзжээ.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 2-т заасны дагуу бүх аж ахуй нэгж, байгууллага дэргэдээ Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах үүрэгтэй байна. Энэхүү дүрэмд заасны дагуу ХӨСҮТ-ын Ерөнхий захирал нь 2015 оны 02 сарын 05-ны өдрийн А/8 дугаартай “Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах тухай” тушаалыг баталж, комиссын бүрэлдэхүүнийг томилсон. Тухайн комиссыг ажилладаг эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд комисс нь зөвхөн гомдол гаргасан тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй тул хэрэв ажилтнаас гомдол гаргавал ажиллах нь тодорхой юм. Комиссын бүрэлдэхүүнд орсон ажилчдын зарим нэг нь байхгүй байгаа нь тухайн комисс татан буугдсан гэсэн үг биш юм. Иймд анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс ажиллахгүй байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан “ажил үүргийг түр түдгэлзүүлэх” Б/50 тоот тушаалтай холбоотой маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комиссын харьяалан шийдвэрлэх маргаан бөгөөд тус маргааныг шүүх шууд харьяалан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч “ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-т холбогдуулан Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

“ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс хяналт шалгалтын дүнг гарч дуусах хүртэл хугацаагаар Г.Х-г үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоохоор шийдвэрлэсэн байх ба уг тушаалд Хөдөлмөрийн тухайн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 23 дугаар албан даалгавар, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” 3/688 дугаар албан бичиг, байгууллагын Удирдлагын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгосон байна. /хх 38-39/

 

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “Г.Х-гийн ажлыг түдгэлзүүлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй” гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Эрүүл мэндийн яамнаас Г.Х-г Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тус тус зөрчиж мэргэжлийн алдаа гаргасан тул хариуцлага тооцох талаар албан бичиг ирүүлсэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу тус байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой байсан” гэж тайлбарлан маргажээ. /хх 1-4, 31, 74-79/

 

Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 3/688 дугаар албан бичгээр Санхүү бүртгэлийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Г.Х- санхүүгийн сахилга батыг удаа дараа зөрчин батлагдсан төсвийг зөв зохистой зохион байгуулж ажиллах үүргийг хэрэгжүүлээгүй тул хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг “ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-т мэдэгдсэний дагуу тус байгууллагын Удирдлагын зөвлөл 2021 оны 02 сарын 21-ний өдөр хуралдаж, комиссын бүрэлдэхүүнийг томилж, асуудлыг тогтоон, холбогдох хариуцлагыг тооцож, Эрүүл мэндийн яаманд хариу хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх 43-44, 64-67/

 

Дээр дурдсан Эрүүл мэндийн яамны албан бичиг болон “ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-ын Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрт ажилтан Г.Х-г үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх агуулга тусгагдаагүй байхаас гадна эдгээр байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагад хамаарахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд “ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хуульд нийцэхгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, ажилтныг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, ажил, үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх тул зохигчдын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол”-д хамааруулан хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.  

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч тус маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасан “хууль тогтоомжоор харьяалуулсан бусад маргаан”-д хамааруулан, улмаар нэхэмжлэгч Г.Х-г “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгч Г.Х-г “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон” өөрчлөлтийг оруулна.

 

Нэхэмжлэгч Г.Х-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг 6,408,032.4 төгрөг гэж тооцоолсон анхан шатны шүүхийн тооцоолол зөв болжээ. 

 

“ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Б/50 дугаар тушаал нь нэхэмжлэгч Г.Х-ийн шүүхэд хандах болсон үндэслэл тул уг тушаалыг хууль бусд тооцож, хүчингүй болгох буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх шаардлагагүй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Х-г “ХӨСҮТ-” ТБАГУТҮГ-ын Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,408,032.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                             

                ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР