| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/03975/И |
| Дугаар | 210/МА2021/01307 |
| Огноо | 2021-08-25 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2021/01307
Б.Ж-, Б.Б- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01447 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ж-, Б.Б- нарын хариуцагч ФАД ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-, түүний өмгөөлөгч А.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид ФАД ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 100 000 000 төгрөгийг буцааж гаргуулах хүсэлтэй байна. Б.Ж-, Б.Б- бид 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ФАД ХХК-тай харилцан тохирч орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээнд зааснаар ФАД ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр МУК ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрхээ буюу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам Наадамчдын зам гудамж, New garden хотхоны 211 дүгээр блок, 2 давхрын 5 тоот хаягт байрлах 82.22 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар шаардах эрхээ Б.Ж- болон Б.Б- бидэнд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. Харин Б.Ж-, Б.Б- бид тус гэрээг хүчин төгөлдөр болмогц хариу үүрэг болгож орон сууцны шаардах эрхийн урьдчилгаа 100 000 000 төгрөгийг төлж, дээрх байрны өмчлөх эрхийг хүлээн авч, улсын бүртгэлийн гэрчилгээ гармагц үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон. Ийнхүү гэрээ байгуулах үед ФАД ХХК-ийн захирал Д.М- нь МУК ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж, мөн ямар нэгэн төлбөр, тооцооны үлдэгдэл байхгүй гэж мэдэгдсэн. Бид итгэж 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг ФАД ХХК-тай байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлэгч тал 100 хувь төлсөн...-ийг зааж, гарын үсэг зурсан. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг гэрээний 2.3-т заагдсан данс буюу тус компанийн захирал Д.М-ын Хаан банк дахь 5166537596 тоот данс руу төлбөрийн урьдчилгаа болгож шилжүүлсэн. Бид ийнхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлээд, гэрээнд заагдсан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авахаар Яармагт байрлах МУК ХХК-ийн New Garden төслийн борлуулалтын алба дээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр очиж уулзсан. Гэтэл тус компанийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж, ФАД ХХК-ийг өөрийн компанийнх нь өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тухай, дээрх орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй, шаардах эрх нь хариуцагчид зохих ёсоор үүсээгүй гэдгийг мэдэгдсэн. Тус компани нь биднээс мөнгө гаргуулахын тулд зориудаар худал хэлж, хууран мэхэлж гэрээ байгуулсныг мэдсэн. Улмаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авах асуудлаар МУК ХХК-д харин орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлүүлэх эсхүл төлбөрийн буцаалт хийлгүүлэх асуудлаар ФАД ХХК-д тус тус өөрсдөө болон өмгөөлөгчөөр дамжуулан дахиж хандсан боловч МУК ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн А298/2020 албан тоот болон 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн АЗ 16/2020 албан тоотоор дээрх орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй тухайгаа дахин мэдэгдсэн бол ФАД ХХК нь бидний явуулсан мэдэгдэлд тодорхой хариу өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б.Ж-, Б.Б- бидний зүгээс урьдчилгаа төлбөрт тооцож ФАД ХХК-д шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар 2020 оны 4 дүгээр сарны 10-ны өдөр А-053 тоот орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг МУК ХХК-тай байгуулсан. Талууд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ /арилжааны/ байгуулсан. Уг гэрээгээр МУК ХХК-д 304 299 500 төгрөгийн арматур, тоосго нийлүүлж МУК ХХК нь New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууц, Олимп хотхоны 49.37 м.кв орон сууцыг тус тус шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ж-, Б.Б- нарт 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний үнэ 180 000 000 төгрөг, нэхэмжлэгч нь 100 000 000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 80 000 000 төгрөгийг банкны зээл шийдэгдмэгц төлөхөөр тохирсон. Хариуцагч нь МУК ХХК-д 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу арматурыг нийлүүлэн Олимп хотхоны 49.37 м.кв орон сууцыг шилжүүлэн авсан. Уг гэрээгээр хүлээсэн тоосгыг нийлүүлэх гэтэл нэхэмжлэгч нар нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл 80 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхгүй байсан тул хариуцагч нь МУК ХХК-д тоосго нийлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болоод өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрээд байна. МУК ХХК хариуцагч ФАД ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч нь үлдэгдэл бараа материалаа МУК ХХК-д нийлүүлэхэд New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авах боломжтой. Нэхэмжлэгч нартай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ нь хууран мэхэлж хийсэн хэлцэл огтхон ч биш нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул МУК ХХК-д тоосго нийлүүлэх боломжгүй болж New Garden хотхоны 82.22 м.кв 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлээгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Б.Ж-, Б.Б- нарын ФАД ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ФАД ХХК-аас 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулан Б.Ж-, Б.Б- нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 715 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ФАД ХХК-аас 1 715 900 /нэг сая долоон зуун арван таван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан Б.Ж-, Б.Б- нарт олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:
... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгасан байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нар нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн.
Өөрөөр хэлбэл, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол хүчин төгөлдөр бус үр дагаварт юу шаардаж байгаа вэ гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч шүүхээс юу хүссэн, ямар үндэслэлээр хүсэх болсон талаар эрх зүйн хувьд зөв илэрхийлж чадаагүй, ойлгомжгүй нөхцөлд шүүх тодруулж, тодорхой болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх агуулгад нийцэхээс гадна талуудын мэтгэлцэх хүрээ хязгаарыг зөв тогтооход ач холбогдолтой.
Мөн нэхэмжлэгч нар нь гэрээний бус үүрэгт буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлттэй байна гэдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсны үр дагаварт 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлттэй байна гэж үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн бол гэрээний үүрэгт шилжүүлсэн зүйлсээ буцаах нь зүйтэй. Гэтэл нэхэмжлэгч нар нь гэрээний бус үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нь тусдаа шаардлага гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан.
Хариуцагч ФАД ХХК нь Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хууль ёсны хаяг нь Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо, жаргалантын 20, 488 тоот, удирдах байгууллага нь байгаа хаяг Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Хэрлэн плаза 4-401 тоот хаягт үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоноос хойш хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Нэгэнт захиргааны байгууллага хууль ёсны хаягийг Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгасан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллага үнэн зөв байх зарчимд тулгуурладаг. Шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлсэн гэж тогтоогдохгүй байна. Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэстэй байна мөн гэрээний бус үүрэгт 100 000 000 төгрөгийн үүргийн харилцаа үүсээгүй байна гэж тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэр ёсчлогдон гарахад өөр хоорондоо зөрүүдтэй нөхцөл байдал үүсээд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нар нь гэрээний бус үүрэгт 100 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан бол 100 000 000 төгрөгт тохирсон /657 950 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж төлөх нь зүйтэй. Гэтэл нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу үнэн зөв тооцоолоогүй 1 715 900 төгрөгийг төлж шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын буруутайгаас илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг хариуцагч нь төлөх нь зохимжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ж-, Б.Б- нар нь хариуцагч ФАД ХХК-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, Б.Ж-, Б.Б- нар нь эрх шилжүүлэх гэрээний үүргийн үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлөөгүйгээс МУК ХХК-д бараа нийлүүлэх боломжгүй болж, төлбөр тооцоог дуусгаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
Талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ хэрэгт баримтаар авагдсан, талуудын маргаан уг гэрээтэй холбоотой тул уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэнд дүгнэлт өгөх шаардлагатай.
Дээрх гэрээг ФАД ХХК нь МУК ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын А-053 дугаартай гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж, Нью гарден хотхон 211 дүгээр блок, 2 давхрын 5 тоот хаягт байрлах 82.22 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг МУК ХХК-аас хүлээн авах эрхийг Б.Ж-, Б.Б- нарт шилжүүлэх зорилготойгоор байгуулснаа талууд тодорхойлсон.
Уг гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг банкны хурлын шийдвэр гармагц Б.Ж-, Б.Б- нарын нэр дээр гаргуулж өгөх үүргийг ФАД ХХК хүлээгээд, гэрээний зүйл болох орон сууцны үнэ нь МУК ХХК-д бүрэн төлөгдсөн, ямар нэг эрхийн зөрчилгүй гэж гэрээнд дурдаж, орон сууцны үнэ 180 000 000 төгрөгийг ФАД ХХК-д төлөх үүргийг Б.Ж-, Б.Б- нар хүлээсэн, 100 000 000 төгрөгийг урьдчилан, 80 000 000 төгрөгийг банкны зээл авч төлөх төлбөрийн хуваарийг тогтоосон байна. /хх-6/
Гэрээгээр тохиролцсоны дагуу 100 000 000 төгрөгийг 2 удаагийн төлөлтөөр ФАД ХХК-ийн захирал Д.М-д шилжүүлсэн, уг мөнгийг хүлээн авсан талаар талууд маргаагүй.
Харин ФАД ХХК нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлж байгаа гэсэн гэрээний заалтаа биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал, гэрээний 3.1-д шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлэгч тал 100 хувь төлсөн болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж тодорхойлсон ч ФАД ХХК нь орон сууцыг шилжүүлэн авахтай холбоотой үүргээ бүрэн гүйцэтгээгүй шалтгаанаар Б.Ж-, Б.Б- нарт уг орон сууцыг хүлээлгэн өгөхөөс МУК ХХК татгалзжээ. /хх-14/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний 3.1 дэх заалтаар үнийг бүрэн төлсөн гэсэн нь худлаа байсан, хууран мэхэлж гэрээ байгуулан, төлбөр авсан гэж тайлбарласнаар гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар агуулгаар нь тайлбарлавал, талуудад худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн байх бөгөөд эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүргээ худалдагч тал зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Банкны шийдвэр гармагц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Ж-, Б.Б- нарын нэр дээр гаргуулах, банкны зээлээр үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлөх гэсэн гэрээний тохиролцооноос үзвэл гэрээний үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлөөгүйгээс МУК ХХК-тай төлбөр тооцооны асуудлаа дуусгаж чадаагүй, орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй байгаа нь өөрийнх нь буруугаас шалтгаалсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Дээрхээс дүгнэвэл талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн байх бөгөөд худалдагч тал нь эрхийн доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх хууль болон гэрээнд заасан үүргийг зөрчсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх 100 000 000 төгрөгийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримтад хамаарах хуулийг оновчтой хэрэглээгүйг дээрх байдлаар залруулж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй гэрээний үнийн дүнгээс тооцож, 1 057 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасанд нийцэх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул уг мөнгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод хэвээр үлдээнэ.
Нэгэнт нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн тохиолдолд буцаан шаардаж байгаа 100 000 000 төгрөгт давхардуулан хураамж төлөх үндэслэлгүй тул илүү төлсөн 657 950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүнгээр тооцон 657 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангана.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг залруулсан өөрчлөлтийг тус тус оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Ж-, Б.Б- нар болон ФАД ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ФАД ХХК-аас 100 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-, Б.Б- нарт олгосугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч ФАД ХХК-аас 1 715 900 /нэг сая долоон зуун арван таван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан гэснийг илүү төлсөн төлсөн 657 950 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагч ФАД ХХК-аас 657 950 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.ОТГОНЦЭЦЭГ