Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  Д.З

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн. Би Увс аймгийн үйлдвэрт 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар ажиллаж байсан. Увс аймгийн шүүхийн Тамгын хэлтэст 1994 оны 5 дугаар сарын 03-ны өдөр жижүүрээр ажилд орж, 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд жолоочоор ажилд орон ажиллаж, 2001 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн бүрэлдэхүүнд орж, дэд ахлагч цолтой жолоочоор ажиллаж байгаад 2002 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал байгаа хэдий ч зөрчилтэй, аймгийн архивын тасгаас цалингийн баримт гараагүй гэх, Увс аймгийн шүүхийн Тамгын хэлтэст ажиллаж байсныг нотлох ажилд орсон, гарсан тушаал байгаа хэдий ч зөрчилтэй гэх, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байсныг нотлох ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Тухайн үед надтай хамт Шүүхийн тамгын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байсан Д.А, Б.Л, үйлдвэрт хамт ажиллаж байсан Б.Н нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 190 дугаартай зөвлөмжийн хуудас, Д.З 027315 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, даргын 85 дугаартай тушаал, үйлдвэрийн даргын 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаартай тушаал, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Увс аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны даргын 2000 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай тушаалын хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа Увс аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны даргын 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай тушаал, Д.З 309382 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын2001 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/83 дугаартай тушаал, үнэмлэх, гэрэл зураг, Д.З төрсний бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрйин 05-06/171 дугаартай албан бичиг, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08/187 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч Б.Л иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 300885 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ж.А иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 041037 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Н иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 091531 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.З 309382 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын 1994 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай тушаал, 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаартай тушаал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 240 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагч Д.З хүсэлтээр Д.А, Б.Л, Б.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.З ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, хаягийн хуудас №7 баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.З хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Д.З шүүхэд хандаж 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар, 1994 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Шүүхийн тамгын газарт жижүүрээр, 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2002 оны 5 дугаар сард Увс аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан У.П хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

 

3. Хүсэлт гаргагч Д.З нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Д.З нь цэргийн алба хааж ирээд 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс мужаанаар ажилд орж, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Мөн аймгийн шүүх болон шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 1994-2002 оны 5 дугаар сар хүртэл ажилласан.

Гэвч тухайн үед ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр болон тушаал зөрчилтэй гэх үндэслэлээр нийгмийн даатгалын байгууллага дээрх хугацааны ажилласан жилийг тооцож өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн.

Иймд дээрх хугацааны ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хэрэгт авагдсан Д.З 027315 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн техник мэргэжлийн сургуулиас нээж олгосон байх бөгөөд 1981 онд тээврийн техник мэргэжлийн сургуульд элсэн суралцсан тухай болон 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төгссөн тухай бичилт хийж, тэмдэг дарсан байна.

Мөн 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Талх, чихэрийн комбинатад гагнуурчнаар авч ажиллуулсан тухай, 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдсан тул үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэж, тэмдэг даржээ.

Хүсэлт гаргагч Д.З хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн дээрх бичилтүүд нь хэрэгт авагдсан түүний хаягийн хуудас №7 баримт, Батлан хамгаалахын яамны батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар давхар нотлогдож байна.

4.2. Улмаар хүсэлт гаргагч Д.З хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ой, агнуурын аж ахуйд түр гагнуурчнаар авч ажиллуулсан тухай бичилт хийж тэмдэг дарсан байх бөгөөд 1988 оны 9 дүгээр сарын 01-ниы өдөр мэргэжлийн ажил хийх болсон тул мужааны үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилт хийж, тэмдэг даржээ.

 

Дээрх үйл баримт нь гэрч Б.Н...Д.З 1987-1988 оны 9 дүгээр сарыг хүртэл Увс аймгийн Мод боловсруулах үйлвэрийн хананы цехэд мужаанаар ажиллаж байсан. Мод боловсруулах үйлдвэр нь машин цех, мужаан цех, хананы цех, будаг цех гэсэн 4 цех, шат дамжлагатайгаар ажилладаг байсан. Д.З 1988 оны 9 дүгээр сард өөр ажилд орохоор өөрийн хүсэлтээр ажлаас гарч байсан гэх мэдүүлгээр мөн нотлогдож байна.

Гэрч Д.Н ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан түүний 091531 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Харин хэрэгт авагдсан Д.З 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс мужаанаар ажиллуулах тухай тушаалд үйлдвэрийн дарга Г гэх хэсэгт Б гэж гарын үсэг зурсан байх ба тухай тушаалд огноог мөн тодорхой бичээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

4.3. Хүсэлт гаргагч Д.З нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын 1994 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай тушаалаар Д.З 1994 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Увс аймгийн шүүхийн тамгын хэлтэст жижүүрээр авч ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн, хүсэлт гаргагч Д.З 1994 оны 5 дугаар сараас 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Шүүхийн тамгын хэлтэст ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаартай цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Д.З 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар, 1994 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн шүүхийн Тамгын хэлтэст жижүүрээр, 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2002 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоов.

 

6. Хүсэлт гаргагч Д.З хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Д.З 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд мужаанаар, 1994 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн шүүхийн Тамгын хэлтэст жижүүрээр, 2000 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2002 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА