Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 17

 

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хажидмаа би Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн П.Оюунбилэгийн “Угтаалцайдам сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот захирамжийг хүчингүй болгуулж, хуучин ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгалын хохирлыг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч П.Оюунбилэг, хариуцагч Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга нар 2016.06.24-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү гэрээг нэг талаас Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга, нөгөө талаас  нэхэмжлэгч П.Оюунбилэг нар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийг удирдлага болгон талуудын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараахь нөхцөлтэйгөөр байгуулав.

1. нэхэмжлэгч П.Оюунбилэгээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “Угтаалцайдам сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот захирамжийг хүчингүй болгуулж, хуучин ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгалын хохирлыг гаргуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг талууд сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, гэрээнд заасан хугацаанд ажилд эгүүлэн томилж, Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахтай холбоотой харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино.

2. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар П.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Эвлэрлийн гэрээ байгуулснаар бусдын эрх, хууль ёсны эх ашиг хөндөгдөхгүй болно.

2.1. Хариуцагч Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр нэхэмжлэгч П.Оюунбилэгийг Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газрын Даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах үүрэг хүлээх болно.

2.2. Нэхэмжлэгч П.Оюунбилэг би хариуцагчийн санал болох 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газрын Даргын албан тушаалд эгүүлэн томилох саналыг зөвшөөрч байна. Мөн дахин энэ талаар нэхэмжлэл гаргахгүй гэдгийг ойлгож байна. Ажилгүй байсан хугацааны цалинг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах.

   3. Талууд гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийг  хадгалж, үлдэх хувийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

3.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шүүхэд хүсэлт гарган асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Угтаалцайдам сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот захирамжийг хүчингүй болгуулж, хуучин ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгалын хохирлыг гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч П.Оюунбилэг болон хариуцагч Н.Гантулга нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул нэхэмжлэгч П.Оюунбилэг, хариуцагч Н.Гантулга нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар “...дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. Мөн ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Оюунбилэг, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга нарын эвлэрлийг баталж, П.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогчид тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

  

 

 

ШҮҮГЧ                                Б.ХАЖИДМАА