| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0170/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 170
2018 02 14 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Г.Б.р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Отгон тэнгэрт овогт Г.жийн Б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0272 80046 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Отгонтэнгэрт овогт Г.жийн Б.рт, Улаанбаатар хотод
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Б.р нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ схд гэртээ иргэн Я.Д.гартай маргалдан нүүрэн тус газарт цохиж биед баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн сарвууны 5 дугаар хуруу, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын хянганд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Г.Б.р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Я.Д.гарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрийнхэнтэйгээ муудалцаад сэтгэл санаа тавгүй гэрээсээ гарч яваад 18 цагийн үед...танил Г.Б.ртай таарсан бөгөөд бид хоёр юм ярилцаж зогсож байгаад хамт архи уухаар болж тэдний гэрт нь очиж 2 шил архи хувааж уусан. Бид 2 архи ууж байхдаа багынхаа дурсамжийг ярьсан бөгөөд би Г.Б.рт “чи 10-н жилдээ Чөдөрөө гэдэг залууг байнга дагаж явдаг байсан биздээ” гээд хэлчихсэн чинь Г.Б.р уурлаад “би ямар дагуул юм уу” гэж хэлээд миний нүүр рүү эхлээд гараараа цохьчихоор нь би доошоо тонгойгоод нүүрээ дарсан чинь дагз руу 2-3 удаа гараараа цохиод нүүр рүү минь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед би арагшаа савж унаад босч ирээд утсаараа цагдаад дуудлага өгтөл удалгүй цагдаа нар ирээд Г.Б.рыг авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10),
2. Гэрч А.А.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Я.Д.гар, Г.Б.р бид гурав Г.Б.рын гэрт нь 2 шил архи уусан бөгөөд архи ууж байхад Я.Д.гар, Г.Б.рыг өдөөд чи муу Чөдөрөөгийн гөлөг байсан биздээ гээд доромжлоод байхаар нь Г.Б.р уурандаа нүүр рүү нь 2-3 удаа цохьчихсон юм. Тэгээд би дундуур нь орж салгаад Я.Д.гар цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирж Г.Б.рыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 14886 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алимны салстад улаан ягаан цус харвалттай. Баруун нүдний дээд, доод зовхинд тод хөхөлбөр ягаан цус хуралттай. Баруун хацар хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Хамрын хянганы дээд хэсгээр 2x2 см хөхөлбөр цус хуралттай. Хамрын нурууны дунд хэсгээр хөхөлбөр цус хуралттай, хамрын нуруу эмзэглэл ихтэй, хамрын нуруу баруун тийш мурий, хамрын амьсгал баруунд буурсан. Зүүн сарвууны 5 дугаар хуруу 2.3 дугаар үеэр хавдсан бүдэг хөх цус хуралттай...ДҮГНЭЛТ:
1. Я.Д.гарын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн сарвууны 5 дугаар хуруу, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын хянганд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),
4. Шүүгдэгч Г.Б.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би найз А.А.лдын хамтаар гэрээсээ гарч яваад 18 цагийн үед гудамжиндаа хуучны танил Я.Д.гартай таараад юм ярьж зогсож байгаад хамт архи уухаар болсон бөгөөд бид гурав манай гэрт орж 2 шил архи хувааж уусан юм. Тэр үед Я.Д.гар манай гэрийн хойморт суучихаад “чи арван жилдээ хачин гөлөг байсан биздээ, чи муу Чөдөрөөгийн бөгсийг долоодог байсан биз дээ” гээд байхаар нь би уурандаа эхлээд нүүр рүү нь нэг удаа цохиход нүүрээ дараад доошоо тонгойхоор нь би дагз руу нь дахиад нэг удаа цохьчихсон юм. Тэгтэл Я.Д.гар “чи муу яасан овоо юм бэ? би цагдаа дуудна” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг Я.Д.гарт өгч цагдаа дуудуулсан юм. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн бөгөөд Я.Д.гар нь маргааш нь цагдаад өргөдөл өгсөн байсан... Тэр үед бид 2 нилээд л согтуу байсан, би бол өөрийн үйлдэл үг яриаг удирдан жолоодох чадвартай байсан...Би 2015-2017 оны 11 сар хүртэл “Жилийн Мандал” ХХК-д манаачаар ажилласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 16, 20), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36-41, 62) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б.рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
l. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.Б.р нь СХД... 06 тоотод өөрийн гэртээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, намайг доромжиллоо гэх хувийн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, иргэн Я.Д.гартай маргалдан нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Я.Д.гарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр...18 цагийн үед... Г.Б.ртай таарсан бөгөөд бид хоёр юм ярилцаж зогсож байгаад хамт архи уухаар болж тэдний гэрт нь очиж 2 шил архи хувааж уусан. Бид 2 архи ууж байхдаа багынхаа дурсамжийг ярьсан бөгөөд би Г.Б.рт “чи 10-н жилдээ Чөдөрөө гэдэг залууг байнга дагаж явдаг байсан биздээ" гээд хэлчихсэн чинь Г.Б.р уурлаад “би ямар дагуул юм уу” гэж хэлээд миний нүүр рүү эхлээд гараараа цохьчихоор нь би доошоо тонгойгоод нүүр ээ дарсан чинь дагз руу 2-3 удаа гараараа цохиод нүүр рүү минь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10),
- Гэрч А.А.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Я.Д.гар, Г.Б.р бид гурав Г.Б.рын гэрт нь 2 шил архи уусан бөгөөд архи ууж байхад Я.Д.гар, Г.Б.рыг өдөөд чи муу Чөдөрөөгийн гөлөг байсан биз дээ гээд доромжлоод байхаар нь Г.Б.р уурандаа нүүр рүү нь 2-3 удаа цохьчихсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 14886 дугаар шинжээчийн дүгнэлт “...1. Я.Д.гарын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн сарвууны 5 дугаар хуруу, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын хянганд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),
- Шүүгдэгч Г.Б.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Я.Д.гар манай гэрийн хойморт суучихаад “чи арван жилдээ хачин гөлөг байсан биздээ, чи муу Чөдөрөөгийн бөгсийг долоодог байсан биз дээ” гээд байхаар нь би уурандаа эхлээд нүүр лүү нь нэг удаа цохиход нүүрээ дараад доошоо тонгойхоор нь би дагз руу нь дахиад нэг удаа цохьчихсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б.р нь хохирогч Я.Д.гарыг зодсон болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б.р нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б.р нь “Жилийн Мандал” ХХК-д ажилладаг болох нь түүний болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг байх тул уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв. Түүнчлэн Г.Б.р нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0272 80046 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.