Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/08523/и |
Дугаар | 001/ХТ2016/01278 |
Огноо | 2016-11-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2016/01278
Я.Сумъяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04413 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1485 дугаар магадлалтай,
Я.Сумъяагийн нэхэмжлэлтэй
Д.Дуламцоод холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 85.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, Д.Алтантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Я.Сумьяа түүний өмгөөлөгч Б.Наранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, Д.Алтантуяа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Я.Сумъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 12 дугаар сард Д.Дуламцоо надаас Хаан банкны зээлээ хаах хэрэгтэй байна мөнгөөр туслаач гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй тул 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Голомт хотхонд байрлах өөрийн охин С.Эрдэнэсувдын нэр дээрх 2 өрөө орон сууцыг “Цагаан ажнай” ББСБ-д 85.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, уг мөнгийг Д.Дуламцоод зээлүүлсэн. Тухайн үед Д.Дуламцоо чиний байрыг барьцаалж мөнгө авсан юм чинь хүү, алданги бүх юмыг чинь хариуцна, 2 сар, цаад тал нь 3 сарын дараа байрыг чөлөөлнө гэсэн. Гэтэл түүний жижиг дунд үйлдвэрийн зээл нь хойшилсоор 1 жил болсон. 2013 оны 08 дугаар сард уг зээл нь бүтсэн. Мөн тухайн үед Д.Дуламцоод тусалж түүнийг дагуулан нөхөр Б.Батболдын хамт Өвөрмонгол найзтайгаа танилцуулан хүүгүй мөнгө хүртэл зээлж өгч байсан бөгөөд тэр зуучлуулан зээлсэн мөнгөө мөн өнөөг хүртэл төлөөгүй байгаа. Байр барьцаалсан 85.000.000 төгрөгийг 93.000.000 төгрөг болгож төлсөн. Ингэхдээ 72.000.000 төгрөгийг олон хүнээс зээлсэн бөгөөд 26.000.000 төгрөгийг зээл чөлөөлүүлдэг хүмүүсээр чөлөөлүүлсэн. 20.000.000 төгрөгийг Д.Дуламцоод мөнгө өгөх гэж Гэрлээ гэх хүнээс авсан. Энэ бүхнээс би сард 600.000 төгрөгийн хүү төлж байгаа. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 18.600.000 төгрөгийг байрны хүүгийн төлбөрт төлсөн. Мөн хариуцагч Д.Дуламцоо нь Голомт хотхоны байрыг гараашийн хамт барьцаалсан зээлийг төлж, байрыг чөлөөлнө гэсэн баталгаа бичиж өгсөн. Иймд Д.Дуламцоогоос 85.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04413 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖЮ59063061 регистртэй, Танан овогт Даваагийн Дуламцоогоос 85.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иөншөөбү овогт Янлигжавын Сумъяад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 582.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1485 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Д.Дуламцоогийн төлсөн 582.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, Д.Алтантуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1485 дугаартай магадлалыг үндэслэлийг огт зөвшөөрөхгүй байна.
Магадлалын үндэслэлд: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Дуламцоод нэхэмжлэлийн хувийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж, мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх-13, 16/, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй байна.” гэжээ.
Хэргийн материалыг бүхий л талаас нь бүрэн гүйцэт хянаагүй, хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг олж хараагүй, ая холбогдолтой үнэн зөв нотлох баримт цуглуулаагүй байхад эргэлзээгүй талаас нь зөв үнэлсэн гэж буруу дүгнэсэн байна.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна.
Энэ нь ИХШХШТХ-ийн 66.1, 67.1, 67.1.2, 72.1 дэх хэсэгт заасан хуулиудыг зөрчжээ.
Нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан тухай нэхэмжлэлийн ар талд дарагдсан дардсанд байсаар байтал А.Сарантуяа шүүгч 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан байх ямар ч боломжгүй бөгөөд 5 хоногоор урагшлуулан бичиж, хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давтан гаргажээ.
ИХШХШИХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3.1-д заасны дагуу авсан шүүх нь хянан шийдвэрлэх үүрэгтэй.
БГД-ийн анхан шатны шүүгч А.Сарантуяа уг хэргийг нэхэмжлэл гаргаагүй байх хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-нд хүлээн авсан уу, эсхүл 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан уу гэдгийг түүний гаргасан захирамжаас өнөөдрийг хүртэл мэдэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгчийн туслах дөнгөж 2016 оны 6 дугаар сарын 16-нд хариуцагч Д.Дуламцоо-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хуучин хаяг, ажлын хаяг, шинэ хаяг нийт 3 газар руу мэдэгдэх хуудсыг явуулсан байдаг боловч хуучин хаягт угаасаа тийм хүн байхгүй гэх хариу /хх-24 дэх тал/, ажлын газраар явуулсан мэдэгдэх хуудсыг 2016 оны 6 дугаар 20-ны өдөр туслах хүлээн авсан тухай баримт /хх-25 дахь тал/, шинэ хаягаар явуулсан мэдэгдэх хуудсыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хэн нэгэн Гармаа гэгч хүн хүлээн авсан тухай баримт/ хх-26 дахь тал/ цуглажээ.
Шүүх хуралдаанд оролцохоор гэрээ байгуулсан өмгөөлөгчийн дүү нь 2016 оны 6 сарын 20-нд гэнэт нас барсан бөгөөд Д.Дуламцоо мэдэх ямар ч боломжгүй байсан байна.
Ийм байдлаар ИХШХШХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасныг зөрчин шийдвэрлэжээ. Мөн хуулийн 168.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчигдсөн байна.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд хуурамч болох талаар:
Нэхэмжлэгч Д.Батболд болон түүний төлөөлөгч Я.Сумъяа нар нотлох баримтаар 3 баримт гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт байна. Энэ гурван баримтын 2 нь Д.Батболд гэгч хүний гараар бичигдэж Д.Дуламцоо гарын үсэг зурсан, үлдсэн нэг нь Д.Дуламцоо өөрийн гараар бичиж гарын үсгээ зурсан байна.
Хавтаст хэргийн 15 дахь талд байгаа цаасны тасархай дээр Д.Дуламцоогийн гараар бичсэн баримт нь “ямар нэг эх баримтын тасархай байгаа нь түүнд бичигдсэн мөр нь дээд талдаа бичгийн стандарт зайгүйгээр цаасны дээд хэсгээс шууд эхэлж байгаагаар батлагдаж байдаг. Дээд талд нь шүүхэд үзүүлж болохгүй баримт байх тул зөвхөн өөрсдөдөө ашигтай хэсгийг зориудаар тасалж авсан гэж үзэхээр байна.
Хавтаст хэргийн 14 дэх талд Д.Батболд бичиж, Д.Дуламцоо гарын үсэг зурсан гэх баримт дээрх гарын үсэг Д.Дуламцоогийн гарын үсэг огт биш юм. Д.Дуламцоогийн гарын үсэг, бичгийн хэвийг мэддэг хүмүүст харуулахад л түүний гарын үсэг биш гэдгийг шууд л танина. Мөн энэ гарын үсгийг бусад 2 баримт дээрхи гарын үсэгтэй харьцуулан энгийн нүдээр харахад ч зөрүүтэй гэдэг нь мэдэгдэж байдаг.
Хавтаст хэргийн 6 дахь талд байгаа мөнгө хүлээлцсэн акт гэгчийг Д.Батболд, Я.Сумъяа нар Д.Дуламцоо-г дуудаж, машиндаа суулган ярилцаж байхдаа машинаа түгжин уг баримтан дээр гарын үсэг зурахгүй бол буулгахгүй гэж удаан саатуулсан учраас хүчинд автан аргагүйн эрхэнд зурсан байдаг юм. Эдгээр зүйлийг нотлох баримтаас хасуулах санал гаргах ёстой.
3. Бодит байдал:
Я.Сумъяа нь 2011 оны 12 сарын 28-нд Голомт хотхоны байраа барьцаалж, зээл авч, Д.Дуламцоотой хамтарч ажиллахаар уг мөнгөө Д.Дуламцоо-д өгсөн нь үнэн юм. Аман хэлэлцээр ёсоор 2012, 2013 онуудад Я.Сумъяа, Д.Дуламцоогийн Эй Си Ди ХХК-д нярав, түүний нөхөр нэхэмжлэгч Д.Батболд Д.Дуламцоогийн орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. хэрвээ компани ашигтай ажиллавал компанийн хувьцаанаас өгнө гэж ч амласан байсан, хэрвээ хөрөнгө оруулагч биш байсан бол хувьцаа өгнө гэх амлалт гарахгүй байсан. Аман хэлэлцээрээр Д.Дуламцоо уг байрны зээл, хүүг Я.Сумъяа-д төлж барагдуулсан бөгөөд бичгийн нотлох баримт байгаа. 2013 оны 08 сарын 13-нд Д.Дуламцоо Төрийн банкнаас авах зээлийнхээ 200.000.000 төгрөгийг зарцуул гэж Я.Сумъяа-д өгсөн байдаг бөгөөд хэрхэн зарцуулсан тухайгаа бичгээр гаргаж өгсөн. Түүндээ 1 сая төгрөгийг өөрөө авсан гэж бичсэн байдаг. Зарцуулалтын тайлан, баримтуудыг одоо болтол өгдөггүй. Хамтарч ажиллана гэж авсан мөнгө нийт 29 677 320 төгрөгийг зарцуулна гэж авсан байдаг.
Дансаар авсан мөнгө Д.Дуламцоогийн данснаас Я.Сумъяагийн дансанд нийт 289 334 130 төгрөг орж байсан байна. Зөвхөн нэг жилийн хугацаанд Я.Сумъяа нь Д.Дуламцоогоос бэлнээр болон дансаар нийт 460 171 450 төгрөгийг авсан тооцоо гарч байна. Банкны дансны хуулгыг нотлох баримтаар авах ёстой. Я.Сумъяагийн гаргаж өгөхгүй байгаа баримтыг шүүхэд хариуцагч хүсэлт гарган, ИХШХШ тухай хуулийн 36-р зүйлийн 36.8-д зааснаар шүүхээс бүрдүүлэх, зарим хуурамч бичиг баримтад шинжээч томилуулах, бичгийн нотлох баримт гаргаж өгөх зэрэг үйл ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байна. Хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1485 тоот магадлал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04413 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүх, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Я.Сумьяа нь хариуцагч Д.Дуламцоогоос 85.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2016 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр гардуулан, эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна /хавтаст хэргийн 13, 16 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Анхан шатны шүүх, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, хуралдааны товыг хариуцагчид 2016 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгджээ /хавтаст хэргийн 21-22, 26 дугаар тал/.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-г зөрчөөгүй гэж үзнэ.
Хэргийн 6, 14 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Д.Дуламцоо нь нэхэмжлэгчээс 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 85.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан, уг мөнгийг 2013 оны 11, 12 сард төлж барагдуулахаар тохирсон боловч мөнгийг төлж барагдуулсан нь тогтоогдоогүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ.
Шүүх, нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримтын “27” гэсэн тоо засвартай, мөн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжид хэрэг үүсгэсэн өдрийг “4 дүгээр сарын 21” гэж бичсэн нь буруу боловч энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хэрэг Баянгол дүүргийн шүүхэд шилжсэн, шүүгч А.Сарантуяа хэргийг шийдвэрлэх болсныг мэдэгдээгүй талаарх гомдол үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1485 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, Д.Алтантуяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 582.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ