| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 2325003230573 |
| Дугаар | 207/ма2024/00011 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 207/ма2024/00011
Б.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Ерөнхий шүүгч З.Х, шүүгч С.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор т.т
Яллагдагч Б.М-
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.М, М.М
Хохирогч Б.Б
Нарийн бичгийн дарга Б.Ма нарыг оролцуулан
О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.М-т холбогдох 232500323.... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-ийн М, Монгол Улсын иргэн, .... оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, О аймгийн Б сум, С багийн 6-22 дугаар байрны... тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгосон,
О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ..................
Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цаг 09 минутын орчимд ...... ОРО улсын дугаартай “Тоёота А” загварын тээврийн хэрэгсэлд, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Г болон зорчиж явсан Г.Я нарын хамт О аймгийн Б сумын С багийн 6-2 дугаар байрны зүүн талын авто замаар хойноос урагш чиглэлд зорчиж явахад нь
замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу О аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой Б.Бг Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоож, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдох бичиг баримтуудыг нягтлах зорилгоор жолооч Э.Гыг бууж ирэхийг шаардаж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “чи яадаг залуу юм бэ, чамайг ална, би чиний арьсыг хуулна” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийг заамдан авч цохих, төмсгөн тус газарт 1 удаа өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн,
түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь “баруун төмсөгт цус хуралт, баруун төмсгийн хуухнагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
О аймгийн Прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Б.М-т холбогдох 232500323.... тоот эрүүгийн хэргийг О аймгийн прокурорын газарт буцааж, Шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хугацаагаар хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хамт хүргүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор т.т шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
...Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хохирогч Б.Б гэх хүнийг хууль сахиулагч мөн эсэхийг нотолсон баримт авагдаагүй, яллагдагч Б.М-ын биед хөнгөн гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаагүй, албаны шалгалтын материал нь Б.Бд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн талаарх баримтыг яллагдагч, өмгөөлөгч нарт танилцуулаагүй, яллагдагчаар татах тогтоол, мөрдөгчийн санал зэрэгт яллагдагчийн овог, нэрийг буруу бичсэн тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан.
Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасныг зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Тус эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч Б.Бгийн өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед би цагдаа зохицуулагч, ахлагч Л.А-н хамт Т, Б худалдааны төвийн хойд зам дээр үүрэг гүйцэтгэж байсан юм ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Л.А-н “ ... Би 2023 оны 09 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө автын хоногийн эргүүлээр ахлагч Б.Бгийн хамт үүрэг гүйцэтгэсэн юм ...” гэсэн мэдүүлэг, О аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүн, харуулын томилгоо, зааварчилгаа танилцуулсан тэмдэглэл, мөн түүнчлэн О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн Б.Бд холбогдуулан албаны шалгалт явуулсан талаарх материал зэрэг баримтуудаар хохирогч Б.Б нь О аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, ахлагч цолтой болох нь тогтоогдож байна...
2. Хууль сахиулагч буюу хохирогч Б.Б нь албан үүргээ биелүүлэх явцдаа хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Б.М-той харилцан заамдалцаж, маргалдаж байх явцдаа түүний төмсгөн тус газарт 1 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь тээрхийд цус хуралт, баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Г.Яын “ ... Тэгээд би дундуур нь салгах гээд байж байтал Б.М- нь миний төмсөг рүү өшиглөчихлөө гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн ... тэрээр намайг өшиглөөд байхаар нь би зөрүүлж өвдгөөрөө хамгаалсан ... гэх мэдүүлгүүдээр тогтоогддог.
Хохирогч Б.Бгийн Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бүрэн шалгаж тогтоосон ба түүний үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд холбогдох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр хууль зүйн дүгнэлт хийсэн ... цагдаагийн албан хаагч нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоох, өөрийгөө хамгаалах зорилгоор хууль, хэм хэмжээний актад нийцсэн биеийн хүч хэрэглэсэн гэж дүгнээд цагдаагийн алба хаагч Б.Бгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн.
Мөн О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хүсэлттэй холбоотойгоор прокуророос хохирогч Б.Бд албаны шалгалт явуулсан талаарх материалыг гаргаж өгсөн. Улмаар шүүх хуралдааны өмнө тус материалыг яллагдагч Б.М-, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан. Гэтэл шүүгч дээрх гаргаж өгсөн баримтыг яллагдагч, өмгөөлөгч нарт танилцуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.М- тайлбартаа: ... Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Тухайн үед миний биед бас гэмтэл учирсан байхад адилхан шалгуулмаар байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа: ... Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Б тайлбартаа: Би Б.М-ыг цохиж зодоогүй. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор т.т дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна ... Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор дүгнэлт гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цаг 09 минутын орчимд ...... ОРО улсын дугаартай “Тоёота А” загварын тээврийн хэрэгсэлд тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Г болон зорчиж явсан Г.Я нарын хамт О аймгийн Б сумын С багийн 6-2 дугаар байрны зүүн талын авто замаар, хойноос урагш чиглэлд зорчиж явахад замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу О аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч цолтой Б.Бг Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоож, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдох бичиг баримтуудыг нягтлах зорилгоор жолооч Э.Гыг бууж ирэхийг шаардаж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “чи яадаг залуу юм бэ, чамайг ална, би чиний арьсыг хуулна” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийг заамдан авч цохих, төмсгөн тус газарт 1 удаа өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн, улмаар Б.Бд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх явцдаа эрүүл мэндэд нь “баруун төмсөгт цус хуралт, баруун төмсгийн хуухнагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
О аймгийн Прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас ... хохирогч Б.Бг хууль сахиулагч мөн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, яллагдагч Б.М-ын биед хөнгөн хохирол учирсан байхад шалгаагүй, яллагдагчаар татах тогтоол, мөрдөгчийн санал зэрэгт яллагдагчийн овог нэрийг буруу бичсэн, яллагдагчийн урд өмнө шийтгүүлж байсан талаарх баримт дутуу ... гэсэн үндэслэлүүдээр Б.М-т холбогдох хэргийг О аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч Б.М-ын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго байдаг бөгөөд энэ зорилгыг хангахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй, нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг билээ.
Гэтэл яллагдагч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ хохирогч Б.Бг хууль сахиулагч мөн болохыг нотолсон нотлох баримтууд /ажилд томилсон тушаал шийдвэр, ажлын байрны тодорхойлолт/ зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт яллагдагч Б.М-ын биед хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт авагдсан ба энэ талаар хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.
Өөрөөр хэлбэл хохирогчийн үйлдэлд албаны шалгалт явуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулсан гэж үзэхгүй юм.
Мөн шинжээчийн дүгнэлтэд яллагдагчийн биед учирсан гэх уруулын язарсан шархыг тусгаагүйгээс гадна шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн албаны шалгалтын материалыг яллагдагч, өмгөөлөгч нарт танилцуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.У
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.Х
ШҮҮГЧ С.Ц