Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 203

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            улсын яллагч Д.Ганчимэг,

            иргэдийн төлөөлөгч Ц.Цогтбаатар,

            шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011905 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 1 дүгээр орцны 1 давхарт 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Нгийн цээж, хэвлийн тус газарт хутгалж, түүнийг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би мөрдөн байцаалтад анхны мэдүүлгээ буруу өгсөн. Учир нь надад бичлэг үзүүлсний дараагаар авсан мэдүүлэг юм. Гэхдээ би Нямдавааг хутгалсан нь үнэн, харамсаж байгаа. Би 2015 онд машины аваарт орсон байхдаа хий юм харж байсан. Тэр үедээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, бөө дээр очоод зүгээр болсон. Түүнээс хойш харахгүй байж байгаад хэрэг гардаг өдөр хий юм харсан. Би Нямдавааг Гүрсэд болгон хараад байсан. Түүнээс болж ийм асуудал боллоо. Би Нямдавааг алах санаа зорилго бол байгаагүй. Бид хоёр урд нь муудах зүйл гарч байгаагүй, 2 жил орчим хамт байр хөлсөлсөн. Гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  

Мөн хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1хх-ийн 4-9х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /1хх-ийн 89-91х/

 

Хохирогч О.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08-09 цагийн үед босоод Тэлмэн, Наранбаатар бид 3 үлдсэн 1 шил архиа хувааж уугаад байж байхад Наранбаатар архи ууж дуусаад “Тэлмэн та 2 нийлээд намайг бөөрөлхөөд байгаа юм уу” гэх зэргээр хэрүүл өдөж байснаа “та нар бүгд хужаагийн эрлийз тагнуулууд” гэх зэргээр орилоод байснаа гэнэт “явлаа” гээд гарах гэхээр нь би үүдээ хааж зогсоод “явуулахгүй” гэхэд гарах гээд намайг түлхэхээр нь би Наранбаатарыг нүүр лүү нь 1 удаа гараараа цохьсон. Тэгтэл Наранбаатар цохиулангуутаа юм хэлэхгүй тайван болоод сандал дээр суучихсан. Тэгээд сууж байснаа “намайг гаръя, дэлгүүр оръё” гэсэн. Тэгээд гэрээсээ гараад би хаалгаа цоожлоод зогсож байхад Наранбаатар шатаар бууж байхдаа хүнтэй юм ярьж байгаа юм шиг ганцаараа яриад яваад байсан. Тэгээд би араас нь шатаар буугаад “чи юу яриад яваад байгаа юм бэ” гэхэд эргэж хараад суганы орчим хутгалчихсан. Тэгээд Наранбаатар юу ч ярихгүйгээр дахин миний цээж болон нуруу, зүүн суга руу хутгалчихсан. Тэгээд би цусаа хараад шоконд ороод гэртээ ороод ирсэн Наранбаатар араас гэрт орж ирээд юм яриагүй. Тэгээд байж байхад удалгүй цагдаа, эмч нар ирээд бид хоёрыг аваад явсан. ...Тухайн үед миний цээж, нуруу болон зүүн суганд 4 ширхэг хутганы шарх үүссэн, мөн цээжин дээр 2 удаа хутгаар зүсчихсэн байсан. Наранбаатар хужаагийн эрлийз тагнуул гээд доромжлоод байснаас болж би уурлаад Наранбаатарыг нэг удаа нүүр лүү нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-24, 126х/

 

            Гэрч Н.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...дэд ахлагч Баяржаргалын хамт уг дуудлага дээр явж очиход орцны гадаа буланд нэг намхавтар нуруутай залуу баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Баяржаргал бид 2 уг залуу руу дөхөж очоод “хутгаа хая” гэхэд хаяхгүй болохоор нь би резинэн бороохойгоор гарыг нь цохиж хутгыг нь хаяулаад, тусгай хэрэгсэл гав хэрэглэж аюулгүй болгож, машинд суулгаад, Баяржаргал харгалзан үлдээд, би уг орцны 2 дугаар давхарт тоотыг нь санахгүй байна уг залуугийн амьдардаг гэх хаалгыг орцны жижүүрээр заалган очиж хаалгыг нь тогшиход 40 орчим насны залуу цээж болон сугандаа 4 удаа хутгалуулсан шархтай, цус алдсан байдалтай зогсож байсан ба би түргэн дуудаад уг залууг өгч явуулсан. Тэгээд би машинд байсан залууг аваад Сонгинохайрхан дүүрэг дахь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд хүргэж өгсөн боловч уг залуу “Гүрсэд энүүгээр хувьсгал хийх гээд яваад байна, бүх хүмүүсийг урвуулаад бослого гаргах гээд байна, бас манай найзыг урвуулсан байна, манай найзыг хутгалчихлаа” гэх зэргээр дэмий балай зүйл яриад орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29х/

 

            Гэрч Ц.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...Эргүүлийн офицер ахмад Амарсанаагийн хамт дуудлагын дагуу очиход орцны гадаа нэг намхавтар нуруутай, бор царайтай залуу баруун гартаа хутга барьчихсан орцны буланд нуугдаад зогсож байсан. Тэгээд Амарсанаа ахмад бид 2 уг залуу руу дөхөж очоод “хутгаа хаяа” гэхэд хаяхгүй болохоор нь Амарсанаа ахмад резенин бороохойгоор уг залуугийн гарыг нь цохиж хутгыг нь хаяуулаад тусгай хэрэгсэл гав хэрэглэж, гарыг нь ард нь гавлаад 2 давхар луу гарсан. 2 давхар луу гараад зүүн гар тал руугаа эргээд эхний хаалгыг тогшиж үзэхэд цус болсон ягаан футболктой залуу хаалга онгойлгож өгсөн ба ороход гэрийн шал цусаар бохирлогдсон байсан. Тэгэхээр нь би уг залууг дагуулж гараад албаныхаа машинд суулгаад би харгалзан сууж үлдээд өөрийн цагдаагийн хэлтсийн жижүүр лүү мэдэгдээд шуурхай бүрэлдэхүүн иртэл уг залууг харгалзан зогсож байгаад Амарсанаа ахмадыг гарч ирэхээр нь бид 2 машинтайгаа уг залууг аваад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд хүргэж өгсөн боловч уг залуу Хувьсгалтай холбоотой юм яриад намайг алах гээд байна гээд ганцаараа яриад хажууд нь хүн байгааг анзаарахгүй улс төртэй холбоотой дэмий балай зүйл яриад орилоод байсан. Тэгээд саатуулах байрны эмч “мэдрэлийн өвчтэй хүн байна, манайх авахгүй” гээд байхаар нь Баяржаргал бид 2 уг залууг аваад буцаад гарсан. Тэгээд машиндаа суулгаад 1 цаг орчим уг залууг тайван байлгаж тайвшруулсан. 1 цагийн хугацаанд уг залуу дэмий балай зүйлээ ярьсаар байсан ба “Гүрсэд ирчихсэн байна, Гүрсэд алах гээд байна” гэх зэргээр ганцаараа яриад орилоод байсан. Тэгээд цагийн дараа уг залуу бага зэрэг тайвшрахаар нь саатуулах байранд хүлээлгэж өгөөд цааш үүргээ гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-107 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10094 дүгнэлтийн: хэсэг газрын үзлэгт: ...О.Нгийн цээжний зүүн хажуу дунд хэсэгт 2см, 1.6 см урттай, баруун урд дунд хэсэгт 1,8 см урт, бүсэлхийн ар дунд хэсэгт 2 см урт мэс заслын оёдол бүхий шархтай, цээжний баруун урд дунд хэсэгт 2х0.1см, 2.5х0.1 см, хэвлийн зүүн урд дунд хэсэгт 1,6х1см өнгөц зүсэгдсэн шархтай.

БХХСАХНЭ-гийн 005679 дугаартай өвчний түүхэнд: ...цээжний зүүн талд 3 газар шархтай, бүсэлхийн баруун талд 1 газар шархтай.

Дүгнэлт хэсэгт: ...Нямдаваагийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт /600мл/, цээж, бүсэлхий, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 50х/

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1-р давхарыг харуулах ба ...09 цаг 41 минут 01 секундэд бичлэг эхлэх үед О.Н нь  орцны жижүүрийн өрөөний хаалгыг  хагас онгойлгосон байдалтай ягаан өнгийн футболк, цэнхэр джинсэн өмд хар пүүзтэй зогсож байх ба ард нь Х.Н нь дөхөж очоод 09 цаг 41 минут 03 секундэнд О.Нг Х.Н нь зүүн гараараа хүзүү орчмоос нь барьж аван хойш татан шалан дээр унагаж баруун гартаа барьсан хутгаараа О.Нгийн цээж хэвлий хэсэгт 4 удаа хутгалаад, цааш очиж жижүүрийн өрөөний хаалгыг татаж үзээд эргэж О.Н дээр ирж нэг удаа хэвлий орчим нь хутгалах үйлдэл хийв. Энэ үед О.Н Х.Ныг өөрөөсөө холдуулахаар гар хөлөөрөө түлхэж байгаад босохыг оролдоход Х.Н буцаан түлхэж унагаад эргэж хараад орцны шат руу зүглэн жижүүрийн өрөөний хаалгыг дахин онгойлгож үзсэн. Энэ үед О.Н босож араас нь дөхөж очиход Х.Н эргэж харан дахин О.Нг хутгалах оролдлого хийх үед О.Н гарнаас нь барин Х.Нтай ноцолдож эхлэх ба ноцолдож байх үед Х.Н дахин хэд хэдэн удаа хутгалах оролдлого хийж байв. 09 цаг 42 минут 21 секундэд гаднаас гартаа хайрцаг барьсан саарал малгайтай майктай хар шоорттой 20-25 орчим насны  эрэгтэй, ...45-50 орчим насны эмэгтэйн хамт уг орцонд орж ирэх үед Х.Н цахилгаан шатны ойролцоо гартаа хутгаа барьсан чигээрээ зогсож байсан ба гаднаас орж ирсэн эмэгтэй Наранбаатарыг гараараа холд гэсэн утатай үйл хөдлөл үзүүлэхэд Х.Н бага зэрэг баруун гар тал руу холдож өгөхөд уг эмэгтэй  цахилгаан шатны товчыг дарав. ...Х.Н нь цахилгаан шатны хажууд зогсож залуугийн  хажууд очих зогсох ба энэ үед хутгаа ардаа барьсан зогсож байгаад орцны гарах орцны гарах хаалгыг чиглэн доош буух үед Х.Н шатны төгсгөлд очих үед О.Н нь  тэнд зогсож байгаад Х.Н, О.Н нар нь ноцолдож байгаад камерын бичлэгт харагдахаа болив. ..” гэжээ. /1хх-ийн 92-93х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №858 дүгнэлтэд: “...Х.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Бухимдах хэлбэрийн хэв шинжит бус согтолт”-ын байдалтай байсан байна. Х.Н нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ “Бухимдах хэлбэрийн шинжит бус согтолт”-ын байдалтай байсан байна. Х.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ. /1хх-ийн 42-47 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №285 дүгнэлтэд: “Х.Нын сэтгэцэд үзлэг хийж гаргасан №858 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Н нь сэтгэцийн өвчингүй байна. Х.Н нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. Х.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Х.Н нь өгсөн мэдүүлгээ хариуцах чадвартай байна. Х.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн, уурласан үедээ өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна. “Бухимдах хэлбэрийн хэв шинжит бус согтолт”-ын байдалтай байхдаа Х.Н нь өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна...” гэжээ. /1хх-ийн 134-139х/

 

Гэрч Ө.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өглөө би 09 цагийн орчим Нямдаваагийн гэр болох СХД-н 29-р хороо 137-11 тоотод очоод хаалгыг нь цохиход хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь  би хүнгүй байна гэж бодоод гараад явж байтал тагтны цонхоор Тэлмэн “Ганбаа ахаа бид нар гэртээ байна энд бөөн юм болоод байна, та ороод ир” гэж дуудахаар нь  Нямдаваагийн гэрт яваад орсон. Ороход Тэлмэн, Наранбаатар нар согтуу маргалдаад байсан. Тэгэхдээ Наранбаатар нь Тэлмэн рүү юм яриад Монгол улс сөнөлөө, хятадууд  газар нутгаа зараад дууслаа гэх зэргээр яриад байхаар нь би Тэлмэнд энэ Наранбаатарын тархи, толгой нь зүгээр үү түргэн дуудаж үзүүл гэхэд Наранбаатар бас над руу чи бас хужаа газар нутаг зарлаа хужаагийн эрлийзүүд гээд байсан. ...Тэгэхэд Наранбаатар Нямдавааг хоёулаа гарая гээд цугтаа гараад явсан. Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа Нямдаваа хувцас нь цус болчихсон хаалгаа онгойлгоод ороод ирэхээр нь би яав юу болов гэхэж асуухад Наранбаатар намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд түргэн, цагдаа дуудсан. Наранбаатар нилээн халамцуу байсан. Нямдаваагийн өмссөн футболк нь тэр  чигтээ цус болчихсон чичрээд салгалчихсан орж ирсэн. Миний харсанаар Нямдаваагийн суга болон нуруунд нь  шарх байсан. Шархнуудаас нь цус гарч байсан. Хэмжээг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 153-154х/

 

Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд бид 4 босоод үлдсэн 1 шил архиа хуваагаад уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусаад байж байхад Тэлмэн, Нямдаваа 2 “чи мөнгө олдог болохоороо жоохон томроод байгаа юм уу” гэх зэргээр өдөөд байсан. Тэлмэн урд нь намайг цагдаад барьж өгөөд би эрүүлжүүлэхэд орж байсан болохоор би дахиж тийм зүйл болж магадгүй гэж бодоод би явлаа гээд хувцсаа өмсөөд гарах гэхэд Нямдаваа араас ирээд намайг “битгий яв, яагаад явах гээд байгаа юм” гээд уурлахаар нь би “явлаа” гээд гарах гэхэд миний араас татаад би эргээд харсан чинь миний зүүн нүд рүү гараараа 3-4 удаа цохьсон. Тэгэхээр нь би буцааж зөрүүлж цохиогүй, явахаа болиод гэрт нь Нямдаваатай юм яриад сууж байгаад гаръя гээд бид 2 гэрээс нь гарсан. Тэгээд Нямдаваа надтай олон жил найзалсан надаар бүх зүйлээ авахуулдаг байж намайг зодохоор нь би уурлаж, гомдоод гал тогооны текен дээр ил байсан шар ясан бариултай жижиг хутгыг аваад гарсан. Тэгээд бид 2 гэрээс нь гараад нэг давхар луу бууж байгаад зодуулсандаа маш их уур хүрсэн. Тэгээд миний толгойд шал өөр юм бодогдоод байсан. Тэгээд би яг юу болсныг санахгүй ямар ч байсан хүн хутгалаад байснаа санаж байна. Тэгээд цагдаагийн газар ирээд жоохон тайвшраад бодоход би Нямдавааг хутгалсан гэдгээ ойлгосон. Намайг цохиж зодсоноос уурлаад эрүүл саруул ухаанаа алдсан. Би Нямдаваагийн урдаас нь 3удаа, ардаас нь 1 удаа хутгалсан...” /1хх-ийн 59-60х/

“...Би Нямдаваад уурлаад гараад явах гэтэл Нямдаваа намайг гаргахгүй гэж байснаа уурлаад миний зүүн нүд, шанаа руу цохичихсон. Тэгээд би буцаад гарахаа болиод буцаад суусан. Тэгээд буцаад суух үеээс миний толгойд 2 тагнуул хятадаас ирсэн байна гэсэн бодол орж ирээд нүдэнд хий юм харагдаад байсан. Тэгээд би кинон дээр гардаг Гүрсэд байна гэж Нямдавааг хараад байсан. Тэгээд би Нямдавааг зугтаалгахгүй гээд дагаж гараад хутгалчихсан. Би нэг тийм эвгүй сонин болчихсон байсан. Би Нямдаваад цохиулсандаа уурлаж гомдсон зүйл байхгүй. Би ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвдөж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-64х/

 

Х.Нын хувийн байдлын талаар:

Гэрч Х.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранбаатар нь даруу, төлөв, зантай, зөөлөн сэтгэлтэй, ажилсаг, элдэв муу араншингүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 25х/

Гэрч П.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранбаатар нь даруухан элдэв муу ааш, авир гаргаад байдаггүй. Ажилд сайн, хичээнгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 26х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 69, 237х/

Төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 70х/ мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлсөн тухай 1 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт  болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж тодорхойлжээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Нгийн мэдүүлэгт “...Наранбаатар нь миний цээж, нуруу болон зүүн суганд 4 удаа,  мөн цээжин дээр 2 удаа хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цусаа хараад шоконд ороод гэртээ ороод ирсэн” гэж мэдүүлсэн /1хх-ийн 22-24х/, мөн  шүүх хуралдаанд үзэж судалсан камерын бичлэгт шүүгдэгч Х.Н нь хохирогч О.Нг хутгалах үйлдэл хийх явцад болон хийсний дараагаар түүнээс хутгыг салгаж авах, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах гэсэн үйлдлийг орцоор орж, гарч байгаа хүмүүс хийхгүй байгаа байдал харагдах /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийн үйлдэл түүний өөрийнхөн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон гэх үзэх үндэслэлгүй, эсрэгээрээ шүүгдэгч үйлдлээ өөрөө төгсгөсөн гэж үзэх үндэстэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Н нь хохирогч О.Нг алах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэх, түүний үйлдэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас таслан зогсоогдсон эсэх нь тогтоогдоогүй, нотлогдоогүй, энэ тухай ямар нэгэн баримтгүй тул таамаглалд үндэслэж шүүгдэгч Х.Ныг “хүнийг онц харгис хэрцгийгээр санаатай алахыг завдсан” гэж эрх зүйн байдлыг дордуулан ял халдаах боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч Х.Н нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт онц харгис хэрцгийгээр иргэн О.Нгийн цээж, хэвлийн тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08-09 цагийн үед босоод Тэлмэн, Наранбаатар бид 3 үлдсэн 1 шил архиа хувааж уугаад байж байхад Наранбаатар архи ууж дуусаад “Тэлмэн та 2 нийлээд намайг бөөрөлхөөд байгаа юм уу” гэх зэргээр хэрүүл өдөж байснаа “та нар бүгд хужаагийн эрлийз тагнуулууд” гэх зэргээр орилоод байснаа гэнэт “явлаа” гээд гарах гэхээр нь би үүдээ хааж зогсоод “явуулахгүй” гэхэд гарах гээд намайг түлхэхээр нь би Наранбаатарыг нүүр лүү нь 1 удаа гараараа цохьсон. Тэгтэл Наранбаатар цохиулангуутаа юм хэлэхгүй тайван болоод сандал дээр суучихсан. Тэгээд сууж байснаа “намайг гаръя, дэлгүүр оръё” гэсэн. Тэгээд гэрээсээ гараад би хаалгаа цоожлоод зогсож байхад Наранбаатар шатаар бууж байхдаа хүнтэй юм ярьж байгаа юм шиг ганцаараа яриад яваад байсан. Тэгээд би араас нь шатаар буугаад “чи юу яриад яваад байгаа юм бэ” гэхэд эргэж хараад суганы орчим хутгалчихсан. Тэгээд Наранбаатар юу ч ярихгүйгээр дахин миний цээж болон нуруу, зүүн суга руу хутгалчихсан. ...Тухайн үед миний цээж, нуруу болон зүүн суганд 4 ширхэг хутганы шарх үүссэн, мөн цээжин дээр 2 удаа хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цусаа хараад шоконд ороод гэртээ ороод ирсэн, Наранбаатар араас гэрт орж ирээд юм яриагүй. Тэгээд байж байхад удалгүй цагдаа, эмч нар ирээд бид хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-24, 126х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10094 дүгнэлтийн: хэсэг газрын үзлэгт: ...О.Нгийн цээжний зүүн хажуу дунд хэсэгт 2см, 1.6 см урттай, баруун урд дунд хэсэгт 1,8 см урт, бүсэлхийн ар дунд хэсэгт 2 см урт мэс заслын оёдол бүхий шархтай, цээжний баруун урд дунд хэсэгт 2х0.1см, 2.5х0.1 см, хэвлийн зүүн урд дунд хэсэгт 1,6х1см өнгөц зүсэгдсэн шархтай.

БХХСАХНЭ-гийн 005679 дугаартай өвчний түүхэнд: ...цээжний зүүн талд 3 газар шархтай, бүсэлхийн баруун талд 1 газар шархтай.

Дүгнэлт хэсэгт: ...Нямдаваагийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт /600мл/, цээж, бүсэлхий, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 50х/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1-р давхарыг харуулах ба ...09 цаг 41 минут 01 секундэд бичлэг эхлэх үед О.Н нь  орцны жижүүрийн өрөөний хаалгыг  хагас онгойлгосон байдалтай ягаан өнгийн футболк, цэнхэр джинсэн өмд хар пүүзтэй зогсож байх ба ард нь Х.Н нь дөхөж очоод 09 цаг 41 минут 03 секундэнд О.Нг Х.Н нь зүүн гараараа хүзүү орчмоос нь барьж аван хойш татан шалан дээр унагаж баруун гартаа барьсан хутгаараа О.Нгийн цээж хэвлий хэсэгт 4 удаа хутгалаад, цааш очиж жижүүрийн өрөөний хаалгыг татаж үзээд эргэж О.Н дээр ирж нэг удаа хэвлий орчим нь хутгалах үйлдэл хийв. Энэ үед О.Н Х.Ныг өөрөөсөө холдуулахаар гар хөлөөрөө түлхэж байгаад босохыг оролдоход Х.Н буцаан түлхэж унагаад эргэж хараад орцны шат руу зүглэн жижүүрийн өрөөний хаалгыг дахин онгойлгож үзсэн. Энэ үед О.Н босож араас нь дөхөж очиход Х.Н эргэж харан дахин О.Нг хутгалах оролдлого хийх үед О.Н гарнаас нь барин Х.Нтай ноцолдож эхлэх ба ноцолдож байх үед Х.Н дахин хэд хэдэн удаа хутгалах оролдлого хийж байв. 09 цаг 42 минут 21 секундэд гаднаас гартаа хайрцаг барьсан саарал малгайтай майктай хар шоорттой 20-25 орчим насны  эрэгтэй, ...45-50 орчим насны эмэгтэйн хамт уг орцонд орж ирэх үед Х.Н цахилгаан шатны ойролцоо гартаа хутгаа барьсан чигээрээ зогсож байсан ба гаднаас орж ирсэн эмэгтэй Наранбаатарыг гараараа холд гэсэн утатай үйл хөдлөл үзүүлэхэд Х.Н бага зэрэг баруун гар тал руу холдож өгөхөд уг эмэгтэй  цахилгаан шатны товчыг дарав. ...Х.Н нь цахилгаан шатны хажууд зогсож залуугийн  хажууд очих зогсох ба энэ үед хутгаа ардаа барьсан зогсож байгаад орцны гарах орцны гарах хаалгыг чиглэн доош буух үед Х.Н шатны төгсгөлд очих үед О.Н нь  тэнд зогсож байгаад Х.Н, О.Н нар нь ноцолдож байгаад камерын бичлэгт харагдахаа болив. ..” гэжээ. /1хх-ийн 92-93х/

 

            Гэрч Н.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...дэд ахлагч Баяржаргалын хамт уг дуудлага дээр явж очиход орцны гадаа буланд нэг намхавтар нуруутай залуу баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Баяржаргал бид 2 уг залуу руу дөхөж очоод “хутгаа хая” гэхэд хаяхгүй болохоор нь би резинэн бороохойгоор гарыг нь цохиж хутгыг нь хаяулаад, тусгай хэрэгсэл гав хэрэглэж аюулгүй болгож, машинд суулгаад, Баяржаргал харгалзан үлдээд, би уг орцны 2 дугаар давхарт тоотыг нь санахгүй байна уг залуугийн амьдардаг гэх хаалгыг орцны жижүүрээр заалган очиж хаалгыг нь тогшиход 40 орчим насны залуу цээж болон сугандаа 4 удаа хутгалуулсан шархтай, цус алдсан байдалтай зогсож байсан ба би түргэн дуудаад уг залууг өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29х/

 

            Гэрч Ц.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...Эргүүлийн офицер ахмад Амарсанаагийн хамт дуудлагын дагуу очиход орцны гадаа нэг намхавтар нуруутай, бор царайтай залуу баруун гартаа хутга барьчихсан орцны буланд нуугдаад зогсож байсан. Тэгээд Амарсанаа ахмад бид 2 уг залуу руу дөхөж очоод “хутгаа хая” гэхэд хаяхгүй болохоор нь Амарсанаа ахмад резенин бороохойгоор уг залуугийн гарыг нь цохиж хутгыг нь хаяуулаад тусгай хэрэгсэл гав хэрэглэж, гарыг нь ард нь гавлаад 2 давхар луу гарсан. 2 давхар луу гараад зүүн гар тал руугаа эргээд эхний хаалгыг тогшиж үзэхэд цус болсон ягаан футболктой залуу хаалга онгойлгож өгсөн ба ороход гэрийн шал цусаар бохирлогдсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-107 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №858 дүгнэлтэд: “...Х.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Бухимдах хэлбэрийн хэв шинжит бус согтолт”-ын байдалтай байсан байна. Х.Н нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ “Бухимдах хэлбэрийн шинжит бус согтолт”-ын байдалтай байсан байна. Х.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ. /1хх-ийн 42-47 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №285 дүгнэлтэд: “Х.Нын сэтгэцэд үзлэг хийж гаргасан №858 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Н нь сэтгэцийн өвчингүй байна. Х.Н нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. Х.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Х.Н нь өгсөн мэдүүлгээ хариуцах чадвартай байна. Х.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн, уурласан үедээ өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна. “Бухимдах хэлбэрийн хэв шинжит бус согтолт”-ын байдалтай байхдаа Х.Н нь өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна...” гэжээ. /1хх-ийн 134-139х/

 

Гэрч Ө.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өглөө би 09 цагийн орчим Нямдаваагийн гэр болох СХД-н 29-р хороо 137-11 тоотод ороход Тэлмэн, Наранбаатар нар согтуу маргалдаад байсан. Тэгэхдээ Наранбаатар нь Тэлмэн рүү юм яриад Монгол улс сөнөлөө, хятадууд  газар нутгаа зараад дууслаа гэх зэргээр яриад байхаар нь би Тэлмэнд энэ Наранбаатарын тархи, толгой нь зүгээр үү түргэн дуудаж үзүүл гэхэд Наранбаатар бас над руу чи бас хужаа газар нутаг зарлаа хужаагийн эрлийзүүд гээд байсан. ...Тэгэхэд Наранбаатар Нямдавааг хоёулаа гаръя гээд цугтаа гараад явсан. Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа Нямдаваа хувцас нь цус болчихсон хаалгаа онгойлгоод ороод ирэхээр нь би яав юу болов гэхэж асуухад Наранбаатар намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд түргэн, цагдаа дуудсан. Наранбаатар нилээн халамцуу байсан. Нямдаваагийн өмссөн футболк нь тэр  чигтээ цус болчихсон чичрээд салгалчихсан орж ирсэн. Миний харсанаар Нямдаваагийн суга болон нуруунд нь  шарх байсан. Шархнуудаас нь цус гарч байсан. Хэмжээг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 153-154х/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1хх-ийн 4-9х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /1хх-ийн 89-91х/

 

Шүүгдэгч Х.Нын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд бид 4 босоод үлдсэн 1 шил архиа хуваагаад уусан. ...Нямдаваатай юм яриад сууж байгаад гаръя гээд бид 2 гэрээс нь гарсан. Тэгээд миний толгойд шал өөр юм бодогдоод байсан. Тэгээд би яг юу болсныг санахгүй ямар ч байсан хүн хутгалаад байснаа санаж байна. ...Миний нүдэнд хий юм харагдаад, тэгээд би кинон дээр гардаг Гүрсэдийг Нямдаваа байна гэж хараад зугтаалгахгүй гээд хутгалчихсан...” /1хх-ийн 59-60, 62-64х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...миний нүдэнд хий юм харагдаад, тэгээд би кинон дээр гардаг Гүрсэдийг Нямдаваа байна гэж хараад зугтаалгахгүй гээд хутгалчихсан” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг удаа дараа өгсөн байх тул түүнийг хэн нэгнийг гэмтээхэд чиглэсэн үйлдэл хийж байгаагаа мэдсэн, түүнийг зориуд хүсэж үйлдсэн гэж дүгнэхээр байна.

  Өөрөөр хэлбэл, Х.Н нь хутгыг бусад руу чиглүүлэн үйл хөдлөл хийсэн тохиолдолд хохирогчид гэмтэл учрах боломжтойг мэдсэн атлаа зориуд хүсэж хийсэн удаа дараагийн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч О.Нгийн эрүүл мэндэд олон тооны  өнгөц зүсэгдсэн, хатгагдсан, нэвтэрсэн шарх бүхий гэмтлүүд учирсан, тухайлбал, шинжээчийн 10094 дугаартай дүгнэлтийн хэсэг газрийн үзлэг, өвчний түүх, дүгнэлт хэсэгт бичигдсэн хохирогчийн биед үүссэн  шарх гэмтлүүдийг ерөнхийлэн авч үзэхэд хохирогчийн цээжний зүүн талд 3 удаа, бүсэлхийн баруун талд 1 удаа хатгагдсан нийт 4 оёдол бүхий шархтай, түүнчлэн цээж болон хэвлийд зүсэгдсэн өнгөц 3 шарх гэмтэл байгаагаар тэмдэглэгдсэн, хохирогчид  учирсан уг олон тооны шарх гэмтэл нь хутгаар буюу ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хутгаар зүсэх, хатгах, хутгалсан үйлдэл нь хүнийг өвтгөн шаналгах, учруулсан гэмтлийн улмаас хохирогч зовж зүдрэхээр байдал бий болгосон байх тул шүүгдэгч Х.Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Ныг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Х.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69, 237х/-аар тогтоогдож байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Х.Н нь хохирогч О.Нд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 500.000 орчим төгрөгийн хувцас, эм тариа, бэлэн мөнгө төлсөн гэж мэдүүлсэн ба хохирогч О.Н нь мөнгө төгрөг, эд зүйл авахуулж байсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Х.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт 1 хуудас баримт, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүүгдэгч Х.Н нь онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1хх-ийн 4-9х/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 89-91х/, хохирогч О.Нгийн “...Наранбаатар юу ч ярихгүйгээр дахин миний цээж болон нуруу, зүүн суга руу хутгалчихсан. ...Тухайн үед миний цээж, нуруу болон зүүн суганд 4 ширхэг хутганы шарх үүссэн, мөн цээжин дээр 2 удаа хутгаар зүсчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-24, 126х/, гэрч Н.Амарсанаагийн “...40 орчим насны залуу цээж болон сугандаа 4 удаа хутгалуулсан шархтай, цус алдсан байдалтай зогсож байсан ба би түргэн дуудаад уг залууг өгч явуулсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29х/, гэрч Ц.Баяржаргалын “...дуудлагын дагуу очиход орцны гадаа нэг намхавтар нуруутай, бор царайтай залуу баруун гартаа хутга барьчихсан орцны буланд нуугдаад зогсож байсан. Тэгээд Амарсанаа ахмад бид 2 уг залуу руу дөхөж очоод “хутгаа хая” гэхэд хаяхгүй болохоор нь Амарсанаа ахмад резенин бороохойгоор уг залуугийн гарыг нь цохиж хутгыг нь хаяуулаад тусгай хэрэгсэл гав хэрэглэж, гарыг нь ард нь гавлаад 2 давхар луу гарсан. 2 давхар луу гараад зүүн гар тал руугаа эргээд эхний хаалгыг тогшиж үзэхэд цус болсон ягаан футболктой залуу хаалга онгойлгож өгсөн ба ороход гэрийн шал цусаар бохирлогдсон байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-107 х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10094 дүгнэлт  /1хх-ийн 50х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: О.Нг Х.Н нь зүүн гараараа хүзүү орчмоос нь барьж аван хойш татан шалан дээр унагаж баруун гартаа барьсан хутгаараа О.Нгийн цээж хэвлий хэсэгт 4 удаа хутгалаад, цааш очиж жижүүрийн өрөөний хаалгыг татаж үзээд эргэж О.Н дээр ирж нэг удаа хэвлий орчим нь хутгалах үйлдэл хийв. Энэ үед О.Н Х.Ныг өөрөөсөө холдуулахаар гар хөлөөрөө түлхэж байгаад босохыг оролдоход Х.Н буцаан түлхэж унагаад эргэж хараад орцны шат руу зүглэн жижүүрийн өрөөний хаалгыг дахин онгойлгож үзсэн. Энэ үед О.Н босож араас нь дөхөж очиход Х.Н эргэж харан дахин О.Нг хутгалах оролдлого хийх үед О.Н гарнаас нь барин Х.Нтай ноцолдож эхлэх ба ноцолдож байх үед Х.Н дахин хэд хэдэн удаа хутгалах оролдлого хийж байв.” гэжээ. /1хх-ийн 92-93х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Х.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Х.Н нь онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн боловч тэрбээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хохирлыг төлсөн байх тул Х.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж, улмаар түүний хувийн байдал, тухайн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Нын үйлдсэн гэмт хэргийн  хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Х.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэллээ.

 

            Бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч Х.Нын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2018 оны 03  дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 375 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцов. /1хх-ийн 151, 152, 162, 169, 209, 213х, 2хх-ийн 5-6, 22, 32, 40, 68, 80, 86, 93х/ 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал хуванцар бариултай 1 ширхэг хутга, хөндлөн судалтай ягаан өнгийн футболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Х.Нт холбогдох  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт  болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х.Ныг 4 /дөрөв/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Нт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын цагдан хоригдсон 375 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал хуванцар бариултай 1 ширхэг хутга, хөндлөн судалтай ягаан өнгийн футболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 7. Шүүгдэгч Х.Нын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Нын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Х.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                   ШҮҮГЧИД                             Л.БААТАР

 

 

                                                                                                 Б.ДАШДОНДОВ