Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0243/З |
Дугаар | 111 |
Огноо | 2016-04-04 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 111
“Могойн гол глобал ресурс” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 715 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар магадлалтай, “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Могойн гол глобал ресурс” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Бүрхээр гэх нэртэй газарт 10207 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-14194Х тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшин, хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж, төлбөр хураамжийг хуулийн хугацаанд төлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлсээр ирсэн. Уг XV-14194X тоот тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө Төрийн сан дахь Ашигт малтмалын газрын дансанд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, үйлчилгээний төлбөрийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлсөн болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 дахь хэсэгт “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 дахь хэсэгт “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4 дэх хэсэгт “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлдөө хавсаргаж ирүүлэхээр заасан бөгөөд компанийн зүгээс хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтыг хуулийн хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө Ашигт малтмалын газрын Геологийн хэлтэст хүргүүлж, тухайн хэлтэс хянаж байх хугацаанд манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан билээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогүйгээс манай компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр, манай компанийн өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж буруутгаж, 6 жил үйл ажиллагаа явуулж зарцуулсан хөрөнгө оруулалт, цаг хугацаа, эдийн засагт хохирол учруулж байна.
Иймд, “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Бүрхээр нэртэй газарт байрлах XV-14194Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмлалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Топсмарт” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Бүрхээр-2 нэртэй 2691.87 гектар талбай бүхий XV-14194Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1179 дүгээр шийдвэрийн дагуу “Могойн гол глобал ресурс” ХХК-д шилжүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй байна.
Мөн “Могойн гол глобал ресурс” ХХК нь Ашигт малтмалын газарт 2014 онд хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлээгүй, хайгуулын жилийн тайланг 2012 оноос 2014 онуудад ирүүлээгүй, Геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2012 оноос 2014 онуудад баталгаажуулж ирүүлээгүй байгаа нь Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна.
Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14/38 тоот албан бичгээр өөрийн ажилтны буруугаас болж санхүүгийн болон хайгуулын ажлын зардлын хэмжээ зөрсөн, аудитаар залруулах явцад тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул зохих журмын дагуу сунгалт хийж өгнө үү гэсэн өргөдөл Ашигт малтмалын газарт гаргаж байсан байна.
“Могойн гол глобал ресурс” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын XV-14194Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
Иймд, “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 715 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн “Бүрхээр” гэх нэртэй газарт байрлах XV-14194X тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, мөн уг өргөдлийг хариуцагчаас хянан шийдвэрлэхэд холбогдох хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн “Бүрхээр” гэх нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-14194X тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч, холбогдох журмын дагуу хянан шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 , 48 дугаар зүйлийн 48.1.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан “...14194Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн захирал Б.Ганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Бүрхээр нэртэй газарт 2693.98 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-14194Х тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшин, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, төлбөр хураамжийг хуулийн хугацаанд төлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлсээр ирсэн.
Уг XV-14194X тоот тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө Төрийн сан дахь Ашигт малтмалын газрын дансанд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, үйлчилгээний төлбөрийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлсөн болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 дахь хэсэгт “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 дахь хэсэгт “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4 дэх хэсэгт “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлдөө хавсаргаж ирүүлэхээр заасан бөгөөд компанийн зүгээс хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсээр ирсэн.
2013 оны хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын газрын Геологийн албанд хянуулж байх явцад 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг хугацааг дуусгавар болгосон билээ. Өөрөөр хэлбэл, Төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоогүйгээс, түүнчлэн манай компанийн хайгуулын ажлын зардлын хэмжээ зөрсөн бөгөөд аудитын байгууллагаас залруулга хийх явцад өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр буруутгаж, 6 жил үйл ажиллагаа явуулж, зарцуулсан хөрөнгө оруулалт, цаг хугацаа, эдийн засгийн хор хохирол учирч байгаа компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, “хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” тухай “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2, 88.1.1-д заасантай нийцээгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь зөв болжээ.
Ашигт малтмалын газраас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-5600 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Могойн гол глобал ресурс” ХХК-ийн XV-14194X хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны төв байгууллагад, холбогдох бичиг баримтын хамт ирүүлэх гэж заасны дагуу гаргаагүй...” гэх үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон тухай мэдэгджээ.
Захиргааны байгууллагын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасантай нийцээгүй, хариуцагч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг шийдвэрлэхдээ энэ хуульд заасан үүргээ зөв хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан шаардлага хангаагүй гэх өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг дээрх хуулийн 22.2, 22.3, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ.
Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл, өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг захиргааны байгууллага нягтлах боломжтой, хугацааг сунгах, сунгахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах хүртэл тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байна гэж ойлгоно.
Иймээс “...хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон нь буруу...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв болжээ.
Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотойгоор захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 22.4 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй байхад шүүх маргаантай асуудлыг урьдчилан дүгнэх боломжгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа “... хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, агуулгын хувьд зөрчилтэй, дүгнэлтээсээ зөрүүтэй шийдвэр гаргасан нь буруу байна.
Мөн захиргааны байгууллага хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргаагүй байхад өргөдөлд хавсаргавал зохих хайгуулын ажлын зардлын тайланг нэхэмжлэгч нь “...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө Ашигт малтмалын газрын Геологийн хэлтэст хүргүүлсэн ...” гэх буюу бусад маргаантай асуудлыг шүүх дүгнэх шаардлагагүй болно.
Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзахаар анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 715 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...22.1..” гэсний дараа "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3” гэж нэмж, “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг ““...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л. АТАРЦЭЦЭГ