| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00768/И |
| Дугаар | 192/ШШ2025/02361 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/02361
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ************************ тоот хаягт оршин суух Утаахүү овогт Батбаярын Бүжинлхам /рд:****************/,
Хариуцагч: ************************* подвалд байрлах, Б Д Сууц өмчлөгчдийн холбоо,
Нэхэмжлэлийн шаардлага: ********дүүргийн *********** тоот авто зогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгч Б.Б,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б Д Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох ******** дүүргийн ** дугаар хороо *** байр *** тоот авто зогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******** дүүргийн ** дугаар хороо *** байр *** тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031983 дугаарт бүртгэгдэж 001106149 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Гэтэл Б Д СӨХ нь миний өмчлөлийн автозогсоолын дугаар болох 8 тоотыг арилгаад хажуу ханыг нураагаад 9 гэдэг шинэ тоот тавьсан. Мөн би машинаа өөрийн өмчлөлийн автозогсоолдоо тавих гэтэл орц гарц хаасан, 8 тоот зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар машин өөрийн автозогсоолдоо тавих өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байна. Иймд миний өөрийн өмчлөлийн 8 тоот автозогсоолд саадгүй нэвтэрч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Тухайн барилгын зураг төслийг зурсан Бадмаараг төсөл ХХК-ийн 04/04 шифртэй, ажлын зургийн зоорийн давхарын технологийн байгуулалтын БА-3 дахь хуудсанд 5 тээврийн хэрэгсэл байрлуулахаар төлөвлөсөн зураг нь Улсын төв архивт хадгалагдсан байдаг ба уг барилгыг барьсан иргэн С.Н- нь зураг төслийн дагуу авто зогсоолыг байгуулаагүй. Стандарт бус, авто машин маневрлах боломжгүй зай талбайг иргэдэд худалдсан байдаг. Одоо иргэн Б.Б-ын машин нэмэгдээд 9 автомашин багтах ямар ч зай байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012.01.13-ны 07-191/87 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтэд “...хэмжилт хийж үзэхэд ...23 дугаар байрны дулаан зогсоолын талбайд 5 автомашин байрлуулах боломжтой байна” гэсэн дүгнэлт байдаг боловч манай байранд авто зогсоол авсан гээд иргэд Улсын бүртгэлийн гэрчилгээ бариад ирдэг. Үүн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож буй Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн объектыг ирж үзээгүй, зураг төсөлтэй бүрэн танилцаагүй байдаг юм болов уу. Яаж, ямар аргаар иргэд тус байрны зоорийн давхарт авто зогсоолыг хэнээс худалдан авч, хэрхэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээ аваад байгаа нь тодорхой бус байгаа. Иргэн Б.Б- нь 8 тоот зогсоол гэх зайд автомашин тавихад тухайн зоорийн давхарт зогсдог 8 автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж орж гарах ямар ч боломжгүй болдог. Б.Б- нь шөнө орж машинаа байршуулахад өглөө нь 8 автомашин гарч чаддаггүй. Жолооч нар гарах гээд залгахаар Б.Б- манай хотхонд амьдардаггүй тул бүр холоос буюу Голден парк хотхоноос ирж амждаггүй. Ингээд иргэдийн дунд маргаан үүсдэг. Тухайн маргаантай зогсоолыг зарах тухай зар удаан явсан ба хэд хэдэн хүн үзэхээр ирэхэд автомашин орж гарах боломжгүй гэдгийг үзүүлэхэд худалдаж авахгүй, саяхан Б.Б- гэж иргэн худалдан авсан байсан. Иймд иргэн Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, П.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4-5/, Худалдах, худалдан авах гэрээ /хх 6-7/, Э ХХК-ийн 01/2009360 тоот тодорхойлолт гаргах тухай /хх 8/, Автозогсоол захиалгаар барих тухай гэрээ /хх 9-10/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт №177/2006, хавсралт /хх 11-14/, Б Д Сууц өмчлөгчдийн холбооны №03 Батбаяр овогтой Б- танаа Автозогсоолын талаар албан бичиг /хх 15/, Б Д Сууц өмчлөгчдийн холбооны №34 Б овогтой Б- танаа Хүсэлт гаргах нь албан бичиг /хх 16/, Зураг /хх 17-19/ .
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 25/, Хариу тайлбар /хх 26/, Б Д Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар /хх 27/, Б.Э-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 28/, Зураг /хх 29/, План зураг /хх 30/
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 225 тоот албан бичиг, хавсралт /хх 37-102/, Стандарт, Хэмжил зүйн газрын 09/268 тоот албан бичиг, хавсралт /хх 103-107/, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 02/328 тоот албан бичиг, хавсралт /хх 110-121/, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх 124-129/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205031983 дугаарт бүртгэлтэй, **** дүүрэг, **** дугаар хороо, **** хутагт **** гудамж, *** байр, зоорийн давхар 8 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нь тухайн автозогсоол руу нэвтрүүлэхгүй байх тул түүний саад болж буй үйлдлийг зогсоохыг даалгах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:
Дээрх автозогсоолыг нэхэмжлэгч нь ашиглахаар бусад өмчлөгч нар өөрсдийн өмчлөлийн автозогсоолоо ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсдэг.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 001106149 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031983 дугаарт бүртгэлтэй, **** дүүрэг, **** дугаар хороо, **** хутагт **** гудамж, *** байр, зоорийн давхар 8 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлд бүртгэгджээ.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.
**** дүүрэг, **** дугаар хороо, **** хутагт **** гудамж, *** байр, зоорийн давхар 8 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Б- байх бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн автозогсоол буюу 8 тоот гэсэн автозогсоолын дугаарлалт тус зоорийн давхарт тэмдэглэгдээгүй нөхцөл байдал тухайн зоорийн давхарт 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 225 тоот албан бичгийн хавсралт болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031983 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 23 дугаар байрны зоорийн давхарт 8 тоот хаягт байрлах автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс үзвэл уг үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлд анх 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Капитрон банк ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “...Одоо иргэн Б.Б-ын машин нэмэгдээд 9 автомашин багтах ямар ч зай байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012.01.13-ны 07-191/87 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтэд “...хэмжилт хийж үзэхэд ...23 дугаар байрны дулаан зогсоолын талбайд 5 автомашин байрлуулах боломжтой байна” гэсэн дүгнэлт байдаг” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Дээрх үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн төлөөлөгчийн “...Иргэн Б.Б- нь 8 тоот зогсоол гэх зайд автомашин тавихад тухайн зоорийн давхарт зогсдог 8 автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж орж гарах ямар ч боломжгүй болдог. ...Ингээд иргэдийн дунд маргаан үүсдэг” гэх тайлбараар нэхэмжлэгчийн “...Б Д СӨХ нь миний өмчлөлийн автозогсоолын дугаар болох 8 тоотыг арилгаад хажуу ханыг нураагаад 9 гэдэг шинэ тоот тавьсан. Мөн би машинаа өөрийн өмчлөлийн автозогсоолдоо тавих гэтэл орц гарц хаасан, 8 тоот зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар машин өөрийн автозогсоолдоо тавих өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байна” гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагч Б Д Сууц өмчлөгчдийн холбооноос шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн **** дүүрэг, **** дугаар хороо, **** хутагт **** гудамж, *** байр, зоорийн давхар 8 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцнэ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан **** дүүрэг, **** дугаар хороо, **** хутагт **** гудамж, *** байр, зоорийн давхар 8 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагч Б Д Сууц өмчлөгчдийн холбоонд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Д Сууц өмчлөгчдийн холбооноос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН